Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1178

 

 

 

 

 

 

 

   2020        06           26                                   2020/ШЦТ/1178

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б.Ч холбогдох эрүүгийн 2006 00000 1635 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  

 

             Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.Ч нь согтуурсан үедээ буюу 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун-Алтан өлгийн 28 дугаар гудамжны 403 тоот гэртээ өөрийн төрсөн эх болох С.Нарангэрэлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-1-2/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-9/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-43/, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Нарангэрэлийн мэдүүлэг /хх-14-15/, гэрч С.Ганболдын мэдүүлэг /хх-20-21/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7007 дугаартай дүгнэлт /хх-23-24/, яллагдагч Б.Чийн мэдүүлэг /хх-35/, яллагдагч Б.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-36, 38/, Б.Чийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/, хохирогч С.Нарангэрэл, яллагдагч Б.Ч нараас гаргасан “гомлдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-44-45/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Ч нь согтуурсан үедээ буюу 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун-Алтан өлгийн 28 дугаар гудамжны 403 тоот гэртээ өөрийн төрсөн эх болох С.Нарангэрэлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-1-2/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8/,

 

Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-43/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Нарангэрэлийн “...Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Алтайн өлгийн 28 дугаар гудамжны 403 тоотод хүүхдүүдийн хамтаар оршин суудаг. 2020 оны 06 дугаар сарын 13-ны өглөөний 09 цагийн орчим манай охин Б.Ч сүү авахаар дэлгүүр явсан. Нөхөр нь бие тавгүй байсан учраас жижиг өрөөнд унтаж байсан. Гэртээ бид гурав л байсан. Б.Ч дэлгүүр орж ирсэн 350 граммын хавтгай архи гаргаж ирсэн. Тухайн үед шүд жаахан өвдөөд байсан учраас тэрнээс нь хэд хэд балгачихсан. Өмнөх өдөр нь мөнгөөр нь MNBC төхөөрөмжийг нь сунгачихсан юм. Тэгсэн охин Б.Ч уурлаад MNBC –ийн төхөөрөмжийг нь аваад гадаа гаргаад шидчихсэн. Тэгэхээр нь охин Б.Ч нь би уурлаад үснээс нь зулгаагаад дарчихсан байж байгаад үснээс нь гараа тавьсан чинь баруун бөөрний орчимд жирс хийгээд халуун оригоод байхаар харсан чинь цус гарсан байсан. Би төмс арилгаж байгаад ширээн дээр шар бариултай хутгаа тавьсан байсан. Тэрийг аваад хутгалсан байсан. Чулуунцэцэг нилээн согтуу байсан..” /хх-14-15/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Ганболдын “...Тэгээд унтаж байхад нэг хүн орилоод байсан. Би сэрээд харахад Б.Ч жижиг өрөөнд орж ирээд энэ намайг зодоод байна гэж хэлсэн түүний араас С.Нарангэрэл орж ирээд энэ Чулуунцэцэг намайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь би босоод харахад С.Нарангэрэл нь баруун хэвлий хэсгээ барьчихсан цус гараад байна гэж хэлсэн...” /хх-20-21/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын          18-ны  өдрийн 7007 дугаартай:

 

1.С.Нарангэрэлийн биед хэвлийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-н 23-24/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Чийн “...Би өөрийн гар утсаа 50.000 төгрөгөөр тавьчихсан байсан. Тэгсэн надад хэлэлгүй MNBC төхөөрөмжөө сунгасан байсан. Түүнээс болж маргаан үүссэн. Би уурандаа төхөөрөмжийг нь гаргаад шидчихсэн тэгсэн ээж уурлаад намайг газар унагаад үснээс зулгаагаад газар чирсэн, арай ч нэг юм гарыг нь үснээс тавиулаад том өрөөнөөс гараад гал тогоо руу гүйж ороод ширээн дээр шар өнгийн модон бариултай хутга байхаар нь тэрийг авч байснаа санаж байна. Гэнэт ээжийн хэвлийн хэсгээс цус гараад эхэлсэн. Айсандаа хутгалчихсан байсан..” /хх-35/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Иймд шүүгдэгч Б.Ч нь согтуурсан үедээ буюу 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун-Алтан өлгийн 28 дугаар гудамжны 403 тоот гэртээ өөрийн төрсөн эх болох С.Нарангэрэлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай  11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ч нь хохирогч С.Нарангэрэлд төлөх төлбөргүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

            Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Чт үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Чт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Чт эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Чийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

            4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Чт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА