Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1180

 

 

 

 

 

 

 

   2020        06           26                                  2020/ШЦТ/1180

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Г.Санаасайхан,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б.П холбогдох эрүүгийн 1906 04188 1050 дугаар хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.П нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дүгээр байрны гадаа хохирогч О.Жамухтай “найзтай маргалдсан” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар толгой хэсэгт гараараа цохиж толгойгоор мөргөж унасан байхад нь өшиглөж улмаар түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, эрүүнд шарх, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ: “Хэрэг гардаг өдөр 7 буудлаас манай найз ирчихсэн байж байтал Жамух өөр байрны хүүхэд байна найз нь жахан шоглчий  гээд байсан би тэгэхлээр нь яах гээд байгаан бэ энэ хүүхэд манай найз байгаам надтай уулзах гэж ирсэн юм гэсэн. Тэгтэл Жамух зүгээр гээд 7 буудлаас ирсэн найзыг минь зодоод байсан. Би тэр үед найзыгааа өмөөрсөн чинь Жамух намайг нэг удаа цохисон би тэгэхлээр нь зөрүүлээд цохисон чинь Жамух хойшоо унахдаа замын боржур мөргөсөн. Тухайн үед цус гарж байсан учраас би шууд гэмтлийн эмнэлэг дагуулж явж шархыг нь цэвэрлүүлчихээд хэрэгтэй гэсэн эм болон бусад зүйлсийг авч өгөөд Жамухтай эвлэрээд салсан” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч О.Жамухагийн мэдүүлэг /хх-19-20/, яллагдагч Б.Пийн мэдүүлэг /хх-36-37/, шинжээчийн 8680 дугаартай дүгнэлт /хх-24/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.П нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дүгээр байрны гадаа хохирогч О.Жамухтай “найзтай маргалдсан” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар толгой хэсэгт гараараа цохиж толгойгоор мөргөж унасан байхад нь өшиглөж улмаар түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, эрүүнд шарх, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Жамухын “...2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд н.Пүрэвдорж, н. Мөнхчулуун, н.Гантогтох нарын хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дүгээр байрны гадаа уулзаж пиво уусан. Тэгсэн 3 залуу бид хэд дээр ирсэн. Б.П нь намайг нэг найзтайгаа зодолд гэсэн. 2 гар дээрээ шивээстэй залуу уруул хэсэгт мөргөөд зугтсан. Б.П ирээд толгой хэсэгт гараараа цохиж нэг мөргөөд, хавсарч унагаасан, ухаан алдсан байхад толгой хэсэгт өшиглөсөн юм шиг байсан..” /хх-19-20/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Пийн “...Би Жамуха дээр очоод Борког миний найз гэж хэлсэн. Жамуха би яасан юм гэж хэлэхээр нт нүүр хэсэгт нь 1 удаа цохисон дахин нэг удаа нүүр хэсэгт мангасдсан. Тэгсэн Жамуха замын боржур мөргөөд газарт унасан..” /хх-36-37/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын                19-ний өдрийн 8680 дугаартай дүгнэлтэд:

 

1.О.Жамухагийн биед хамар есны хугарал, эрүүнд шарх, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. /хх-24/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.П нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дүгээр байрны гадаа хохирогч О.Жамухтай “найзтай маргалдсан” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар толгой хэсэгт гараараа цохиж толгойгоор мөргөж унасан байхад нь өшиглөж улмаар түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, эрүүнд шарх, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.П нь хохирогч О.Жамухад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.П нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Б.П нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод          ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т овгийн Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Пид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.П нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

     7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА