Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2022/0160

 

 

“МЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэгч “МЭ” ХХК

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн сайд

Гуравдагч этгээд “Б” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 190 тоот тушаал, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 159 тоот тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 750 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа

Хэргийн индекс: 128/2019/0389/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “МЭ” ХХК нь Зам тээвэр, хөгжлийн сайдад холбогдуулан “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 190 тоот тушаал, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 159 тоот тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 750 дугаар шийдвэрээр:

2.1. “Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д заасныг баримтлан “МЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Зам, тээврийн хөгжлийн сайдад холбогдуулан гаргасан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн гэрчилгээ шинээр олгох, сунгах тухай 190 тоот тушаал, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн гэрчилгээ шинээр олгох, сунгах, хүчингүй болгох тухай 159 тоот тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нэхэмжлэгчийн зүгээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 190 тоот тушаал, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 159 тоот тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б миний бие нэхэмжлэлийн шаардлагаа Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 190 тоот тушаал, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 159 тоот тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор өөрчилсөн.

Гэвч анхан шатны шүүхээс уг өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1 д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж заасан.

Гуравдагч этгээд “Б” ХХК-д Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 190 тоот тушаал, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 159 тоот тушаалаар төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгосон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн бөгөөд манай компанийн хүнсний бүтээгдэхүүн зөөх технологийн горим алдагдаж, ачаа бараагаа зөөх боломжгүй болсон.

Хариуцагч нь маргаан бүхий тушаалуудыг гаргахаас өмнө манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж зөрчигдөж байгааг харгалзан үзээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй зэрэг зөрчлийг гаргасан гэж үзэж байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 750 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нар нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.  

 ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч “МЭ” ХХК-иас маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус байсан болохыг тогтоолгох болгон өөрчилсөн байна.

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ” гэж зааснаар хариуцагч нэхэмжлэлийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар тайлбар, нотлох баримтыг хүргүүлэх зохицуулалттай.

3.3. Хэдийгээр нэхэмжлэгчээс дээрх ажиллагаа явагдаагүй буюу хариуцагч гуравдагч этгээдэд гардуулж хариу өгөх боломжоор хангаагүй хэмээн тайлбарлаж байх боловч энэ тохиолдолд маргаж буй акт өөрчлөгдөөгүй буюу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 190 тоот тушаал, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 159 тоот тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсэг хэвээр байх бөгөөд зөвхөн шүүхээс гарах шийдвэрийн төрөл болох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан хууль бус захиргааны актыг хүчингүй болгох шийдвэр бус 106.3.3-д заасан маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох шийдвэр гаргуулахаар маргасан учир нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

3.4. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тайлбарлаж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь захиргааны хэрэг үүссэний улмаас бусад хэргийн оролцогчдыг татан оролцуулж, ач холбогдол бүхий баримтуудыг цуглуулж шаардлагатай тайлбарыг гаргуулан авах зорилготой бөгөөд энэ тохиолдолд хэрэгт хамааралтай нотлох баримтууд бүрэн цугласан, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл өөрчилсөн шаардлагад хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс эс зөвшөөрсөн хариу тайлбарыг өгсөн байх тул аливаа хэлбэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй гэж үзлээ.

3.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч нь маргаан бүхий тушаалуудыг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлыг мөн хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн “…хууль бусаар олгосон гэх баримт тогтоогдохгүй…” гэх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

3.6. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлж тогтоох ажиллагаа хийх замаар бодит нөхцлийг тогтоох үүрэгтэй.

3.7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект үйл ажиллаагаанд гэрчилгээ олгох ажлын хэсгийн хурлын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлээс үзвэл захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа маргаан бүхий газар дээр биечлэн очиж шалган шаардлагатай нөхцөл байдлыг тогтоосон болох нь нотлогдож байх тул гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

3.8. Мөн нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж заасан ажиллаагааг хийгээгүй хэмээн тайлбарлаж байх боловч маргаан бүхий актууд нь тусгай зөвшөөрөл олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шаардаж буй ажиллагаа нь аливаа этгээдэд сөрөг үр дагавар үүсгэх захиргааны актад хамааралтай болохыг анхаарах нь зүйтэй.

3.9. Нөгөөтэйгүүр, маргаан бүхий актууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байхад гуравдагч этгээд “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо нэхэмжлэгч “МЭ” ХХК-д шийдвэр гаргах ажиллагааны талаар мэдэгдэх болон маргаан бүхий актууд хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд урьдчилан сонсох ажиллагаа хийгдэх шаардлагагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ .

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 750 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “МЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА