Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0580/З |
Дугаар | 221/МА2022/0104 |
Огноо | 2022-02-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2022/0104
“К А” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө
Гомдол гаргагч “К а” ХХК
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н-Э, улсын байцаагч Э.Э
Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н-Э, улсын байцаагч Э.Э нарын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005670 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 845 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч Э.У
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 128/2021/0580/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч “К а” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н-Э, улсын байцаагч Э.Э нарт холбогдуулан “2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005670 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 845 дугаар шийдвэрээр:
“...1.Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан гомдол гаргагч “К а” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н-Э, улсын байцаагч Э.Э нарт холбогдох зөрчлийн хэргийн гомдлын шаардлага болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н-Э, улсын байцаагч Э.Э нарын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005670 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж,
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч нар нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлж,
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 4 (дөрөв) сарын хугацаанд хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н-Э, улсын байцаагч Э.Э нарын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005670 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө*** дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 1/23 дугаартай удирдамжийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэлх Замын-Үүд боомтын улс хоорондын тээврийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.
3.2.Хяналт шалгалтаар “Барс худалдааны төв”-ийн худалдаа эрхлэгч, бараа ачуулсан Б.С, Т.Б нараас өгсөн мэдээллээр 9723 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачуулсан тээврийн хөлс болох 22 сая төгрөгийг 12, 10 сая төгрөгөөр тус тус хувааж 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Хаан банк”-ны ... дугаар данс руу 12 сая төгрөг, мөн сарын 22-ны өдөр “Хаан банк”-ны ... дугаар данс руу 10 сая төгрөг тус тус шилжүүлсэн.
3.3.Мөн “К а” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Итгэмжлэл олгох тухай” 021/57 дугаартай албан бичгээр тус компанийг төлөөлөх эрхийг С.Бд олгосны дагуу 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны 19 дугаартай тогтоолоор хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон.
3.4.Улмаар гомдол гаргагчийн хууль ёсны төлөөлөгч С.Биас 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэг авсан. С.Б өгсөн мэдүүлэгтээ “...22 сая төгрөгөөр ачаа ачсан төлбөрөө төлөх данс захирлаас асуухад дүүгийнхээ дансыг хэлсэн. Ачаагаа буулгаад мөнгө авсан” гэж мэдүүлсэн.
3.5.Түүнчлэн “Хил хамгаалах ерөнхий газар”-ын 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2-4в/21037 дугаартай албан бичгийг хавсралтын 5 дахь хэсэгт 9723 УНН дугаартай тээврийн хэрэгсэл 2021 оны 4 дүгээр сарын 19- ний өдөр Замын-Үүд боомтоор гарч 4 дүгээр сарын 21-ний өдөр буцаж орж ирсэн.
3.6.Дээрх үйл баримтуудаар 22 сая төгрөгийн тээврийн хөлсийг гомдол гаргагч компани авсан болох нь тогтоогдсон, иймд дээрх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 845 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.Гомдол гаргагчаас гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
1.Хэрэгт хангалттай нотлох баримт авагдсан байхад анхан шатны шүүхээс хариуцагчийг “…тээврийн хөлсийг аваагүй, аваагүй учраас орлого олоогүй гэх гомдол гаргагчийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, тээврийн хөлсийг шилжүүлсэн гэх Б.Сгаас яагаад хуулийн этгээдийн биш иргэний данс руу төлбөр шилжүүлснийг, энэ нь хэний зөвшөөрлөөр хийгдсэнийг, мөн дансаар төлбөр хүлээн авсан гэх иргэдээс тухайн гүйлгээний талаар тодруулах шаардлагатай…” гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг дахин шинээр гаргатал 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцсэнгүй.
1.1.Учир нь шийтгэлийн хуудас ногдуулахдаа дээр дүгнэсэнчлэн үнэхээр л зөрчлийг бүрэн тогтоолгүйгээр төлбөр ногдуулсан нь тогтоогдвол энэхүү нөхцөл байдал тухайн актыг түдгэлзүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг “гүйцээн” хийлгэх, хариуцагчаар “алдаа”-г нь засуулах бус харин шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үр дагаварт хүргэнэ, иймд хуулийн “106.3.11” энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй.
2.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид нэр бүхий иргэдийн гомдлоор тус газрын даргын 1/23 дугаар удирдамжийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл Замын-Үүд боомтод улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад “К-А” ХХК нь БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнийг тээвэрлэхдээ тээврийн хөлсийг үндэслэлгүй нэмэгдүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн нь тогтоогдсон байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн торгууль ногдуулсныг буруутгах боломжгүй.
2.1.Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулахыг хориглох”-оор заасан.
2.2.“…Бид анх удаа жимс тээвэрлэсэн, машинаа оруулсан чинь Хятадын талаас хүмүүс түлхүүр авчаад өгөхгүй байна гэж дуулдсан, Хятадууд өөрсдөө үнээ тогтоож байгаа, бид зах зээлийн үнийг хөөрөгдөөгүй…” зэрэг гомдлын үндэслэлээс үзэхэд тээвэрлэлт хийснээ үгүйсгээгүй, түүнчлэн 22 сая төгрөг нь тээврийн хөлс болохоос импортын бараа бүтээгдэхүүн болох жимс, жимсгэнэ, нарийн ногооны үнэ биш, иймд Хятадаас тээврийн үнийг тогтоохгүй.
2.3.Гэтэл “К а” ХХК-иас энгийн үед 2-3.0 сая төгрөгийн үнэ ханштай байсан ачаа тээврийн үйлчилгээг цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор авто болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон үед хэт өсгөн 22 сая төгрөгөөр тээвэрлэлт хийсэн нь, мөн уг төлбөрийг хувийн дансаар шилжүүлэн авсан нь гэрч Б.С, Т.Б нарын мэдүүлгээр, Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2-4в/2137 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.
3.97-23 УНН улсын дугаартай, VOLVO FH12 маркын тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “К а” ХХК бөгөөд зөрчлийн хэрэг хянан шалгах явцад тус компанийн гаалийн бүрдүүлэлтийн ахлах менежер М.Б***ийг холбогдогчоор татаж, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр авсан мэдүүлэгт тэрбээр “…22 сая төгрөгийн тээвэрлэлт хийснийг төдийгүй уг төлбөрийг захирлынхаа дүүгийн дансаар шилжүүлэн авсан болохыг тус тус хүлээн зөвшөөрсөн, Б.Сгаас 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 12 сая төгрөг, 22-ны өдөр 10 сая төгрөгийг нэр бүхий иргэний хувийн данс руу шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдсон тул зөвхөн “төлбөр компанийн данс руу ороогүй” гэсэн нь тухайн тээвэрлэлтийг үгүйсгэх, гомдол гаргагчийг тээврийн хөлс аваагүй гэж дүгнэх үндэслэл болохгүй.
3.1.Иймд төлбөрийн шилжүүлгийн цаашид тодруулах шаардлагагүй, тэр тусмаа “…22 сая төгрөгийг бүхэлд нь хууль бус орлого гэж үзсэн нь үндэслэлгүй…” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу.
4.Зөрчлийн тухай хуулийн “Хөрөнгө орлогын хураах, шилжүүлэх” гэсэн 4.1 дүгээр зүйлийн тайлбарт “Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжаалж бий болгосон бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг түрээслэх, ашиглах замаар олсон бүх төрлийн орлогыг ойлгоно” гэж заасан тул үндэслэлгүйгээр үнэ нэмсэн тээврийн үйлчилгээнээс олсон орлогыг бүхэлд нь хураахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, энэхүү орлогоос зардал хасах хууль зүйн үндэслэлгүй болно.
5.Дорноговь аймгийн Замын Үүд сумын Замын-Үүд боомтын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 04/394 дүгээр албан бичигт “…Эрээн автозамын боомтыг 2021 оны 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 7-ныг хүртэл 15 хоногийн хугацаанд түр хаасан. Энэ үеэс Хятадаас манай талаас хүлээн авах тээврийн хэрэгслийн тоог өдөрт 100-аас хэтрүүлэхгүй байх хязгаар тогтоосноос үүдэн Эрээн боомтод импортын ачаа барааны бөөгнөрөл ихээр үүсч, түүнийг даган 3-4 сая төгрөгийн хооронд байсан тээврийн үнэ огцом 35 сая төгрөгт хүрсэн. …улс хоорондын ачаа тээврийн үнийн хөөргөдлийг бууруулж, тогтворжуулах зорилгоор тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдтэй “Улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ” байгуулан, Эрээн-Улаанбаатар хүртэлх тээврийн үнийг 10 сая төгрөг байхаар шийдвэрлэсэн…” гэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 845 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг нэгтгэн “1.Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг баримтлан “К а” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н-Э, улсын байцаагч Э.Э нарын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005670 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”, 4 дэх заалтыг “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өын давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН