| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2020/0545/э |
| Дугаар | 524 |
| Огноо | 2020-08-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.П |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 524
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Н.Пүрэвтогтох /томилолтоор/,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн И.Б.Гэд холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .. оны ...дугаар сарын ... өдөр . .. .. настай, ... бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, ........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа, шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, И.Б.Г /РД:........./,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 7-312 тоотын орчим явж байхдаа иргэн Б.Бийн гээгдүүлсэн самсунг А-50 загварын гар утсыг бусдын эзэшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсны улмаас бусдад 503.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцатын 7-312 тоот хашаа болох өөрийн гэрийнхээ гадаа ирж зогсоод 10-15 минут орчим гэртээ ороод буцаж гарахдаа хашааны гадаа өөрийн Самсунг галакси А-50 маркийн гар утсаа гээгдүүлсэн.” гэжээ /хх-ийн 11-р тал/
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-4-5-р тал/,
Яллагдагч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын эхээр ажил дээрээ ажлаа хийж байгаад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Вива сити хотхоны хотруу явдаг автобусны буудал өнгөрөөд Богд вилла хотхон руу ордог зам руу салаад ажил руугаа явж байхад замын хажуу хэсэгт нэг хар зүйл харагдахаар нь очоод авахад хар хөх өнгийн гар утас байсан. 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Теди гар утас худалдааны төв дээр очиж дэлгэцний кодыг нь гаргуулан өөрийн 88047693 дугаартай сим картыг хийж ашигласан...” гэжээ /хх-ийн 44-45-р тал/
“Дамно” ХХК-ийн 2020 оны оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 20-342 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 7-312 тоотын орчим явж байхдаа иргэн Б.Бийн гээгдүүлсэн самсунг А-50 загварын гар утсыг бусдын эзэшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсны улмаас бусдад 503.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогчийн мэдүүлэг “Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20-р тал/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-4-5-р тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Б.Гэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцлээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Гэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Гэд оногдуулсан торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Гэд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад даалгаж шийдвэрлэв.
Хохирогч Б.Б нь санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч И.Б.Гийг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Гэд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Гэд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүлжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ