| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1078/Э |
| Дугаар | 1136 |
| Огноо | 2020-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 1136
2020 06 18 2020/ШЦТ/1136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Санаасайхан ,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Хохирогч Б.Баттогтох,
Шүүгдэгч Ц.Б түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа /ҮД:0257/ нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын хяналтын прокуроос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овогт Цоозолын Батцэнгэлд холбогдох эрүүгийн 2006 00000 1361 дугаар хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Норжин худалдааны төвийн урд байрлах тээврийн хэрэгслийн зогсоол дээр иргэн Б.Баттогтохтой маргалдан, нүүрэн болон цээжин хэсэгт нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баттогтох мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-3/, хохирогч Б.Баттогтохын мэдүүлэг /хх-5/, гэрч Ж.Отгонболдын мэдүүлэг /хх-15/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 5545 дугаартай дүгнэлт /хх-20/, нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх-25/, яллагдагч Ц.Бийн мэдүүлэг /хх-47/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Норжин худалдааны төвийн урд байрлах тээврийн хэрэгслийн зогсоол дээр иргэн Б.Баттогтохтой маргалдан, нүүрэн болон цээжин хэсэгт нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-3/,
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч Б.Баттогтохын “...2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 21 цагийн үед Цэнгэл бид 2 мөн Цэнгэлийн эхнэрийн дүү байсан тэр залуу машин барьж явсан. Улмаар тэр залуу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Норжин худалдааны төвөөс нэг шил 0,5 хэмжээтэй хараа архи аваад Цэнгэл бид 2 25-30 гэх Цэнгэлийн дүүгийн барьж явсан хар өнгийн приүс 30 маркийн тээврийн хэрэгсэлийн арын сандал суугаад хувааж уусан улмаар уг архиа хувааж уугаад дуусаад дахин архи авах гэтэл Норжин худалдааны төвийн миний дэлгүүр хаасан байсан учраас баруун 4 замын Хавана гэх зочид буудлаас архи авахаар хувааж уусан. Би нилээн согтсон байсан ба тэгээд нэг сэрэхэд буцаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо норжин худалдааны төвийн урд талын тээврийн хэрэгсэлийн зогсоол дээр ирсэн байсан тэгээд Цэнгэл миний нүүр рүү цохисон нүднээс оч манараад би машинаас нь буугаад такси бариад таксины жолоочтой ярьж байгаад эхлээд шүүх эмнэлэг орсон шүүх эмнэлэгт үзүүлэх гэхэд ажиллахгүй ээ эхлээд гэмтлийн эмнэлэгт орж үзүүлэх эхний байдлаар нэг оёдол тавина гэсэн. Мөн томографийн зураг авхуулсан хариу нь гараагүй байгаа...” /хх-5/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Отгонболын “...Өчигдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажлаа тараад гэрлүүгээ явж байтал манай хүргэн Батцэнгэл залгаад “би жаахан архи уучихлаа, нэг найзтайгаа Улиастайн гүүрний цаад талын гол дээр байна ирээд машин бариад өгчих гэсэн...Тогтох нь Батцэнгэлийн зүүн талын мөррүү гараараа цохиод байх шиг байсан. Тэгээд тэндээсээ ирээд Норжингийн зүүн талын зам дагуу зогсоод байж байтал Тогтох Батцэнгэлийн зүүх хацар руу нь гараа 2 удаа цохиод, 1 удаа элэгдэхэд би хойшоо хараад байтал Тогтох шууд Батцэнгэл хамар руу нь гараараа цохиод автал Батцэнгэлийн хамарнаас цус гарсан. Тэгээд тэр 2 харилцан нэг нэгийг заамдсан байж байгаад Батцэнгэл нь Тогтохын аль талыг нь санахгүй байна уруул руу нь гараараа цохиж байсан. Би урд талд сууж байсан болохоор хэдэн удаа хаашаа цохисныг нь мэдэхгүй байна. Тухайн үед Тогтохын уруулнаас цус гоожиж байсан. Өөр гэмтэл шарх байхгүй байсан. Яг цохисны дараа үүссэн хавдар бол харагдахгүй. Тэгээд Тогтох нь буугаад такси бариад яваад өгсөн. Би Батцэнгэлийг гэрт нь хүргэж өгөөд харьсан...” /хх-15/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5545 дугаартай:
1.Б.Баттогтохын биед цээжний зүүн талын 4 дүгээр хавирганы цууралт, тархи доргилт, дух, баруун нүдний салст, баруун зүүн нүдний зовхи, баруун зүүн хацар, хамар, дээд, доод уруул, зүүн хүзүүнд цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна...” /хх-19/ гэх дүгнэлт,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 724 дугаартай:
1. Нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаар Б.Баттогтохын биед шинээр баруун нүдний торлогийн цорх цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-23/ гэх дүгнэлт зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Норжин худалдааны төвийн урд байрлах тээврийн хэрэгслийн зогсоол дээр иргэн Б.Баттогтохтой маргалдан, нүүрэн болон цээжин хэсэгт нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Хохирогч Б.Баттогтох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 633.000 төргөгөөс 250.000 төгрөгөөр илүү дүнтэй хохирлын баримтыг хэрэг бүртгэгчид гаргаж өгсөн гэх боловч хэрэгт тийм баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Хотгойд овогт Цоозолын Батцэнгэл нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ц. Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Бийг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Б /РД:РЭ89072735/-оос 633.000 /зургаан зуун гучин гурван мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Б. Б /РД:ХВ78122911/-д олгосугай.
7. Хохирогч Б.Баттогтох нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА