Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Н.З-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн *******, *******, ******* сумын Засаг даргын Тамгын газрын Газрын ******* С.Н нарт холбогдох ******* сумын Газрын даамлын 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн өвөлжөөний зориулалтаар Х.Г-т олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.З миний аав Н гэдэг хүн энэ өвөлжөөнд насаараа мал маллаж байгаад нас барсан юм. Түүнээс хойш Н.З  миний бие ээж Х.Х-н хамт уг өвөлжөөнд өвөлжиж байгаа юм. Манай аав амьд байхдаа уг өвөлжөөг эзэмших эрхийн гэрчилгээ авах гэхээр уг газар нь хоёр нутгийн зааг тул гэрчилгээ өгөхгүй гэсэн түүнээс хойш манайх өвөлжиж байгаа юм. Х.Г нь 2017 оноос манай гэж булаацалдаад байгаа юм. Манай сумын газрын ******* С.Н дугааргүй хуурамч гэрчилгээ бичиж өгснөөс болж бидний хооронд маргаан гарсан тул Говь-Алтай аймгийн ******* сумын газрын даамлын 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн өвөлжөөний зориулалтаар олгосон гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Н.З шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ам бүл 2, ээжийн хамт ******* сумын Баян Өндөр багт амьдардаг. Х.Г-тэй маргалдаад байгаа ******* сумын Баян Өндөр багийн нутаг  “Талын Ухаа“ гэх өвөлжөөнд намайг бага байхад манай аав, ээж 1995 оноос хойш өдий хүртэл хашаа, бууцыг нь сэргээн өвөлжиж ирсэн. Манай аав Н нь 2012 онд өөд болсон. Түүнээс хойш би ээжийн хамт уг өвөлжөөнд жил бүр өвөлжиж байгаа юм. 2017 онд намайг шүүхээс дуудсан. Х.Г шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Х.Г уг бууцанд огт бууж өвөлжиж байгаагүй.  Намайг Х.Г-тэй уулзахад манайх гэрчилгээ авсан, одоо танайх нүү гэдэг юм. Манай аав амьд сэрүүн байхдаа уг өвөлжөөнд гэрчилгээ авах талаар багийн  иргэдийн Нийтийн Хуралд санал тавьж байсан гэдэг. Уг өвөлжөөг 3 аймаг дундын отрын бүс нутаг тул сумын нэг ч иргэнд эзэмших гэрчилгээ өгөхгүй гэдэг байсан. Тэгээд Х.Г нь гэрчилгээ авсан талаар мэдээд гэрчилгээг хүчингүй болгуулахаар Засаг даргад өргөдөл гаргаад хариу өгөхгүй байхаар нь шүүхэд хандсан. Х.Г-ийн ах сумын ЗДТГ-т ажилладаг, манай сумын газрын ******* С.Н нар нэг анги найзууд. Энэ гэрчилгээг манай сумын С.Н нь ямар ч захирамж гараагүй байхад Х.Г-т гэрчилгээ бичиж өгсөн байдаг. Сумд байгаа Засаг даргын захирамжийн хавсралтыг С.Н өөрөө бичсэн гэдэг. Иймд миний бие Х.Г нь шүүхэд нэхэмжлэл гаргаад надад байдаг гэж хэлээд миний бие шүүхэд ирж гэрчилгээг нь хараад гомдол гаргаж яваад өдий хүрч байна. Иймд хууль бус авсан газрын гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.З нь 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг 2008 онд хууль бус авсан гэж үзээд байна. Учир нь тухайн газар эзэмших хоёр гэрчилгээг Засаг даргын захирамжаар олгодог. Гэтэл тухайн Засаг даргын захирамж нь ямар ч хавсралт байхгүй. Иймээс энэ гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. Мөн Талын ухаа гэдэг газар нь тусгай хэрэгцээний газар бөгөөд Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт аймаг дундын отрын бэлчээрийн хэсгийг тусгай хэрэгцээний газар гэж зааж өгсөн учир тусгай хэрэгцээний газар юм. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага байдаг. 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан бол газар эзэмшүүлж болно гэж заасан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасан. Тэгэхээр Талын Ухаа гэдэг газар нь тухайн 3 аймгийн отрын бүс нутаг байсан учир үүнийг эзэмшүүлэхийг хориглоно. Газрын тухай хуулийн 33.4 дүгээр зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасан. Сумын ******* нь өөрийн эрх хэмжээг хэтрүүлээд судалгаанаас үндэслээд Засаг даргын захирамжийн хавсралтыг 14 хүн цагаан гэрчилгээг аваад ирсэн учир би үүнийг үндэслэж гэрчилгээг нь баталж өгсөн гэдэг тайлбараас харахад ямар нэгэн шийдвэргүйгээр гэрчилгээ бичиж олгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймээс 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Шүүхэд хандахдаа цагаан гэрчилгээг нотариатаар баталгаажуулаад ирснийг Н.З мэдсэн. Тэгээд аймгийн Засаг даргад хандахад Засаг дарга хариу өгөхгүй байсан учир шүүхэд хандсан. Энэ байдлаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэл байхгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Н.З-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. ******* сумын нутаг дэвсгэрт орших Талын Ухаа хэмээх бууц нь ******* сумын Засаг даргын 1998 оны 05 сарын 29-ний өдрийн 56 тоот захирамжаар иргэн Х.Г-т өвөлжөөний зориулалтаар олгогдсон байна./Д-327 дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй/. Иргэн Х.Г нь Д-327 дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээгээ Сумын Засаг даргын 2008 оны 06 сарын 10-ны өдрийн 44 тоот захирамжаар шинэчлүүлэн 0170138 дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. Дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээ хуульд заасан үндэслэлийн дагуу олгогдсон байна гэжээ.

 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч өвөлжөөний зориулалтаар олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Х. Г нь хууль ёсны эзэмшиж байгаа эзэмшигч бөгөөд нэхэмжлэгч нь эзэмших эрхэд саад учруулж өөрсдөө бууж эзэмшлийн өвөлжөөнд дур мэдэн бууж үүнтэй холбоотойгоор иргэний хэргийн шүүхэд хандаж манай эзэмших эрхэд Н.З нь саад учруулсан байна гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл энэ хүн дахин үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж миний эзэмших эрхэд саад учруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Хамтран хариуцагч С.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* сумын нутаг дэвсгэрт орших Талын Ухаа хэмээх бууц нь Сумын Засаг даргын 1998 оны 05 сарын 29-ний өдрийн 56 тоот захирамжаар иргэн Х.Г-т өвөлжөөний зориулалтаар олгогдсон Д-327 дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй. Иргэн Х.Г нь Д-327 дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээгээ Сумын Засаг даргын 2008 оны 06 сарын 10-ны өдрийн 44 тоот захирамжаар шинэчлэн Д-0170138 дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Иргэн Х.Г-ийн эзэмшилтэй “Талын ухаа” бууц нь Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан Аргалантын аймаг дундын отрын бэлчээрийн бүс нутаг юм. Сумд 1998 оны 56 тоот захирамжаар өвөлжөө, хаваржаанд цагаан гэрчилгээнүүдийг олгосон байсан. 2008 оны 44 тоот захирамжаар Х.Г-ийн эзэмшилтэй /Д-327/ цагаан гэрчилгээтэй Талын ухаа бууцны гэрчилгээг шинэчлэн сольж гэрчилгээ олгосон. Цагаан гэрчилгээг солих шинээр өвөлжөө, хаваржааны газар эзэмших иргэдэд захирамж гаргаж хавсралтын дагуу олгосон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бор Аргалантын отрын бүс нутаг нь 1998 онд анхны захирамж нь Х.Г дээр гарсан байдаг. Отрын бүс нутагт газар олгохгүй гэж хэлж байсан энэ хугацааны тухайд зөрүүтэй санагдаж байна. Амаараа хүсэлт өгөх, албан ёсоор өргөдөл өгөх нь өөр зүйл. Өргөдөл хянан шийдвэрлэх хугацаа зэргийг тооцож үзвэл тухайн өвөлжөөг өөрөө эзэмшье гэсэн хүсэлт албан ёсоор гаргаагүй гэж үзэхээр байна. Газрын тухай хууль анх 1994 онд батлагдсан. Бид нар газар эзэмшигч, ашиглагч нарын гэрээнүүдийг жил болгон эзэмшиж ашиглах эрхтэй эсэхийг дүгнэдэг. Нэхэмжлэлийн шаардлага дээр гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү? гэдэг. Газрын тухайн хуульд гэрчилгээг ямар үндэслэлээр яаж, яаж хүчингүй болгодог талаар заасан. Гэрчилгээ олгохдоо яаж олгодог талаар журамласан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага гэрчилгээ олгох үндэслэл болгож байгаа захирамжийн заалт гэдэг юм уу? хавсралтыг юм уу? захиргааны актыг хүчингүй болгуулахаар гарсан байх ёстой гэж бодож байна. Гэрчилгээг хуурамчаар үйлдэх гэдгийг эрүүгийн хэрэг гэж үзэж байна. Захиргааны актыг хэн дуртай нь засаж, нэмж, хасдаггүй. Ямар нэгэн байдлаар захиргааны актыг дугаартай албажуулсан тамга, тэмдэгтэй, эх хувь нь олдохгүй үе байдаг. Сумдад ажиллаж байсан тухайн үеийн бичиг хэрэг, ийм ажилтны буруутай үйлдэл байхыг үгүйсгэхгүй. Ийм нөхцөлийг ямар нэгэн байдлаар давуу тал болгож ашиглах гэж байгаа бол туйлын буруу зүйл болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ 2008 оны захирамж нь 1998 оны захирамжийг шинэчлэх үүднээс гаргасан. Энэ хугацааг бас тооцох ёстой. 2010 оноос өмнөх газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хуучин өвөлжөө хаваржааг эзэмшүүлэх, шинээр өвөлжөө хаваржааны газар олгох, дурдаад байгаа отрын бүс нутаг байгуулах ийм асуудлууд тусгагддаггүй байсан гэдгийг хэлье гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хавтас хэргийн материалд авагдсан ******* сумын Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 44 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн 1 дэх хэсэгт “...малчдын өвөлжөө хаваржаагаа эзэмшихийг хүссэн иргэдийн нэрсийг жагсаалт, эзэмших зориулалт, хэмжээ байршлыг 1 дүгээр хавсралтаар баталсугай” гээд хавсралтаар газар эзэмшигч иргэдийн овог нэр, газар эзэмшигчдийн эзэмших газрын хэмжээ, зориулалт байршлыг баталсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт цуглуулах явцад  газрын гэрчилгээ хуурамч, дугааргүй гэх асуудал тогтоогдохгүй байна. Учир нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлд “...2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ №0170138 дугаартай гэрчилгээг Х.Г-ийн төрсөн ах болох Х.Г-аас ирүүлсэнд үзлэг хийж буцаан олгов” гэсэн тэмдэглэл, шүүхэд ирүүлсэн нотариатаар гэрчлүүлсэн газрын гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээгээр нотлогдож байна.

Харин ******* сумын Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 44 дүгээр захирамжийн хавсралтын 14 дэх хэсэгт Х.Г регистрийн дугаар ДЕ70103010, 0,25 га, өвөлжөөний зориулалт, Баян-Өндөр баг Талын Ухаа гэсэн байгаа хэдий ч хавсралт тамга тэмдэггүй буюу тамга дарагдаагүй нь гэрч Р.Б-ын “...тамгагүй хавсралтан дээр баталгаажуулалт хийсэн байна...” гэсэн мэдүүлэг, хариуцагч С.Н-ийн “...тухайн үед хавсралтад тамга даруулаагүй байна...” гэсэн тайлбар, хэрэгт авагдсан захирамжийн хавсралтаар тогтоогдож байна. Гэхдээ захирамжийн хавсралт тамга тэмдэггүй гэх үндэслэлээр Х.Г-т олгогдсон газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Х.Г нь 1998 оноос Баян-Өндөр баг Талын Ухаа өвөлжөөг эзэмшиж байсан 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Д-327 дугаартай газар эзэмших цагаан гэрчилгээ /хүчингүй болгож буланг нь хайчилсан/, 2008 онд уг өвөлжөөний газрын гэрчилгээг шинэчлэн авсан байгаа нь Х.Г-ийн газар эзэмшихийг хүссэн өргөдөл, 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 10-ны 44 дүгээр шийдвэрийг үндэслэн 15 жилийн хугацаатай Баян-Өндөр баг, Талын Ухаагийн урд бууцыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн 0170138 дугаартай гэрчилгээ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 30 дугаар зүйлийн 30.1-т “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын *******, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно ...” гэж заасны дагуу ******* сумын газрын даамлын 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн өвөлжөөний зориулалтаар Х.Г-т олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 133/Ш32018/00094 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн ******* сумын Баян-Өндөр багийн “Талын Ухаа”-гийн өвөлжөөний газрыг хууль ёсны эзэмшигч Х.Г-т чөлөөлж өгөхийг хариуцагч Н.З-т даалгаж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Н.З-ын ******* сумын газрын даамлын 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн өвөлжөөний зориулалтаар Х.Г-т олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.З-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ