Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 1175

 

 

 

 

 

 

 

  2020        06           25                                   2020/ШЦТ/1175

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Насанболор,

Иргэний нэхэмжлэгч Ч.Батсүх,

Шүүгдэгч Х.Н түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын хяналтын прокуроос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Х.Нт холбогдох эрүүгийн 2003 00000 0177 дугаар хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Х овогтой Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Хонхорын замд Н.Эрдэнэбатын эзэмшлийн “Toyota” маркийн “Prius” загварын 59-01 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй. /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3-т заасан “Жолоо хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажууд байрлуулсан гэрэлтүүлгийн шонг мөргөж, автомашинд сууж явсан зорчигч 8 настай, эмэгтэй Н.Амаржаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ч.Батсүхийн эзэмшлийн “Toyota” маркийн “Prius”  загварын 59-01 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохирол нийт 2.675.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-12/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-16/, тодорхойлолт /хх-76/, насанд хүрээгүй хохирогч Н.Амаржаргалын мэдүүлэг /хх-40-41/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Насанболорын мэдүүлэг /хх-36-38/, “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-нийг төлөөлж оролцсон иргэний нэхэмжлэгч Г.Гантөгсийн мэдүүлэг /хх-98-99/, иргэний нэхэмжлэгч Ч.Батсүхийн мэдүүлэг /хх-43/, иргэний хариуцагч Н.Эрдэнэбатын мэдүүлэг /хх-45-46/, “Ашид билгүүн” ХХК-ний гаргасан 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 462 дугаартай автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-19/, гэрч Д.Пүрэвдоржийн мэдүүлэг /хх-52/, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4712 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-54-55/, тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ж.Баярсайханы гаргасан мэдүүлэг /хх-73/, яллагдагч Х.Нийн мэдүүлэг /хх-100-103/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Х овогтой Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Хонхорын замд Н.Эрдэнэбатын эзэмшлийн “Toyota” маркийн “Prius” загварын 59-01 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй. /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3-т заасан “Жолоо хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажууд байрлуулсан гэрэлтүүлгийн шонг мөргөж, автомашинд сууж явсан зорчигч 8 настай, эмэгтэй Н.Амаржаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл: Зам тээврийн осол хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, хуучин Баянзүрхийн товчооноос Налайх чиглэлийн шинэ замаар 5.9 километр зайд осол гарсан замын байдал нь тэгш, асфальтан, шулуун, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаарын байдал тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 4-н эгнээтэй хайсгүй байлаа. Уг автомашины баруун талд болон урд хэсэг их хэмжээний гэмтэлтэй, уг автомашины баруун урд болон урд хэсэг их хэмжээний гэмтэлтэй, уг ослыг харсан Д.Пүрэвдоржоор тусгаарлах зурвасын дунд байрлах гэрлийн шон мөргөсөн хэсгийг заалгаж “А” цэгийг байрлуулав. Асфальтан зам дээр гарсан дугуйн даралтын мөрийг хэмжилтийн бүдүүвч схемд ногоон өнгөөр тэмдэглэгээ хийж гэрэл зургаар бэхжүүлэн авав. /хх-11-12/,

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-16/,

 

Тодорхойлолт Х овогт Н нь жолооч биш /хх-76/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Н.Амаржаргалийн “...Зогсох гэж байгаад хазаа гишгээд замын дунд талын гэрлийн шон мөргөөд би хойд талын зүүн талын суудалд сууж явсан болохоорзүүн хөл сандал голын хайрцаг хоёрын завсраар хийчихсэн байсан болохоор хөшигдөж эвгүй болоод өвдөөд байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд миний зүүн хөл дунд чөмөг хэсгээр хугарсан гээд эмнэлэгт 8 хоног хэвтээд гарсан. Наранцэцэг эгч машин бариад 2 хүүхэд нь урд хажуу сандал дээр манай дүү бид 2 арын суудал дээр сууж явсан. /хх-40-41/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Насанболорын  “...2020 оны 04 дүгээр сарын 14-ний орой 18 цаг 10 минутын үед намайг ажил дээрээ байхад манай аав Дорж над руу залгаад “манай эхнэр Наранцэцэг машин бариад өөрийн 2 хүүхэд болон танай хоёр хүүхдийг суулгаад Хонхорын замаар явж байгаад гэрлийн шон мөргөж осол гаргасан байна. Тэр үед манай охин зүүн гуяны дунд чөмөгний яс хугараад зөрчихсөн байсан болохоор өрөмдөж таталж хийж төмөр суурьтай бэхэлж хүүхдийн гэмтлийн 2 дугаар тасагт 8 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан. Манай охиныг хагалгаанд ороход гарсан зардал болох 340.000 төгрөг, эмчилгээний зардалд 250.000 төгрөг өгсөн. Мөн эм тариаг нь авч өгсөн болохоор одоо бидний зүгээс энэ хүнээс нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй..” /хх-36-38/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-нийг төлөөлж оролцсон иргэний нэхэмжлэгч Г.Гантөгсийн “...2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Налайх чиглэлийн шинэ замд гарсан ослын талаар маргааш нь мэдээд осол болсон газар манай байгууллагын инженерүүд очиж үзээд гэрэлтүүлэгийн шонгийн хаалт төмөр бага зэрэг гэмтсэн байсан уг эвдрэлтэй холбоотой 200.000 төгрөгийг засвар үйлчилгээ хийгдсэн. Засварын мөнгийг дараа нь осол гаргасан Х.Н гээд эмэгтэй ирж уулзаад төлбөрийг барагдуулсан болохоор манай зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн албан бичгээ хүргүүлсэн байгаа...” /хх-98-99/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ч.Батсүхийн “...2019 оны 11 дүгээр сард найзаасаа 3.500.000 төгрөгөөр худалдаж аваад тооцоо дуусчихсан боловч нэр шилжүүлэх гэхээр Баярсайханы хүү нь цэргийн албанд явчихсан болохоор ирэхээр нь болъё гэж бодоод шилжүүлээгүй байсан. Эхнэр Отгонжаргалын авга ах Доржийн хашаанд аваачихсан байсан. Дорж ах миний машиныг худалдаж авъя гэж санал тавихаар нь за гэж хэлээгүй жаахан эвдрэлтэй байсныг засуулахаар Дорж ахаас 700.000 төгрөг зээлж аваад засвар хийж унахад бэлэн болгоод үлдээсэн байсан. Гэхдээ Дорж ахыг ойр зуур ус авах зэрэгт унаад хэрэглэ гэдгийг зөвшөөрч түлхүүрээ үлдээсэн...” /хх-43/ гэх мэдүүлэг

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Н.Эрдэнэбатын “...Би 59-07 УНХ улсын дугаартай автомашиныг 2016 онд худалдаж авч өөрийн нэр дээр шилжүүлэн авснаас хойш 2018 оны 05 дугаар сард санагдаж байна хамт ажилладаг хүний найз болох Батсүх гэдэг хүнд 5.000.000 төгрөгөөр зарж тооцоо дууссан боловч нэр шилжүүлэх үед автомашин дээр 200 гаруй мянган төгрөгийн торгуультай байсан болохоор тэр мөнгийг төлж барагдуулснаас хойш нэр шилжүүлэхээр тохиролцсон боловч одоог хүртэл торгуулиа төлж чадаагүй болохоор нэр дээр бүртгэлтэй байгаа Тоёота Приус маркийн 59-01 УНХ улсын дугаартай авто машиныг хамт ажилладаг байсан өөрийн танил Баярсайханаар дамжуулан Баярсайханы танил найз болох Батсүх гэж хүнд уг авто машиныг зарсан нь үнэн, уг асуудалд танил Баярсайхан ямар ч хамаагүй харин тухайн үед Баярсайхан, Батсүх бид 2-ыг авто машины наймаа хийх үед танилцуулсан холбож өгсөн хүн байгаа юм...” /хх-45-46/ гэх мэдүүлэг,

 

“Ашид билгүүн” ХХК-ний гаргасан 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 462 дугаартай автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, “Toyota Prius-11” маркийн 59-01 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нийт 2.675.000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-19/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Пүрэвдоржийн “...Хотоос Налайхын чиглэлд цагаан өнгийн Тоёота Приус маркийн автомашин шороон хэсгээр явж байгаад гэнэт 2-р эгнээ руу орж эсрэг эгнээг тусгаарласан бетонон хашлага болон гэрэлтүүлэгийн шон зэргийг мөргөж машин буцаж эргээд зам хөндлөн болж зогссон...” /хх-52/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны  өдрийн 4712 дугаартай:

 

1. Н.Амаржаргалын биед зүүн дунд чөмөгний гандан хэсгийн дунд 1/3-н далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих шахах үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-54-55/ гэх дүгнэлт

 

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ж.Баярсайханы гаргасан дүгнэлт: 1. Тоёота Приус-11 маркийн 59-01 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Х.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд /, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Зам тээврийн осол хэсгийн бүдүүвч зургаас үзэхэд Тоёота Приус 11 маркийн 59-01 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн даралтын мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй байна...” /хх-73/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Х.Нийн “...2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 16 цаг 55 минутын үед гэртээ байгаад нөхөр Доржийн худалдаж авсан 59-01 УНХ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинаар бензин авчихаад дэлгүүр орж ирэхээр хүүхдүүд болон Насанболорын 2 хүүхдийг суулгаад явсан. Тэгээд төв зам руу ороод буцаж эргээд 1 дүгээр эгнээнд явж байхад гар утсаа булаацалдахаар нь болиулах гээд тонгойхдоо зүүн гар тийш дарж сандрахдаа буцаж дараад тормоз гишгэж зогсоох гэж байгаад андуурч хаазаа гишгээд машин шарваж, замын дунд талын тусгаарлах зурвасыг мөргөж бүтэн эргээд зогссон...” /хх-100-103/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ц овогт Х.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Хонхорын замд Н.Эрдэнэбатын эзэмшлийн “Toyota” маркийн “Prius” загварын 59-01 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй. /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3-т заасан “Жолоо хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажууд байрлуулсан гэрэлтүүлгийн шонг мөргөж, автомашинд сууж явсан зорчигч 8 настай, эмэгтэй Н.Амаржаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Батсүхийн эзэмшлийн “Toyota” маркийн “Prius”  загварын 59-01 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохирол нийт 2.675.000 төгрөгний хохирол учруулсан боловч харилцан тохиролцож гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.

 

          Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Хоодоогийн Наранцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрх байдлаар шүүгдэгч Х.Нийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Насанболор нь “охиныг хагалгаанд ороход гарсан зардал болох 340.000 төгрөг, эмчилгээний зардалд 250.000 төгрөг өгсөн. Нийт 590.000 төгрөг төлсөн. Бидний зүгээс нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй” гэсэн тайлбар гаргасан. Х.Н нь “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-д учирсан хохирол болох 200.000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт: тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял хорих ял шийтгэхээр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл  хорих ял оногдуулахаар заагаагүй  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Х.Нийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт  хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг арилсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.       

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Х.Н нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц овогтой Х.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл тээврийн жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ц овогт Х Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан жолоодох эрхийг 1 /нэг/ жилээр хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зааснаар  Х.Нийг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Х.Нт тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Нт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА