Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1248

 

 

 

 

 

 

 

 

   2020        07           06                                  2020/ШЦТ/1248

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч М.Батзаяа,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Б.Бт холбогдох эрүүгийн 2006 02407 1591 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан Хуаран хотхоны 86 дугаар байрны орцонд иргэн Б.Нандин-Эрдэнийг пизда гэж хэллээ гэх шалтгааны улмаас гараараа зодож зүүн нүдний зовхи, уруулд шарх, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас иргэн Б.Нандин-Эрдэнээс ирсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, хохирогч Б.Нандин-Эрдэнийн мэдүүлэг /хх-7,20,23/, гэрч Б.Мэндбаярын мэдүүлэг /хх-9-10, 25-36, 38/, насанд хүрээгүй гэрч Б.Болорзаяагийн мэдүүлэг /хх-40-41, 43/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан Хуаран хотхоны 86 дугаар байрны орцонд иргэн Б.Нандин-Эрдэнийг “пизда гэж хэллээ” гэх шалтгааны улмаас гараараа зодож зүүн нүдний зовхи, уруулд шарх, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Иргэн Б.Нандин-Эрдэнээс гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нандин-Эрдэнийн “...2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр би найз Мэндбаяр, Болорзаяа нартаа Цагаан Хуарангийн 86 дугаар байрны гадаа байж байтал үл таних 2 залуу ирээд найз Мэндбаярыг хөгшөөн зодолдох уу гээд байсан. Тэгэхээр нь би яасан зодолдох юм уу гэсэн чинь саарал цамцтай бүдүүн залуу нь заамдаад чам шиг жоохон охидууд болоогүй шүү гэхэд манай найз Мэндбаяр бид нарыг больцгоо гээд Мэндбаяр, Болорзаяа бид гурав тээврийн хэрэгсэлдээ сууцгааж байгаад би бууж утсаар ярих гээд зогсож байсан чинь нөгөө хоёр залуу миний хажууд ирээд чамайг би маргааш гэрт чинь очоод хутгалж ална аа. Чам шиг охидуудыг би зарчхаж чадна шүү гээд байхаар нь би нэг эмэгтэй тэр хоёр залуутай цуг явж байхаар нь тэр эмэгтэйд нь наад янханаа зараад таашаал аваарай гэж хэлээд орцруугаа орсон чинь араас ирээд нүдний шилтэй залуу нь намайг үстээд газар унагаад миний нүүрэн тус газар 3 удаа цохиход, саарал цамцтай бүдүүн залуу нь миний толгойн дээр 2 удаа дэвсэхэд найз Мэндбаяр бид нарыг салгасан чинь хар майктай эмэгтэй нь чамайг зарчхаж чадна шүү гээд намайг үстээд толгой дархаар нь би буцаагаад үстсэн чинь Мэндбаяр намайг өмөөрөөд тэр хоёр залуугийн нүдний шилтэй залуугийн нүүрэн тус газар нь 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, “...Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ Буянбаатар, Баатарсүх нар нь миний биед халдсан гэж мэдүүлэг өгсөн. Учир нь Буянбаатар, Баатарсүх нар нь хоёулаа дайрч давшилаад байсан тул би хоёуланг нь зодсон гэж мэдүүлэг өгсөн. Гэвч сүүлд санаад байхад Буянбаатар гэх нүдний шилтэй залуу нь шинжээчийн 5775 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг гараараа зүүн нүд орчимд 1 удаа, уруул хамар хэсэгт 1 удаа цохиж гэмтэл учруулсан...” /хх-7, 20, 23/  гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мэндбаярын “...Нандин-Эрдэнэ тэр хоёр залуутай маргалдаж байгаад орцруугаа ороход. Тэр хоёр залуу араас нь дагаад орчихсон. Би Нандин-Эрдэнийг энэ залуу яаж ч магадгүй гэж бодоод араас нь дагаад ороход нүдний шилтэй залуу нь Нандин-Эрдэнийг үстээд даржунагаахад, хажууд нь байсан бүдүүн залуу нь баруун гараараа 1 удаа Нандин-Эрдэнийн нүүрэн тус газар нь цохиод. Тэгээд би болиулах гээд тэр 2 залуутай зууралдаж байгаад нүдний шилтэй залуугийн нүүрэн тус газар нь 1 удаа цохиод, бүдүүн залуугийн нүүрэн тус газар нь 1 удаа цохиход нүдний шилтэй залуу нь намайг буланд шахаж унагааж баруун мөр хэсэгт 1 удаа хөлөөрөө дэвссэн. Нүдний шилтэй Буянбаатар гэх залуу нь Нандин-Эрдэнийн толгойноос нь үсдэж унагаагаад толгойн тус газарт нь 1 удаа цохисон.” /хх-9-10, 25-36, 38/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Болорзаяагийн “...2020 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн орчимд би Цагаан Хуаран хотхоны 86 дугаар байрны гадаа найз Мэндбаяр, Нандин-Эрдэнэ нартай юм яриад зогсож байхад үл таних 2 залуу ирээд үзэх үү алалцах уу гээд Мэндбаяр руу дайраад байсан. Нандин-Эрдэнэ тэр 2 залуутай маргалдаж байгаад Нандин-Эрдэнэ, Мэндбаяр бид гурав гэртээ орох гээд орцруугаа ороход араас тэр 2 залуу дагаж орж ирээд Нандин-Эрдэнийг нүдний шилтэй залуу нь үстэж унагаахад, бүдүүн залуу нь Нандин-Эрдэнийг заамдаж буланд шахсан байдалтай зогсож байхад нь нүдний шилтэй залуу Нандин- Эрдэнийн нүүрэн тус газар нь баруун, зүүн гараараа ээлжлэн 8-10 удаа цохисон. Нүдний шилтэй Буянбаатар гэх залуу нь Нандин-Эрдэнийн нүүрэн тус газар нь 1 удаа цохиод, 1 удаа дэвссэн...” /хх-40-41, 43/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын            15-ны өдрийн 5775 дугаартай дүгнэлтэд:

 

            1. Б.Нандин-Эрдэнийн биед зүүн нүдний зовхи, уруулд шарх, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой..

            3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх шинэ гэмтлүүд байна. /хх-23-24/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан Хуаран хотхоны 86 дугаар байрны орцонд иргэн Б.Нандин-Эрдэнийг пизда гэж хэллээ гэх шалтгааны улмаас гараараа зодож зүүн нүдний зовхи, уруулд шарх, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Х овогт Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000, 150.000, 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА