Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 734

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эт холбогдох эрүүгийн 2005014520884 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, .............. тоотод оршин суух хохирогч А.А, Ч.Эын нарын монгол гэрт нэвтэрч хохирогч А.Аийн ЛЖ маркийн 46 инчийн смарт зурагт, удирдлагын хамт хулгайлж 372.000 төгрөгийн, хохирогч Ч.Э Hisense маркийн 49 инчийн зурагт, удирдлага, бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж 479.940 төгрөгийн буюу нийт 851.940 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Эын өгсөн мэдүүлэг:

“...Тухайн өдөр Ч.Э найзындаа очтол хаалга нь цоожтой гэрт нь хүн байхгүй байсан тул гэрт нь ороод байж байя гэж бодоод хаалганы цоожийг нь чулуугаар цохиод орсон. Улмаар гэрээс нь зурагтын авч гараад ломбардад тавьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч А.Аийн:

“...Би 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээсээ гараад 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн гадаа үүдэнд алх байсан. Гэрийн хаалга онгорхой байхаар нь гэр рүүгээ ортол зурагт байхгүй байхаар нь хулгайч орсныг мэдээд урд талынхаа айл руу очиход мөн адил хаалга нь онгорхой зурагт нь байхгүй, шүүгээнүүд нь онгорхой байхаар нь Ч.Э руу залгаж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс зурагт, удирдлагын хамт алга болсон. Өөр алдагдсан зүйл байхгүй. Уг зурагтыг 2018 онд Хархорих зах дээрээс 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Алтан шаргал хүрээтэй, ЛЖ маркийн 46 инчийн смарт зурагт байсан. Хураагдсан зурагт удирдлага манайх мөн байна. Алдагдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авлаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,

2. Хохирогч Ч.Эын:

“...2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн үед намайг ажил дээрээ байхад манайхтай нэг хашаанд байдаг А.А над руу залгаад танайх болон манай гэрт хулгай орсон байна. Хүрээд ир гэхээр нь би очсон. Би 2020 оны 04 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн орчим гараад 5 шард ахындаа очиж хоночхоод маргааш өглөө нь шууд ажил руугаа явсан. Манай гэрээс Hisense брендийн 49 инчийн хар өнгөтэй зурагт удирдлагын хамт болон орны алаг бүтээлэг алга болсон байсан. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. Уг зурагтыг Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумаас лизингээр 1.540.000 төгрөгөөр 2018 оны сүүлээр худалдан авч байсан. Хураагдсан Hisense маркийн зурагт, удирдлага, бүтээлэг мөн байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Алдагдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авлаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, эд зүйл түр хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-17-46 хуудас/,

4. Шүүгдэгч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Эт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.Э нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасныг шүүгдэгч мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, .............. тоотод оршин суух хохирогч А.А, Ч.Э нарын монгол гэрт нэвтэрч хохирогч А.Аийн ЛЖ маркийн 46 инчийн смарт зурагт, удирдлагын хамт хулгайлж 372.000 төгрөгийн, хохирогч Ч.Э Hisense маркийн 49 инчийн зурагт, удирдлага, бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж 479.940 төгрөгийн буюу нийт 851.940 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан нь:

- Хохирогч А.Аийн мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/, хохирогч Ч.Эын мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, эд зүйл түр хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-17-46 хуудас/, шүүгдэгч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Түүнчлэн хүн байнга амьдрах орон байранд хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр гэх зэргийг хамааруулна. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ц.Э нь мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүн байнга амьдрах орон байранд буюу хохирогчийн цоожтой, эзэнгүй байсан гэрт нь нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлсан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

  • Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч хохирогч А.Аийн гэрээс авсан ЛЖ маркийн 46 инчийн смарт зурагт, удирдлагын хамт, хохирогч Ч.Э гэрээс авсан Hisense маркийн 49 инчийн зурагт, удирдлага, бүтээлэг зэргийг хүлээлгэн өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Э нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.Эыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005014520884 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Ц.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Ц.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ