Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 727

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Л.Б, Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б, Ц.У нарт холбогдох эрүүгийн 2005022251185 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн,

2. Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 7 дугаар байрны 88888 тоотод “хэрүүл маргаан хийлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ц.У зодож эрүүл мэндэд нь хоёр бугалга, зүүн дал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.У нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 7 дугаар байрны 88888 тоотод “хэрүүл маргаан хийлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас нөхөр Л.Быг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн бугалганы цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.У мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б мэдүүлэхдээ: “...Гомдол саналгүй…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.У мэдүүлэхдээ: “...Гомдол саналгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.У: “...Тухайн үед хоёр хүн нүүр будалт хийлгэхээр цаг авсан байсан бөгөөд би лагер явна гээд тухайн хоёр үйлчлүүлэгчийнхээ захиалгыг цуцалчхаад байж байтал манай хадам ээжийн гар утас дуугараад манай нөхрийн ах нь лагер дээр очихоо болилоо гэхээр нь би нөхөртөө уурлаад “та нар хоорондоо харилцаа холбоо байдаггүй юм уу, хүний ажил алдуулчхаад сонин юм” гээд бага зэрэг уурлахад нөхөр маань намайг “мал, тэнэг” гэх мэтээр доромжлоод байсан. Би тоолгүй хүүхдийн өрөөнд ороод хүүхдээ хөхүүлж байтал нөхөр маань араас орж ирээд гартаа барьсан байсан нойтон салфеткыг нь би нөхөр рүүгээ шидэхэд тухайн салфетка нь манай нөхрийн шилэн хүзүү хэсэгт очиж очоод газар унатал газраас аваад дахиад миний нүүр рүү шидэхээр би орноос босоход нөхөр маань миний толгойноос үстэж доош нь дарахаар нь би хоёр гараараа нөхрийнхөө нүүрийг маажсан. Тэгээд бид хоёр ноцолдож байтал хадам ээж орж ирээд бид хоёрыг салгаад манай нөхөр өрөөнөөс гараад явахаар нь би араас нь босч очоод газар байсан табочикыг аваад нөхрийнхөө толгой руу нь шидтэл манай нөхрийн шилэн хүзүү хэсэгт очиж оноод газар унахаар нь тухайн табочикыг аваад нөхрийнхөө толгой руу нь хоёр удаа цохиод газар байсан хадам ээжийн гутлыг аваад нөхөр рүүгээ шидсэн. Тухайн гутал манай нөхрийн хаана нь очиж оносон гэдгийг би сайн харж чадаагүй. Тэгээд би хүүхдийн өрөөнд ороод хүүхдээ хөхүүлээд хэвтэж байтал нөхөр маань араас орж ирээд миний хоёр гарны бугуйнаас маш чанга базаад орноос чирч унагааж байгаад миний гарыг мушгиад байж байтал манай хадам ээж орж ирээд бид хоёрыг салгаад нөхрийг маань өрөөнөөс гаргаад хаалга хаатал нөхөр маань өрөөний хаалга онгойлгох гээд нүдсээр байгаад өрөөнд орж ирээд индүү аваад над руу шидэх гээд далайхад нь хадам ээж болиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,

2. Хохирогч Л.Бын “...Тэгээд бид нар хоол ундаа идэж байтал манай ээж Ө манайд ирээд байж байтал манай эхнэр “ажил руугаа яваад ажлаа хийчхээд эргэж ирдэг байж” гэх мэтээр уурлаж уцаарлан аяга таваг шидэж байгаад унтлагын өрөө рүү орохдоо хаалга чанга саваад хаачихаар нь би араас нь явж очоод хэл амаараа маргалдаж байгаад гартаа барьж явсан салфеткаа эхнэрийнхээ зүүн талын хөл хавьцаа нь шидсэн. Тэгтэл эхнэр маань газар байсан сандайл аваад миний толгой руу маш олон удаа цохисон. Тэгэхээр нь би гараас нь барьж аваад арагш нь түлхтэл оруулаад өгсөн. Тэгтэл гартаа байсан сандайлаа миний нүүр рүү шидэхээр нь би эхнэрийнхээ хөлөөс нь татаж орноос унагаатал ээж маань унтлагын өрөөнд орж ирээд “намайг боль, битгий” гэж байтал эхнэр маань газраас босч ирээд сандайлаа бариад дахиад миний толгой руу цохиод байсан. Тэгэхээр нь би зүүн гараараа толгойноос нь үстэж доош нь дартал ээж маань бид хоёрыг салгаад намайг өрөөнөөс гаргасан. Тэгтэл эхнэр маань “чи намайг зодооч, би чамайг насаар чинь шоронд хатаана” гэхэд ээж маань манай эхнэрт хандаж “чи гурван хүүхдийнхээ эцгийг ингэж хэлж болдоггүй юм” гэхэд ээжтэй маань хэрэлдээд байхаар нь би буцаж өрөөнд ороод газар байсан индүүг аваад дээш нь тавих гэж байтал ээж мань намайг уг индүүгээр эхнэрээ цохих гэж байна гэж бодсон юм шиг байна лээ. Над дээр ирээд миний гарт байсан индүүг тавиулаад намайг аваад том өрөөнд орсон. Тэгтэл эхнэр маань араас хөөж ирээд газар байсан ээжийн маань гутлыг аваад над руу шидсэн. Тухайн гутал миний зүүн талын мөр хавьцаа ирж оносон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/,

3. Гэрч Я.Өын: “... Манай хүү, бэр 2 юунаас болж хэрүүл маргаан хийснийг би мэдэхгүй байна. Хүү Л.Б бэр уянгын толгой руу 1 удаа цохиж орон дээр суулгасан. Ц.У араас нь цохиж гэтэл буцаж хараад Уянгыг хөлөөс нь чирч орноос буулгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7541 дугаартай: “...Л.Бын биед тархи доргилт, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45-р хуудас/,

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7584 дугаартай: “...Ц.У биед хоёр бугалга, зүүн дал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Б, Ц.У нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Б, Ц.У нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Л.Б, Ц.У нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч нарыг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 7 дугаар байрны 88888 тоотод “хэрүүл маргаан хийлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ц.У зодож эрүүл мэндэд нь хоёр бугалга, зүүн дал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.У нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 7 дугаар байрны 88888 тоотод “хэрүүл маргаан хийлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас нөхөр Л.Быг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн бугалганы цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- хохирогч Ц.У мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/, хохирогч Л.Бын мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/, гэрч Я.Өын мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7541 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45-р хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7584 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Б, Ц.У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бын биед тархи доргилт, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтэл, хохирогч Ц.У биед хоёр бугалга, зүүн дал, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тус тус учирсан.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Л.Б “Миний бие эхнэр Ц.Утай маргалдаж харилцан бие биедээ халдаж хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг, хохирогч Ц.У “миний бие Л.Бтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг тус тус гаргасан байх тул шүүгдэгч Л.Б, Ц.У нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Б, Ц.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр, шүүгдэгч Ц.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Л.Б, Ц.У нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ял шийтгэлгүй байх ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Иймд шүүгдэгч Л.Б, Ц.У нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурортой тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Б, Ц.У нарын хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан тус бүрт оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэв.     

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005022251185 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Л.Б, Ц.У нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Х овогт Ц.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

- Шүүгдэгч Ц.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Ц.У нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Л.Б, Ц.У нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Б, Ц.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ