| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00142/и |
| Дугаар | 455 |
| Огноо | 2017-02-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 455
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Солонгос улсын Сөүлтигбёл хот, Жунру дүүрэг, Шинмүнру 1 га 1324, 1325 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 1018617036, Ёнжин Глобал Ложистик компанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянзүрхдүүргийн 1 дүгээр хороо, 27 дугаар байрны 41 тоотод бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Есөн Эрдэнэ хотхоны 29 дүгээр байрны 44 тоотод байнга оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ХБ 87022170, Долоон Бурхан овогт Энхтайваны Өлзийд холбогдох
Зээлийн гэрээний үүргийн10 620 873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагч Э.Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүхэд нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:БНСУ-ын хуулийн этгээд Ёнжин Глобал Ложистик компани олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2005 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн В-2407 тоот шийдвэрээр Улаанбаатарт төлөөлөгчийн газар байгууллан ажиллаж байна.Э.Өлзий БНСУ-ын Сөүл хотоос контейнер оруулж ирэхдээ тээврийн зардлын 6665 ам долларыг Ёнжин Глобал Ложистик компаниар урьдчилан төлүүлж, уг компанийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газартай 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдөр зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулж өөрийн биеэр гаалийн байгууллагаас бараагаа хүлээн авсан байгаа.Зээлийн хугацаа хэтэрч мөнгөө төлөхийг шаардаж байсан боловч Э.Өлзий 2400 ам долларыг төлж, үлдэгдэл 4265 ам долларыг төлөхгүй байна.Иймд үндсэн зээлийн 4265 ам доллар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш 2490 төгрөгөөр тооцож 10 620 873 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу Э.Өлзийгөөс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Өлзий шүүхэд гаргасан тайлбартаа:Би БНСУ-аас контейнер оруулж ирээгүй бөгөөд манай хадам аав Д.Баярмандах надтай утсаар ярьж Сэргэлэнгийн нэр дээр контейнер явуулсан байгаа, хүлээн авах хүн байхгүй учраас Ёнжин Глобал Ложистик компани дээр очоод контейнер хүлээгээд авчих гэсэн учраас контейнерийг хүлээн авсан.Хадам аав Д.Баярмандах тухайн үед контейнер ачуулахдаа тээврийн зардлын тал мөнгийг өгөөд үлдсэн мөнгийг контейнероо авч хүмүүсийн ачаа барааг тарааж байгаад мөнгө цуглахаар өгнө гэж Ёнжин Глобал Ложистик компанийн Солонгос улсад байгаа газартай тохирсон учир зээлээр өгсөн юм.Намайг очоод контейнерийг авах үед зээлээр авч байгаа гэдгээ бичээд өг гэсний дагуу бичиж гарын үсгээ зурсан, хадам Ёнжин Глобал Ложистик компанийн Солонгос дахь газарт төлбөрөө төлж байгаа гэж надад хэлсэн.Хадам аав Д.Баярмандах төлбөрийг төлөхгүй гэж хэлээгүй, гэхдээ одоо үеийн долларын ханшаар төлөхгүй гэж надад хэлсэн.Би Ёнжин Глобал Ложистик компанитай албан ёсны гэрээ хийгээгүй, 2014 оны 3 дугаар сард контейнер хүлээж авсан өдрийн ам долларын ханшаар үлдэгдэл төлбөрийг хадам аав Д.Баярмөнх төлөхөд бэлэн гэснийг уламжилж байна гэжээ.
Хариуцагч Э.Өлзий шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай хадам аав 2015 онд Солонгос улсаас контейнертэй ачаа явуулсан, 1 контейнерт 5200 ам доллар төлөх байснаас 2400 ам долларыг төгрөгөөр төлсөн.Өмнөх контейнерийн үлдэгдэл төлбөрийг нэмээд 4265 ам доллар үлдсэн байх.Түүнээс би Ёнжин Глобал Ложистик компаниас бэлэн мөнгө зээлж аваагүй, хадам аавын явуулсан контейнерийг нэхэмжлэгч байгууллагаас хүлээж авсан, түүний үлдэгдэл төлбөрийг хадам аав төлөх байх, тээврийн төлбөрийг дараа төлөхөөр гэрээ хийсэн гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ёнжин Глобал Ложистик Компани хариуцагч Э.Өлзийд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн төлбөрт 10 620 873 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хэргийн 11, 12 дугаар хуудсанд авагдсан зээлийн гэрээг үндэслэн Э.Өлзийд 6665 ам доллар зээлдүүлсэн, үүний үлдэгдэл 4265 ам доллар буюу 10 620 873 төгрөгийг хариуцагч Э.Өлзийгөөс гаргуулна гэж тайлбарлаж байх боловч дээрх 2 төрлийн зээлийн гэрээ гэх баримтад нэхэмжлэгч байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй байна.
Нөгөө талаар тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд уг хэлцлийг хийсэн эсэх, зээлдэгч болон зээлдүүлэгч байгууллагын төлөөлөгчийн гарын үсэг гаргацгүй, тодорхойгүй байна.
Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байхад нэхэмжлэгч байгууллага нь Э.Өлзийд 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 6665 ам долларыг бодитоор шилжүүлж өгсөн тухайгаа баримтаар нотлоогүй байна.
Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага 6665 ам долларыг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй байхад тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Э.Өлзийгөөс зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар тухайн зээлийн мөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн тухай үйл баримтыг өөрөө нотлох үүрэгтэй байдаг.
Солонгос улсаас ирсэн ачааны тээврийн зардлын мөнгийг нэхэмжлэгч байгууллага Э.Өлзийгөөс авах ёстой гэсэн атлаа түүнд тээврийн зардлын мөнгийг зээлдүүлсэн гэх шаардлага нь тодорхойгүй байх тул Ёнжин Глобал Ложистик компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Энхтайваны Өлзийгөөс 10 620 873 /арван сая зургаан зуун хорин мянга найман зуун далан гурван/ төгрөг гаргуулахыг хүссэн Ёнжин Глобал Ложистик компанийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 900 /нэг зуун наян дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д заасныг баримтлан зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН