| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 143/2016/0079/э |
| Дугаар | 316 |
| Огноо | 2016-12-07 |
| Зүйл хэсэг | 212.1., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 316
Б.Буяннэмэх, Б.Чулуунчимэг, С.Мөнхчулуун
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор М.Буяннэмэх,
нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол,
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 55 дугаар магадлалтай, 201616000106 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гомдлоор хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, 1998 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 1999 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 2002 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн, Боржгон овогт Батсүхийн Буяннэмэх нь нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог түүж бэлтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт,
2. Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Бээлийн хушуу овогт Бямбын Чулуунчимэг нь нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог түүж бэлтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт,
3. Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Баясах овогт Самбуугийн Мөнхчулуун нь нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог түүж бэлтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Буяннэмэх, Б.Чулуунчимэг, С.Мөнхчулуун нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчиж нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог зохих зөвшөөрөлгүй түүж, бэлтгэсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буяннэмэхийг 3 /гурав/ сар, 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Б.Чулуунчимэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр торгох ялаар, С.Мөнхчулууныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буяннэмэхэд оногдуулсан 3 /гурав/ сар, 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буяннэмэхээс 3.438.750 төгрөг, шүүгдэгч Б.Чулуунчимэгээс 3.438.750 төгрөг, шүүгдэгч С.Мөнхчулуунаас 4.215.000 төгрөгийг тус тус гаргуулан Өмнөговь аймгийн Байгаль хамгаалах санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Буяннэмэх, Б.Чулуунчимэг, С.Мөнхчулуун нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 1.500.000 төгрөгийн үнэ бүхий 71-43 ӨМА улсын дугаартай, Toyota Duet маркийн цагаан өнгийн автомашиныг хураан авч улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Мөнхчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой нотолж, тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. С.Мөнхчулууны “Тухайн өдөр элсэн дээр гарахад нь загны хажууд хоёр ногоон ууттай юм байхаар нь очиж үзэхэд цагаан гоёо байсан, түүнийг нуруундаа үүрээд явж байтал хэсгийн төлөөлөгч ирсэн. Хэсгийн төлөөлөгчид олсон талаар хэлэхэд чи үүрсэн л бол чинийх гэж хүчээр намайг түүлгэсэн болгосон” гэх, Б.Буяннэмэхийн “... багахан хэмжээний гоёо түүсэн, гэтэл хэсгийн төлөөлөгч ирээд нэмээд хүчээр гоёо ухуулж байгаад зураг авч гоёог нэмсэн ...” гэх мэдүүлгүүд хэрэгт байдаг. Эдгээр мэдүүлгээс шүүх бусдын эрх, эрх чөлөөнд хэсгийн төлөөлөгч хэрхэн халдаж, хэдий хэмжээний цагаан гоёог нэмж түүлгэж хохиролд тооцсон болох, С.Мөнхчулууны олсон гэх цагаан гоёо хаанаас олдсон, түүний өөрийнх нь түүсэн гоёо хэдэн кг болсон зэргийг тодруулснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрдэхээр байхад анхааран үзэлгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг шүүх хуралдааны явцад нотолно гэж заасан боловч анхан болон давж заалдах шатны шүүх хохирлын хэмжээг бодитойгоор тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дахин тогтоож, шүүгдэгч нарт ял халдаах үндэслэл байгаа эсэхэд эргэлзээ төрөхөөр байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэжээ.
Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна ...” гэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Б.Буяннэмэх, Б.Чулуунчимэг, С.Мөнхчулуун нар нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Баян заг гэх газраас нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэн байгаль орчинд 2,528,500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тооцохдоо Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/282 дугаар тушаалаар батлагдсан цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёоны үнэлгээг баримталсан нь үндэслэлтэй болжээ.
Хяналтын шатны шүүхэд ”анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хуулиар олгогдоогүй”, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй тохиолдолд хэргийн үйл баримтыг шинээр тогтоож дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй тул “... шуудайтай цагаан гоёог түүгээгүй, загны хажуугаас олсон, мөн хэсгийн төлөөлөгч нэмж цагаан гоёо түүлгэж хохирлыг нэмэгдүүлсэн ...” гэсэн үйл баримтын талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаагийн “хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 55 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ