| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1050/Э |
| Дугаар | 1129 |
| Огноо | 2020-06-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 1129
2020 06 18 2020/ШЦТ/1129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Санаасайхан ,
Улсын яллагч О.Баярсайхан,
Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт А.Т холбогдох эрүүгийн 1806 04567 1119 дугаар хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С овогт А.Т нь хохирогч Л.Мөнхжаргалаас Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1.100.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1.150.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 150.000 төгрөгийг тус тус өөрийн 5007635846 дугаарын дансаар шилжүүлэн авч, бэлнээр 1.500.000 төгрөгийг авч залилан бусдад нийт 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ: “Би өөрөө “Түмэн Гэгээ” гэдэг эм ханган нийлүүлэх байгууллага ажиллуулж байсан. Монголд 2015 онд “Албадын Норпио” гэдэг вирусын гаралтай хавдар устгадаг тариаг монголын эмийн бүртгэлд бүртгүүлсэн. Энэ хэргийг ямар учиртай яагаад үйлдсэн бэ? гэхээр энэ тарианы солонгос компанийн групптэй хамтраад эрдэм шинжилгээний хуралд оролцож байхдаа “ Чончүн” их сургуулийн захирал Консүлий гээд захиралтай албаны журмаар танилцаад тэр хүнээс урилга аваад Бүгд Найрамдах Солонгос Улс руу 2-3 удаа явдаг байсан. Тэгээд шунахайн сэдэлтээр хажуудаа нэг хүн авч яваад зардлын мөнгөө дарчий гэж бодоод хүмүүс авч явдаг байсан сүүлд хохирогч А.Мөнхжаргалаас мөнгө авсан тэхдээ хамт өгсөн хүмүүсийн визний материал гарсан байсан шүүхээс ял аваад 2 сард таслагдаад тэгээд А.Мөнхжаргалын материал гараагүй байгаа одоо бол хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм санхүүгийн холбогдолтой хэрэгт бол оролцохгүй гэдгээ ойлгосон дахиж ийм хэрэгт үйлдэхгүй.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Л.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-18-21, 121/, гэрч Ю.Болорсайханы мэдүүлэг /хх-26-27/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч С овогт А.Т нь хохирогч Л.Мөнхжаргалаас Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1.100.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1.150.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 150.000 төгрөгийг тус тус өөрийн 5007635846 дугаарын дансаар шилжүүлэн авч, бэлнээр 1.500.000 төгрөгийг авч залилан бусдад нийт 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Мөнхжаргалын “... 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Болорсайхан нь мөнгө шилжүүл гэхээр нь 1.100.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр байрладаг Хаан банкны тооцооны төвийн АТМ-с би өөрийн 5039315217 дугаарын данснаас шилжүүлж гүйлгээ хийсэн юм. Мөн түүний дараа 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1.150.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1.150.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 150.000 төгрөг зэрэг нийт 2.400.000 төгрөгийг 5007635846 дугаарын А.Т гэсэн хүний нэртэй дансанд хийж шилжүүлсэн. ...Түмэндэмбэрэлд Солонгос улсын виз гаргаж өгнө ямар ч асуудалгүй гэж надаас мөнгө авч байсан. ...Надад Түмэндэмбэрэл нь өнөөдөр виз чинь гарлаа одоо мөнгөө өг гэсээр нэг бичиг үзүүлээд мөнгө авч байсан. Гэвч надад ямар ч виз гаргаж өгөөгүй, надаас гадаад паспорт, иргэний үнэмлэх зэргийг авч байсан. Надад Түмэндэмбэрэл хэлэхдээ виз чинь хүлээгдэхээр боллоо гэж хэлээд миний бичиг баримтуудыг эргүүлэн өгч байсан. Би Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-с Болорсайханы данс руу 1.100.000 төгрөгийг шилжүүлж байсан. Түмэндэмбэрэл 5007635846 дугаарын данс руу нийт 2.400.000 төгрөгийг шилжүүлж байсан. Гэмтлийн эмнэлгийн хойно Түмэндэмбэрэлтэй уулзаж гарт нь 1.500.000 төгрөгийг өгч байсан. Түмэндэмбэрэлд бол нийт 3.900.000 төгрөг өгсөн. Одоо бараг 2 жил өнгөрсөн байна..” /хх-18-21, 121/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ю.Болорсайханы “...Батцэцэг надаас Солонгос улс руу гаргаж өгдөг хүн байгаа юм уу гэхээр нь Түмэндэмбэрэл гэх хүн байгаа. Тэр хүн урилгаар хүн гаргаж байгаа гэсэн гээд би Түмэндэмбэрэлийн явуулсан урилгыг Батцэцэгт харуулсан чинь наадах чинь боломжийн юм байна. Би хамаатны 2 хүнийг гаргая гэхээр нь би Түмэндэмбэрэлд хэлсэн чинь гадаад паспортынх нь зургыг явуулчих гэхээр нь ... зургыг чатаар явуулсан чинь урилга захина гэж хэлж байсан. ...би огт мөнгө төгрөг аваагүй...” /хх-26-27/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Иймд шүүгдэгч С овогт А.Т нь хохирогч Л.Мөнхжаргалаас Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1.100.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1.150.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 150.000 төгрөгийг тус тус өөрийн 5007635846 дугаарын дансаар шилжүүлэн авч, бэлнээр 1.500.000 төгрөгийг авч залилан бусдад нийт 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч А.Т нь хохирогч Л.Мөнхжаргалд төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.Тийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Тд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. С овогт А. Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Тийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА