Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2022/0119

 

 

 

 

 

 

 

 

                             “Э ү” ТӨҮГ-ын

      нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай З э х ХХК-д газар олгосон захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, Б.Л

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 119/2020/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Э ү” ТӨҮГ-аас Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай З э х ХХК-д газар олгосон захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр: 

“...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.5, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг тус тус баримтлан Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд:

3.1.1.Анхан шатны шүүх нь хэргийг хянан хэлэлцээд гаргасан шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар гэрээ байгуулагдсан” гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

3.1.2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасан. Иймд анхан шатны шүүх тайлбарыг нь нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байгаа тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

3.1.3.Мөн анхан шатны шүүх Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 сарын 27-ны өдрийн А/358 дугаартай “Газар эзэмшүүлэх захирамж нь хууль бус бөгөөд уг захиргааны актын улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар баталгаажсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна” гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

3.1.4.Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 заасан эрх, үүргүүдээс тухайлан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хөндөж байгаа талаар шүүх шийдвэртээ үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

3.1.5Тухайлбал маргаан бүхий захиргааны актын улмаас ашигт малтмалыг ашиглах, борлуулах, хайгуул явуулах, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, сунгуулах, хуульд заасан үүргээ биелүүлэх зэрэг Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.1-27.1.14 заасан эрх, үүргээс нэхэмжлэгч “Э ү ТӨҮГ-ын ямар эрх, үүргийг зөрчиж, хууль ёсны ашиг, сонирхол нь хөндөгдөж байгаа нь тодорхойгүй, энэ талаар нотолсон баримт хавтас хэрэгт авагдаагүй байхад шүүх үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь үндэслэлгүй байна.

3.1.6.Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 586 дугаар тогтоолд ...Гуравдагч этгээд З э х ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар хэрэгт авагдаагүй” гэж дүгнэсэн.

3.1.7.Энэхүү шүүхийн тогтоолд дурдсан зөрчил засагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх шаардлагатай ажиллагаа дутуу, бүрэн хийгдсэн гэж үзэхээргүй байна. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна.

3.2.Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан тухайд:

3.2.1.Анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүхийн шийдвэр гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгосон.

3.2.2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэсэн тохиолдолд удирдлага болгохоор хуульчилсан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдахгүй, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

   ХЯНАВАЛ:

1.Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаар захирамжаар гуравдагч этгээд “З э х” ХХК-д эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгч “Э ү” ТӨҮГ-ын ашигт малтмалын ашиглалтын MV-020730 тоот тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор тусгагдаагүй, мөн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, маргаан бүхий захирамжийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүхийн тогтоолд заасан зөрчлийг арилгаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн зэрэг үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй болно.

2.Гуравдагч этгээдээр татагдсан “З э х” ХХК-иас 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “…нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбараа бичгээр гаргаж, холбогдох баримтын хамт шүүхэд өгсөн…” гэх боловч тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мгийн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтэд энэ тайлбараа л дурдсан төдийгүй товлосон шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн зэргээс үзэхэд шүүхээс гуравдагч этгээдийн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг ямарваа хэлбэрээр хязгаарлаагүй, харин ч “З э х” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээрх байдлаар “идэвхигүй” байрь сууринаас оролцож, шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, угтаа дээрхээс өөрөөр ямар ч тайлбар гаргаж байгаагүй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай”  586 дугаар тогтоолд дүгнэсний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн гуравдагч этгээдийн тайлбар хэрэгт авагдаагүй гэж үзэж болохгүй.

Өөрөөр хэлбэл “З э х” ХХК-иас нэхэмжлэлийг эс зөвшөөрч дээрхээс өөрөөр тайлбар гаргаж байгаагүй тул шүүхийн тогтоолд заасан зөрчлийг засаагүй буюу тайлбарыг шаардан аваагүй гэж шүүхийг буруутгах боломжгүй.

3.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан гэх газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах гэрээний талаар яригдсан болохыг шүүхийн шийдвэрт зөвхөн дурдсанаас бус энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, ийм гэрээ байгуулагдсан эсэх нь шийдвэр гаргахад нөлөөлөөгүй, тэр тусмаа нэхэмжлэлийг хангах үндэслэл болоогүй байна.

4.Харин “Э ү” ТӨҮГ-ийн ашигт малтмалын хайгуулын нэр бүхий 5 тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон ч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар тушаалаар Баруун-Эрдэнэт-5 нэртэй 1400.24 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV-020730 тоот тусгай зөвшөөрлийг 2046 оны 12 дугаар сарын 17-ныг дуустал 30 жилийн хугацаатай олгосон, гэтэл цаг хугацааны хувьд үүнээс хойш буюу 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаар захирамжаар уг талбайтай давхцуулан гуравдагч этгээдэд 106.8 га газрыг зэсийн үйлдвэр барих зориулалтаар эзэмшүүлснээр нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тухайн шийдвэрийн улмаас зөрчигджээ. 

5.Анх нэхэмжлэгчийг “хязгаарлагдмал хариуцлагатай компани” байх үед олгогдсон дээрх ашиглалтын тусгай зөвшөөрлийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болж, улсын бүртгэлд өөрчлөлт орсонтой холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Кадастрын хэлтсээс дахин олгохдоо тусгай зөвшөөрөлд газрын нэрийг “Дэлт толгойн орд” гэж бичсэн ч 2016 онд олгогдсон талбайн солбилцолд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна.

6.Иймд эдгээр тусгай зөвшөөрлийн нэгж талбайд “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон” гэсэн үндэслэлээр “З э х” ХХК-д эзэмшүүлсэн газар нь 846.503 м.кв хэмжээгээр давхцалтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хариуцагчаас энэхүү давхцлыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “…нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 53.4-т зааснаар тусгай зөвшөөрлийг буцааж өгөх үүрэгтэй, 2016 онд олгогдсон гэх ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн солбилцол аймгийн газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй, “Э ү” ТӨҮГ-аас энэ талаар нэг ч удаа хүсэлт гаргаж байгаагүй…” гэх зэргээр тайлбарлах боловч аймгийн газрын мэдээллийн санд нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөлд хамаарах 1400.24 гектар талбайн солбилцол бүртгэгдээгүй нь маргаан бүхий захирамжийг зөвтгөх үндэслэл болохгүй.

7.Түүнчлэн давж заалдах гомдолд “…нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар дүгнэлт хийгээгүй, холбогдох баримт хэрэгт авагдаагүй…” гэдэг ч цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид түрүүлж үүссэн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцуулан гуравдагч этгээдэд газар олгосноос Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын үйл ажиллагаа явуулах нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн талаар шийдвэрт тодорхой дүгнэсэн, холбогдох нотлох баримтууд, түүний дотор MV-020730 тоот тусгай зөвшөөрөлд хамаарах баримтууд хэрэгт хангалттай авагджээ.

8.Харин шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-ийг удирдлага болгосон нь шийдлийн бус техникийн шинжтэй илэрхий алдаа байсныг шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 13 дугаар захирамжаар шийдвэрт залруулга хийсэн байх тул давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах шаардлагагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН