Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 09

 

 

М.Даваасүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, хохирогч З.Алтансугар түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч М.Даваасүрэн түүний өмгөөлөгч Б.Хосбаяр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолтой, М.Даваасүрэнд холбогдох эрүүгийн 173700000003 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг  үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Луугийнхан овогт Монтын Даваасүрэн нь Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багийн нутаг Хужир гэх газарт 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэн З.Алтансугар, Р.Амарсанаа нартай маргалдаж зодолдох явцдаа З.Алтансугарын толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Луугийнхан овогт Монтын Даваасүрэнг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Монтын Даваасүрэнг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даваасүрэнд оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.Даваасүрэн нь хохиролд 2700000 / хоёр сая долоон зуун мянга/ төгрөг төлсөн байх ба хохирогч З.Алтансугарын өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Даваасүрэн түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн. Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүн бүрийг прокурорын шийдвэрээр дуудан ирүүлсэн талаар мөрдөгч нь тэмдэглэн бичсэн байдаг гэтэл хавтаст хэрэгт прокурорын шийдвэр, болон гэрчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас байхгүй ба гэрчүүд нь өөрсдөө сайн дураараа зөвшөөрч очиж мэдүүлэг өгсөн гэж дүгнэх баримт хэрэгт байдаггүй энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мөрдөгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай бол прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ.

Мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.34 дэх хэсэгт заасан прокурорын шийдвэр гэж Прокурорын тухай хуулийг зөрчжээ. Мөн шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь мөрдөн байцаалт дууссаны дараа буюу хэргийн материалтай танилцахдаа хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар хүсэлт бичгээр гаргасан боловч мөрдөгч болон прокурорын зүгээс дээрх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж хариу өгөөгүй нь мөн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1, 15.2, 15.4, 15.9-д заасан заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Шүүх дээрх зөрчлүүдийг үл хайхран шийтгэх тогтоол гаргаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3 мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хангах боломжгүй гэж үзсэн. Хэрэг авагдсан баримтуудаар шүүгдэгч М.Даваасүрэн нь Р.Амарсанаа гэгчийг айлгах гэж чулуу шийдсэн талаараа мэдүүлсэн, хохирол, хор уршигт санаатай хандсан нь тогтоогдоогүй зэргээс харахад гэмт үйлдэлдээ санаатай боловч хохирол, хор уршигт болгоомжгүй хэргийн объектыг андуурсан болох нь хангалттай тогтоогдож байхад шүүх эрүүгийн хуулийн зүйл хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Прокурор шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч яллагдагчийг мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар дуудан ирүүлж болно гэсэн хуулийн заалтаараа дуудан ирүүлж мэдүүлэг авч хавтаст хэргийн материалыг танилцуулсан байна. Харин мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй нь албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж хуульчилжээ. Мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 4 дэх хэсэгт зааснаас бусад энэ хуульд заасан мөрдөн шалгар ажиллагааг мөрдөгч бие даан явуулна гэж заасан байдаг. Өмгөөлөгч хэргийн материалтай танилцаж дуусаад хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна прокурорын шатанд хүсэлт гаргана гэсэн боловч өнөөдрийг хүртэл албан ёсоор мөрдөгч болон Прокурорын байгууллагад хүсэлт гаргаж прокурорын байгууллагын бүртгэл судалгаанд бүртгэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан хүсэлт гомдол гаргах эрхийг нь зөрчиж шийдвэрлэлгүй орхисон, хүсэлт гомдлыг дарагдуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүдээр чулуугаар хүнийг цохивол хүний биед гэмтэл учирна гэдгийг шүүгдэгч мэдэх боломжтой байсан байна. Тэгтэл М.Даваасүрэн нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн болох нь тогтоогдож байх тул шүүх Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, гэм буруугийн хэлбэрийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хохирогч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч М.Даваасүрэнгийн тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 75 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтай үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан түүнд ял оногдуулсан болно гэснийг хохирогч миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгчид оногдуулах ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч үзэхдээ ойлгомжгүй, хэтэрхий шүүгдэгчийн талыг барьсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаарх үндэслэлээ шийтгэх тогтоолд тусгаж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан заалтыг ноцтой зөрчиж ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаа үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй байна гэж хохирогчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч М.Даваасүрэн нь намайг чулуугаар цохиж миний ухаан балартан унах үед эмнэлгийн тусламж үзүүлээгүй болох нь шүүгдэгч М.Даваасүрэн, гэрч Р.Амарсанаа, З.Алтансувд нарын мэдүүлгээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч М.Даваасүрэнг хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан заалтыг хэрэглэж ял хөнгөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эмчилгээий зардлаа шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна. Бид нэг айлын хүргэн, бэрүүд юм. Гэм буруугаа ойлгож, намайг цаашид эмчлүүлэх байх гэж найдаж байна. Иймд үйлдсэн хэргийг нь хөнгөрүүлэх талаар анхаарч үзнэ үү гэв.

 Хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг оногдуулахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгчид гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан.             Хохирогчийн зүгээс гаргаж өгсөн хохирлын баримтыг шүүх үнэлээгүй юм. Хохирогчийн толгой нь өвддөг, ажил хийх боломжгүй байдалтай байхад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл заалтыг хэрэглэсэн нь буруу юм. Шүүгдэгч нь хохирогчоос уучлалт гуйж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй юм. Харин шүүгдэгч нь ёс зүйгүй байдал гаргасан. Иймд анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5-д зааснаар хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: М.Даваасүрэнд холбогдох хэргийн хохирол нь хүний эрүүл мэнд байгаа. Бусдын эрүүл мэнд хүнд хохирол учирсны улмаас эмчилгээ хийлгэсэн зардал нь хор уршиг нь юм. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирлын баримтыг гаргаж өгөх үүрэг нь хохирогч болон түүний өмгөөлөгчид байгаа. Хохирлын баримтыг үнэлэх эсэх нь шүүхэд байгаа хохирогч З.Алтансугарын хувьд хохирлын баримт гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдалд байсныг үгүйсгэхгүй байна. Иймд цаашид гаргах эмчилгээний зардлаа шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой юм. Шүүгдэгч М.Даваасүрэн нь иргэн Р.Амарсанаа, Алтансугар нартай маргалдаж улмаар иргэн З.Алтансугарын толгойн тус газар чулуугаар цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, М.Даваасүрэнгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон М.Даваасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байгаа. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан байх ба шүүгдэгч М.Даваасүрэнгийн хувьд бусдад уурласан уурандаа зориудаар хүсэж бусдын биед халдсан үйлдэл нь болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д мөрдөгч нь гэрч: хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг дуудан ирүүлэх эрхтэй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 -д гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч. шинжээч, яллагдагчийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх эрхийг мөн заасан байдаг. Хавтас хэрэгт гэрч нараас авсан байцаалт нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, гэрч нарт хуульд заасан эрх, үүргийг сануулан мэдүүлэг авсан байдаг. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлд заасан прокурорын үүрэгг хууль зөрчсөн шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй болгож, хариуцлага тооцуулах үүрэг нь байгаа. Тийм учраас өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хууль зөрчсөн үйлдлийн талаар прокурорт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзэж байна. Хэрэгт ажиллагааны явцад ямар нэгэн хүсэлт албан ёсоор гаргаж өгөөгүй байдаг бөгөөд хэрэв хэргийн материал танилцаад бичиж өгсөн хүсэлтийг мөрдөгч шийдвэрлэж өгөөгүй бол хэрэгт хяналт тавьж байгаа прокурор болон дээд шатны прокурорт гомдол, хүсэлтээ гаргах эрх нь байсан энэ эрхээ эдлээгүй байна гэж үзэж байна. Нэгэнт хэргийн зүйлчлэлийн талаар анхан шатны шүүх хуралдаан орж шийдвэрээ гаргасан байгаа.    Булган сум дахь сум дундын шүүхээс шүүгдэгч М.Даваасүрэнг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Харин шүүгдэгч М.Даваасүрэнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглэсэн нь прокурорын хувьд үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч М.Даваасүрэн нь гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ дүгнэлт хийхгүй, гэм буруугийн асуудал болон зүйлчлэл дээр маргаж анхан шатны шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаанд гэм буруутайд тооцсон хойно гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн нь Эрүүгийн хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж хүндрүүлж болохоор заасан байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлэн шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх эсэх асуудлыг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ  мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан эсэхийг хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэн бүхэлд нь хянаж үзлээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэж, анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд дүгнэлт хийв. Шүүгдэгч  М.Даваасүрэн нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр согтуурах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багийн нутаг Хужирт хэмээх газар З.Алтансугар, Р.Амарсанаа нартай маргалдаж зодолдох явцдаа З.Алтансугарын толгой тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч З.Алтансугарын “ 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би Нарийн гол багийн өдөрлөг тараад Хужирт хэмээх газарлуу манай нөхөр Р.Амарсанаа, хадам ах Даваасүрэн, түүний эхнэр Цэцэгмаа бид нар хүүхдүүдтэйгээ машинтай явж байсан.Тухайн үед манай нөхөр Р.Амарсанаа, М.Даваасүрэн нар согтуу байсан. Тэд нар замаараа айлаар орно гээд байхаар би нөхрийгөө айлаар орохгүй шууд яв одоо машин зогсоо гэхэд зогсохгүй байхаар нь би нөхрийнхөө ард сууж яваад үснээс нь татаад чи наад машинаа зогсоо гэхэд машин зогссон. Тэгээд манай нөхөр машинаа асаагаад явж байтал Даваасүрэнгийн эхнэр намайг хэл амаар доромжлоод бид хоорондоо маргалдсан, манай нөхөр машинаа зогсоогоод одоо та нар чимээгүй болооч та нарт миний амьдрал ямар хамаатай юм гэхэд Даваасүрэн би чамайг өмөөрч байна гээд манай нөхрийг цохиод авсан. Тэр хоёр машин дотор барилцаж аваад зодолдсон, би арын хаалга онгойлгож хүүхдүүдээ буулгачихаад нөхрийгөө салгаад холдуулж байтал М.Даваасүрэн машин тойрч ирээд бид хоёр луу чулуу шидэхэд миний толгойд онож цус гарч биедээ гэмтэл авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,

            Гэрч З.Алтансувдын “...Манай эгч З.Алтансугар, Р.Амарсанаа,М.Даваасүрэн хоёрыг салгаад Р.Амарсанааг аваад явж байтал М.Даваасүрэн ах газраас чулуу аваад Р.Амарсанаа, эгч З.Алтансугар хоёр луу шидтэл эгч  З.Алтансугарын толгой руу цохисон. Эгч газарт унасан. Би та хүн алчихлаа гэхэд М.Даваасүрэн наадах чинь баашилж байгаа юмаа гээд ойртохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/

            Гэрч Р.Амарсанаагийн “...миний зүрх салгалаад, чичрээд болсон явдлын талаар санахгүй байна нэг мэдсэн чинь З.Алтансугарын толгойноос цус гарчихсан З.Алтансувд хүн алчихлааш дээ гээд орилоод байсан. Би эхнэр З.Алтансугарыг машинлуу өргөж оруулаад айлд хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/ Гэрч Р.Цэцэгмаагийн “Би  2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Үенч сумын Нарийн гол багийн өдөрлөг үзчихээд нөхөр Даваасүрэн, хүү Д.Дашдож, дүү Р.Амарсанаа,  түүний эхнэр З.Алтансугар, хүүхдүүд нь, З.Алтансугарын дүү З.Алтансувд,хадам ах Доржпалам,нэг охин нарын хамт УАЗ-469 машинаар явж байсан.Р.Амарсанаа жолоо барьж яваад зам дээр нэг айл шинээр ирээд гэрээ барьж байна ороод гаръя гэтэл Р.Амарсанаагийн эхнэр З.Алтансугар архи уусан байж муугаа гайхуулж байгаа юм шиг гээд Р.Амарсанаагийн нүүрийг маажихаар  З.Алтансувд бид хоёр та одоо болиоч гэсэн чинь  дахиад маажсан, Р.Амарсанаа уурлаад З.Алтансугарын толгойруу цохиод байсан хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. М.Даваасүрэн З.Алтансугарыг миний дүүг зоддог даварчихсан авгай   вэ? гэтэл М.Даваасүрэнгийн үснээс зулгаад авахаар Даваасүрэн зөрүүлээд  уурандаа З.Алтансугарыг  цохиод авахаар нь би салгаж байтал Даваасүрэн З.Алтансугарыг танай хүүхэд чинь  Р.Амарсанаагийн хүүхэд биш гэсэн утгатай үг хэлэхээр нь Р.Амарсанаа  Даваасүрэн ахаа та одоо болиочээ гэхэд би чамайг өмөөрч байна гээд хоорондоо маргалдаж байгаад машин дотор зодолдоод байхаар манай хүүхэд машины хаалга онгойлготол М.Даваасүрэн, Р.Амарсанаа хоёр машинаас буугаад дахиад зодолдсон. З.Алтансугарыг тэр хоёрыг салгаад Р.Амарсанааг аваад явж байтал манай нөхөр М.Даваасүрэн газраас чулуу аваад шидтэл З.Алтансугарыг толгойг оночихсон тэр дороо З.Алтансугар газарт унахад Р.Амарсанаа хүн алчихлаашдээ гээд тэр хоёр дахиад зодолдоод байхаар З.Алтансувд та нар одоо болиоч ээ энд хүн үхэх гээд байна эмч дууд гэхээр би ойрхон байсан айлруу очиход утас байхгүй байсан. З.Алтансугарыг айлын гадаа хэвтүүлчихээд би цусыг цэвэрлээд байж байтал Р.Амарсанаа, З.Алтансувд  хоёр эмнэлэг дуудчихлаа гээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/

            Гэрч А.Отгонцэвэлийн “2017 оны 7 дугаар сарын 25-ны орой цагийн нь санахгүй  байна дуудлага  аваад Хужиртын  ам гэх газарт айлд очиход  З.Алтансугар нь газар дээр хэвтрийн байдалтай, асуусан асуултанд хариулна, ухаантай, цус алдаад цус нь зогссон,толгойн баруун талд чихний дээд хэсэгт нэг хурууны хэмжээтэй хуйх нь зүсэгдээд тухайн хэсэг газарт хавдчихсан, цус хурчихсан эмзэглэлтэй байсан,толгойн баруун талын үс нь тэр чигээрээ цус болоод хатчихсан,даавуугаар чанга дараад боочихсон байсан,амин үзүүлэлт нь хэвийн байсан болохоор анхны тусламж үзүүлэх арга хэмжээ аваад,тээвэрлэж авч ирсэн,өглөө 06 цагийн үед эмнэлэг дээр ирээд 1 хоног эмчилгээ хийгээд, маргааш нь Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчилгээ хийлгүүлэхээр ар гэрт нь өгч явуулсан...”/хх-ийн 49 дүгээр тал/

             Шинжээч эмч Д.Тогтохын “...З.Алтансугарын биед үүссэн гавлын ясны баруун зулай хэсгийн цөмөрсөн хугарал гэмтэл нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д ... гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал Үүнд: гавлын орой /дух,зулай яс/, чамархй дагз ба суурь яс /өмнө, дунд, ар, хонхор,эрвээхэй яс/- ны хугарал, заадсын салалт хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэг хамаарна.” Гэх дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар тал/  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11,29,30 дугаар тал/  эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 28 дугаар тал/зэрэг хуульд заасан  үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаар тогтоогджээ. Шүүгдэгч М.Даваасүрэнгийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. М.Даваасүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн, уг дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Шүүх М.Даваасүрэнгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулжээ. Мөн анхан шатны шүүх хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Мөрдөгч нь гэрчийг дуудан ирүүлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.34 дэх заалт,  “Прокурорын шийдвэр” гэж прокурорын тухай хуулийн 31.1-д заасныг зөрчсөн, хэргийн зүйлчлэл өөрчлөх тухай хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй.” гэжээ.

            Мөрдөгч нь хэргийн 36-53 дугаар талд гэрч нараас мэдүүлэг авсан байх бөгөөд уг мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Мөрдөгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч,иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар дуудан ирүүлж болно.” гэх, мөн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчийг дуудаж болно.” гэх заалтдуудтай  нийцсэн байна. Гомдлын 2 дахь үндэслэлийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр хүсэлт ирүүлээгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар яллагдагчаар татах тогтоол болон хэргийн материалтай танилцахдаа шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тайлбар, түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйл болгон өөрчлүүлэх талаар санал гаргасан байна. /хх-ийн 70, 90 дугаар тал/ Өмгөөлөгч нь уг саналаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хүсэлт гаргах эрхийн дагуу гаргасан хүсэлт гэж тайлбарлаж байна.  Хэрвээ өмгөөлөгч нь өөрийгөө хүсэлт гаргасан гэж үзэж байгаа бол уг хүсэлтийг хянан шийдвэрлээгүй мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурорын ажиллагаанд гаргах гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлд зааснаар “...хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаархи гомдлыг тухай нэгжийн дээд шатны прокурорт гаргах” эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч З.Алтансугар нь шүүгдэгч М.Даваасүрэн бид нар нэг айлын хүргэн, бэр хүмүүс байгаа юм надад учирсан хохирлыг төлж барагдуулна гэдэгт итгэж байна иймд түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэн хүсэлт гаргасныг шүүх харгалзан үзсэн болно. Иймд дээрх үндэслэлээр хохирогч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Шийтгэх тогтоол гарснаас хойш М.Даваасүрэнгийн цагдан хоригдсон 63 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хохирогч болон шүүгдэгч М.Даваасүрэн түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар  сарын 05-ны  өдрийн 60  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

             2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш М.Даваасүрэнгийн цагдан хоригдсон 63 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3.Эрүүгийн 1737000000003 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            4. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.Дамба

 

                       ШҮҮГЧИД                                Д.МӨНХӨӨ

          

Н.ТУЯА