Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 00070

 

                                    Т.Аманжулын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2017/000123 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.Аманжулын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Дэнсмаад холбогдох

“3.328.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч С.Дэнмсаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Аманжул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Дэнсмаа нь 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 3,300,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдэж авсан. Энэ мөнгийг бэлнээр надаас авсан бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 07-нд Хаан банкин дахь өөрийнхөө 5096054016 дугаарын дансандаа 400,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 10-нд 200,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 14-нд 250,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 25-нд 20,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 11-нд 500,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 25-нд 300,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 30 нд 300,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 12-нд 30,000 төгрөг нийт 5,300,000 төгрөг надаас авсан. Энэ мөнгөнөөс хүү Б.Баянмөнхийнхөө виза картыг надад өгснөөр уг виза картаар нь би 1,972,000 төгрөг авсан. С.Дэнсмаагийн өөрийн хүү Б.Баянмөнхийнхөө хамт анх над дээр ирж байсан бөгөөд дээрхи дансаар л надаас мөнгө авдаг байсан учир би хүү Б.Баянмөнхтэй нь зээлийн гэрээг /бүх мөнгөө нийлүүлж нэгтгээд/ 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 5,800,000 төгрөг өгсөн гэсэн гэрээг хийж байсан боловч дээрхи мөнгийг авагүй гэснээр шүүх хэрэгсэхгүй болгосон. Гэтэл надаар мөнгө хийлгэсэн байсан данс нь С.Дэнсмаагийн данс болохыг шүүх хурлаас хойш олж мэдлээ. С.Дэнсмаагаас авах учиртай мөнгөө тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 3,328,000 төгрөгийг гаргуулан авна. Иймд С.Дэнсмаагаас 3,328,000 төгрөгийг гаргуулан Т.Аманжул надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Дэнсмаа шүүхэд гаргасан тайлбартаа:...Т.Аманжул гэдэг эмэгтэйг би урд өмнө таниж мэдэхгүй. Гэрэлмаа гэдэг хүүхэнтэй машинд ээжийнх нь гэрийн гадаа надыг дуудаж хорхой өвсний сүлжээнд оруулна, 7 хоногт 40 сая төгрөгийн боломжтой сүлжээ би энд хүмүүс оруулж байгаа, та хүүхэд, ахан дүүсээ оруул, би мөнгийг нь өгье гээд миний хүүхдийн Худалдаа хөгжил банкны виза картыг барьцаалж аваад 2 сая төгрөгийг өгсөн. Ингээд би өрний сүлжээнд орсон. Манай хүү Б.Баянмөнх 9 дүгээр сарын 05-нд цалин бонус ороход хэрэгцээний мөнгийг нь би өөрийнхөө 5090054016 гэсэн данс руу шилжүүлж авч бид нар хоол хүнс хэрэгцээний юмыг авдаг байсан. Ингээд би барьцаанд 10 хувийн хүүтэй мөнгөнд орчихоод Худалдаа хөгжил банкнаас 12 дугаар сард 2015 онд цалингийн зээл нэмж авч бүх өрөө өгсөн. Ингээд энэ эмэгтэй саяхан Р.Үүрийнтуяа гэдэг шүүгчтэй Т.Аманжул бид 2 шүүх хуралдаанд орсон. Би С.Батмөнх-Очир гэдэг өмгөөлөгч авч шүүх хуралдаанд орсон. Шүүх надаас нэхэмжилсэн мөнгийг хэрэгсэхгүй болгосон. Өмгөөлөгч С.Батмөнх-Очир хуралдаанд оролцоогүй. Ингээд бид нар Т.Аманжулаас авлагатай байтал эргээд төлбөрийн өрөнд орсон. Цалингаас 50 хувиар суутгаж авчихсан байна. гэтэл Т.Аманжул дахин шүүх хуралдаанд миний цалингийн үлдэгдэл бид авахаар дахин 5096054016 дансанд хийсэн мөнгө авна гээд бас нэхэмжилсэн байна. Иймд залилангийн шинж чанартай асуудлыг салгаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2017/00123 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.Дэнсмаагаас 3,328,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Аманжулд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,198 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Дэнсмаагаас 68,198 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Дэнсмаа давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Т.Аманжул Гэрэлмаа гэдэг хүүхэнтэй холбоо барьж хорхой өвсний сүлжээнд оруулж, барьцаанд миний хүү Баянмөнхийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн мөнгөний виза картыг кодтой нь авахдаа 7 хоногт 48.000.000 төгрөг олдог, найз нөхдөө оруулчих гээд 2.000.000 төгрөг визатай авч мөнгө зээлсэн. Миний 5096054016 гэсэн данс руу цаг тухайнд нь цалингийн үлдэгдлийг хийж байсан. 11 дүгээр сард миний хүү гэртээ тавилга авна гэхээр нь Т.Аманжулд энэ тухай хэлэхэд миний өөрийн хөрөнгө оруулалттай дэлгүүр байгаа гээд эвдэрхий стенк, сирвант авч өгсөн. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.Аманжул хариуцагч С.Дэнсмаагаас зээлийн гэрээний үүрэгт 3.328.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хх-81 дэхь талд авагдсан 3.300.000 төгрөг зээлдэж авсан гэсэн бичмэл нотлох баримтанд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч С.Дэнсмаа нь 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 3.300.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай бэлнээр зээлдэж авсан, 2013 оны 12 дугаар сарын 07-нд өөрийнхөө дансаар 400.000 төгрөг, 2013.12.10-нд 200.000 төгрөг, 2013.12.14-нд 250.000 төгрөг, 2013.12.25-нд 20.000 төгрөг, 2014.01.31-нд 500.000 төгрөг, 2014.01.25-нд 300.000 төгрөг, 2014.01.30-нд 300.000 төгрөг, 2014.02.12-нд 30.000 төгрөг нийт 5.300,000 төгрөг зээлдэж авсан, хүү Б.Баянмөнхийнхөө виза картыг Т.Аманжулд өгч цалингаас нь суутган авахуулж байсан, нэхэмжлэгчид нийт 1.972.000 төгрөг буцаан төлсөн зэрэг нь хэрэгт цугларсан нотлох нотлох баримтуудаар /банкны депозит хуулга, зохигчдын тайлбар/ тогтоогдсон байна.

Хариуцагч С.Дэнсмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч С.Дэнсмаа нь нэхэмжлэгч Т.Аманжулаас бэлнээр 3.300.000 төгрөг дансаар 2.000.000 төгрөг нийт 5.300.000 төгрөг зээлж авсан болох нь тогтоогдсон. Хариуцагчийн 5096054016 дугаарын данс руу мөнгө шилжиж орсон энэхүү үйл баримтыг хүлээн зөвшөөрч байгаа ба хүү Б.Баянмөнхийн цалингийн виза картыг Т.Аманжул барьцаалж цалингаас нь мөнгөө суутган аваад үлдсэн мөнгийг нь миний данс руу хийдэг байсан гэж тайлбарлаж байгаа боловч нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн зээлсэн 5.300.000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1.972.000 төгрөгийг хасаж 3.328.000 төгрөгийг хариуцагч С.Дэнсмаагаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Дэнсмаагийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2017/00123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч С.Дэнсмаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч С.Дэнсмаа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ