Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 1202

 

 

 

 

 

 

 

 

   2020        06           30                                   2020/ШЦТ/1202

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Г.Санаасайхан,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Шүүгдэгч З.Э түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуроос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З.Э холбогдох эрүүгийн 2006 00068 1446 дугаар хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч З.Э нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Тоёота Приус 20 маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн захын орчим хүргүүлсэн байсан Н.Ариунаагийн Самсунг Жи6 плас загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийн мэдсээр байж завшсаны улмаас 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.Ариунаагийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-8/, хохирогч Н.Ариунаагийн мэдүүлэг /хх-11-12/, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б31-20-051 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-48-49/, “Юнитэл” ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн 05-01/693 дугаартай албан бичиг /хх-17/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч З.Э нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Тоёота Приус 20 маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн захын орчим хүргүүлсэн байсан Н.Ариунаагийн Самсунг Жи6 плас загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Хохирогч Н.Ариунаагийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-8/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Ариунаагийн “...2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед Жанжин клубын тэнд байх ах Баднаабазарын гэрээс ах, эгч нарын хамт гараад тэндээс таксинд суугаад Шөнийн зах хүртэл явсан бөгөөд тухайн үед миний гар утасны цэнэг дуусчихсан бөгөөд өөрийн Самсунг Галакси Жи6 плас загварын гар утсаа автомашин дотор цэнэглэсэн. Тэгээд шөнийн зах худалдааны төвийн автобусны буудлын орчим зогсоод таксины мөнгө 4.500 төгрөг гарсан байсан гэсэн бөгөөд тухайн үед надад 3.000 төгрөг байсан болохоор тэр мөнгийг үлдээгээд тухайн үед ах уучихсан байсан болохоор ахыг таксинд үлдээгээд Автомат мөнгөний машинаас мөнгө аваад ирье гээд хэлээд эгчийн хамт бууж явсан. Тэгээд автомат мөнгөний машинаас 20.000 төгрөг аваад гарч ирсэн чинь ах машинаас буучихсан байхаар нь такси хаана байна гэхэд араас машин сигналдаад байна та буу буу гэхээр нь би буучихлаа гээд зогсож байсан бөгөөд манай ах намайг уг машинд гар утсаа цэнэглэж үлдээсэн гэдгийг мэдээгүй байсан...уг машины жолооч 20 гаруй насны залуухан махлаг дунд зэргийн биетэй цэвэрхэн бор царайтай, намхан биш дунд зэргийн нуруутай байх шиг байсан...” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б31-20-051 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-48-49/,

 

“Юнитэл” ХХК-с 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн 05-01/693 дугаартай албан бичиг /хх-17/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч З.Эы “...би тухайн өдөр таксинд явж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны автобусны буудалд хүн буулгаад тэндээсээ 2 эмэгтэй, 1 эрэгтэйг суулгаад шөнийн захын үүдэнд хүргэж өгсөн. Нэг залуу нь согтуу байсан бөгөөд миний цэнэглэгчинд нэг эмэгтэй нь гар утсаа цэнэглэсэн байсныг би  сүүлд буулгаад хөдлөж яваад мэдсэн. Тухайн үед хүргүүлэх газраа ирчихээд мөнгөө дутуу өгсөн бөгөөд АТМ-с мөнгө аваад ирнэ гээд нэг залуу үлдээгээд буусан. Нөгөө залуу нь тамхи татмаар байна гэхээр нь би цонхоо онгойлгож өгсөн бөгөөд юу ч дунараагүй буучихсан. Тэгээд намайг автобусны буудал дээр зогссон гээд замын цагдаа яв гээд байхаар нь хөдлөөд явчихсан юм... өөрийнхөө симийг дээрх утсанд хийгээд ашиглаж байгаад машин дээрээс унагаагаад эвдэлчихсэн, одоо надад байхгүй...би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” /хх-60-61/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Иймд шүүгдэгч З.Э нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Тоёота Приус 20 маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн захын орчим хүргүүлсэн байсан Н.Ариунаагийн Самсунг Жи6 плас загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг нь мэдсээр байж завшсаны улмаас 760.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч З.Э нь хохирогч Н.Ариунаад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч З.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч З.Эы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч З.Эы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна

 

          Шүүгдэгч З.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         

 

         

          Шүүгдэгч З.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

            1. Б овогт З.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч З.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА