Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 509

 

 

 

                                                      

                                                                   

                             

 

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Жалханц Хутагт Дамдинбазарын гудамж 80-1 Эбо төвийн 301 тоотод байрлах, регистрийн дугаар 5885418, Эбо Инвест ББСБ, ХХКомпанийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол,  дугаар байрны 54 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжны 52-А тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ 89060111, Илзгэн овогт Түнтээгийн Улаанбаатарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 41 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ,  түүний өмгөөлөгч М.Цэнгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэнминжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч:Эбо Инвест ББСБ, ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээг байгуулж түүний эзэмшлийн 74-58 УНП улсын дугаартай Lexus 470 маркийн авто машиныг барьцаалан фидукцийн гэрээ байгуулан сарын 4 хувийн хүүтэй, 25 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн.Ийнхүү гэрээ байгуулсанаас хойш гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байна.Т.Улаанбаатар 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1 120 000 төгрөгийн хүү, 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 4 200 000 төгрөгийн хүү, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийн хүү, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2 659 000 төгрөгийн хүү, 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 2 667 000 төгрөгийн хүүг тус тус төлсөн ба үүнээс хойш төлөлт хийгээгүй байна.Иймд Т.Улаанбаатараас зээлийн үндсэн төлбөр 25 000 000 төгрөг, зээлийн хүү 16 750 000 төгрөг нийт 41 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Т.Улаанбаатартай 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг түүнээс шаардаж байгаа.Одоо түүнээс үндсэн зээлийн 25 000 000 төгрөг, зээлийн хүү 13 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 750 000 төгрөг нийт 41 750 000 төгрөгийг гаргуулна гэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Тухайн үед үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй байсан. Т.Улаанбаатар өөрийн биеэр ирж зээлийн гэрээг 2 сараар сунгах хүсэлт гаргаж сунгаад үүнээс хойш түүнийг хайгаад олоогүй, барьцааны эд хөрөнгийг ч хайгаад олдохгүй байсан бөгөөд уг машиныг өөр хүн унаж явсантай захирал тааралдаж Т.Улаанбаатрыг олсон байгаа.Иргэний хуульд зааснаар барьцааны хөрөнгийг зээлдэгчид мэдэгдэлгүйгээр шууд борлуулах эрх байхгүй.Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байгаа.Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Улаанбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:Би нэхэмжлэгч байгуулагатай 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, барьцаанд өөрийн эзэмшлийн 74-58 УНП улсын дугаартай Lexus 470 маркийн авто машиныг тавьсан бөгөөд гэрээний дагуу зээлийн хүүнд 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүртэл 11 646 000 төгрөг төлсөн.Би зээлийн 25 000 000 төгрөгийг санхүүгийн хүндрэл, бэрхшээлээс болоод төлж чадаагүй тул нэхэмжлэгч байгууллага гэрээний хугацааг 2 сараар сунгасан ба сунгасан хугацааны хүүг бүрэн төлсөн байхад 4 сарын хүү нэмж төлүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.Би үндсэн зээлийн 25 000 000 төгрөгийг төлнө, нэхэмжлэлд дурдсан зээлийн хүү болох 16 750 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна.Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар зээлийн хүүгийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэнминжин шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээнд эхний ээлжинд зээлийн нэмэгдүүлсэн хүү болон хүүгийн төлбөрийг хийлгэж, үлдэх хэсгээр нь үндсэн зээлийг төлүүлнэ гэж заасан боловч нэхэмжлэгч байгууллага зээлдэгчээр зөвхөн үндсэн хүүг төлүүлж, үндсэн зээлийн төлбөрөөс хасалт хийгээгүй нь гэрээний заалтыг зөрчсөн байна.мөн зээлийн гэрээнд зааснаар гэрээг 2 удаа сунгаагүй байхад зээлдэгчээр 3 659 000 төгрөгийн хүү төлүүлсэн байна.Мөн гэрээнд зөвхөн зээлдүүлэгчийн саналаар гэрээг хугацаанаас өмнө цуцална гэж нэхэмжлэгч байгууллага өөртөө давуу байдлыг тусгасан байх бөгөөд гэрээг зээлдэгчийн санаачилгаар цуцлах эрхийг хязгаарласан байна.Зээлийн гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн байхад нэхэмжлэгч байгууллага энэхүү эрхээ хэрэгжүүлэхгүй зээлдэгчээр илүү хүү төлүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.Гэрээний 3.1.4-т заасны дагуу үүргийн зөрчил үүссэн байхад 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс  хойш барьцаа хөрөнгийг худалдан борлуулан зээлийг төлүүлж болох байсан боловч энэ арга хэмжээг авахгүйгээр барьцаа хөрөнгийн үнэлгээ илт буурсан ба нэхэмжлэгч байгууллага барьцаа хөрөнгийг үндсэн төлбөрт авч, хүүг урт хугацаагаар тооцоолж авах ашигтай байдлыг өөртөө бий болгосон байна.Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын хувьд ойлгомжгүй, тодорхой бус байх бөгөөд зээлдэгчээр төлүүлсэн эхний 3 сарын хүүгийн төлбөрөөс хойш төлсөн хүүг үндсэн зээлийн төлбөрөөс хасах байсан гэж үзэж байна.Нэхэмжлэгч байгууллага барьцаа хөрөнгө болох 74-58 УНП улсын дугаартай Lexus 470 маркийн авто машиныг зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн байдаг бөгөөд Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар нэхэмжлэгч байгууллага 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш гэрээг цуцалж, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах боломжтой байсан боловч энэхүү эрх хэрэгжүүлэхгүй, хөрөнгийн үнэлгээг 50 хувиар бууруулан үнэлсэн байгаа нь зээлдэгчийн эрхийг зөрчиж байна.Иймд Т.Улаанбаатар үндсэн зээлийн 25 000 000 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүний 3 750 000 төгрөгийг барьцааны хөрөнгөөр төлөхийг зөвшөөрнө, үлдсэн зээлийн хүүг зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Эбо Инвест ББСБ, ХХКомпани хариуцагч Т.Улаанбаатарт холбогдуулан үндсэн зээлийн 25 000 000 төгрөг, зээлийн хүү 13 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 750 000 төгрөг нийт 41 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч Т.Улаанбаатар 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ЭБО Инвест банк бус санхүүгийн байгууллага, ХХКомпаниас 25 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд 74-58 УНП улсын дугаартай Lexus 470 маркийн авто машиныг барьцаалсан болох нь зохигчдын хооронд хийгдсэн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ20141113/01 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн ФД20141113/01 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч байгууллагын шаардлагаас үндсэн зээлийн 25 000 000 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүгийн 3 750 000 төгрөгийг төлнө, зээлийн үндсэн хүүгийн 13 000 000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч Т.Улаанбаатар ЭБО Инвест банк бус санхүүгийн байгууллага, ХХКомпанитай байгуулсан зээийн гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-т “Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж талууд тохирсон байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн  453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байна.

 

Мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 24 дүгээр зүйлийн 24.3-т  “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан байхад зээлийн үндсэн хүүгийн 13 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн 1/424 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр авсан байх тул энэхүү байгууллагаас олгосон зээлийн үйл ажиллагааг Иргэний хуулийн хоёрдугаар дэд бүлэгт нарийвчлан зохицуулсан байдаг тул мөн хуулийн хорин дөрөв дүгээр бүлэгт заасан зээлийн зохицуулалт энэхүү зээлийн маргаанд хамаарахгүй зохицуулалт байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Хариуцагч Т.Улаанбаатар нэхэмжлэгч байгууллагад эргүүлэн зээлийн гэрээний үүргээс 11 645 000 төгрөгийг төлсөн байгаад талууд маргахгүй байгаа бөгөөд энэхүү үнийн дүнгээс эхний 3 сарын зээлийн үндсэн хүүг хасаад үлдэгдлийг зээлийн үндсэн төлбөрөөс хасууна гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар хуульд нийцэхгүй байна.

 

Иймд  Т.Улаанбаатараас үндсэн зээлийн 25 000 000 төгрөг, зээлийн хүүд 13 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 750 000 төгрөг нийт 41 750 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч байгуулагын шүүхэд 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Т.Улаанбаатарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан Т.Улаанбаатарыг эрэн сурвалжлуулах хүсэлт, 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Замын Цагдаагийн газарт гаргасан 74-58 УНП улсын дугаартай Lexus 470 маркийн авто машиныг олж саатуулах тухай хүсэлт зэргээс үзэхэд талуудын хооронд хийгдсэн ФД20141113/01 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд заасны дагуу зээлдэгч Т.Улаанбаатарын гэрээгээр хүлээсэн үүргийг хангах боломжгүй байсан болох нь харагдаж байна.

 

Хариуцагч тал барьцааны хөрөнгөөр зээлийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байх тул барьцааны хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Түнтээгийн Улаанбаатараас 41 750 000 /дөчин нэгэн сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан Эбо Инвест банк бус санхүүгийн байгууллага, ХХКомпанид олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Улаанбаатараас 366 700 /гурван зуун жаран зургаан мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эбо Инвест банк бус санхүүгийн байгууллага, ХХКомпанид олгосугай.

 

3.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Улаанбаатар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцааны хөрөнгө болох 74-58 УНП улсын дугаартай Lexus 470 маркийн авто машиныг шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      З.ДОРЖНАМЖИН