Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 00035

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1965 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, Булган аймгийн Тэшиг сумын 2 дугаар багт оршин суух Тахилт овогт Бадарчийн Жансмаа /РД:ГЙ65102903/-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00013/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Жансмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие 1965 онд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. Тэшиг сумын Шинэ амьдрал нэгдэлд 1983-1990 оныг дуустал сүүн зовудын ээдэмцэрчнээр тасралтгүй ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан бичиг баримт зөрчилтэй байх тул архивын лавлагааг үндэслэн 1983-1990 оны хооронд ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү.

Одоо шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт байхгүй. Манайх хөдөө мал дээр байдаг ба өвөлжилт хүнд байгаа тул дахин ирэх боломжгүй байна. Иймд хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Тэшиг сумын Шинэ амьдрал нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сүүн зовудын ээдэмцэрчнээражиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаартай лавлагаа, Булган аймгийн Тэшиг сумын Шинэ амьдрал нэгдлийн Зөвлөлийн даргын 1983 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 1983 онд ажиллах сүү тосны ажилчдыг томилох тухай тушаал, түүнтэй хамт ажиллаж байсан гэх гэрч Д.Хишигмаагийн ...Жансмаа нь анх 1983 онд манай нэгдлийн сүү тосны зовудад ажилд орж байсан ба 1990 он буюу нэгдэл тартал ажиллаж байсан... гэх мэдүүлэг гэрч Б.Наранцэцэгийн ...Манай ээж Жансмаа эгчтэй хамт тус зовудад ажилладаг байсан. 6 дугаар ангид орсон жилээсээ би ээжийнхээ оронд Жансмаа эгчтэй хамт ажилладаг болсон. 8 дугаар анги төгсөөд Техник мэргэжлийн сургууль сурч 1989 онд төгсөж ирээд Шинэ амьдралнэгдэлдээ ажиллаж эхэлхэд Жансмаа эгч мөн ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь 1988 онд хүүхэд төрүүлж байсан нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул дээрхи хугацаанд тасралтгүй ажиллаж байсан гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаарнэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тахилт овогт Бадарчийн Жансмаагийн Булган аймгийн Тэшиг сумын Шинэ амьдрал нэгдлийн сүүн зовудын ээдэмцэрчнээр 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 7 /долоо/ жил ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН