| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1102/Э |
| Дугаар | 1122 |
| Огноо | 2020-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 1122
2020 06 17 2020/ШЦТ/1122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Төрмөнх,
Улсын яллагч О.Баярсайхан, ,
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц овогт А.Б холбогдох эрүүгийн 2006 00000 1390 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.Б нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь Эхийн 15-1188 тоотод хохирогч Э.Гэрэлтуяатай маргалдан улмаар түүнийг үсдэж цохисны улмаар тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, цээж, баруун бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Гэрэлтуяагийн мэдүүлэг /хх-5-6/, насанд хүрээгүй гэрч Ч.Хосбаярын мэдүүлэг /хх-10-12/, гэрч О.Мөнхцэцэгийн мэдүүлэг /хх-12-13/, гэрч Г.Цолмонгийн мэдүүлэг /хх-14-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5970 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.Б нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь Эхийн 15-1188 тоотод хохирогч Э.Гэрэлтуяатай маргалдан улмаар түүнийг үстэж цохисны улмаар тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, цээж, баруун бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Гэрэлтуяагийн “...миний бие 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ирсэн хүмүүс явсны дараа Бадамцэцэг бид хоёр үлдэж хамт жоохон архи уусан гэтэл архи ууж байтал Бадамцэцэг гэнэт уурлаж над руу юм шидэж намайг нүүр нүдгүй балбаж эхэлсэн тэгээд Бадамцэцэгийн хүүхэд нь гарч хажуу хашаа руу орж Бадамцэцэгийн нөхрийг дуудаж түүний нөхөр орж ирээд Бадамцэцэгийг аваад гарсан...”/хх-5-6/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ч.Хосбаярын “...2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчим манай ээж Бадамцэцэг нь гараа дэлгэж байгаад Гэрлээ эгчийн зүүн мөр, цээж хэсэгт нь 2-3 удаа цохисон юм...” /хх-10-21/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Мөнхцэцэгийн “...2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Гэрлээ эгч Бадмаа эгч хоёр сууж юм ярьж байтал Бадмаа гэх эмэгтэй нь Гэрлээ эгчийг үстээд толгой цээж рүү цохиод байсан ба Гэрлээ эгчийг өшиглөөд унагаасан юм...” /хх-12-13/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Цолмонгийн “...2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манай гэрт эхнэр бид хоёрыг хэл амаар доромжлоод сууж байснаа гэнэт ширээн дээрээс цайны аяга аваад манай эхнэр лүү шидсэн. Манай эхнэр Гэрэлтуяаг үсдээд татаж унагаад миний хүзүүнээс маажсан ба эргэж харснаа эхнэрийн толгой руу баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн манай эхнэр Гэрэлтуяа, Бадмаа хоёр нь хоорондоо зууралдах үед Бадмаа нь манай эхнэр Гэрэлтуяаг үснээс татаад, толгой цээж рүү баруун, зүүн гараараа ээлжилж цохиод байсан...” /хх-14-15/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5970 дугаартай:
1.Э.Гэрэлтуяагийн биед тархи доргиолт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, цээж, баруун бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” /хх-23-25/ гэх дүгнэлт зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч А.Б нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь Эхийн 15-1188 тоотод хохирогч Э.Гэрэлтуяатай маргалдан улмаар түүнийг үстэж цохисны улмаар тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, цээж, баруун бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрх байдлаар шүүгдэгч А.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Гэрэлтуяа нэхэмжлэх зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Ц овогтой А.Б нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогтой А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, А.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА