| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2020/0287/Э |
| Дугаар | 305 |
| Огноо | 2020-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 305
2020 04 15 2019/ШЦТ/305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Лувсаншарав,
Улсын яллагч: Г.Анармөнх,
Шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анармөнх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Э.Б-д холбогдох эрүүгийн 2011 00654 0306 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, арьсны их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 17 дугаар байрны 63 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Э.Б
Холбогдсон хэргийн талаар:
Э.Б нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бөмбөгөр” худалдааны төвийн “Шөнийн зах” дотор иргэн М.Лхагвадуламыг “хэл амаар доромжилж үснээс зулгаалаа” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч М.Лхагвадуламын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,
Гэрч Б.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн №2964 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 хуудас/,
Яллагдагч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-р хуудас/,
Шүүгдэгч Э.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 42-р хуудас/,
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны тодорхойлолт /хавтаст хэргийн 43-р хуудас/,
Шүүгдэгч Э.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39-р хуудас/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хохирогч М.Лхагвадуламын хүсэлт /хавтаст хэргийн 51-р хуудас/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан шүүгдэгч Э.Б-н хүсэлт /хавтаст хэргийн 50-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бөмбөгөр” худалдааны төвийн “Шөнийн зах” дотор иргэн М.Лхагвадуламыг “хэл амаар доромжилж үснээс зулгаалаа” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь маажсаны улмаас хохирогч М.Лхагвадуламын биед хацар, хөмсөг, уруул, зовхинд шалбаралтууд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч М.Лхагвадулам мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ “Тухайн өдөр Э.Б гэх эмэгтэй манай нөхрийн лангуу болон 2 давхраар эргэлдээд байхаар нь лангуун дээр нь явж очоод лангууны араар орж байгаад хэдэн үг хэлэх гээд цаашилж бай даа гээд гараараа зөөлөн түлхсэн чинь тэр яаж байна аа гээд миний нүүрийг гараараа самардаад миний хацар, хөмсөг, уруул, зовхийг хумсаараа маажсан. Тэгэхээр нь би тэрний үснээс зулгаагаад доошоо дарсан” гэх мэдүүлэг нь
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн №2964 тоот дүгнэлтээр тогтоогдсон “1.М.Лхагвадуламын биед хацар, хөмсөг, уруул, зовхинд шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, болон Гэрч Б.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “..би эхнэрээ хараад яваад очтол Э.Б гэх эмэгтэйтэй маргалдаад зогсож байсан. Тухайн үед манай эхнэр нүүрээ маажуулаад шалбарсан бөгөөд шалбарсан хэсгээс нь цус гарчихсан байсан...Манай эхнэр Лхагвадулам нүүрээ маажуулаад шархалсан цус нь гарчихсан байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн “..Тэр өдөр миний зүс таних Мөнхбаатарын эхнэр гэх эмэгтэй намайг нөхөртэй хардаад улмаар элдэв үгээр доромжилж байгаад хоёр гараараа миний үснээс үсдээд тавихгүй байхаар нь зөрүүлээд түлхэх үедээ нүүрийг нь самардаж гэмтэл учруулсан.” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэргийн талаар хохирогч, гэрч, яллагдагч нарын өгсөн мэдүүлгүүд зөрүүгүй, мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна. Хохирогч М.Лхагвадуламын эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгч Э.Б-н үйлдлийн улмаас учирсан, хохирол болон үйлдлийн хооронд шууд шалтгаант холбоотой байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүд нь Э.Б-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч болон яллагдагч Э.Б-н өөрийн гэмт үйлдлийг хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б нь хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуророос Э.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Б-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч М.Лхагвадулам нь шүүгдэгч Э.Б-с нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Э.Б-г бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Э.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогч М.Лхагвадуламын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн байх тул гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон