Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 583

 

 

  

 

 

 

                                                      

                               

 

 

 

                                   МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС               

 

Баянгол дүүргийн шүүхийн Иргэний шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 34 дүгээр байрны 83 тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧН 78041171, Боржигон овогт Амгалангийн Даваахүүгийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7-А байрны 13 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ШБ 70040866, Уран овогт Бадарчийн Алтансувдад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч А.Даваахүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Даваахүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Б.Алтансувдын хүсэлтээр 10 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр зээлдүүлж, гэрээг бичгээр байгуулсан бөгөөд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7-А байрны 13 тоотод байрлах орон сууцыг барьцаалж гэрээ хийсэн.Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээийн хүүгийн үлдэгдэлгүй байсан бөгөөд үндсэн зээлээс 2 000 000 төгрөг төлсөн.Иймд зээлийн болон барьцааны гэрээний дагуу 8 000 000 төгрөгийг, алданги 4 000 000 төгрөгийн хамт 12 000 000 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Даваахүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Б.Алтансувдтай 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж түүнд 10 000 000 төгрөг, сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд зээийн гэрээний 3-т зээлдэгч хугацаандаа зээлийг төлөөгүй бол 0,5 хувийн алданги төлнө гэж тохирч гэрээ байгуулсан.Мөн хариуцагч өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7-А байрны 13 тоотод байрлах, 18 метр квадрат, 1 өрөө  орон сууцыг барьцаанд тавьж, барьцааны гэрээний байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч зээлийн хүүг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаандаа төлсөн.Зээлийн гэрээний хугацаа дуусахад Б.Алтансувдыг зээлээ төл гэхэд дахин хүүгээ тооцоод явна уу гэж амаар гуйсан.Б.Алтансувд 5 дугаар сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг төлөөд 1 500 000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулна гэж, 500 000 төгрөгийг хүүнд төлсөн, үүнээс хойш 7 дугаар сарын 6-ны өдөр 475 000 төгрөг, 7 дугаар сарын 10-ны өдөр 500 000 төгрөг, 8 дугаар сарын 6-ны өдөр 400 000 төгрөг, 9 дүгээр сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 400 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш 6 500 000 төгрөгийг тус тус төлсөн.Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 1 500 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг нийт 5 500 000 төгрөгийг Б.Алтансувдаас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Б.Алтансувд шүүхэд гаргасан тайлбартаа:Бидний хооронд 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд үүн дээр маргаангүй хүлээн зөвшөөрч байна.Зээлийн гэрээний дүн 10 000 000 төгрөг бөгөөд сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан.Би гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж 2 дугаар сарын 29, 3 дугаар сарын 29, 4 дүгээр сарын 29-ний өдрүүдэд зээлийн хүүнд тус тус 500 000 төгрөг нийт 1 500 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ дуусгавар болсон боловч би гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй болсон тул үндсэн төлбөрөөс цувуулан төлж барагдуулж байсан.Энэ хугацаанд би 5 дугаар сарын 31-нд 500 000 төгрөг, 5 дугаар сарын 31-нд 1 500 000 төгрөг, 7 дугаар сарын 11-ний өдөр 500 000 төгрөг, 8 дугаар сарын 6-ны өдөр 400 000 төгрөг, 8 дугаар сарын 12-ны өдөр 500 000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 400 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сард 2 500 000 төгрөг, 2017 оны 2 дугаар сард 4 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш нийт 10 300 000 төгрөгийг төлж барагдуулсан тул одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна.Б.Алтанзул зээлийн хүүгийн 1 500 000 төгрөгийг төлсөн, 5 дугаар сарын 31-нд 2 000 000 төгрөг төлсөн, үүнээс хойш 4 375 000 төгрөг төлсөн, шүүхэд нэхэмжлэл гаргах үед 5 625 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, алдангийг зөвшөөрч байгаа бөгөөд үүний 50 хувь 2 812 500 төгрөгийн алданги нийт 8 437 500 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 6 500 000 төгрөгийг төлсөн тул одоо 1 937 500 төгрөгийг төлөх үүргээ зөвшөөрч байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Даваахүү хариуцагч Б.Алтансувдад холбогдуулан зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 8 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг нийт 12 000 000 төгрөг  гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр үндсэн зээлийн үлдэгдэл 1 500 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг нийт 5 500 000 төгрөгийг Б.Алтансувдаас гаргуулахыг хүсэж байна.

 

Хариуцагч Б.Алтансувд 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр А.Даваахүүгээс 10 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Мөн зохигчид 2016 оны 1 дүгээр сарын 29-ний барьцааны гэрээ байгуулж Б.Алтанзул дээрх зээлийн барьцаанд өөрийнхөө өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 29 дүгээр байрны 13 тоотод байршилтай, нэг өрөө бүхий орон сууцыг тавьж, уг гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна.

 

Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дууссан байх бөгөөд гэрээний 3 дугаар зүйлд “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэж талууд тохиролцсон байна.

 

Хариуцагч Б.Алтанзул зээлийн гэрээний хугацаанд зээлийн үндсэн хүүг бүрэн төлсөн тухайд талууд маргахгүй байх бөгөөд зохигчид 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг бичгээр сунгаагүй болох талуудын тайлбараар нотогдож байна.

 

Зээлийн гэрээний хугацаа дуусахад Б.Алтансувд зээлийн хүүгээ тооцоод явахыг зээлдүүлэгчээс амаар гуйсан байдлыг тэдний хооронд хийгдсэн зээлийн гэрээг сунгагдсан гэж үзэх боломжгүй юм.

 

Учир нь зээлийн хүү тооцсон хэлцлийг талууд бичгээр хийх ёстой бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байна.

 

Иймээс Б.Алтанзулын эргүүлж А.Даваахүүд хэсэгчлэн 7 удаагийн төлөлт  хийсэн төлбөрийг тооцож үзэхэд үндсэн зээлийн мөнгийг бүрэн төлж дуусгаад тэрээр 775 000 төгрөгийг илүү төлсөн байна.

 

Харин Б.Алтанзул энэхүү 7 удаагийн төлөлтийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн байх тул төлөлт хийсэн хугацаа тутамаас алданги тооцох үндэстэй бөгөөд Иргэний хуулийн 216 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтлаагүй байна.

 

Ингээд Б.Алтанзулын хугацаа хэтрүүлж хийсэн төлөлт тутамын үлдэгдэл төлбөрөөс алданги тооцоход нийт 7 090 875 төгрөгийн алданги гарч байх бөгөөд  нэхэмжлэгчийн шаардаж байгаа 4 000 000 төгрөгөөс дээр дурдсан 775 000 төгрөгийг хасч үлдсэн 3 225 000 төгрөгийг Б.Алтанзулаас гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Б.Алтанзул шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зохигчдын хооронд хийгдсэн барьцааны гэрээнд дурдсан үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-т  заасныг баримтлан Уран овогт Бадарчийн Алтанзулаас 3 225 000 /гурван сая хоёр зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулан Боржигон овогт Амгалангийн Даваахүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 275 000 /хоёр сая хоёр зуун далан таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207 000 /хоёр зуун долоон мянган/ төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, Б.Алтанзулаас 66 550 /жаран зургаан мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Даваахүүд  олгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 29 дүгээр байрны 13 тоотод байршилтай, нэг өрөө бүхий орон сууцыг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ДОРЖНАМЖИН