| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1123/Э |
| Дугаар | 1176 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 1176
2020 06 25 2020/ШЦТ/1176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
Улсын яллагч Д.Ариунжаргал,
Шүүгдэгч Г.Б түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын хяналтын прокуроос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Б холбогдох эрүүгийн 1906 03415 1287 дугаар хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ганцэцэгийн Бат-Эрдэнэ нь 2019 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казина” баарын гадаа иргэн Б.Очбадрахын Самсунг жи-7 маркийн гар утас, биет 70.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Очбадрахын мэдүүлэг /хх-9-10/, хохирогч Б.Очбадрахын дахин өгсөн мэдүүлэг /хх-26-27/, гэрч Н.Мөнхбатын мэдүүлэг /хх-31-32/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12/, хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ны эд зүйлийн үнэлгээ /хх-17-18/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казина” баарын гадаа иргэн Б.Очбадрахын Самсунг жи-7 маркийн гар утас, биет 70.000 төгрөгийг дээрэмдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Очбадрахын “...2019 оны 06 дугаар сарын 02-ноос шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” нэртэй бааранд ганцаараа архи ууж байгаад 04 цагийн орчимд гарсан. Баарны гадаа шорлог зарж байсан 4-5 хүнтэй маргалдаж тэдгээр залуучууд намайг зодож байхдаа миний биед байсан гар утас болон бэлэн 70.000 төгрөг аваад явсан..” /хх-9-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Очбадрахын “...Тухайн үед намайг яг хэдэн залуус зодсоныг сайн мэдэхгүй байна. 4 билүү 2 залуу байсан байх. Би архи уусан байсан учир сайн санахгүй байна...” /хх-26-27/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнхбатын “...Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны шөнө найз охин хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр казино байрны доошоогоо яваад Голомт банзны хажууд сандал дээр манай найз охин суугаад би зогсож байсан. Би тухайн үед Казино баарны гадаа Бат-Эрдэнэтэй уулзсан. Тэгээд найз охинтойгоо уулзаад зогсож байхад нэг согтуу эрэгтэй хүн ирээд миний нуруу руу тохойгоороо цохьсон тэгэхээр нь “би ахаа яаж байгаа нь” гэхэд “яасан ч яадаг юм” гээд намайг бариад авсан. Тэгэхээр нь би тэр хүнийг хавирч унагаад нөгөө хүн босож байсан тэгэхээр нь найз охинтойгоо хамт дээшээгээ Сансарын автобусны буудал руу явсан. Тэр хүн хөл дээрээ тогтож чадахгүй нэлээн согтолттой байсан...” /хх-31-32/ гэх мэдүүлэг,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-11/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12/,
Хөрөнгийн үнэлгээний “Damno”ХХК-ны эд зүйлийн үнэлгээ /хх-17-18/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казина” баарын гадаа иргэн Б.Очбадрахын Самсунг жи-7 маркийн гар утас, биет 70.000 төгрөгийг дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт: бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял хорих ял шийтгэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Б үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг арилсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б овогтой Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зааснаар Г.Б оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Г.Бг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА