Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 00034

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1959 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух Боржин овогт Дэшзэвгийн Ганболд /РД:ГН59062511/-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00001/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав САА-д 1981-1987 оныг дуустал малчин тууварчнаар тасралтгүй ажиллаж байсан. Тэтгэвэр тогтоолгох нас маань болсон бөгөөд тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул архивын лавлагааг үндэслэн 1981-1987 оны хооронд ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү.

Одоо шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт байхгүй. Манайх хөдөө мал дээр байдаг ба өвөлжилт хүнд байгаа тул дахин ирэх боломжгүй байна. Иймд хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав САА-д 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаартай лавлагаа, түүнтэй хамт ажиллаж байсан гэх гэрч Б.Чулуунцэцэгийн ...Миний бие 1978 оноос Магсаржав САА-д малчнаар ажиллаж эхэлсэн ба Д.Ганболдыг 1981 оноос 1987 онуудад Магсаржав САА-д мал маллаж байсан талаар нь хамт ажиллаж байсан хүнийх нь хувьд сайн мэднэ... гэх мэдүүлэг, гэрч Б.Донийгийн ...Би 1971 онд цэргээс халагдаж ирээд Хутаг-Өндөр сумын Уньт бригадын тоо бүртгэгч хийж байсан. Үүнээс хойш би багийн дарга, бригадын дарга зэрэг ажлуудыг хийж байгаад 2005 онд тэтгэвэртээ гарсан. Д.Ганболдыг би багаас нь мэднэ. Тэрээр 1975 оноос мал маллаж эхэлсэн юм. 1976 онд Магсаржав нэгдэл Магсаржав САА болсон. Түр үеэс Д.Ганболд нь тус САА-д малчин, тууварчнаар ажиллаж эхэлсэн ба 1987 оныг дуустал ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаарнэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржин овогт Дэшзэвгийн Ганболдыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав САА-д 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, тууварчнаар нийт 7 /долоо/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН