Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 00071

 

                                    Д.Уламсайханы нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/000202 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Уламсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д даалгах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, Ж.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Уламсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Спорт ордоны нарийн бичгээр 2006 оны 08 сарын 28-ны өдөр ажилд орсон бөгөөд 2016 оны 10 сарын 2- ны өдөр хүртэл нийт 10 жил тасралтгуй ажилласан. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргалгүй Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ чанартай гүйцэтгэж хариуцлагатай ажиллаж байсан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын, 2016 оны 10 сарын 20-ны өдрийн Б/1300 дугаартай тушаалаар намайг ажлаас халсан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 2016 оны 07 сарын 06-ны өдөр дарга Ш.Цогтбаатараас 2016 оны 09 сарын 01-ны өдрөөс 2016 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлаас чөлөө олгож өгөөч гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тухайгаа хэлэхэд дарга хүлээн зөвшөөрч чөлөө олгосон. Чөлөөний хугацаа дуусч 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа ирээд ажлаа хийж байтал ажлаас халах тухай асуудал яригдаж ажилуулахгүй гэсэн тул ажилгүй 2016 оны 10 дугаар сары 20-ны өдөр хүртэл байсан. Гэтэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1300 дугаартай тушаалаар ажлаас 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас халсан. Ийнхүү ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа миний амьдралын байдал, чөлөө авсан зэргийг харгалзан үзээгүйд гомдолтой байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Спорт ордоны нарийн бичгийн албан тушаалаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Уламсайхан нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаж, эмнэлэгийн бичгийг хуурамчаар бүрдүүлсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан нь Тамгын хэлтэсийн архивын товчооны даргын 2016 оны 09  дүгээр сарын 16-ны өдрийн илтгэх хуудас, ажилтан Д.Уламсайхны 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр болон 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тайлбар зэргээр тогтоогсон.

Д.Уламсайхан нь компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.1, 8.9.4 дэх зээлтууд мөн түүнтэй байгуулсан 43/43 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.4.3 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1300 тоот Ерөнхий захирлын тушаалаар цуцалсан болно гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00202 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Д.Уламсайханыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Спорт ордны нарийн бичиг-бичээчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4.801.734 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-наас гаргуулан нэхэмжлэгч Д.Уламсайханд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтээс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 161.978 төгрөг гаргуулж, төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт Д.Уламсайханыг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.14.4-д зааснаар “... Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дэх хэсэгт зааснаар ажлаас халсан бөгөөд дээрх зөрчлийг 2016.09.16-ны өдрийн шалгалтаар илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Д.Уламсайханы зөрчлийг илрүүлснээс хойш 34 хоногийн дараа 2016.10.20-ны өдрийн Б/1300 дугаартай тушаалаар ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан “... Сахилгын зөрчлийг илэрүүлсэнээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хуулийн заалтыг зөрчсөн байна. Түүнчлэн 2016.10.20-ны өдрийн Б/1300 дугаартай тушаалд Хөдөлмөрийн гэрээг зөрчил гаргахаас өмнө буюу 2016.09.01-ний өдрөөс цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь буруу байна гэж дурьдсан байна. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тамгын хэлтсийн архивын товчооны илтгэх хуудаснд Д.Уламсайханыг чөлөө олгох асуудал шийдэгдээгүй байхад ажлын байрыг дур мэдэн орхиж явсан тухай дурьдсан болохоос хэдэн хоног ажил тасалсан, сахилгын зөрчил мөн эсэх дээр дүгнэлт гаргаагүй зөвхөн өөрийнх нь хариуцсан албан хэрэг хөтлөлт болон ажлын байранд эзэнгүй байсан тухай Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргад илтгэх хуудасаар мэдэгдсэн баримт бичиг болно. Харин дээрх илтгэх хуудас ирсэнтэй холбогдуулан дахин хяналт шалгалтыг нягтлан хийж 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн орлогч даргын дүгнэлт гарсан бөгөөд тухайн дүгнэлтэд Д.Уламсайхан нь ээлжийн амралттай байсан эсэх, хэзээнээс ажилдаа ирээгүй зэргийг тогтоосон ба тухайн өдрөөс зөрчил илэрсэнээр үзэж байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан “... Сахилгын зөрчлийг илэрүүлсэнээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ/2017/00202 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Уламсайхан нь Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан спорт ордны нарийн бичиг, бичээчийн ажилд эргүүлж тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Уламсайхан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2016.10.20-ны өдрийн Б/1300 дугаар тушаалд үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Д.Уламсайхан нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Спорт ордны нарийн бичиг, бичээчийн албан тушаалд ажиллаж байгаад Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2016.10.20-ны өдрийн Б/1300 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.1, 8.9.4 дэхь заалт, ажилтан Д.Уламсайхантай байгуулсан 43/43 хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.4.3 дахь заалт Компанийн тамгын хэлтсийн Архивын товчооны даргын 2016.09.16-ны өдрийн илтгэх хуудас, захиргаа хүний нөөцийн хэлтсийн 2016.09.23-ны өдрийн дүгнэлт, ажилтан Д.Уламсайханы 2016.09.23, 2016.10.06-ны өдрийн тайлбарууд зэргийг үндэслэн Компанийн Спорт ордны нарийн бичиг, бичээчийн үүрэгт ажлаас 2016.09.01-09.31-ний өдрийг дуустал хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж эмнэлгийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгч Д.Уламсайхан нь 2006.08.28-ны өдрөөс эхлэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Спорт ордны нарийн бичиг, бичээчийн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Д.Уламсайхан нь 2016.07.06-ны өдөр Спорт ордны захиргаанд хандаж 2016.06.13-ны өдөр ээлжийн амралтаа авсан боловч ажиллаж байгаад 07.08-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа биеэр эдлэх, цаашид үргэлжлүүлэн толгойдоо эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул 2016.09.30-ны өдрийг хүртэл цалинтай чөлөө олгохыг хүсэж өргөдөл гаргасан байх ба /хх-14/ Спорт ордны дарга Ш.Цогтбаатар нь журмын дагуу чөлөө олгохыг Д.Эрдэнэсувдад үүрэг болгож, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч Д.Уламсайхан нь Спорт одны захиргаанд хандан 09.01-09.31 хүртэлх цалинтай чөлөө хүссэн өргөдөл гаргаж Спорт ордны захиргаанд хандсаныг дарга Ш.Цогтбаатар зөвшөөрсөн цохолт хийсэн болох нь тогтоогдсон байх тул ажил тасалсан гэж буруутгах боломжгүй болно.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тамгын хэлтсийн архивын товчооны 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн бичиг хэргийн ажилтны ажлын байранд хийсэн зорилтот шалгалтаар Д.Уламсайхан 2016 оны 06 дугаар сарын 13-наас 2016 оны 07 дугаар сарын 18 хүртэл ээлжийн амралттай байсан боловч энэ өдрүүдэд ажиллаж байгаад 2016 оны 07 дугаар сарын 18-наас амралтаа биечлэн эдэлсэн, жижүүрийн ажлын цагийн бүртгэлд Д.Уламсайханыг 2016 оны 06 дугаар сард бүтэн ажилласнаар бүртгэсэн 07 дугаар сарын 07-ны өдрөөс чөлөөтэй гэж бүртгэсэн байна. Харин хүний нөөцийн ажилтны бүртгэлд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ээлжийн амралттай 07 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласнаар бүртгэсэн байгаа нь тухайн шалгалтын илтгэх хуудсанд бичигджээ.

Мөн Д.Уламсайханыг ээлжийн амралтын 20 хоногийнг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 07 дугаар сарын 18-ны өдрүүдэд авсан боловч эдгээр өдрүүдэд өөрийн хүсэлтээр ажиллаж байгаад 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс удирдлагад утсаар мэдэгдэж ээлжийн амралтыг биеэр эдлэхээр явсан байна гэж тэмдэглэсэн байх ба мөн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс Компанийн ерөнхий захирлын нэр дээр 1 сарын чөлөө хүссэн өргөдлийг захиргааны хүний нөөцийн хэлтэст гаргаж өгсөн гэх тайлбарыг Спорт ордны дарга болон хүний нөөцийн менежер амаар өгсөн гэж тус тус тэмдэглэгдсэн байна.

Уг зорилтот шалгалтын илтгэх хуудсанд дурдсанаар Спорт ордны дарга Ш.Цогтбаатарыг чөлөө олгох асуудлаар журмын дагуу шийдвэр гаргаж албажуулаагүй, Д.Уламсайханыг чөлөө олгох асуудал шийдэгдээгүй байхад ажлын байрыг дур мэдэн орхиж явсан гэх зөрчлүүдийг илрүүлжээ. Энэ шалгалтын мөрөөр Спорт ордны дарга Ш.Мөнхбаатарт 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр А/566 тоот Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын тушаалаар сахилгын арга хэмжээ авчээ. /хх-73/

Дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Д.Уламсайханы чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан гэх зөрчлийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тамгын хэлтсийн Архивын товчооны 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн зорилтот шалгалтаар илрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн Д.Уламсайханы зөрчлийг илрүүлснээс хойш 34 хоногийн дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1300 дугаартай тушаалаар ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах” тухай хуулийн заалтыг зөрчсөн гэж үзсэн нь зөв, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Д.Уламсайханыг Спорт ордны нарийн бичиг бичээчийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгч Д.Уламсайханы гаргасан зөрчлийг Архивын товчооны шалгалтаар бус 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ажилтан Д.Уламсайханы ажлын байранд хийсэн зорилтот шалгалтаар илрүүлсэн гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй энэ шалгалт нь Архивын товчооны шалгалтын илтгэх хуудсанд үндэслэн Д.Уламсайханы ажлын байранд хийсэн ажил үүрэгтэй нь холбоотой зөрчлийг илрүүлсэн байх ба Д.Уламсайханыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 31 хүртэл ажил тасалсан гэх зөрчлийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр илрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00202 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161.978 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ