Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Далантайн Нарантуяа |
Хэргийн индекс | 114/2018/0032/З |
Дугаар | 32 |
Огноо | 2018-11-01 |
Маргааны төрөл | Орон сууц хувьчлах, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:114/2018/0032/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын х дугаар орцны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн ОХХ, УБ тус тус холбогдох
Нэхэмжлэлийн “Дархан сумын Х тоот цахилгааны ерөнхий шитний /техникийн/ өрөөг хувьчилсан нь хууль бус байсан болохыг тогтоож, Дархан-Уул аймгийн Ү-1 дугаар бүртгэл, Д.О-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 1 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах цахилгааны ерөнхий шитний өрөөг дундын өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ч
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид: Л.А,
Г.Г,
Ш.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дархан сумын х дугаар орцны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Микрийн Х тоот өрөө буюу цахилгааны шитний өрөөг хувьчилсан байдаг ба Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсгийг баримталсан нь буруу цахилгааны шитний өрөөг хувьчилсан асуудал нь орон сууцны тухай асуудал. Техникийн өрөө гэх ойлголт нь 2014 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр тодруулагдсан, Улсын Их Хурлын 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолд “техникийн өрөөг магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоогдсон тохиолдолд уг техникийн өрөөг эзэмшигчдэд нь өмчлүүлэх эсэх асуудлыг судалж шийдвэрлэхийг даалгасан. Тухайн тогтоолын заалтад төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин, сууцны бус зориулалттай техникийн болон үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээг олгох явдлыг таслан зогсоох арга хэмжээ авна гэж заасан. Иймд тухайн үеийн хууль эрх зүйн орчинд техникийн өрөө гэх ойлголт хэрэглэгдэж байсан нь харагдаж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө..-г орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамааруулна гэж заасан. Тухайн байрны 02 тоот өрөөг Сандагдоржийн Солонго гэх хүнд хувьчилсан улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Дархан-Уул аймгийн ОХХ-ны2004 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолыг заасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн ОХХ-ныархивт шүүхийн үзлэг хийсэн ба үзлэг хийх явцад Дархан-Уул аймгийн С.Бны 2004 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолын хавсралт болох иргэдийн нэрсийн жагсаалтад С.Бын нэр байгаагүй. Мөн тухайн хавсралтыг нөхөн гүйцэтгэсэн байх боломжтой байсан учир энэ тухай үзлэгийн тэмдэглэлд тусгуулсан.
Улсын Их Хурлын 2003 оны 27 дугаар тогтоолыг үндэслэж Засгийн газраас 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 140 дугаар тогтоол гарч Тогтоолд “төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар иргэдийн өмчлөлд шилжүүлэхээр заасан, харин техникийн өрөө гэж заагаагүй. Зарим орон сууцанд үйлчилгээний өрөө гэж техникийн өрөөнөөс өөр өрөө байдаг үйлчилгээний өрөө гэх техникийн өрөөнөөс өөр өрөөг хувьчлахыг зөвшөөрсөн байна. Гэхдээ зохих журмын дагуу хувьчлах ёстой 32 дугаар тогтоол болон тухайн үед үйлчилж байсан хуулиар хувьчлал явуулахад Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт гарсан байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт, Магадлан шинжлэх комиссыг байгуулсан тухай тогтоол шийдвэрийг олж үзсэнгүй.
Дархан сумын орон сууцны асуудал хэлэлцсэн комиссын хурлын протоколтой шүүхийн үзлэгийн явцад танилцсан. Уг комиссын хуралдаан нь 2005 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж 14 цаг 30 минутад хуралдаан дууссан байсан ба уг хуралдаанаар 6 хүний асуудлыг хэлэлцсэн боловч тухайн хэлэлцсэн асуудал дунд Солонгын өргөдлийг хэлэлцээд шийдвэрлэсэн нь тэмдэглэлд байдаггүй “Солонгын өгсөн материал бүрэн байна” гэсэн тэмдэглэл байдаг. Хуралдаанд танилцуулах материал байх ёстой байтал Голомт банканд мөнгө тушаасан баримт нь 2005 оны 8 дугаар сарын 29-ний өдөр, тухайн үед багийн Засаг дарга байсан Энхтэгшийн тодорхойлолт 2005 оны 8 дугаар сарын 29-ний өдөр, Чандмань өргөө сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолт 2005 оны 8 дугаар сарын 29-ны өдрөөр байдаг. Үүнээс харахад дээрх “Солонгын өгсөн материал бүрэн байна” гэж хэлсэн хүн нь цаг хугацааны хувьд түрүүлсэн байна гэж харагдахаар байна. Мөн Солонгод 33500 дугаартай сууц эзэмших эрхийн гэрчилгээг 2005 оны 8 дугаар сарын 23-ны өдөр олгосон. Энэ шийдвэр нь Улсын Их Хурлын 2003 оны 27 дугаар тогтоолын 2 дахь заалтыг зөрчсөн. Дархан-Уул аймгийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн алба нь улсын бүртгэлийн Ү-1 дугаарт бүртгэж Оо дугаартай гэрчилгээ олгосон тус гэрчилгээн дээр 2004 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг. Гэтэл 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрчилгээг олгосон байдаг.
Дархан-Уул аймгийн ОХХнь 2004 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолоор 02 тоотыг хувьчилсан гэж Оо дугаар гэрчилгээнд дурдсан боловч Сумын Засаг даргын шийдвэр 2005 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гарч, Дархан сумын орон сууцны асуудал эрхэлсэн комиссын хуралдаан 2005 оны 8 дугаар сарын 23-ны өдөр болсон байна. Гэтэл нэг жилийн өмнө буюу 2004 онд тухайн өрөөг хувьчилсан байна. Өөрөөр хэлбэл орон сууц хувьчлал явагдаад нэг жилийн хугацаа өнгөрсөн байхад өрөөг дахин хувьчилсан байна. Тиймээс 02 тоот өрөөг хувьчилсан асуудлыг хууль бус гэж үзэж байна. Иймд дээрх байдлуудыг үндэслэн Микрийн Х тоот өрөөг хувьчилсан нь хууль бус байсан болохыг тогтоож, Дархан-Уул аймгийн Ү-1дугаар бүртгэл, Д.Оийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 1дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах цахилгааны ерөнхий шитний өрөөг дундын өмчлөлд нь буцаан шилжүүлэхийг даалгаж өгөхийг хүсч байна гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А-ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Уг хууль нь 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр батлагдаж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хуульд нэмэлт өөрчлөлт орж техникийн өрөө гэж инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан өрөөг хэмээн заасан ба С.С-д техникийн өрөөг хувьчлах үед дээрх хуульд техникийн өрөө гэх ойлголтын талаар заагаагүй байсан. 2003 оны Улсын Их Хурлын 27 дугаар тогтоолоор орон сууц нийтийн аж ахуйн салбарт өрсөлдөөн бий болгох, арилжааны хэлбэрт шилжүүлэх чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийхийг Засгийн газарт даалгасан. Төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь техникийн өрөөг Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоогдсон тохиолдолд сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигчдэд нь өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Засгийн Газарт даалгасан. Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 140 дугаартай тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу Дархан сумын иргэдэд хүн амьдрах боломжтой техникийн өрөөнүүдийг хувьчилж эхлээд 2004 онд Дархан сумаас холбогдох орон сууцны материалыг хүлээн авч нотлох баримтуудыг цуглуулж, бүрдүүлсэн материалыг ОХХнд хүргүүлсний дагуу 2004 онд маргаан бүхий 02 тоот өрөөг Солонгод хувьчлуулсан. Түүнээс хойш уг өрөөг 4 хүн дамжуулан хувьчилсан байгаа. 32 дугаар тогтоолоор 02 тоот өрөөг С.Сд хувьчлуулсан боловч 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өнөөдрийн байдлаар Д.О гэх хүн тухайн 02 тоот өрөөг худалдан авч өмчлөгч нь болсон. ОХХ-ны2004 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоол нь холбогдох хууль, тогтоол шийдвэрүүдийг зөрчөөгүй болно. “Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх” ХХК-нь Дархан сумын х тоот орон сууцнаас цахилгааны ерөнхий щитийг зөөж шилжүүлэхдээ тодорхой төлөвлөгөө гарган шилжүүлэх байраа бэлтгэн уг ажлыг хийж гүйцэтгэх ёстой байтал тухайн байранд амьдарч байгаа иргэдийн цахилгааныг тасална гэж айлган сүрдүүлж иргэдийг айдаст автуулж байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д цахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “цахилгаан... түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагааг болон хэрэглэгчийн цахилгааны хэрэглээг найдвартай хангах, засвар үйлчилгээ хийх, өргөтгөх үйл ажиллагаа эрхлэх” үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг зөрчиж иргэдээс нэхэмжлэл гаргахад хүргэж байна.Тиймээс бид олон иргэдэд дамжин өмчлөгдсөн байрыг хүчингүй болгох, 32 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь өнөөдрийн байдалд нийцэхгүй байгаа учраас тайлбараа дэлгэрэнгүй гаргаж өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОХХнь тухайн үед сумдаас ирүүлсэн материалыг хянаад ОХХ-нытогтоолыг боловсруулдаг байсан. ОХХ-ны2004 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 хороолол, 16 байрны 2 дугаар орцны 02 тоот байрыг хувьчилсан. Тухайн үед Дархан сумаас ирүүлсэн материалыг хянаад тогтоол гаргасан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц-гээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОХХ-ны2004 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Дархан сумын, 8 дугаар багийн 17 хороолол 16 байрны 2 дугаар орцны 02 тоотыг С.Сд хувьчилсан ба С.С нь 2005 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбогдох бусад эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар манай байгууллагад хандан өмчлөх эрхээ баталгаажуулахаар мэдүүлэг гаргасан. Мэдүүлгийн дагуу Улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэхээр материалыг хянахад татгалзах үндэслэл байгаагүй тул Ү-1дугаарт бүртгэн өмчлөх эрхийг нь баталгаажуулсан. Өмчлөх эрхийг баталгаажуулсан үйлдэл нь ямар нэгэн хууль, журмыг зөрчөөгүй. Нэгэнт өмчлөх эрх нь баталгаажиж улсын бүртгэлийн дугаар авсан, өмчлөгчийн өмчлөх эрхэд халдах эрхгүй байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Д.О-ээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Миний бие нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулахдаа хуулийн байгууллага болон өөрийн гэрт ойрхон байсан тул Дархан сумын х тоот байрыг 2012 онд иргэн Баянцагаанаас 18.000.000 төгрөгөөр худалдан авч 6 жилийн хугацаанд бүрэн болон урсгал засварыг байрандаа хийж ирсэн билээ. Намайг худалдан авах үед орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдэн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн орон сууц шинэ өмчлөгч надад шилжин ирж, хууль ёсны өмчлөгч болсон юм.
Гэтэл орон сууцанд орсны дараа “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас сар бүр хүмүүс ирж байрыг өглөө оройгүй онгойлгож өгөхийг шаардах, хот болон хөдөө орон нутагт явж байхад гэрэл тасарсан байна орж үзнэ, тоолуурын заалт авна засвар үйлчилгээ хийнэ гэх зэргээр тус компанийн засварын хүмүүс болон гэрлийн байцаагч нар нь уурлаж загнах, бидний хооронд байнга хэрүүл гарч зарим үед онгойлгож өгөхгүй зэрэг асуудал гарах болсон тул өөрийн өмчлөгчийн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж иргэний шүүхээс тус компанийг хариуцагчаар татаж цахилгааны шитийг нүүлгэн гаргуулах тухай шийдвэр гарсан билээ.
Дархан-Уул аймгийн Дархан сумын Дархан сумын х тоот байр нь тус орон сууцтай холбоотой цахилгааны шитний өрөө бөгөөд хүн ам байнгын оршин суух боломжгүй 2004 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын захирамжаар хувьчлагдсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул тус орон сууцанд амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалж хувьчлалыг хүчингүй болгож өгнө үү.
Тус орон сууцны оршин суугчид нь Төрийн захиргааны байгууллагыг буруутгаж бидний эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байгаа боловч миний өмчлөлийн байранд байрлаж байгаа цахилгаан шитний өрөөг одоо ямар байгууллага ашиглаж үнэ хөлсөө гаргуулж авч байгаад дүгнэлт хийх шаардлагатай байна. Тус компанид энэ байрыг суллаж танай компаний өмчлөлд шилжүүлж өгье хоорондоо хэдэн төгрөгөөр тохиролцъё гэж удаа дараа гуйсан боловч огт зөвшөөрөхгүй, захиргаа хувьчилсан нь буруу нэг төгрөг ч өгөхгүй гэх зэргээр бүдүүлэг авирлаж байсан тул миний бие нь шийдвэр гүйцэтгэлийн албанд хандаж одоо ажиллагаа нь түр зогссон байгаа билээ. Тус компани нь сард хэдэн тэр бумын ашигтай ажилладаг юм билээ.
Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК нь эрчим хүчний тухай хууль болон шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль бусад хуулиудыг зөрчиж монополь эрх эдлэн хэрэглэгч нарын эрх ашгийг зөрчиж байгаа нь тогтоогдож байгаа юм. Эрчим хүчний зохицуулах газраас тусгай зөвшөөрөл авахдаа Дархан Сэлэнгийн хэрэглэгч нарыг цахилгаанаар хангана гэж зөвшөөрөл авсан байдаг бөгөөд хэрэглэгч нартай гэрээ байгуулчихаад цахилгаанаар хангахгүй гэж мэдэгдэх эрхгүй юм. Оршин суугч нарын ямар байдлаар болон ямар аргаар цахилгаанаар хангах нь тус компаний үүрэг тул хэрэглэгч нарын эрх ашгийг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлуулах болон хэрэглэгч нарын эрх ашгийг хамгаалахыг үүрэг болгуулахаар иргэний шүүхэд хандах эрх нь оршин суугчдад нээлттэй байгаа юм.
Иймд Дархан сумын х тоот орон сууцны хувьчлалыг хүчингүй болгож өгнө үү. Миний бие нийтийн эрх ашгийг хамгаалж энэ байрыг суллаж өгөөд буруутай газраас нь орон сууцны болон засварын мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Дархан сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 2 дугаар орцонд байрлах Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарах цахилгааны ерөнхий шитний /техникийн/ өрөөг Дархан-Уул аймгийн ОХХ-ны 2004 оны 08 дугаар сарын 26 ны өдрийн 32 дугаар тогтоолыг үндэслэсэн гэж Дархан-Уул аймгийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн албаны улсын бүртгэлийн Ү-1 дугаарт бүртгэж С.Сд хувьчилж олгосон орон сууц өмчлүүлэх Оо дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулж, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах цахилгааны ерөнхий шитний өрөөг дундын өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгуулах” -аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Дархан сумын 000 давхрын цахилгааны ерөнхий шитний /техникийн/ х тоот өрөөг хувьчилсан нь хууль бус байсан болохыг тогтоож, Дархан-Уул аймгийн Ү-1дугаар бүртгэл, Д.О-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 1дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах цахилгааны ерөнхий шитний өрөөг дундын өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Маргаан бүхий Дархан сумын Х тоот сууцны бус зориулалттай техникийн үйлчилгээний 12 м2 талбай бүхий 1 өрөө сууцыг /цахилгааны ерөнхий шитний өрөөг/ Дархан-Уул аймгийн ОХХ-ны2004 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 32 дугаар тогтоолыг үндэслэн иргэн С.С-д 2005 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1 Да орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлийн Ү-1 дугаарт бүртгэгдэж, улмаар С.С-оос 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээгээр О.С-д, 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээгээр Б.Ж-д, 2012 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр С.Б-д, 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Д.От тус тус өмчлөх эрх нь шилжигджээ.
Монгол Улсын Их Хурлын 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 27 дугаар тогтоолын 2-д “төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь техникийн өрөөг магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоогдсон тохиолдолд уг техникийн өрөөг зохих эрхийн бичгийн үндсэн дээр сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигчдэд нь өмчлүүлэх эсэх асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгаж, уг тогтоолын 3-д “төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцны бус зориулалттай техникийн болон үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар ашиглах эрхийн бичиг олгох явдлыг таслан зогсоох арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад даалгаж гэсэн тогтоол гарсан бөгөөд энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Үйлчилгээний өрөөг шилжүүлэх тухай” 140 дүгээр тогтоолд “төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байна. Энэхүү тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооны 2005 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймгийн ОХХ-ныбүрэлдэхүүнийг, Төрийн өмчийн хорооны дарга, Дархан-Уул аймгийн Засаг даргын хамтарсан 2005 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 28/1/842 дугаар шийдвэрээр магадлан шинжлэх хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж байсан болох нь тогтоол, шийдвэр, хуралдааны тэмдэглэлээр батлагдаж байна.
Дээрх зохицуулалтаас үзэхэд үйлчилгээний өрөөг иргэдийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч хариуцагч Дархан-Уул аймгийн ОХХ нь маргаан бүхий “00”-ын өрөөг тухайн орон сууцанд хүн амьдрах шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гараагүй, хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг шалгаж тогтоогоогүй, ОХХ, магадлан шинжлэх хэсгийн хамтарсан хуралдаанаар хэлэлцэгдээгүй байхад иргэн С.С-д өмчлөх эрхийн гэрчилгээг бичиж олгосон нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д “... тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана”, хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д Магадлан шинжлэх хэсэг тухайн орон сууц хүн амьдрах шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргана“ гэж заасныг зөрчсөн байна.
Иргэн С.Сд Дархан сумын 8 дугаар багийн Х тоот орон сууцыг 2005 оны 08 дугаар сарын 23-ний өдрөөс эзэмшүүлэхээр 33500 дугаарын орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгснөөр, С.С нь Дархан сумын сууц өмчлөлийн комисст 2005 оны 08 дугаар сарын 20-ний өдөр тухайн байрыг хувьчлах тухай өргөдлөө гаргажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд С.С-ын хувьд байр хувьчлах тухай өргөдлөө гаргасны дараа сууц өмчлөгчдийн Чандмань-өргөө холбооны 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт, 8 дугаар багийн засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 896 дугаар албан бичиг, мөн өдрийн Голомт банкны орлогын мэдүүлэг зэргийг бүрдүүлж өгсөн байх бөгөөд Дархан сумын Орон сууц хувьчлах асуудлыг хянан шийдвэрлэх комиссын 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 09 дүгээр хуралдааны тэмдэглэлд /С.С-ын өргөдлийн дагуу/ орон сууц хувьчлах асуудлыг хэлэлцсэн “материал бүрэн байна” гэж тэмдэглэгдсэн ба шийдвэрлэсэн хэсэгт С.С-ын өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, тухайн хуралдаан болох үед материалгүйгээр тэмдэглэлд тусгуулж, дараа нь бүрдүүлбэл зохих материалыг бүрдүүлж өгсөн болох нь нотлогдож байна.
Түүнчлэн хариуцагч Аймгийн ОХХноос маргаан бүхий цахилгааны щитний өрөөг С.С-д хувьчилж Орон сууц өмчлөх эрхийн Оо Да гэрчилгээг олгохдоо аймгийн ОХХ-ны2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолоор гэж бичсэн нь ойлгомжгүй, С.С нь хувьчлах тухай өргөдөл холбогдох материалаа 2005 оны 8 дугаар сард гаргаж өгсөн байхад 2004 оны тогтоолын дугаарыг бичиж олгосон нь огноо хугацааны хувьд зөрүүтэй, мөн 2004 оны 32 дугаар тогтоол, тогтоолын хавсралтад С.Бын нэр нь бичигдээгүй, 2004 оноос хойших аймгийн ОХХ-нытогтоолд С.С-ын нэр байхгүй байгаа зэргээс дүгнэхэд С.Сд орон сууцыг хувьчлан авах эрх үүсээгүй байх тул С.Быг хууль ёсны өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, Орон сууц хувьчлах тухай хуулийн 121 дугаар зүйлд “эзмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай өргөдийг орон сууц хувьчлах товчоонд гаргах” мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “орон сууц хувьчлах товчоо өргөдлийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор хувьчлах тухай шийдвэр гаргах” гэсэн заалттай нийцээгүйн гадна тухайн байрны оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ч хөнджээ.Иймд маргаан бүхий Дархан сумын х дугаар орцны 02 тоот сууцны бус зориулалттай техникийн үйлчилгээний 12 м2 талбай бүхий 1 өрөө сууцыг /цахилгааны ерөнхий шитний өрөөг хууль бусаар хувьчилсан нь тогтоогдож байх тул улсын бүртгэлийн Ү-1 дугаар бүртгэл, тухайн орон сууцны одоогийн өмчлөгч Д.О-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 1дугаарын гэрчилгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч УБ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан тохиолдол бүрт хуульд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүд тогтоогдоогүй байсан гэж үзэн мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн байх ба бүртгэсэн үйлдэл нь хууль зөрчөөгүй, хариуцагчийг буруутгах боломжгүй байх хэдий ч энэ тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцэхгүй байна.
Нэгэнт Дархан сумын х дугаар орцны 02 тоот сууцны бус зориулалттай техникийн үйлчилгээний 12 м2 талбай бүхий 1 өрөө сууцыг /цахилгааны ерөнхий шитний өрөөг хувьчилсан нь хууль бус байсан болох нь тогтоогдсон бөгөөд Орон сууцны тухай хуулийн 3.1.9-т инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан өрөөг “Техникийн өрөө” гэж нэрлэнэ, 15.3-т Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “... сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, ...эд хөрөнгө зэргийг дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарна”, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1-т заасан эд хөрөнгийг” гэж тус тус хуульчилснаар техникийн өрөө нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байх тул 16 дугаар байрны 02 тоот цахилгааны шитний өрөөг дундын өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Дархан-Уул аймгийн ОХХнд даалгах нь үндэслэлтэй байна.
Гуравдагч этгээд Д.О-ээс “Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хороолол 16 дугаар байрны 02 тоот орон сууцны хувьчлалыг хүчингүй болгож өгнө үү. Миний бие нь нийтийн эрх ашгийг хамгаалж энэ байрыг суллаж өгөөд, буруутай газраас нь орон сууцны болон засварын мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна”гэж тайлбарлаж байх бөгөөд Д.О нь өөрт учирсан хохирлоо Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна” гэж зааснаар холбогдох эрх бүхий байгууллагуудаар шийдвэрлүүлэхийг дурдвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.3, 106.3.4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотэй эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 -д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын х дугаар орцны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Дархан сумын Х тоот цахилгааны ерөнхий шитний /техникийн/ өрөөг хувьчилсан нь хууль бус байсан болохыг тогтоож, Дархан-Уул аймгийн Ү-1 дугаар бүртгэл, Д.О-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 1дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Дархан сумын Х тоот цахилгааны ерөнхий шитний өрөөг дундын өмчлөлд буцаан шилжүүлэхийг Дархан-Уул аймгийн ОХХнд даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн ОХХ-оос 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА