| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 122/2018/0028/з |
| Дугаар | 18 |
| Огноо | 2018-10-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 18
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн О газар,
Хариуцагч: БСШУСЯ/201801235 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдох,
Гуравдагч этгээд: “Э” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Огазраас зарласан “сургуулийн барилга, 960 суудал /Сүхбаатар, Баруун-Урт сум/” БСШУСЯ/201801235 дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай”нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, хариуцагч аймгийн Огазрын дарга И.Б, БСШУСЯ/201801235 дугаартай тендерийн үнэлгээний хорооны дарга Т.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай “Х” ХХК нь Сүхбаатар аймгийн Огазраас зарласан “Сургуулийн барилга, 960 суудал /Сүхбаатар, Баруун-Урт сум/” БСШУСЯ/201801235 дугаартай тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд энэхүү тендер шалгаруулалтад “Мон марс” ХХК, “Н” ХХК, “П” ХХК, “Х” ХХК, “Э” ХХК зэрэг байгууллагууд оролцсон бөгөөд “Э” ХХК-ийг шалгаруулсан байна.
Манай компанийн зүгээс дээд шатны байгууллага болох Сангийн яаманд гомдол гаргасан ба Монгол Улсын сангийн яамнаас 2018-08-30 өдөр 6-1/5645 тоот албан бичгээр хариу ирүүлж бидний гаргасан гомдлыг хангахаас татгалзсан байна.
Иймд бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байна. Тус тендер шалгаруулалтад шалгарсан гэх “Э” ХХК нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заагдсан шаардлагыг хангахгүй байгууллага гэж үзэж байна.
Иймд Сүхбаатар аймгийн Огазраас зарласан “Сургуулийн барилга, 960 суудал /Сүхбаатар, Баруун-Урт сум/” БСШУСЯ/201801235 дугаартай тендер шалгаруулалтад үнэлгээний хорооноос “Э” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК-ийн зүгээс “Сургуулийн барилга, 960 суудал /Сүхбаатар, Баруун-Урт сум/” БСШУСЯ/201801235 дугаартай тендер шалгаруулалтад үнэлгээний хорооноос “Э” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус тендер шалгаруулалтад шалгарсан гэх “Э” ХХК нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4(в), ТОӨЗ 5.5, ТОӨЗ 5.2(б), ТОӨЗ 5.2(г), ТОӨЗ 5.2(д), ТОӨЗ 5.3(а), 5.3(б), 5.3(в), 5.3(г)-д заагдсан шаардлагыг хангахгүй байгууллага гэж үзэж байна гэж тодорхойлсон байсан. Хэргийн материалтай танилцаад тус компанийг тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3(в)буюу техник тоног төхөөрөмж, машин механизм, 5.3(г) буюу ажилчдын чадварын шаардлагыг хангахгүй байна гэж үзэж энэ 2 үндэслэлээр маргаж байна.
Учир нь “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Быг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр томилсон нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байхад 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Д.Б нь ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Мөн тус компанийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болон нийгмийн даатгалын байгууллагад өр төлбөргүй гэсэн тодорхойлолт, ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай машин механизм, техник тоног төхөөрөмжийг нотлох баримт бичгүүд нь эргэлзээтэй, үг үсэг нь танигдахгүй, тамга тэмдэг дарагдаагүй ч байж болохоор харагдаж байна.
Тендерийн үнэлгээний хороо нь “Э” ХХК-ийн баримт бичгүүдтэй дутуу танилцсан, нягталж шалгалгүйгээр энэ компанийг шалгаруулсан шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэж байна. Тендерийн үнэлгээний хороог хууль бус шийдвэр гаргасан гэж үзвэлтендерт оролцсон болон оролцоогүй аж ахуйн нэгж аль нь ч байсан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэхэмжлэгчийн зүгээс “Х” ХХК-ийн тендерээс татгалзсан үнэлгээний хорооны шийдвэртэй маргахгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Огазрын дарга И.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын БСШУЯамнаас “Сургуулийнбарилга, 960 суудал /Сүхбаатар, Баруун-Уртсум, 5 дугаар сургууль/”, БСШУСЯ/201801235 ажлын тендершалгаруулалтыгзохионбайгуулахэрхийгСүхбаатараймагтшилжүүлсэнюм. Угажил 2014 ондхийгдсэнзурагтөсөвтэй, зурагтөсөвньмагадлалаархянагдсанбайсан.
Энэхүү ажил нь улсын төсөвт 6 тэрбум төгрөгөөр тусгагдсан байна. Үүнээс 2018 онд санхүүжүүлэх нь 1 тэрбум төгрөг бөгөөд 2020 он гэхэд санхүүжүүлж дуусгахаар төлөвлөсөн байсан.
Аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/94 дүгээр захирамжаар энэхүү тендер шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороог аймгийн Засаг даргын орлогч Т.Моор ахлуулсан /И.Б ОНӨГ-ын дарга, У.А ХОХБХ-ийн дарга, Д.Б Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Д.Н ГХБХБГ-ын мэргэжилтэн, Ч.Э иргэний төлөөлөл, Ч.Б ОНӨГ-ын ахлах мэргэжилтэн/ нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Энэхүү үнэлгээний хороо нь батлагдсан зураг төсвийн дагуу тендерийн бичиг баримтыг боловсруулж тендерийг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зарлаж Төрийн болон Охөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нээсэн бөгөөд уг тендер шалгаруулалтад оролцсон компаниуд нь шаардлага хангаагүй учир хуулийн 30.1.4 дэх заалтын дагуу дахин 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зарлаж, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нээсэн бөгөөд “Н” ХХК үнийн санал: 5.650.000.000 төгрөг, үнийн хөнгөлөлт: байхгүй, “Э” ХХК үнийн санал: 5.848.553.976-810.553.976= 5.038.000.000 төгрөг. “М” ХХК үнийн санал:6.979.001.894-1.169.022.196=5.809.979.698 төгрөг, “Х” ХХК үнийн санал: 5.678.900.000 төгрөг, үнийн хөнгөлөлт: байхгүй, “П” ХХК үнийн санал: 6.550.337.725-813.551.945=5.736.785.780 төгрөг гэсэн саналуудыг ирүүлсэн. Энэхүү тендерийн урилгыг цахимаар болон “Зууны мэдээ” сониноор явуулсан бөгөөд үүний дагуу компаниудын ирүүлсэн материалуудад Төрийн болон Охөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүдийн дагуу үнэлгээг хийсэн.
“Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийн хувьд ижил төстэй ажлын шаардлага хангахгүй, хийж гүйцэтгэсэн ажлын гэрээг ирүүлсэн боловч зарим ажлын актууд байхгүй, барилга угсралтын ажлыг бүтэн хийж ашиглалтад өгсөн ажил байхгүй, голлох машин, механизмууд буюу хийн дугуйт индүү, автогрейдер, хүнд гөлгөр булт индүү, автокран, усны машин зэрэг 8 машин механизмыг “Хера экуйлмент” ХХК-аас түрээслэхээр гэрээ байгуулсан ч ирүүлсэн авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь 5 ширхэг, мөн гэрчилгээн дээрээс тухайн машиныг “Хера экуйлмент” ХХК-ийн машин мөн болохыг нотлох боломжгүй, харагдахгүй, зарим машины эзэмшигч нь “Капитал” банк байх зэрэг дутагдлууд байсан. Тиймээс тухайн шаардсан машин механизмын нотлох баримтыг хангалтгүй ирүүлсэн гэж үзсэн. Мөн тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.3(в)-ийн 16-д заасан “угсралтын агергат”, 23-т заасан “паялник” байхгүй зэргээр тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй тул тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.2-т заасан “дээрхи материалуудыг ирүүлээгүй бол тендерээс татгалзах үндэслэл болно”, Төрийн болон Охөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж уг тендерээс татгалзана” гэж заасны дагуу “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан болно. Мөн тус компани нь өндөр үнийн саналтай байсан.
Харин бусад тендер ирүүлсэн компаниудын хувьд тодорхой шаардлагуудыг хангаагүй байсан тул шаардлагад нийцээгүй гэсэн шалтгаанаар ирүүлсэн тендерүүдээс нь татгалзсан бол “М” ХХК-ийн хувьд ирүүлсэн тендерийг нарийвчилсан үнэлгээнд оруулахад ямар нэгэн зөрчил, арифметик алдаа гараагүй бөгөөд хянан үзэх шатанд үнийн хөнгөлөлт болох 1.169.022.196 төгрөгийг тендер нээхэд зарлагдсан 6.979.001.894 төгрөгийн үнээс хасаж тендерийн үнэ 5.809.979.698 төгрөгөөс тус компанийн дотоодын давуу эрх тооцуулах хүсэлтийн дагуу Төрийн болон Охөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу 7.5 хувиар тооцож давуу эрхийн зөрүү 435.748.477 төгрөгийг хасаж үзэхэд 5,374,231,221 төгрөгийн харьцуулах үнэ гарсан нь ирүүлсэн бүх тендерүүдээс “харьцуулах хамгийн бага үнийн саналтай” биш байсан учир бүх шаардлагыг хангасан “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон Охөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх хэсэгт заасны дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үнэлэн, гэрээ байгуулах эрх олгох нь зүйтэй гэж үнэлгээнд оролцсон үнэлгээний хорооны гишүүдийн 85.7 хувийн саналаар шийдвэрлэж, гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөсөн.
Энэхүү тендер нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зарлагдсан боловч одоо болтол ажил нь эхэлж чадаагүй, тендер шалгаруулалт нь дахин дахин хойшлогдож байгаа нь манай аймагт нэн хохиролтой бөгөөд ашиглалтад орох хугацаа хойшлогдох, цаашлаад энэ улсын төсөвт суусан 1.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээ татуулах хүртэл олон сөрөг үр дагавартай юм.
Тендер нь цахим хэлбэрээр явагддаг. Тухайн компанийн татварын тайлан нь ирүүлсэн материалтайгаа тохирч байна уу, үгүй юу гэдгийг цахимаар тулгаад харчих боломжтой байдаг. Харин бусад материалын хувьд ирүүлсэн материалыг нь хянадаг. Үнэлгээний хороо аль нэг компанид давуу эрх олгох боломжгүй. Тодруулга авах шаардлагатай бол албан бичгээр тодруулга авдаг. Эрх бүхий байгууллагуудаас үнэлгээний хороонд ирүүлсэн тодорхойлолтуудыг бид шууд хуурамч гэж үзэх боломжгүй.
Иймд “Сургуулийн барилга, 960 суудал /Сүхбаатар, Баруун-Урт сум/” БСШУСЯ/201801235 дугаартай тендер шалгаруулалт ньТөрийн болон О хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шударга, үнэн зөв явагдсан тул “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч БСШУСЯ/201801235 дугаартайтендерийн үнэлгээний хорооны дарга Т.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.М миний бие Сүхбаатар аймгийн О газраас зарласан сургуулийнбарилга, 960 суудалтай БСШУСЯ/201801235 дугаартай тендерийн үнэлгээний хорооны даргаар ажилласан. Тендерийн үнэлгээний хороо Төрийн болон Охөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ажилласан гэж бодож байна. Тендерийн хорооны гишүүд тендерт оролцогчдоос ирүүлсэн материалыг бүгдийг нь хянаж үздэг. Аль нэг компанид давуу эрх олгох эрх бидэнд байхгүй. Би нэхэмжлэгчийг “Х” ХХК-ийн тендерээс татгалзсан үнэлгээний хорооны шийдвэртэй маргаж байгаа юм байна гэж ойлгож байсан. Гэтэл өөрийнх нь тендерээс татгалзсан шийдвэртэй огт маргахгүй, харин “хамгийн сайн” үнэлгээ авсан “Э” ХХК-ийг шалгаруулсан шийдвэртэй маргаж байгаа юм байна. “Э” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч компанийн ямар эрх сэргэх нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн захирал Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь Сүхбаатар аймгийн Огазраас 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зарлаж нээсэн “Сургуулийнбарилга, 960 суудал /Сүхбаатар, Баруун-Уртсум, 5 дугаар сургууль/” БСШУСЯ/201801235 дугаартай тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд үнэлгээний хорооны гишүүдийн 85.7 хувийн саналаар Төрийн болон Охөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх хэсэгт заасны дагуу шалгарсан.
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлдээ дурдсан тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-ны 4.4(в), 5.5, 5.2(б), 5.2(г), 5.2(д), 5.3(а), 5.3(б), 5.3(в), 5.3(г)-д заасан шаардлагыг хангахгүй байгууллага гэсэн нь үндэслэлгүй болно.
Тендерийн үнэлгээний хороо нь тендерт ирүүлсэн материалуудыг хянаж үзээд Төрийн болон Охөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу тендерээс татгалзаж болдог. Гэвч материалуудын бүрдлүүд бүрэн гүйцэд учраас тендерт оролцуулан шалгаруулсан байдаг.
Мөн нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгох, үүнтэй холбоотойгоор нотлох баримтуудыг гаргаж өгөх үүрэгтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу үндэслэлүүдийг гаргах ёстой гэж үзэж байгаа ба нэхэмжлэгч тал нь гаргаж өгөөгүй байна.
Иймд “Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь Сүхбаатар аймгийн Огазраас зарласан “Сургуулийнбарилга, 960 суудал /Сүхбаатар, Баруун-Уртсум/” тендерт оролцож “хамгийн сайн” үнэлгээ авч, гэрээ байгуулах эрх авсан. Манай компанийн зүгээс хууль зөрчсөн асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн яриад байгаа ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн асуудал нь ажил олгогч, ажилтан хоёрын хоорондоо харилцан тохиролцоод шийдэх асуудал гэж ойлгож байна. Тендерийн үнэлгээний хорооноос манай компанийг шалгаруулснаар “Х” ХХК-ийн ямар эрх ашиг зөрчигдөөд байгаа юм бэ. Энэ шийдвэрийг хүчингүй болгосноор ямар эрх нь сэргэх бэ гэдэг нь ойлгомжгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Сүхбаатар аймгийн Огазраас зарласан “сургуулийн барилга, 960 суудал /Сүхбаатар, Баруун-Урт сум/” БСШУСЯ/201801235 дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахтухай”нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэлэлцэж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд,тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сүхбаатар аймгийн Огазраас зарласан “Сургуулийн барилга, 960 суудал /Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 5 дугаар сургууль/” БСШУСЯ/201801235 дугаартай тендер шалгаруулалтад “Н” ХХК, “Э” ХХК, “М” ХХК, “Х” ХХК, “П” ХХК-ууд оролцсон байна.
Тендерийн үнэлгээний хороо 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тендерт оролцогч нараас ирүүлсэн тендерүүдийг нээж, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж “Э” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлэн, гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөж, харин “Х” ХХК-ийг тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3(в)-д заасан усны машин, хийн дугуйт индүү /14-16 тн/, автогрейдер /175 м.х/, хүнд гөлгөр булт индүү, автокран /10 тн/ нь “Хера экуйлмент” ХХК-аас машин түрээслэхээр гэрээ байгуулсан боловч нотлох баримт хангалтгүй байна. Зарим гэрчилгээ нь өөр байгууллагын нэр дээр байна. Мөн 8 машин түрээслэх гэрээ байгуулсан боловч 5 машины гэрчилгээ ирсэн. Угсралтын агергат, паялник гэсэн тоног төхөөрөмжийн нотлох баримтыг ирүүлээгүй тул шаардлага хангаагүй хэмээн тус компанийн тендерээс татгалзаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж зааснаар өөрийн эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл нэхэмжлэл гаргах, улмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд захиргааны шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж шийдвэрлэх журамтай.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн “Э” ХХК нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-ны 5.3(в), 5.3(г)-д заасан шаардлагыг хангаагүй байхад уг компанийг шалгаруулсан нь хууль бус” гэж тайлбарлах боловч өөрийнх нь ирүүлсэн тендерээс татгалзсан хариуцагчийн шийдвэртэй маргаагүй юм.
Өөрөөр хэлбэл тендер шалгаруулалтын үр дүнгээс хамаарч нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн тухай эсхүл “Э” ХХК-ийг “хамгийн сайн” гэж үнэлсэн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч хуулийн этгээд өөрөө уг тендерт шалгарах эрх нь сэргэх боломж, үндэслэлийн талаар маргахгүй байна.
Төрийн болон Охөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэж, бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж захиалагч уг тендерээс татгалзан, зөвхөн шаардлагад нийцсэн тендерийг үнэлэхээр байна.
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хувьд Төрийн болон Охөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар тендер хянан үзэх үе шатнаас хасагдсан байх бөгөөд энэ талаараа маргаагүй тул түүний хувьд тендерээ үнэлүүлэх дараагийн үе шатанд оролцох, үнэлгээтэй холбоотой маргах эрх үүсэхээргүй байна.
Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь гуравдагч этгээдэд хаяглагдсан актыг хүчингүй болгосноор хамгаалагдах үндэслэл тогтоогдоогүй нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл болох тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан бусад асуудлаар шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Захиргааныхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 106 дугаарзүйлийн 106.1,106.3.14 дэххэсэгтзаасныгудирдлагаболгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон Охөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтланнэхэмжлэгч “Х” ХХК-аас Сүхбаатар аймгийн Огазар, БСШУСЯ/201801235 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Огазраас зарласан “сургуулийн барилга, 960 суудал /Сүхбаатар, Баруун-Урт сум/” БСШУСЯ/201801235 дугаартай тендер шалгаруулалтад “Э” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай”нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД