Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 18

 

           Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: С.Энхням,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Эрдэнэчимэг нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.А-д холбогдох, эрүүгийн 201710000163 дугаартай, 2 хавтас, 477 хуудас бүхий хэргийг хохирогч П.Алтантуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, .... 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Есөн чоно овогт Баярсайханы А /РЭ91012831/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 06 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар зөрлөгийн ойролцоо Соната-6 маркийн 62-93 УБЯ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас иргэн Б.Гантулгын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Есөн чоно овогт Баярсайханы А-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2  жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйл, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д хүлээлгэсэн үүргийн биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж,

Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Алтантуяа, Г.Ганбаяр нар нь 3558440 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчид холбогдуулан гаргах эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч П.Алтантуяа давж заалдсан гомдолдоо: Миний хүү Б.Гантулга нь 2017.05.24-нд Б.А-ийн жолоодож явсан Соната-6 маркийн 62-93 УБЯ улсын дугаартай машинд сууж яваад амь насаа алдаж бид бүхэнд хэзээ ч нөхөж баршгүй хүнд хохирол учирсан юм. Энэ нь Аийн хайхрамж болгоомжгүй байдал болон замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хурд хэтрүүлсэн, эрдэнэт хүний амь насыг хариуцан авч явснаа мартсан зэрэг дутагдлаас болж үүдэн гарсан хэрэг юм. Аид шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оноож 2 жилийн тэнсэн, 3 жил жолоо барих эрхийг хассан байна. Хүний амь нас хохирсон байхад арай ч дэндүү хэт хөнгөн ял оноосон байна гэж хохирогч бид нар бие сэтгэл зүрхээрээ шаналан зовж, санаа сэтгэлийн хямралд орцгоож байна. Хэдийгээр шүүхээс тогтоосон оршуулгын зардлыг барагдуулсан ч гэсэн бүхэл бүтэн хүний амь 42-хон насандаа хорвоог орхисон байхад ийм хууль байх ч гэж. Яллагдагч А-д ямар нэг хэмжээгээр хорих ял оногдуулж өгөхийг хүсч байна гэжээ.

Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.А нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 06 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар зөрлөгийн ойролцоо Соната-6 маркийн 62-93 УБЯ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн Б.Гантулгын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн тул анхан шатны шүүхээс түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Аийг гэм буруутайд тооцсоны дараа А гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 5 хоногийн хугацаанд шүүх хурал завсарлаж энэ хугацаанд хохирлоо төлж ирсэн, цаашид гарах зардлыг иргэний журмаар баримтаа бүрдүүлээд ирэхээр нь төлнө гэдгээ илэрхийлсэн юм.  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хэрэг нь хөнгөн ангилалд багтаж байгаа буюу анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжтой байсан учраас шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүхээс хохирогч П.Алтантуяагийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.А 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 06 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар зөрлөгийн ойролцоо Соната-6 маркийн 62-93 УБЯ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2, 9 дүгээр бүлгийн 9.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Б.Гантулгын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-08/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 09-14/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-17/, хохирогчоор Ж.Алтангэрэлгомбыг /хх22-23/, Г.Ганбаярыг /хх 27-28/, П.Алтантуяаг байцаасан тэмдэглэл /хх 31-32/, иргэний нэхэмжлэгч Б.Номундарь /хх 35-36, 37-38/, Ц.Мөнхбат /хх-40-41, 42/, Н.Энхбаяр нараас авсан мэдүүлэг /хх 44-45/, гэрч Г.Далантай /хх-48/, Ц.Мөнхбат /хх-49/, Г.Хунцэнгэл /хх 51-53/, Л.Оюунцэцэг /хх 54-55/, Б.ням-Осор /хх-56/, Б.Номундар /хх 57-58/, У..Атарболд /хх-59/, Ц.Батцэвэр /хх-60/ нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн №8213 дугаар дүгнэлт /хх-62/, №239 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-66-67/, шинжээчийн №35 дугаар дүгнэлт,  гэрэл зургийн үзүүлэлт /хх 71-77/, №5686 тоот шинжээчийн дүгнэлт /хх-86/, №218 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-94/, №219 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-98/, Дорноговь аймгийн автотээврийн төвийн шинжээчдийн дүгнэлт /хх 101-104/, Ашид билгүүн ХХК-ийн автомашины техникийн тайлан /хх107-110/, Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-111-112/, ДГА-ийн замын Цагдаагийн тасгийн шинжээчдийн дүгнэлт /хх-114/, 2017.10.07-ны өдрийн Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /хх-124-125/, сэжигтнээр Б.Аийг байцаасан тэмдэглэл /хх-136/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 139-141/, Б.Номундарийн яаралтай тусламжийн газарт үзүүлсэн баримт /хх 171-182/, Б.Аийн яаралтай тусламжийн газарт үзүүлсэн баримт /хх 184-187, 193-212/, Б.Номундариас өгсөн баримтууд /хх-213-231/, 2 дугаар хавтаст хэргийн нотлох баримтууд болох оршуулгын зардлын баримтууд /хх-07-84/, гэрч Д.Мөнхзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-86/, ТЭБЭ сервис ХХК-ийн нэхэмжлэл /хх 142-167/ иргэний нэхэмжлэгч Б.Номуундарьд хохирол төлбөр төлсөн баримт /хх-204/, хохирогч П.Алтантуяад хохирол төлбөр төлсөн баримт /хх-205/, Б.Аоос П.Алтантуяад 15000000 төгрөгийг хүлээлцсэн баримт /хх-206/, Тэбэ сервис ХХК-нд хохирол барагдуулсан тухай баримт /хх-208/ зэргээр нотлогдон тогтоогдсон, дурдсан мэдүүлэг өгөгчид мэдүүлгийнхээ эх сурвалжийг  тодорхой зааж мэдүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байх бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны шүүхээс гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б.Аийн үйлдсэн хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн тогтоох хуулийн шаардлагыг хангасан нь дараах байдлаар тогтоогдсон гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ.

Дурдсан хуулийн дагуу дүгнэж үзэхэд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан, цаашид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг  харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Аид “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил тэнсэж, үүрэг хүлээлгэсэн” нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэсэн, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Иймд хохирогчийн “...шүүгдэгчид хорих ял оногдуулж өгөх” тухай давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

                         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолтыг хэвээр үлдээж, хохирогч П.Алтантуяа, Г.Ганбаяр нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                А.САЙНТӨГС

                                                                                      Н.БОЛОРМАА