| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2020/0581/Э |
| Дугаар | 581 |
| Огноо | 2020-07-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 581
2020 07 20 2020/ШЦТ/581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Хулан,
Улсын яллагч: И.Ариунсанаа,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 2011 0000 00697 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1964 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, охин, хүүгийн хамт, Сэлэнгэ, Орхонтуул, 2 дугаар баг, Баянцогт, Туулын дэнж гудамж, 4-1 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Б ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 08-ний өдөр 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Жалгын 01 тоотод хохирогч Д.Сэлэнгэмөрөнг “нүүр лүү гараараа цохилоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний хөлөн тус газарт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “зүүн шилбэнд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Д.Сэлэнгэмөрөн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би хүргэн ах Батмөнхийн гэрт ирээд хэд хонож байгаа бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 08-ны өглөө Болдбаяртай нэг жижиг архи уусан ба ганцаараа дахиад нэг шил архи уусан. Тэгээд архиа дуусаагүй байтал манай нутгийн хүн болох манай хүргэн ах Батмөнхийн хамаатан Б.Б орж ирээд хамт архи уусан юм. Тэгээд бид хоёр хоёулаа нэлээд согтуу байсан бөгөөд Б.Быг унт гэж хэлэхэд өөдөөс маргалдсан бөгөөд би Б.Быг үгэнд орохгүй болохоор нь унтаач гээд ганц, хоёр алгадчихсан юм. Тэгээд нааран дээр сууж байтал Б.Б өөдөөс ирээд зүүн хөлийн шилбэний арын булчин хэсэг рүү цохих шиг болохоор нь харахад гартаа хутга барьчихсан байсан. Тэгснээ Б.Б гараад явчихсан ба юу болж байна гэхэд Болдбаяр унтаж байгаад сэрээд миний хөлийг харчихаад Б.Бы араас гараад буцаагаад оруулж ирсэн. ...Миний зүүн хөлөнд бага зэрэг зүсэгдэж 2 ширхэг оёдол л тавиулсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Одоо бол биеийн байдал хэвийн, зүгээр байгаа. ...надад одоо ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/
Гэрч Г.Болдбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр би өглөө 7 цагийн үед өөрийн ээжийн дүү Мөнхөөгийн гэр болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Жалгын хэдэн тоот гэдгийг нь мэдэхгүй байна тоотод ирсэн юм гэрт нь Б.Б, Сэлэнгэмөрөн, Хүчбаяр, Батцогт нар байсан. Эдгээр хүмүүс бол бүгд миний ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Би шөнөжингөө ажиллаж ирсэн болохоор унтаад өгсөн юм нэг мэдэхэд ална хядна гээд пижигнээд ирэхээр нь босоод харахад Б.Б ах Сэлэнгэмөрөн рүү хутга бариад дайрсан ба Сэлэнгэмөрөн босоход араас нь пийшин тойруулаад хутгалах гэж байгаа юм шиг араас нь хөөхөөр нь би хүүе юу болж байна гэсэн чинь Б.Б гараад гүйчихсэн юм. Энэ үед миний эгч дүүсийн хүүхдүүд болох Хүчбаяр, Батцогт нар байсан юм. Б.Бы араас хүүе юу болж байна гээд очоод харахд төмөр иштэй хутга шидсэн байсан. Тэгээд би Сэлэнгэмөрөнг хутгалуулсан гэж мэдээд цагдаа дуудсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч М.Батцогтын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед манай аавын холын хамаатан ээжийн дүү хоёр хоорондоо муудалцаад манай ээжийн дүү манай аавын холын хамаатны ахыг түлхээд аавын хамаатан ах намайг цохило гэсэн шарандаа хөргөгчнөөс хутга аваад ээжийн дүүгийн зүүн хөлний өвдөгний доохон хэсэгт хутгалсан. ...аавын холын хамаатан ах ээжийн дүүг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд хоорондоо муудалцсан байсан. Хоорондоо гайгүй харилцаатай байдаг энэ удаа л ийм зүйл болсон. ...хэр зэрэг уусанг нь би сайн мэдэхгүй байна. Ах бид хоёр гадаа тоглож байхад уусан юм шиг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №6864 тоот дүгнэлт: 1. Д.Сэлэнгэмөрөнгийн биед зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27-р хуудас/,
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2020 оны 6 дугаар сарын 08-ны өглөө босоод үлдсэн жаахан архийг уучихаад Батмөнхийн хашаанд нь амьдардаг эхнэрийнх нь дүү болох Сэлэнгэмөрөнгийн гэрт нь ороход Сэлэнгэмөрөн нэг залуутай архи уучихсан нэлээд согтуу байдалтай байсан. Тэгээд нөгөө хамт байсан залуу нь унтаад өгсөн ба би Сэлэнгэмөрөнтэй үлдсэн жаахан архийг нь уучихаад юм яриад сууж байтал Сэлэнгэмөрөн миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би гадаа гарчихаад эргэж орж ирээд хоёулаа эвлэрье гээд юм ярьж байтал намайг дахиад нүүр лүү цохиод авахаар нь хөргөгчний дэргэд байсан санагдаж байна бор иштэй хутга харагдахаар нь аваад Сэлэнгэмөрөнг сууж байхад урдаас нь очоод хөлийнх нь шилбэ орчим хутгаараа хатгачихаад гэрээс нь гараад хашаан дотор нь хутгаа шидчихсэн. Тэгээд буцаад ороход хөлнийх нь булчин хэсэг нь зүсэгдсэн цус гарч байхаар нь цусыг нь тогтоохоор тэнд байсан 2 хүүхэд болон нөгөө залуугийн хамт боож тусласан ...би нэлээд согтчихсон байсан бөгөөд юунаас болсныг нь сайн мэдэхгүй байна. Намайг нүүр лүү нэлээд хэд цохиод авсан ба би хөргөгчний хажууд байсан хутгыг аваад л хөл рүү нь хатгачихсан юм. Бид хоёрын хооронд урьдны ямар нэгэн өс хонзон болон өөр асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-9-р хуудас/
Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35-р хуудас/
Шүүгдэгч Б.Б иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 34, 37-р хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогч Д.Сэлэнгэмөрөнгийн гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 42-р хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар шүүгдэгч Б.Б гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 43-р хуудас/
Яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 49-р хуудас/
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 08-ний өдөр 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Жалгын 01 тоотод хохирогч Д.Сэлэнгэмөрөнг “нүүр лүү гараараа цохилоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар ахуйн хэрэглээний хутгыг зэвсэг болгон ашиглаж түүний хөлөн тус газарт хутгалж хохирогчийн биед зүүн шилбэнд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д.Сэлэнгэмөрөн, насанд хүрээгүй гэрч М.Батцогт, шүүгдэгч Б.Б нарын мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №6864 тоот дүгнэлт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн улмаас учирах хор уршгийн талаар мэдэж байсан, мэдэх боломжтой байсан боловч зориуд хүсэж үйлдсэн, түүний үйлдлийн улмаас учирсан хохирол болон үйлдлийн хооронд шууд шалтгаант холбоотой байна.
Прокуророос шүүгдэгч Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Сэлэнгэмөрөн нь Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хандаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаарх хүсэлтэндээ “...миний хохирлыг бүрэн барагдуулсан хохирлын талаар ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн байх тул шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогч Д.Сэлэнгэмөрөнгийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч нь хохирлыг төлж барагдуулсан гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон