Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1142

 

 

 

 

 

 

 

   2020        06           19                                  2020/ШЦТ/1142

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Хохирогч Г.Баасангаа,

Шүүгдэгч М.Е нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуроос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аянчин овогт Мартын Есөн-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2006 00000 1292 дугаар хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                                            

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч А овогт М.Е нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн 9-6 тоотод “найз залуугийн толгойнд гар хүрлээ” гэх шалтгаанаар хохирогч Г.Баасангаатай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн дээд үүдэн 1-р шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Е мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Баасангаа мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 5-6/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Баасангаагийн мэдүүлэг /хх-н 20-21/, гэрч М.Галмандахын мэдүүлэг /хх-н 25-26/, гэрч Х.Бархасболдын мэдүүлэг  /хх-н 28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5690 дугаартай дүгнэлт /хх-н 31-32/, яллагдагч М.Есөн-Эрдэнийн мэдүүлэг /хх-н 37-38/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч А овогт М.Е нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн 9-6 тоотод “найз залуугийн толгойнд гар хүрлээ” гэх шалтгаанаар хохирогч Г.Баасангаатай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн дээд үүдэн 1-р шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл             /хх-н 5-6/,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Баасангаагийн “...2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би найз галмандахын гэр буюу Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 9-6 тоотод хамт хонож байхад шөнө Галмандахын найз охин Есөн-Эрдэнэ нь ирж хоносон. Тэгээд би маргааш нь 12 цагийн орчим Шархад луу найз Батсайхантай уулзаж бид хоёр буцаж Галмандахын гэрт очсон. Тэгэхэд Галмандахын гэрт Бархас, Есөн-Эрдэнэ гурав 2.5 литрийн пиво ууж байсан. Тэгээд бид 5 нийт 5 орчим пиво уусан байх. Тэгээд ууж байхад Есөн-Эрдэнэ нь манай найз залуугийн биед битгий хүрээд бай гээд уурлаад байхаар нь би найз юм чинь хүрч болно гэж бид хоёр маргасан. Тэгэхэд Есөн-Эрдэнэ нь босож ирээд нүүр лүү 7-8 удаа үргэлжлүүлээд унагаж байгаад гэдэс, нүүр лүү нэг удаа өшигөлсөн...миний нүд цус хурсан, дээд талын нэг үүдэн шүд хугарсан гэмтэл учирсан. Тухайн гэмтлийг Есөн-Эрдэнэ зодож учруулсан...” /хх-н 20-21 гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Галмандахын “...Тухайн өдөр найз охин Есөн-Эрдэнэ, Баасангаа нар ирж хоносон байсан ба өглөө нь Баасангаа яваад өгсөн. Тэгээд Есөн-Эрдэнэ, Бархасболд бид гурав нэг 2.5 литрийн пиво уугаад сууж байсан ба гаднаас Баасангаа нь хуурай ах Батсайханыг дагуулж ирсэн. Тэгээд бид нар үргэлжлүүлэн пиво уусан ба Баасангаа нь согтож Бархасболд, Батсайхан нарын толгойд хүрээд байсан. Тэгэхэд Есөн-Эрдэнэ нь уурлаж эрэгтэй хүний толгойд битгий хүрээд бай гэж маргасан. Тэгэхэд Баасангаа нь би хүрэх эрхтэй, би байнга хүрдэг юм гэхэд Галмандахын толгойд битгий хүрээрэй гэхэд хэргээр Баасангаа нь миний толгойд хүрсэн. Тэгээд хоёр эмэгтэй хоорондоо маргаж байсан ба Бархасболд, Батсайхан нар гэр лүү орсон ба бид гурав үүдний өрөөнд байж байхад Есөн-Эрдэнэ нь Баасангааг газар унагаад дээрээс нь толгой луу нь 2-3 удаа гараараа цохьсон...Баасангаагийн зүүн талын нүд нь хамарнаас нь цус гарсан байсан....” /хх-н 25-26/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Бархасболдын “...Тэгээд үргэлжлүүлэн бид нар пиво уусан ба амбаар дотор Есөн-Эрдэнэ, Баасангаа нар зодолдсон гэж хэлсэн. Зодоон болох үед Галмандах хажууд нь байсан. Тэгэхэд Баасангаагийн биед зүүн нүүр, нүд нь маш их хавдсан байсан... “/хх-н 28/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5690 дугаартай:

 

1.Г.Баасангаагийн биед зүүн зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5% нөлөөлнө /хх-н 31-32/ гэх дүгнэлт,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.Е “...тэгээд Баасангаа, Сайханаа нар орж ирээд хамт пиво ууж байсан залуучуудыг цохиод айлгүйтээд байхаар нь би найз залуу Галмандахын биед хүрч болохгүй гэж Баасангаад хэлэхэд чамд ямар хамаатай юм, би найздаа хүрч байна гээд галмандахын толгой луу цохьсон. Тэгэхээр нь би бэлгийн харьцаанд орчихоод гараа угаахгүй бохир байгаа гэж бодож сэжиглээд босоод ирэхээр нь би түлхэж унагах үед хайрцаг луу орохоор нь хоёр гар луу цохьсон. Тэгээд татаж босгож байгаад толгой, нүүр лүү нь 4-5 удаа гараараа цохьсон....Би иргэн Г.Баасангаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... /хх-н 37-38/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч А овогт М.Е нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн 9-6 тоотод “найз залуугийн толгойнд гар хүрлээ” гэх шалтгаанаар хохирогч Г.Баасангаатай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн дээд үүдэн 1-р шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Есөн-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Хохирогч Г.Баасангаагийн хувьд эмчилгээтэй холбоотой баримт гаргаж хэрэгт хавсаргаагүй, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэсэн болохыг дурьдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч А овогт М.Е нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч М.Е нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод          ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А овогт М.Е Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Е 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Е нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд 150.000, 150.000, 200,000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Г.Баасангаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Е нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай..

           

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Ед хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

     8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА