Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1144

 

 

 

 

 

 

 

   2020        06           19                                   2020/ШЦТ/1144

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга И.Санаасайхан ,

Улсын яллагч Б.Тулга,

Шүүгдэгч Б.Э түүний өмгөөлөгч Ц.Мэнджаргал /ҮД:3057/ нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Э холбогдох эрүүгийн 2006 01927 1333  дугаар хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б овогт Б.Э нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, иргэн Ц.Нямхүүгийн “Хаан банк”-ны виза картыг ашиглан харилцах данснаас нь 1.200.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр найз Жүгдэрнаваг руу утасдаад ирсэн. Мөн хохирогч Нямхүү, бид гурав хамт байсан. Нямхүү байр хөлслөх гэсэн юм. Жүгдэрнаваг бид хоёрыг хамт яваад өгөөч гэсэн. Тэгээд бид гурав хамт явсан. Тэгээд Шархадын Эрдэнэтолгойд нэг байр хөлсөлж орсон. Тэгээд бид гурав дэлгүүрээс нэг шил архи, ундаа аваад тэр байранд нь уусан. Дахиад нэг юм уучихья гээд дэлгүүр явж авчраад уусан. Тэгээд Жүгдэрнаваг явлаа гээд гэр рүүгээ яваад Нямхүү, бид хоёр үлдсэн. Тэгээд байж байтал Нямхүү надад картаа өгөөд АТМ-с мөнгө аваад, ундаа аваад ирээч гэж гуйсан. Би гарч яваад ХААН банкны АТМ-с 1.200.000 төгрөг авсан. Замаараа дэлгүүр орж нэг шил архи, ундаа ойр зуурын идэх юм аваад ирсэн. Тэгээд бид хоёр нөгөө архиа ууж, юмаа идэж уусан. Би картнаас нь 1.200.000 төгрөг авсан нь орой ч болж байсан учраас дахин гарч чадахгүй гээд авсан. Би архи уусандаа, ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Нямхүүгийн мэдүүлэг /хх-14-16/, хохирогч Ц.Нямхүүгийн “Хаан банк”-ны 5035026284 дугаарын харилцах дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон тус дансны хуулга  /хх-8-10/, яллагдагч Б.Эын мэдүүлэг /хх-52-55/, “Хаан банк”-наас ирүүлсэн салбар АТМ-н хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21-22/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б овогт Б.Э нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, иргэн Ц.Нямхүүгийн “Хаан банк”-ны виза картыг ашиглан харилцах данснаас нь 1.200.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Нямхүүгийн “...Чүгдэрнавагийн найз Энхбат гэх залуу маргааш өдрөөс нь хойш ирэн очин хамт байж архи уусан, буудалд хүртэл 2 хоног хамт хоносон. Ихэнхдээ энэ хоёр хүмүүстэй л хамт архи уусан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дансаа шалгахад 10.000 орчим төгрөг л үлдсэн байсан, дансны хуулгаа авахад 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 06 минутанд 1.200.000 төгрөгийн зарлага гарсан байсан, ...1.200.000 төгрөгийг хэн авсаныг мэдэхгүй байна. ...Тэгээд Чүгдэрнавагтай уулзаж хэлэхэд л “би аваагүй ээ Энхбат л авсан байх, тэр мөнгө алга болдог өдөр Энхбаттай хамт гэртээ үлдсэн, тэгээд Энхбатыг дэлгүүр явуулна гээд хэлж байсан” гэж надад хэлсэн би энэ талаар сайн санахгүй байна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Чүгдэрнаваг, Энхбат хоёр миний картны нууц кодыг мэднэ. ...Би 1.600.000 төгрөг алдсан гэж цагдаагийн байгууллагад хандсан гэхдээ 400.000 төгрөгийг би хүнд хадгалуулсан байсан болохоор тэр мөнгөө олж авсан...” /хх-н 14-16 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Нямхүүгийн “Хаан банк”-ны 5035026284 дугаарын харилцах дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон тус дансны хуулга  /хх-н 8-10/,

 

“Хаан банк”-наас ирүүлсэн салбар АТМ-н хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 21-22 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Иймд шүүгдэгч Б овогт Б.Э нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, иргэн Ц.Нямхүүгийн “Хаан банк”-ны виза картыг ашиглан харилцах данснаас нь 1.200.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Ц.Нямхүүд 1.200.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт: Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл  хорих ял оногдуулахаар заагаагүй  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Э нь үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт  хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг арилсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

 

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Эад хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Б.Эад эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

            1. Б овогт Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б овогт Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Б.Эыг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

 

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Эад тэнссэн хугацаанд хяналт тавихыг нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

         

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Эад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА