Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 459

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Галбадар би даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номинзул

Улсын яллагч: М.Энхбаатар

Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “.Д.” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн 2011 0000 00487 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ган тоонот констракшн ХХК-д барилгын туслах ажилтан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн  хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 293-13-90 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Ц.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Ц.Б нь 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн “Бүх нийтийг бэлэн байдалд шилжүүлэх тухай” А/285 дугаартай захирамжийн дагуу тус дүүргийн нутаг дэвсгэрт орших 32-ын тойргын орчимд албан үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагчид болох Б.Сэрчиндоо, Ө.Баянжаргал нарыг “хориотой бүс нутаг руу нэвтрүүлэхгүйгээр буцааж гаргах” талаар түүнд тавьсан шаардлагыг биелүүлэхгүйгээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн       

 

                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Ц.Б: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ө.Баянжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдээ болсон бүх асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. ...надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17-р хуудас/,

Хохирогч Ө.Баянжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст Гачуурт дахь цагдаагийн тасгийн даргаар ажилладаг. 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн засаг даргын А/117 захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Корона вирус”-тэй холбоотой онцгой байдлын дадлага сургуулилтын үеийн хэв журмын хамгаалалтыг 2020 оны 5 дугар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 32-ын автобусны буудлын хойд талд байрлах “Шунхлай” колонкоос “Мастер засвар” хүртэлх хэв журмын хамгаалалтыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагч нар хийж байсныг удирдан ажиллаж байсан. Тэгээд 12 цаг 30 минутын орчим хамгаалалтын үүргийн хяналтыг тавьж явж байхад үүрэг гүйцэтгэж байсан газрын эсрэг тал буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс хорио цээрийн дэглэм бүхий нутаг дэвсгэр лүү зам хөндлөн гараад 20 орчим насны залуу ганцаараа орж ирсэн. Тэр үед тэр залууг зогсоох гээд дуудахад сонсоогүй дүр үзүүлээд алхаад колонкийн ард талын тийшээ үерийн далангийн тийшээ явахаар нь тэр залууг араас нь очиж зогсоогоод Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр лүү хөл хорио тогтоосон. 18 цаг хүртэл ямар нэгэн хөдөлгөөн хориотой хүн нэвтрүүлэхгүй байгаа тул энэ нутаг дэвсгэрээс гарна уу гэхэд тэр залуу миний хэлснийг ойлгоод за би гарчихъя гээд миний урд ороод далангийн хажуугаар явж байснаа гэнэт миний өөдөөс эргэж хараад юу ч хэлэлгүй миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр чи яаж байнаа гэхэд миний нүүр лүү гараараа дахиад нэг удаа цохиод далангийн уруу зугтаагаад гүйсэн. Тэр үед манай алба хаагч эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Сэрчиндоо уг залууг зогсоох гээд араас нь очиход уг залуу Сэрчиндоогийн энгэрээс татаад шалбааг ус руу оруулаад Сэрчиндоогийн нүүр болон шүд рүү нэлээд олон удаа гараараа цохисон. Тэгэхэд цаана ойрхон явж байсан манай алба хаагч эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Сүхбат очоод тэр залууг барьж явсан юм. ...Тухайн үед хөл хорио тогтоосон нутаг дэвсгэр лүү нэвтэрч болохгүй талаар хууль ёсны шаардлагыг тавьж сануулсан боловч ямар учиртайг нь мэдэхгүй миний болон манай алба хаагчийн биед халдсан асуудал байгаа.” /хавтаст хэргийн 30-32-р хуудас/

Хохирогч Б.Сэрчиндоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би урьд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон бүх асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. ...надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” /хавтаст хэргийн 20-21-р хуудас/

Хохирогч Б.Сэрчиндоогийн мөрдөн шалгах ажиллагаааны үед гэрчээр мэдүүлсэн: “...Би Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст эргүүлийн цагдаа жолоочоор ажилладаг. 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “корона вирус”-тай холбоотой дадлага сургуулилт явуулж байгаатай холбоотой 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 32-ын автобусны буудлын хойд талын гудамжинд үүрэг гүйцэтгээд ажиллаж байсан. 12 цагийн үед 32-ын автобусны буудлын эсрэг талд байх Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс зам хөндлөн гараал 20 орчим насны залуу ганцаараа хорио цээртэй байх нутаг дэвсгэр рүү орж ирээд 32-ын автобусны буудлын хажууд байх үерийн далангаар дайраад ус туулаад гараад явахаар нь уг залуугийн хойноос дуудахад сонсохгүй яваад байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн хойноос очоод уг залууг барьж аваад таны явж байгаа нэвтэрсэн газарт хорио цээр тогтоосон байгаа та ийшээ явж болохгүй гэж хэлэхэд тэр залуу би мэдэж байна ш дээ. Би өөрөө явчихъя гээд дургүйцсэн байдлаар намайг дагаад явсан ба уг залууг бид нарыг ахлаж ажиллаж байсан Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн Гачуурт тасгийн дарга, дэд хурандаа Баянжаргалтай уулзуулсан. Тэр үед цагдаагийн дэд хурандаа Баянжаргал тэр залууд “”Та хорио цээр тогтоосон бүс нутагаар зорчиж байна. Ийшээ явж болохгүй та буцаад явна уу” гэж хэлээд тэр залууг зам гаргах гээд тэр залууг урдаа оруулаад уг залуугийн зүүн талын тохойноос ардаас нь нэг гараараа тулсан явж байхад тэр залуу “миний гарын тавь л даа би өөрөө явж чадна” гээд дургүйцэн бухимдсан байдалтай хэлсэн. Тэгэхээр нь дэд хурандаа Баянжаргал тэр залуугийн гарнаас тавихад тэр залуу гэнэт эргэж хараад дэд хурандаа Баянжаргалын нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиод хорио цээр тогтоосон бүс нутаг руу буюу үерийн далангийн тийшээ гүйгээд ус туулаад зугтаахаар нь би тэр залуугийн араас нь гүйгээд барьж авахад надтай барьцалдаж аваад ноцолдоод миний нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр үед манай хамт үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Сүхбат миний араас гүйж ирж тэр залууг барьж авч саатуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27-р хуудас/

Гэрч Б.Сүхбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...Би Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн хэв журмын тасагт цагдаагаар ажилладаг бөгөөд өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт корона вирусын цар тахал өвчний эсрэг ажиллах дадлага сургууль болоод манай хэлтсээс тус дүүргийн нутаг дэвсгэрт нэмэгдэлээр ирж хэв журмын хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн юм. Би тасгын даргаас үүрэг чиглэл авч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр хөл хорионы үеийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх үед 12:00 цаг өнгөрч байхад замын эсрэг талаас буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 20 орчим насны нэг залуу зам хөндлөн гарч ирээд хамгаалалт авч хөл хорио тогтоосон бүс нутаг руу нэвтэрсэн тул хамт ажиллаж байсан Сэрчиндоо урдаас нь ирээд тэр залууг хамгаалалтын бүс лүү нэвтрүүлэхгүй гэж шаардлага тавьсан ба би араас нь очсон юм. Энэ үед Гачууртын цагдаагийн тасгийн дараг Баянжаргал дэд хурандаа ирээд мөн нөгөө залууд шаардлага тавиад Сэрчиндоо болон Баянжаргал дэд хурандаа хоёр тэр залууг нь цааш нь аваад явсан. Тухайн үед тэр залууг харахад архи уугаагүй эрүүл байсан боловч нэлээд их уурласан шинжтэй харагдсан. Ингээд намайг буцаад явахад нөгөө залуу Баянжаргал дэд хурандааг нүүр лүү нь 1-2 удаа цохих шиг болоод үерийн далан руу зугтаасан ба араас нь Сэрчиндоо гүйцэж очоод зууралдаад үерийн жалга руу орсон. Мөн би араас нь гүйж очоод тэр залууг барьж авсан ба энэ хооронд 20 орчим насны залуу Сэрчиндоогийн нүүр лүү нь нэлээд хэд цохиод авах шиг болсон. ...Тэр залуу архи уугаагүй байсан ба мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг нь мэдээгүй. Ямөр ч байсан нэлээд их уурласан байдалтай байсан.” /хавтаст хэргийн 22-24-р хуудас/

Гэрч Ц.Цэрэнбал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...Манай хүүхэд зүрхий  өвчтэй мөн түрүү булчирхайн үрэвсэлтэй хүүхэд байгаа юм. Зүрх нь өөрчлөлттэй болохоор нэг уурлахаараа маш ширүүн уурладаг хүүхэд, гэхдээ байнга уурлаад байдаггүй 1-2 жилд ганц нэг удаа л маш огцом ширүүн уурладаг юм. Өнөөдрийн хувьд бол би гэртээ байгаагүй бөгөөд манай хүү нагац эгч Агиймаатай гэр ахуйн зүйлээс болж маргалдаад уурлаад Сонгинохайрхан дүүрэгт байх хуучин гэртээ харина гээд гарсан гэсэн” гэх мэдүүлэг” /хавтаст хэргийн 36-38-р хуудас/

Гэрч Ж.Батиймаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...“...Манай хүүхэд зүрхий  өвчтэй мөн түрүү булчирхайн үрэвсэлтэй хүүхэд байгаа юм. Зүрх нь өөрчлөлттэй болохоор нэг уурлахаараа маш ширүүн уурладаг юм. Өнөөдөр бол би хүүтэйгээ гэртээ байхад манай хүү Ц.Б нь гэртээ байж байгаад өдөр манай дүү Агиймаатай компьютерийн алчуураар тоос шороо арчлаа гэснээс болж маргалдаад би энэ гэрээс чинь зайллаа гээд гараад явсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42-р хуудас/

Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-54-р хуудас/

Шүүх шинжилгээний үндсэний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №5557 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Б.Сэрчиндоогийн биед дээд үүдэн нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 3 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хавтаст хэргийн 45-46-р хуудас/

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн Дугаар А/285 тоот захирамж /хавтаст хэргийн 29-р хуудас/

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг бүслэн хаах цэг, үүрэг гүйцэтгэх алба хаагч, техник хэрэгслийн хуваарь /хавтаст хэргийн 11-р хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-13-р хуудас/

Шүүгдэгч Ц.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хавтаст хэргийн 57, 58-р хуудас/

Шүүгдэгч Ц.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хавтаст хэргийн 60-р хуудас/

Шүүгдэгч Ц.Б-н хөдөлмөр эрхлэлтийн талаарх баримт /хавтаст хэргийн 64-р хуудас/

Шүүгдэгч Ц.Б-г хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар ирүүлсэн хүсэлт /хавтаст хэргийн 63-р хуудас/

Яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар саналыг танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 79-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.

Хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.Б нь Чингэлтэй дүүргийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн “Бүх нийтийг бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлэх тухай” А/285 дугаартай захирамжийн дагуу “...Ковид-19 халдварт цар тахлын хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгуулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08:00-18:00 цагийн хооронд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлж, хөл хорионы дэглэм тогтоох” тухайн захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32-ын тойргын орчимд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу албан үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагчид болох цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Сэрчиндоо, Гачуурт дахь цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Баянжаргал нараас албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж цагдаагийн дэд ахлагч Б.Сэрчиндоогийн нүүрэн тус газарт гараараа цохиж хүний биед дээд үүдэн нэг шүдний эмтрэл бүхий гэмтэл, цагдаагийн дэд хурандаа Ө.Баянжаргалын нүүрэн тус газарт гараараа тус тус цохиж хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судлагдсан хохирогч Ө.Баянжаргал, Б.Сэрчиндоо нарын мэдүүлэг, гэрч Б.Сүхбатын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний үндсэний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №5557 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн хоёрдугаар бүлэгт зааснаар цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, захиргааны хяналт тавих зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 23.1.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно., 23.6.Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй., 23.7.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ., гэж тус тус заасны дагуу тухайн үед албаны үүрэг гүйцэтгэж байсан цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Сэрчиндоо, Гачуурт дахь цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Баянжаргал нар нь албан үүргээ биелүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Ийнхүү албан үүргээ биелүүлэх үедээ хөл хорионы дэглэм тогтоосон бүс нутаг руу нэвтрэхгүй байх шаардлагыг шүүгдэгч Ц.Бөд тавьсан боловч цагдаагийн албан хаагч нарын дээрх хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг биелүүлээгүй, цагдаагийн албан хаагчийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос яллагдагчаар татан, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн нөхцөл байдалтай зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Иймд шүүх шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч Ө.Баянжаргал, Б.Сэрчиндоо нар нь хохирогчоор мэдүүлэхдээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Ц.Б нь урьд ял шийтгэгдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг болон шүүгдэгчийн бусад хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал дүгнэлт зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхээс харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Б-н хувьд гэмт үйлдлээ урьдаас төлөвлөн хэрэгжүүлээгүй, тухайн мөчид санаатайгаар, хэд хэдэн үйлдлээр эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг, сонирхолд халдаж хохирол учруулсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Б-н хувийн байдлын талаар зүрхний өвчтэй, огцом уурладаг талаар гэрчүүд мэдүүлсэн байх боловч огцом уурласан үедээ гэмт хэрэг үйлдэх нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөрүүлэх үндэслэл болохгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон