Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Ж овогт М.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тус аймгийн *******, ******* даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.У-д холбогдох, *******, ******* даргын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үндэслэлгүй гаргасан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах саналтай байна. *******, ******* даргын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/19 дугаартай тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байгаа. Өмнө нь надад мэдэгдэж байгаагүй. Ажлын хариуцлагын талаар ярьж байгаагүй. Гэнэт гаргасан тушаал байгаа юм. Тиймээс энэ тушаалыг хүчингүй болгох саналтай байна. Барилга хот байгуулалтын дарга нь шүүхэд өөр шалтгаанаар халсан гэж тайлбар өгсөн. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад бас өөр тайлбар өгсөн байсан. Тэгэхээр үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна. Сумын төвийн шинэчлэл төсөл гээд байгаа. Энэ ажил 2014 онд эхэлсэн. Аймгийн Засаг дарга Мандал Голомт компанитай гэрээ байгуулаад ажил эхэлсэн. 2014 оны санхүүжилт нь 2.600.000.000 төгрөгийн санхүүжилт тусгагдсан. Түүнээс хойш ажлын явц нэлээд удаашралттай. Гүйцэтгэгч компани хариуцлагагүй байдал их байсан. 2014 оны 11 дүгээр сардаа гэрээ нь дууссан. 2016 онд гэрээ нь сунгагдаад олон хурлаар орсон. Аймгийн засаг дарга ажлын хэсэг нэлээд олон удаа хуралдаж байж сунгахаар болоод 2016 оны 03 дугаар сарын 19-нд гэрээ сунгагдаад дуусах хугацаа нь 2016 оны 06 дугаар сарын 30-нд дуусахаар гэрээ сунгасан байдаг. Би 2016 оноос эхэлж энэ ажлыг хариуцаж авсан. Өмнөх санхүүжилтын асуудлаар хийгээгүй ажлууд байсан. Барилгын хөгжлийн төвтэй хамтарч хяналт хийж байсан учраас 2016 ондоо Дэлгэр сумын сумын төвийн шинэчлэл төслийн цахилгааны ажлын гүйцэтгэлийн төсөл болох 890.000.000 төгрөг дээр гарын үсэг зурсан. Энэ ажил нь хийгдсэн. Цахилгааны ажлаас 4.3 километр шугам мөн гадна гэрэлтүүлгийн ажил хийгдсэн. Цахилгааны ажил 80 хувьтай хийгдээд энэ ажил дээр гарын үсэг зурсан. Мөн энэ ажилд мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч н.Н ажиллаж дүгнэлт гаргаж байсан. Тэр үеийн ажиллаж байсан хүмүүс бүгд шалгаад гарын үсэг зурсан. Хавтаст хэрэгт 890.000.000 төгрөгийн гүйцэтгэл гээд байгаа. Үүн дээр миний бие аймгийн холбоотой бүх дарга, удирдлагууд барилгын хөгжлийн төвийн хяналтын инженер, дарга нар гарын үсэг зурсан. Энэ нь хийгдсэн ажил байгаа юм. Дараа нь соёл амралтын хүрээлэнгийн төсөл байгаа. Жи ТИ Кэй Эс компани 2015 онд соёл амралтын хүрээлэнгийн гадна хашаа, хаалга, саравч, тоглоомын талбай хийх ажлыг тендерт орж авсан. 2015 онд олон компани ажил авсан ч ганцхан ашиглалтад өгсөн компани нь Жи ТИ Кэй Эс компани юм. Энэ ажил дээр хогийн сав, сандал суурилуулах дутуу байхад хүлээж авч ажил үүргээ дутуу биелүүлсэн гэж тайлбартаа хэлсэн байна лээ. Үүн дээр тайлбар хэлэхэд Жи ТИ Кэй Эс компани ажлаа чанартай сайн гүйцэтгэсэн. 60 сандалнаас 26 сандал суулгасан. Үлдсэнийг нь тохижилт үйлчилгээний газар хүлээлгээд өгчихсөн. Мөн гэрээ сунгагдсан байгаа. Гэрээ сунгагдаж, бүтээн байгуулалтын ажил дахин явагдах учраас үрэгдэх магадлалтай гээд мөн цаг агаарын байдал хүйтэрсэн байсан учраас бүгдээрээ ярилцаад хойшлуулсан. 2016 онд компаниудын ажил дууссан бол хийгээд өгнө гэсэн боловч одоо болтол ажлууд нь хийж дуусаагүй. Төрийн албаны салбар зөвлөл Ус-Алтай компаний ажилд хяналт муу тавьсан учраас хийгдээгүй байна гэсэн тайлбар гаргасан байна лээ. Үүнд 2014 онд эхэлсэн ажил байгаа. Тэр нь 2016 онд ашиглалтад орсон. Багц-3, 4 буюу ус хангамж, тоглоомын талбай байгуулах ажлууд байгаа. Энэ нь 2016 онд сунгагдаад 2017 онд хийгдэж дуусгах байсан боловч одоо болтол хийгдээгүй. Үүн дээр М.У гэдэг хүн хяналтыг өөрөө тавина гээд нотариатаар гэрээ байгуулаад хяналтыг өөрөө тавина гэсэн гэрээ хийсэн. Тиймээс энэ ажлууд надтай хамаагүй гэв.

Хариуцагч аймгийн ******* ******* дарга М.У-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Захиргааны хэргийн хариуцагч *******, ******* дарга М.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д миний бие нэхэмжлэгч М.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч М.М нь нэхэмжлэлдээ ямар нэгэн ажлын алдаа дутагдал гаргаагүй байхад ажлаас хууль бусаар, үндэслэлгүйгээр халсанд гомдолтой байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. М.М-ийн хувьд ажил үүргийн хуваарийн дагуу өөрийн хариуцаж гүйцэтгэж байсан ажлууд дээр хяналт тавьж, ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, өөрийн албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэн ажил хийгдээгүй байхад ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан зөрчил гаргасан. Тус зөрчилтэй холбоотой М.М-т арга хэмжээ авч ажлын хариуцлага тооцох тухай ажлын тухай ажлын комиссын даргын *******, барилга хот байгуулалтын газарт үүрэг болгосон тоот, аудитын дүгнэлт зэргийг үндэслэн ажил олгогч нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаагаар эргэж орохгүйгээр халсан. М.М-г нь дараах ажлууд дээр ажил үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүйгээр байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралд хэргийн оролцогч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд, гэрч нарын мэдүүлэг, тайлбар зэргийг үндэслэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Жаргалант багийн иргэн М.М-ийн нэхэмжлэлтэй тус аймгийн *******, ******* дарга М.У-д холбогдох 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Говь-Алтай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 51 дугаар бүхий албан бичгээр аймгийн *******, барилга хот байгуулалтын газарт төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн М.М-ийг Орон сууц, нийтийн аж ахуй хариуцсан мэргэжилтнээр ажлын байранд томилуулахаар нэрийг нь дэвшүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч М.М нь төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, улмаар 2015 оны 04 дүгээр сарын 22 ны өдрийн Б/14 дугаар бүхий Говь-Алтай аймгийн *******, ******* даргын тушаалаар орон сууц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан байна.

Улмаар 2015 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн Б/29 дугаар бүхий тус аймгийн *******, ******* даргын тушаалаар инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байгаад 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэн нэг жил төрийн албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халагдсан байна. Ажлаас халах тухай уг тушаал нь хэдийгээр нэг жил төрийн албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан байх боловч ямар үндэслэлээр яагаад халах болсон шалтгаан зэрэг нь тодорхой бус байгааг дурьдах нь зүйтэй.

Тус аймгийн *******, ******* даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн Б/20 дугаар бүхий тушаалаар гуравдагч этгээд болох Б.Б нь инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцохгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

2014 онд Монгол улсын хэмжээнд 18 аймгийн 16 суманд 5 тэрбум төгрөгний төсөвтэй сумын төвийн шинэчлэл төслийн ажил эхэлж, манай аймгийн Дэлгэр сумд 2014 онд эхэлж, тухайн оны 11 дүгээр сарын 30-нд дуусахаар байсан боловч ашиглалтанд оруулж амжаагүй. Мандал голомт ХХК гадна дулаан хангамж /уурын зуухны барилга/, усан хангамж, ариутгах татуурга /цэвэрлэх байгууламж/, цахилгаан, үерийн далан гэсэн ажлууд хийгдэхээр болсон.

Энэ ажил нь 2015 онд ажил хийгдээгүй, тус сумын шугам сүлжээ нь 2 удаа үерт орж ажлаа дахин засварлаж хийсэн байна. 2014, 2015 оны уг ажлын гүйцэтгэлийн ажлыг *******, барилга хот байгуулалт хянаж байгаагүй, орон нутгийн хяналтанд ажил явагдаж байсан. Ажил бүрэн гүйцэд хийгдээгүйн улмаас 2016 оны 3 сарын 19-нд аймгийн удирдлагууд гэрээг дахин сунгахаар шийдвэрлэж, 2016 оны 6 сарын 30-нд дуусгах гэрээ байгуулж ажилласан байна. 2016 оноос аймгийн барилга хот байгуулалтаас хяналт тавьж уг ажлын шугам сүлжээний ажилд инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтнээр нэхэмжлэгч М.М нь хяналт хийж ажиллаж иржээ.

Аймгийн Засаг даргын орлогч В.Р-ийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны 2/984 тоот албан бичгээр Дэлгэр сумын төвийн айл өрх, албан байгууллагыг цэвэр, бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламжийг байгуулах ажлын гүйцэтгэл хангалтгүй болж, ноцтой зөрчил гаргасан хэлтсийн дарга ажилтай М.Б, инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтэн М.М нарт хариуцлага тооцох тухай албан тоот явуулж байсан байна. Энэ хариуцлага тооцох нь заавал төрийн албанаас халах гэсэн ойлголт биш юм.

Нэхэмжлэгч М.М нь 2015 оны үр дүнгийн гэрээгээ 83.5 оноотой В буюу Сайн үнэлгээгээр үнэлэгдэж байжээ. 2016 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй, 2017 онуудад үр дүнгийн гэрээ байгуулсан байх боловч биелэлтийг дүгнээгүй.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 буюу түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь төрийн жинхэнэ албан хаагч сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд сахилгын зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй байна.

Төрийн албаны зөв,лөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 1.1-т Төсвийн шууд захирагч байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч-менежер (цаашид Менежер гэх)-тэй үр дүнгийн гэрээ (цаашид Гэрээ гэх) байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэхэд энэхүү журмыг баримтална, журмын 2.1-т Менежер нь гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчид тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж танилцуулах үүрэгтэй, 2.3-Төсвийн шууд захирагч нь гэрээнд заасан хугацаанд менежерийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй гэж зааснаар сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга буюу менежертэй энэ журмын дагуу үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, гэрээнд тусгагдсан ажил үйлчилгээг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг дүгнэж ажиллах байхад 2016 онд дүнгийн гэрээ байгуулаагүй атлаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл ******* ******* Инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, гэрээгээр хүлээсэн хэрэгжүүлбэл зохих ямар ажил албан үүргээ М.М удаа дараа хангалтгүй биелүүлж сахилгын зөрчил гаргасан байдал, мөн *******, ******* удирдлагын хэлтсийн дарга Ж.М-ын аймгийн засаг даргын тамгын газарт гаргасан тайлбарт Нэхэмжлэгч М.М-ийг *******, ******* байгууллагын хурлаар орж хариуцлага тооцуулсан гэх, аймгийн аудитын газрын хурлаар орж хариуцлага тооцуулсан гэх боловч шүүх хуралдаан дээр М.М нь үүнийгээ үгүйсгэсэн ба мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар нотлох зүйлгүй байгаа нь түүнийг ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж,арга хэмжээ авагдаж байсан нь тогтоогдохгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт М.М-ийн хувьд ажил үүргийн хуваарийн дагуу өөрийн хариуцан гүйцэтгэж байсан ажлууд дээр хяналт тавьж, ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, өөрийн албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэн ажил хийгдээгүй байхад хүлээн авсан зөрчил гаргасан. Дэлгэр сумын шинэчлэх төслийн ажил, Жи Ти Кей Эс ХХК-ний хийсэн Алтай хотын соёл амралтын хүрээлэнгийн ажил гэсэн тайлбарыг гаргасан байна.

Дэлгэр сумын төвийн шинэчлэл төслийн ажлын комисст нэхэмжлэгч М.М ажиллаж байсан хэдий ч тухайн ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг даргын орлогч В.Р, ажлын гишүүд 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан байна. Тухайн 10 хүний бүрэлдэхүүнд аймгийн *******, ******* дарга М.У, ажлын хэсгийн ахлагчаар Засаг даргын орлогч В.Р нар нь нэхэмжлэгч М.М-тэй хамт ажиллаж байсан ба уг сум шинэчлэлийн ажилд улсаас төсөвлөгдөж ирсэн 5 тэрбум төгрөгний 2014 онд 2,600.000.000 төгрөгийг аймгийн төрийн сангаар дамжуулан Мандал-Голомт ХХК авсан, 2016 онд 890,000.000 төгрөгний санхүүжилтыг ажлын комиссынхон хүлээн авсаныг М.М дур мэдэн гарын үсэг зурж авсан гэж үзэж тухайн ажилд хариуцлага алдсан мэтээр нэхэмжлэгч М.М-т ганцхан хариуцлага тооцуулах тоот өгч, ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Мөн гэрч Дэлгэр сумын, сумын төвийн шинэчлэл төслийн тухайн орон нутгийн хяналтын ажилтан Д.Х-ыг гэрчээр асуухад тухайн ажлын шугам сүлжээний ажил нь гайгүй хийгдсэн байсан учир ажлын комисс болон мэргэжлийн хүмүүс хүлээж авсан гэх тайлбар хавтаст хэрэгт авагдсан ба тухайн ажлыг хийгдсэн гэж үзэж байна. Комисс хяналтыг хангалттай тавьсан, Мандал голомт ХХК-иас болж тухайн ажил удааширсан гэж үзэж байна гэсэн тайлбар зэргээс харахад нэхэмжлэгч М.М нь төрийн жинхэнэ албан хаагчийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн *******, барилга хот байгуулалтын даргын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/19 дугаар бүхий тушаалыг хүчингүй болгож, М.М-ийг тус газрын инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 05 буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 6.414.024 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтас хэргийн мартериалд авагдсан М.М-ийн сарын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2017 оны 05, 06, 07 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.11 мөн хуулийн 27.2.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн *******, ******* даргын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, М.М-ийг Говь-Алтай аймгийн *******, ******* инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 222 хоногийн олговор 6.414.024 /зургаан сая дөрвөн зуун арван дөрвөн мянга хорин дөрвөн/ төгрөгийг Говь-Алтай аймгийн *******, барилга хот байгуулалтын газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.САРАНЧИМЭГ