| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1105/Э |
| Дугаар | 1123 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 1123
2020 06 17 2020/ШЦТ/1123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч Б.Тулга,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Цогбадрахын Батдэлгэрт холбогдох эрүүгийн 2006 02377 1473 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 18-546 тоот дахь иргэн С.Отгонтуяагийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр TOSHIBA маркын 40 инчийн, LCD зурагт хулгайлж 271.600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Отгонтуяагийн мэдүүлэг /хх-20-21/, гэрч Д.Цэцэгбалын мэдүүлэг /хх-24-25/, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-4-9/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-26-27/, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн БЗД3-20-029 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-43/, хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-16-17/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 18-546 тоот дахь иргэн С.Отгонтуяагийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр TOSHIBA маркын 40 инчийн, LCD зурагт хулгайлж 271.600 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Отгонтуяагийн “...2020 оны 05 дугаар сарын 20:10 минутын орчимд гэртээ ирэхэд манай дүү, охин хоёр гэртээ ирсэн зурагт алга болсон байсан. Манай дүү, охин хоёр хамгийн сүүлд 11:00 цагийн орчимд гэрээс гараад тоглохоор явсан. Явахдаа гэрээ түгжээгүй онгорхой орхиод гадаа тоглож байгаа 17:10 минутын орчимд гэртээ ирэхэд зурагт байхгүй болохоор нь 17:20 минутын орчимд миний утас руу залгаж хэлсэн тэгээд би орой гэртээ ирээд цагдаа дуудсан. Хар өнгийн 10 инчийн LCD зурагт, залгуур нь залгаатай цахилгааны лентээр ороогоогүй байгаа..” /хх-20-21/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэцэгбалын “...2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 17:00 цаг өнгөрч байхад би баруун зүгт дэлгүүр рүү явж байхад зүс таних, гудамжинд амьдардаг залуу ахтайгаа хоёулаа таараад надаас “зурагт авах уу” гэхээр “хэдэн төгрөгний үнэтэй юм” гэж асуухад 30.000 төгрөгийг нь өгөхөд надад хар өнгөтэй “TOSHIBA” маркын нимгэн дэлгэцтэй том зурагтыг зүс таних залуу манай гэрт оруулж өгсөн. Тэр зурагт нь удирдлага байхгүй, асааж үзэхэд хэвийн ажиллаж байсан. Ийм л зүйл болсон. Надад зарахдаа миний зурагт байгаа юм гэж хэлсэн. Хулгай хийж олсон зурагт гэж хэлсэн, хулгай хийж олсон зурагт гэж хэлээгүй. Үлдэгдэл 50.000 төгрөгөө би өнөө маргаашгүй өгнө гэж тохирсон байсан. Би энэ залуугаас 30.000 төгрөгөө нэхэмжилж байна...” /хх-24-25/ гэх мэдүүлэг,
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-4-9/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-26-27/,
2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн БЗД3-20-029 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-43/,
Хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-16-17 зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Иймд шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 18-546 тоот дахь иргэн С.Отгонтуяагийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр TOSHIBA маркын 40 инчийн, LCD зурагт хулгайлж 271.600 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрх байдлаар шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч С.Отгонтуяад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Бт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ц.Бт оногдуулсан нийт 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Батцэнгэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА