Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01149

 

Ж М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00015 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2018/00031 дүгээр магадлалтай,

Ж М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ж  ХХК-д холбогдох,

Гэрээний дагуу төлсөн 20.880.000 төгрөг, алданги 17.400.000 төгрөг, материал болон гар зөөврийн үнэ 13.589.000 төгрөг, нийт 51.869.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ж М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Ж  ХХК-тай ЖМ16/624 тоот техникийн ажил гүйцэтгэх 34.800.000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.1 дэх хэсэгт заасны дагуу ажлыг төслийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд, барилгын ажлын норм, дүрэм, стандарт, технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэж өгнө гэсэн боловч сайт угсрах ажлыг заасан цэгт бариагүй. Нарны толины суурь муу барьснаас 15 ширхэг нарны толь салхинд унаж, ашиглах боломжгүй болсон, сайтыг заасан цэгт шилжүүлэн дахин барих зардал гарсан зэрэг хохирлууд учраад байна. Бид ЖМ64/624 тоот гэрээний ажлын урьдчилгаанд төлсөн 20.880.000 төгрөг болон тус гэрээний 5.6 дахь хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хийх ёстой ажлын үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө гэсний дагуу гэрээний үнийн дүнгээс алданги тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу 17.400.000 төгрөг болж байна. Мөн хариуцагч нь дээрх сайтыг буруу цэгт барихдаа манай компанийн материалаар барьсан бөгөөд технологийн буруу горимоор барьсны улмаас нэг бүр нь 610.000 төгрөгийн үнэ бүхий нарны толь салхинд хийсэж хагаран 15 ширхэг толь дахин ашиглах ямар ч боломжгүй болсон, 1 ширхэг нарны толины рак стандартын бус нарийн угольникоор хийгдсэнээс болж зарим хэсэг нь эвдэрсэн тул шинээр солиулсан, буруу барьсан цэгээс зөв цэг хүртэл 1,2 км гар зөөврөөр уулын оройд гаргасны төлбөр 3.500.000 төгрөг болсон. Иймд, гэрээний дагуу төлсөн 20.880.000 төгрөг, гэрээний үүргээ огт гүйцэтгээгүйн алданги 17.400.000 төгрөг, бараа, материал болон гар зөөврийн үнэ 13.589.000 төгрөг, нийт 51.869.000 төгрөгийг "Ж " ХХК-иас нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж  ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Манай компани нь "Жи-Мобайл" ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан "Техникийн ажил гүйцэтгэх" тухай М16/624 тоот гэрээг Баян-Өлгий аймгийн "Кеналдала" ХХК-иар гүйцэтгүүлж хуулийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Рашаант багт сайтын тоног төхөөрөмжийг суурилуулж бэлэн болгосон. Тухайн үед "Жи-Мобайл" ХХК нь гэрээнд заасан захиалагчийн үүрэг болох гэрээний үүргийн үр дүнг хүлээж авахгүй саатуулсан. Тийм учраас бид Дэлүүн сумын удирдлага болон шууд хэрэглэгч нарт хүлээлгэн өгсөн ба бид хэрэглэгч нарт хүлээлгэж өгөхөд биет байдлын доголдолгүй, хэвийн ажиллаж байсан. Манай компани сайтын тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотоос өөрийн зардлаар 1900 км газар тээвэрлэн ирж Дэлүүн сумын Рашаант багт туслан гүйцэтгэгч компаниар барьж байгуулсан болно. "Ж " ХХК-иас "Техникийн ажил гүйцэтгэх" гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу алданги 17.400.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж заасан. "Ж " ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтрүүлсэн явдал байхгүй тул "алданги" төлөхгүй. Мөн "Ж " ХХК нь ажлын хөлсөнд урьдчилгаа болгож 20.880.000 төгрөг шилжүүлсэн мөртлөө алдангид 17.400.000 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан анзын нийт дүнгийн 50 хувиас хэтэрсэн байна. 15 ширхэг нарны толь нь салхинд унаж хагарсан бол "Ж " ХХК-д үзүүлж захиалагч болон ажил гүйцэтгэгч тал харилцан акт тогтоох байсан. Мөн захиалагч "Жи-Мобайл" ХХК нь гэрээний 2.1-д заасан "Суурилалтын цэгийг зааж өгөх", 2.3-д заасан "Хяналт тавих", 2.5-д заасан гэрээт ажлыг хүлээн авах комисс байгуулж гүйцэтгэгчээс актаар хүлээж авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.2-д зааснаар толь хагарсан гэх эрсдэлийг хариуцахгүй болно.

3ахиалагч "Жи-Мобайл" ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч акт үйлдээгүй учир Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д болон гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д заасан алданги төлүүлэх эрхийг хуулиар алдсан болно. Мөн 15 ширхэг толь салхинд хийсэж унаж хагарсан бол Иргэний хуулийн 356 дугаар зүйлийн 356.2-д зааснаар үр дагаврыг захиалагч хариуцна гэсний дагуу гүйцэтгэгч нь хариуцлагаас чөлөөлөгдөнө. "Ж " ХХК нь сайтын тоног төхөөрөмж угсрах, байрлуулах ажлыг 2016 оны 11 дүгээр сарын эхээр хэрэглэгч Дэлүүн сумын Засаг дарга, Рашаант багт хүлээлгэж өгөхөд хэвийн ажиллаж байсан тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-д зааснаар биет байдлын доголдолгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00015 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч "Ж " ХХК-иас ажлын урьдчилгаа төлбөр 20.880.000 төгрөг, алданги 17.400.000 төгрөг, хагарсан нарны толь 9.150.000 төгрөг, нийт 47.430.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Жи-Мобайл" ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4.439.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч "Жи-Мобайл" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575.245 төгрөгөөс 573.590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1.655 төгрөгийг нэхэмжлэгч "Жи-Мобайл" ХХК-нд буцаан олгож, хариуцагч "Ж " ХХК-ийн санхүүгээс 395.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Жи-Мобайл" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2018/00031 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч К.Зулкаш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагч “Ж ” XXК нь “Сайтын тоног төхөөрөмж угсрах” ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүднээс мэргэжпийн компани болох “Кендала” ХХК-тай “Техникийн ажил туслах гүйцэтгэх” гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулж “Кендала” ХХК нь тухайн ажлыг гэрээний хугацаанд техникийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэсэн байдаг. Захиалагч “Жи-мобайл” ХХК, гүйцэтгэгч “Ж ” ХХК-ийн хороонд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Техникийн ажил гүйцэтгэх” ЖМ16/624 тоот гэрээний 2 дугаар хавсралтад зааснаар “Сайтын тоног төхөөрөмж угсрах” ажлын гүйцэтгэлийн төсөвт өртөг нь 34.800.000 төгрөг бөгөөд үүнээс захиалагч “Жи-мобайл” ХХК нь урьдчилгаанд 20.880.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 13.920.000 төгрөгийг “Ж ” ХХК-д огт шилжүүлээгүй байхад анхан шатны шүүх гэрээний нийт үнийн дүнгээр алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасныг зөрчиж байна. Анхан шатны шүүх хагарсан толины үнэ 9.150.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн аль зүйл, хэсэг, заалтыг баримталсан нь тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй. 15 ширхэг толь салхинд унаж ашиглах боломжгүй болсон талаар нэхэмжлэгч тайлбарладаг боловч энэ талаар албаны ёсоор акт тогтоож гүйцэтгэгч “Ж ” ХХК-ийн төлөөлөлд танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулсан ямар нэгэн материал хэргийн материалд байхгүй, чухам ямар шалтгаанаас болж унасан нь тодорхой бус байдаг. Гэтэл анхан шатны шүүх ...15 ширхэг нарны толь хагарсан, дахин ашиглах боломжгүй болж акталсан нь актын дүгнэлт, фото зургаар нотлогдож байгаа... гэж зөвхөн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн хариуцагчид танилцуулж баталгаажуулаагүй дүгнэлт, фото зургийг үндэслэл болгон шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байна. 15 ширхэг толь салхинд унаж ашиглах боломжгүй болсон бол Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.3-д заасан ёсоор захиалагч өөрийн буруугаас ажлын үр дүнг хүлээн аваагүй байхад гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас устаж гэмтсэн тул гүйцэтгэгч “Ж ” ХХК нь хариуцлага хүлээх ёсгүй. Нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК нь тухайн үед гүйцэтгэгчийн зүгээс албан ёсоор мэдэгдсээр байхад гүйцэтгэсэн ажлыг газар дээр нь ирж хүлээж аваагүй. Энэ нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2, техникийн ажил гүйцэтгэх гэрээний 2.5-д заасныг тус тус зөрчсөн буруутай байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд энэ талаар анхаарч үзээгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж М ХХК, Ж  ХХК-д холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 20.880.000 төгрөг, алданги 17.400.000 төгрөг, материал болон гар зөөврийн үнэ 13.589.000 төгрөг, нийт 51.869.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 47.430.000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор тэдгээрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч 3 төрлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг зөв тогтоох шаардлагатай.

Ж М ХХК,  Ж  ХХК-ийн хооронд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр  “Техникийн ажил гүйцэтгэх” ЖМ16/624 тоот гэрээ байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалгаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд “Сайтын тоног төхөөрөмж угсрах” ажлыг 34.800.000 төгрөгийн төсөвт хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.

Ж М ХХК нь гэрээгээр тохирсон ёсоор урьдчилгаа төлбөрт 20.880.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байна.

Хариуцагч ажил гүйцэтгэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй боловч, ажлыг захиалагчийн заасан цэгт гүйцэтгээгүйгээс, тогтоосон цэгт зөөж бусдаар уг ажлыг дахин   гүйцэтгүүлсэн гэсэн үндэслэл зааж нэхэмжлэл гаргажээ.

1. Хоёр шатны шүүх 20.800.000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүй, мөн доголдол үүсэхэд хүргэсэн нөхцөл шалтгаан, талууд гэрээгээр ямар эрх болон үүрэг хүлээсэн, үүнийгээ хэрхэн биелүүлсэн, доголдлын талаар ажил гүйцэтгэгчид гомдлын шаардлага гаргасан эсэх байдлуудыг хууль болон гэрээний зохицуулалтад нийцүүлэн дүгнээгүй байна.

Гэрээний нийт үнэд ажлын хөлсөөс гадна материалын болон тээвэрлэлтийн зардал орсон байх бөгөөд гүйцэтгэлээс ашиглагдах боломжтой ажил, суутгагдах хөлс байгаа эсэх нь тодорхой бусаас урьдчилгаанд шилжүүлсэн мөнгийг бүхэлд нь буцаан олгосныг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй. Тухайлбал, Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутаг 1900 км-т сайтын тоног төхөөрөмжийг өөрийн зардлаар хүргэсэн гэх хариуцагчийн тайлбарт дурдсан нөхцлийг шүүх анхаараагүй байна.

2. Нэхэмжлэгчийн алдангид 17.400.000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл тодорхой бус, алдангийн талаархи гэрээний тохиролцоог гэрээнээс татгалзах,  цуцалсантай холбоотой гэж үзэх эсэх, ямар тооцоолол хийж уг шаардлагыг гаргасан нь ойлгомжгүй болжээ. Иймд шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлгүй байна.

Дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00015 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2018/00031 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 395.100 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ