Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 1177

 

 

 

 

 

 

 

   2020        06           25                                  2020/ШЦТ/1177

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч Б.Уранцэцэг,

Хохирогч П.Март,

Өсвөр насны шүүгдэгч С.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Оюунбаяр, түүний өмгөөлөгч Ц.Оргил нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын хяналтын прокуроос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Т холбогдох эрүүгийн 1906 04076 0179 дугаар хэргийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Өсвөр насны шүүгдэгч Б овогт С.Т нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны задгайд П.Марттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргадлан улмаар П.Мартын нүүрэн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр би, ээж, гурван дүү, хамаатны эгч, надтай нас ойролцоо хамаатны эрэгтэй найз бид хэд Баянзүрх дүүргийн товчооны дэргэдэх Туул гол дээр очсон. Тэгээд ээж, хамаатны эгчтэй бие засах гээд явсан хойгуур хохирогч гэх Март эгч надаас саяны явдаг 2 хүн Пүрэвсүрэнгийн эгч мөн үү гэж асуухаар нь би мөн гэсэн. Хэсэг хугацааны дараа ээж, эгч хоёр ирсэн чинь дээр байсан Март эгч, түүүний хадам ээж, Ариунболд ах, бас нэг жаахан хүүхэд, энэ хэд ээж, эгч хоёрыг дуудаад архи өгөөд байсан. Би тэр үед ээжид хандан битгий  архи уугаад бай машин барьж яваа байж гэсэн чинь тэнд байсан Март эгч болон хамт байсан хүмүүс намайг яасан эх захгүй хүүхэд вэ ээжийгээ янз янзаар хэлээд гээд загнаад байсан болохоор би яваад өгсөн. Төд удалгүй Март эгч нөхөртэйгээ маргалдаад байхаар нь би ээжийг одоо явья гэсэн чинь за тэгье гээд бид хэд машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь Март эгч зам руу дөхөөд буучихъя гээд явсаар тэдний хадам ээжийн гэр ирсэн. Тэгээд ээжийг хамаатны эгчтэй хамт аваад орчихсон. Би 10 орчим минутын дараа араас нь ортол ээж эгч хоёрыг архи авч өг гээд Март эгч гаргахгүй байсан тэгэхлээр нь би танд яагаад архи авч өгөх ёстой юм бэ гэсэн чинь намайг хэвлүү бацаан гээд янз янзаар хэлээд доромжилоод байсан тэр үед ээж намайг гараад байж бай гээд би гэрээс гарсан. Дахин 10 орчим минут болоод ээж эгч хоёр гарч ирэхгүй байхаар нь би гэр рүү ороод гэрээс ээжийг угз татаад аваад гарсан тэгтэл араас Март эгч ирээд намайг модоор цохисон тэгэхэээр нь би эргэж хараад хоёр гараараа түлхиж унагаачихаад ээжийг машиндаа суулгаад хөдөлсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Март мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 25-нд би хадам ээжийх рүүгээ  амрах гээд очсон тэгээд өглөө нь гол дээр очиж юмаа угаасан. Өдөр нь ээжийн найзууд ирнэ гэхлээр нь хадам ээж, Ариунболд бид дөрөв гол дээр очоод амрангаа хүлээж байя гээд очсон. Цаг гаран болсны дараагаар ээжийн найзууд ирж байна гэхлээр нь би Ариунболдыг дэлгүүр явуулсан. Ариунболд дэлгүүр яваад нэг 0.75 граммын Хараа архи авч ирсэн. Тэгээд тэр хавиар Пүрэвсүрэнгийн эгч гэх хүн эргэлдээд байхаар нь би Ариунболдоос энэ хүнийг чи таних юм уу энүүгээр эргэлдээд байх юм гэсэн чинь Ариунболд Пүрэвсүрэнгийн эгч юм шиг байна гэсэн. Тэгээд энэ Тэмүүжин гэх хүүхдийг дуудаад асуутал мөн гэсэн. Тэгэхээр нь бид хэд дуудаж авч ирээд хэсэг юм ярьж суугаад, Ариунболд дэлгүүрээс авч ирсэн 0.75 граммын Хараа архийг задлаад бид хэд уусан.  Хэсэг хугацааны дараа Тэмүүжингийн ээж Г.Оюунбаяр ирээд юм ярьж сууж байснаа машин барьж яваа уухгүй гэж байснаа нөхрөө дуудчихна гээд архинаас бага зэрэг уусан. Тэгээд  архи дуустал Г.Оюунбаяр болон түүний найз хоёр нэг 0.5 граммтай пиво задлаад бид хэд уусан. Төд удалгүй утас дуугарч ээжийн найз Баянзүрх дүүргийн товчоон дээр ирж байна гэхээр нь бид хэд Г.Оюунбаярын машинд дайгдаад зам дөхөөд буучихья гэж суугаад гэртээ хүргүүлсэн. Манай ээж гэрийхээ гадаа хүргүүлсэн байж орж цай уулга гээд бид хэд хадам ээжийн гэр рүү орцгоосон. Гэрт сууж байтал Тэмүүжин гэх хүү орж ирээд ээжрүүгээ уурлаад байхаар нь би уурлаад хэдэн үг хэлсэн чинь намайг үг дуугүй үсдэж гэрээс чирж гаргасан. Тэр үед ээж нь найзтайгаа  хамт намайг зодуулж байхад харж байсан. Хүүгээ  огт салгахгүй хараад зогсоод байсан. Тэр үед Тэмүүжин гэх хүү хашаанаас гараад зугтаахаар нь араас нь гүйж байгаад шавран дээр хальтирч унаад нүүрээ зулгалсан. Намайг унаад босох үед Тэмүүжин хашааны урт төмрийг авч намайг цохих гэж байгаад бас манай ээжийг цохисон. Тэр үйлдлийг Ариунболд хараад араас нь хөөсөн. Тэгэхлээр нь би шууд цагдаа дуудсан гэж мэдүүлэв...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас зөрчлийн талаар араар болон холбоо, мэдээллийн хэрэгсэлээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-9/, хохирогч П.Мартын мэдүүлэг /хх-22-29, 144,146/, гэрч Ц.Ариунболдын мэдүүлэг /хх-33-35/, гэрч А.Аюурбуны мэдүүлэг /хх-39-42/, шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлэг /хх-63-64/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13300 дугаартай дүгнэлт /хх-58/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Өсвөр насны шүүгдэгч Б овогт С.Т нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны задгайд П.Марттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргадлан улмаар П.Мартын нүүрэн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Зөрчлийн талаар араар болон холбоо, мэдээллийн хэрэгсэлээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-9/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Мартын “...тэр хүүхэд нь ээж явъя гэж орилоод байхаар нь би “чи ямар сүртэй юм бэ” гэсэн чинь тэр хүүхэд шууд намайг үсдэж чирээд гадагшаа гаргаад хашаан дотор намайг зодсон. Манай ээжид архи өглөө гэх шалтгаанаар над руу уурлаж, “ядаргаатай гичий бэ” гэж хэлээд өндөр залуу нь миний үснээс зулгаагаад, гэрээс чирч гаргасан. Тэгэхээр нь би нөгөө залуугийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа алгадсан. Тэгсэн нөгөө өндөр залуу нь буцаж гүйж ирээд, гартаа барьсан нэг зүйлээр миний уруулан тус газар 1 удаа цохисон. Тэгсэн миний шүд уначихсан. Би доошоо тонгойгоод сууж байтал нөгөө өндөр залуу хашааны төмөр суга татаад намайг цохих гэж байтал манай хадам ээж болиулсан. Манай нөхөр гараад иртэл нөгөө залуучууд машиндаа суугаад зугтаагаад явчихсан. Тухайн залуу миний нүүр рүү модоор цохиж, миний дээд талын үүдэн шүд унаж, уруул сэтэрсэн. Би тэр өдөр бүрэн бүтэн шүдтэй, уруул ам бүрэн бүтэн байсан болоод гол дээр гэр бүлийхэнтэйгээ зугаалж байгаад тэдгээр хүмүүстэй таарсан. Тэр залуу миний нүүр рүү модоор цохиход миний шүд унаж, уруул сэтэрч, миний уруул, ам, буйлнаас маш их цус гарсан. Тэрийг манай хадам ээж Аюурбунь харсан. Хэрэг ийм илэрхий тодорхой байхад шийдэгдэхгүй, шүүхээс буцаагаад байгаад би гомдолтой байна. Би эмэгтэй хүнийхээ хувьд гоо сайханаараа хохирчихсон байхад яагаад миний гомдлыг барагдуулж өгөхгүй, хэргийг удаашруулж, гэм буруутай Тэмүүжин гэх залууд хуулийн дагуу арга хэмжээ авахгүй байгааг би гайхаад байна. /хх-22-29, 144-146/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ариунболдын “... Манай ээж хашаандаа байдаг 4 ханатай илүү гэрээ түрээслүүлнэ гээд түрээслэх хүмүүс нь ирчихээд нь би нөгөө хүмүүстэй уулзаад илүү гэрт байж байтал гадаа нэг эмэгтэй хүн алчихлаа гээд орилохоор нь би гартал манай эхнэр Мартыг зодчихсон байсан. Тэгсэн намайг хашааны хаалгаар гарах гэтэл нөгөө машинтай хүмүүс болон Пүрэвсүрэнгийн эгч зугтаагаад явчихсан. Би юу болсон талаар Мартаас асуутал Пүрэвсүрэнгийн эгчтэй хамт явж байтал үл таних эмэгтэйн 2 хүүхэд нь манай эхнэрийг зодсон байсан. Тэр хоёр хүүхэд нь манай эхнэрийг гэрээс үсдэж чирч гаргаж ирээд хашаан дотор байсан жижиг модоор ам руу нь цохисон байсан...” /хх-33-35/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Аюурбуны “...Март, Ариунболд хоёрын араас нөгөө Ариунболдын найзын эгч гэх хүүхэнтэй хамт явж байсан бас нэг үл таних эмэгтэй орж ирсэн. Тэгсэн тэр хүүхний араас хүү нь гэх 15-16 орчим насны залуу орж ирээд “та нар яагаад манай ээжийг архи уулгаад байгаа нь юм” гэж уурлаж Мартын үснээс нь гараараа зулгаагаад чирээд аваад гараад явсан. Би тухайн үед тэр үл таних 15-16 орчим насны залууг тоглож байна гэж бодсон. Тэгээд би ач хүүгээ дагуулаад бие засах газар орчихоод гараад явж байтал хашаан дотор хашааны жижиг хаалганы хажууд манай бэр Март 2 гараараа нүүрээ тагалчихсан, доошоо тонгойгоод газар явган сууж байсан. Би Март дээр очоод юу болсон талаар асуухад Март надад хандаж “ээжээ намайг нөгөө хүүхний банди нь гэх залуу модоор цохичихоод яваад өглөө ш дээ, миний шүд уначихлаа ш дээ гээд уйлж байсан. Мартын ам, шүд уруулнаас цус гарч байсан. Мартыг өөр зодож цохисон хүн байхгүй. Манай хашаанд эзэнгүй эзэнгүй нэг гэр байдаг юм. Тэр гэрийг зарна гэчихсэн байсан чинь үзье харъя гээд хүрээд ирсэн байсан. Тэгээд Ариунболд тэдгээр хүмүүстэй уулзаад гэрт байсан юм...” /хх-39-42/ гэх мэдүүлэг,

 

Шинжээч эмч Н.Туяагийн “...Үүсгэгдсэн дээрх гэмтлүүд нь бүгд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь үзүүлэгч нь өөрөө унаж ойчиход үүсгэгдэхгүй. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Энэ нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох хүчин зүйлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд мөн. Үзүүлэгч Мартын биед үүссэн уруулд язарсан шарх, 1 шүдний бургарал гэмтэл нь мод болон хатуу биед мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдоход үүсгэгдэх гэмтэл юм...” /хх-63-64/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны  өдрийн 8231 дугаартай:

 

1.П.Мартын биед хацар, уруул цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язарсан шарх, хөхөнд зулгаралт, 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна.

5. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хх-58/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.  

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б овогт С.Т нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны задгайд П.Марттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргадлан улмаар П.Мартын нүүрэн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

            Хохирогч П.Март нь шүдний эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул жич иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Прокуророос өсвөр насны шүүгдэгч С.Тд 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгосон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь заалтад “Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно” гэж заасан тул хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч нь торгуулийн ял оногдуулах санал болгосон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд: 1.1.нийтэд тустай ажил хийлгэх, 1.2.зорчих эрхийг хязгаарлах, 1.3.сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих” ял оногдуулна” гэж заасан тул хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл, байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Тд 200 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

1. Б овогт С.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Тг 200 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч С.Тд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

5. Хохирогч П.Март нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч С.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч С.Тд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА