Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Дгийн Тт холбогдох 2035000000094 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр баг, Арбулагт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Б ургийн овогт Дгийн Т, регистрийн дугаар: ОС87100613.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

           Шүүгдэгч Д.Т нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хяр гэх газраас 2017 оны 12 дугаар сард иргэн Л.Мийн хар халтар зүсмийн нэг тооны гүү хулгайлж 550.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 2035000000094 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Л.Мийн “...Би 2017 оны 12 дугаар сард Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн нутаг Өндөр улаан гэх газарт өвөлждөг байсан ба манай адуу мал Цагаанхайрхан сумын Хунт багийн нутаг Хярын Арбулаг гэдэг газар бэлчдэг байсан. Манайх нийтдээ 4 хэсэг 110 гаруй адуутай. Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны үед адуунуудаа Говь гэдэг газраас Хяр гэдэг газар луу гаргасан. Тэгээд 2018 оны 1 дүгээр сарын 17-ны үед очиж адуунуудаа бүртгэхэд саарал азаргатай адуунаас нэг тооны хоёр чих нь гол цуулбар имтэй, хоёр талын гуян дээр дором тамгатай, хар халтар зүсмийн гүү алга болсон байсан ба өөрөө эрж хайж байгаад Мянганбаярын Т гэдэг залуу хулгайлж авч сумын төв дээр байдаг М гэдэг залууд худалдсан гэдгийг мэдсэн. Тэгээд би Ттай өөртэй нь уулзаж “яагаад миний адуунаас хулгай хийсэн юм бэ” гэж асуухад намайг уучлаарай, би таны адуу гэдгийг мэдээгүй, төлж өгнө гэж хэлээд явсаар байгаад 2019 оны 9 дүгээр сарын 10-ны үед Цагаанхайрхан сумын Хунт багийн нутагт байдаг М гэдэг айлд намайг дагуулж очоод 5 тооны хонины төлөг өгсөн. Дараа нь 3 тооны эр ямаа өгнө гэж хэлсэн юм. Тэгээд надад үлдсэн 3 тооны ямаагаа өгөөгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

 мөн хохирогч Л.Мийн “...Би Тыг эртнээс таньдаг бөгөөд бид нар нэг багийн улсууд юм. 2017 оны 12 дугаар сард миний халтар гүү хулгайлагдах үед Ттай ямар нэгэн холбоо байгаагүй, хааяа энд тэнд мал хайж явах үед тааралдахаар мэнд усны зөрөөтэй явдаг юм. Өөрийнхөө адуу юм уу, өөр малаас Тт зарж борлуулсан болон унаж хэрэглүүлж байсан зүйл байхгүй, миний хулгайлагдсан нэг тооны халтар гүүг М худалдаж авсан гэдгийг мэдээд Мөнгөнцоотой тухайн үед уулзаагүй. Шууд Ттай уулзаж хэлэхэд би аваад Мид өгсөн нь үнэн. Та Мтой уулзаад яах юм, би төлөөд өгчихье гэхээр нь тохироод явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 мөн хохирогч Л.Мийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд дахин өгсөн: “...надад учирсан хохирлыг Т нь 2019 оны 9 дүгээр сард 2 настай 5 тооны хонь өгсөн, мөн 2020 оны 5 дугаар сарын 20-ны үед нас гүйцсэн 1 тооны эр хонь, 1 тооны эр ямаа, 2 настай 3 тооны хонь өгсөн ба миний хохирлыг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

         2. Гэрч Э.Мийн “...миний бие 2017 оны 12 дугаар сард М.Т гэдэг залуутай сумын төвд тааралдаж идэшний адуу зарах хүн байна уу гэж асуухад надад идэшний зарах адуу мал байгаа, хэдээр худалдаж авах юм бэ гэхэд нь чи байвал аваад ир, үзэж харж байгаад үнэ хөлсийг нь тохиролцъё гэж хэлсэн. Тэгээд 10-аад хоногийн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын сүүлээр манай гэрт өөрөө морь унасан, нэг хар халтар зүсмийн 4 настай, хоёр талын гуян дээрээ дором тамгатай гүү авчирч өгсөн. Тухайн үед тэр авчирч өгсөн малыг нь туранхай байна гэж хэлэхэд 400.000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Тэгэхээр 400.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр гүүг өөрийнхөө идшэндээ нядалж хэрэглэсэн. Тэгээд 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр М.Тын авчирч өгсөн гүүг хулгайн гүү гэдгийг сонсож Ттай уулзах гэсэн боловч уулзаж чадаагүй ба надаас зугтаагаад яваад байсан юм. М гэдэг хүний адуунаас хулгайлж авчирч өгсөн гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

мөн гэрч Э.Мийн дахин өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Т гэгчээс авсан хар халтар зүсмийн нэг тооны гүүг Лхагвасүрэн, Жавхлантөгс гэдэг хүмүүсийг дуудаж тэр хүмүүсийн хамт өөрийнхөө хашаандаа нядалсан. Тухайн үед миний эхнэр М байхгүй байсан ба хөдөө малын тооллогоор Цагаанхайрхан сумын Хунт багийн айл өрхүүдээр явж байсан юм. ...Өөртэй нь уулзах гээд чадаагүй. Тухайн үед тэр гүүний толгой арьс ширийг хадгалж байгаад өмхийрч муудахаар нь хавар 4 сард хог руу хаясан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

3. Гэрч Г.Мын “...Т нь 2019 оны 9 дүгээр сард манай гэр Цагаанхайрхан сумын 3 дугаар багийн нутаг Бяруугийн түнх гэх газарт намаржиж байхад тус сумын Хунт багийн иргэн Д.Мийг мотоцикльтай сундалдаж ирээд 5 тооны хонины төл барьж өгсөн. Тухайн төлөгнүүд Тын өөрийнх нь төлөг байсан. Байгаа мал нь тэр байсан юм. Тухайн хонины төлөгнүүд ямар зүс имтэй гэдгийг санахгүй байна. Тухайн үед нь Л.М, М.Т нар хоорондоо ямар өглөг авлагатай байгааг асуугаагүй. Уг нь Т 2019 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл манай гэрт туслах малчин хийж байгаад явсан. Тэрнээс хойш Байгалаа гэдэг эмэгтэйтэй нийлээд хамт амьдарч байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

4. Гэрч Б.Ж-ийн “...Миний бие 2017 оны 12 дугаар сард Цагаанхайрхан сумын төвд байх найз Мийн эхнэр М манайд идэшний адуу ирсэн байна, гаргалцаад өгөөч М ганцаараа байна, жоохон халамцуу байгаа юм байна гэхээр нь би Мийн гэрт очиход хар халтар зүсмийн бага адуу байхаар нь би гаргалцаж өгсөн. Им, тамгыг нь анзаараагүй ба тухайн үед харанхуй, орой болсон байхад тухайн идэшний адууг гэрэл тусгаж байгаад нядалсан. Би тухайн үед Моос хэнээс худалдаж авсан юм бэ гэж асуухад Т авчирч өглөө, 400.000 төгрөгөөр худалдаж авсан гэхээр нь ямар туранхай юм бэ гэж Мид хэлсэн. Тухайн үед Мийн ээж нь ирж адууны гэдсийг нь цэвэрлэж өгсөн ба Мийг идэш чинь ирсэн байхад архи уучихсан хэвтэж байдаг гэж уурлаж загнаж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

5. Гэрч А.Ц-гийн “...Миний бие 2017 оны 12 дугаар сард Цагаанхайрхан сумын төвд байхад миний хүү идэшний адуу гаргаж байна, та ирж гэдэс цэвэрлээд өг гэхээр нь би очиж тухайн идэшний адууны гэдэсийг нь цэвэрлэж өгсөн. Тухайн гүүний мөнгийг нөхөр бид хоёр хүүдээ өгсөн ба Т гэдэг залуугаас худалдаж авсан гэж хэлж байсан. Тухайн гүүг М хүнсэндээ хэрэглэсэн ба адуу нь хар халтар зүсмийн гүү байсан. Би им, тамгыг нь анзаараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

6. Гэрч Ч.Мын “миний бие 2017 оны 12 дугаар сард Цагаанхайрхан сумын Хунт багийн нутгаар мал тооллогын ажлаар Шинэбаяр, Ганбаатар, Цэрэндорж гэдэг хүмүүсийн хамт явж байгаад ирсэн. Намайг сумын төвд гэртээ ирэхэд манай нөхөр Т гэдэг хүнээс 1 тооны гүү худалдаж аваад нядаллаа гэж хэлсэн ба тухайн гүүг намайг байхгүй хойгуур нядалсан болохоор зүс им, тамгыг нь хараагүй юм. Тухайн гүүний мөнгийг манай хадам аав Эрдэнэбат өгсөн гэж хэлж байсан. Бид нар Тын авч ирж өгсөн адууг 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр М гэдэг хүний адуунаас хулгайлж зарсан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

7. Гэрч Ц.Э-ын “...Миний бие 2017 оны 12 дугаар сард Цагаанхайрхан сумын Хунт багийн нутаг Тугч гэх газар өвөлжиж мал маллаж байсан юм. Тухайн үед миний хүү хүнсэндээ Т гэгчээс нэг тооны гүү худалдаж авсан гэж надаас 400.000 төгрөг авсан. Би тухайн үед хүү Мид бэлнээр 400.000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг Тт өгнө гэж хэлж байсан. Хүү Мийн хүнсэнд авч хэрэглэсэн гүүг ямар зүсний, ямар им тамгатай гэдгийг нь мэдэхгүй. Хамт гаргалцсан хүмүүс сайн мэдэж байгаа байх, надаас ямар ч байсан мөнгө аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

8. Мал үнэлсэн тухай шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “2017 оны 12 дугаар сарын байдлаар Увс аймгийн Цагаанхайрхан суманд нас гүйцсэн гүүний зах зээлийн үнэ цэнэ 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг байсан болохыг тодорхойлов.” гэх 135 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/,

9. Шүүгдэгч Д.Тын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2017 онд манай Цагаанхайрхан сумын залуу болох М нь надтай таараад надад хэдэн төгрөг байна. Идэшний зарах адуу байна уу гэж асуухаар нь би “байна” гэж хэлсэн. Би хүнд 400.000 гаруй төгрөгийн өглөгтэй байсан бөгөөд тухайн хүн надаас мөнгөө нэхээд, надад өгөх мөнгө байхгүй байсан учир тухайн өдрөөс 10 хоногийн дараа манай сумын Цагаанхайрхан сумын Хяр гэх газарт манай сумын М гэх хүний буурал азаргатай 20 гаруй адуунаас хар халтар зүсмийн гүүг хулгайлаад Мид 400.000 төгрөгөөр худалдсан. Би Мэд учирсан хохирлыг барагдуулсан байгаа. 2019 оны 9 дүгээр сард 2 эм хонь, 4 төлөг өгөөд, 2020 оны 5 дугаар сарын сүүлээр 1 нас гүйцсэн эр хонь, 3 төлөг, 1 нас гүйцсэн эр ямаа нийт 11 тооны малыг Мэд өгсөн. Би гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ хүрэн алаг зүсмийн 8 настай өөрийн эзэмшлийн морь, мөн өөрийн эзэмшлийн монгол эмээлтэй, хар модоор хийгдсэн уурга, хазаар ашигласан. Хүрэн алаг зүсмийн 8 настай морь 2018 оны 2 сард өвс идэж байгаад хахаад үхчихсэн. Уурга нь хугарсан. Эмээл, хазаар нь байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58-р хуудас/,

10. Малд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-р хуудас/,

11. Эд мөрийн баримт хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, адууны нас тогтоосон болон адууг үнэлсэн шинжээчийн 135 дугаартай дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.

Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 12 дугаар сарын байдлаар Увс аймгийн Цагаанхайрхан сумын төвөөс хохирогч Л.Мийн нас гүйцсэн 1 тооны гүүг авч гэрч Э.Мид 400.000 төгрөгөөр худалдсан байна.

Шүүгдэгч Д.Т хохирогч Л.Мийн 1 тооны нас гүйцсэн гүүг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Мэд 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Д.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Л.Мийн “...надад учирсан хохирлыг Д.Т нь 2019 оны 9 дүгээр сард 2 настай 5 тооны хонь өгсөн, мөн 2020 оны 5 дугаар сарын 20-ны үеэр нас гүйцсэн 1 тооны эр хонь, 1 эр ямаа, 2 настай 3 тооны хонь өгсөн ба миний хохирлыг бүрэн барагдуулсан юм. Ерөнхийдөө надад учруулсан хохирлыг мал өгөх хэлбэрээр барагдуулсан. Надад Д.Тт гомдол, тэмцэл гээд байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/-ээр тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нь шүүгдэгч Д.Тт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс гэм буруутай этгээдэд ял халдаахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтөөр “Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Тт ял оногдуулахдаа оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна. Учир нь уг гэмт хэрэг нь 2017 оны 12 сард үйлдэгдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээний дотор буюу 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 174 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/-ээр гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан шүүгдэгч Д.Тын эзэмшлийн хүрэн алаг зүсмийн 8 настай морийг 700.000 төгрөгөөр, битүү ястай эмээл /хуучин/ 1 ширхэгийг 150.000 төгрөгөөр, хазаар /хуучин/ 1 ширхэгийг 5.000 төгрөгөөр, хар модон уурга /өөрөө хийсэн/ 1 ширхэгийг 2.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд эдгээр эд зүйлсийг гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан, мөн шүүгдэгч нь 2017 оны 12 дугаар сард хулгайлсан 1 тооны гүүг гэрч Э.Мид худалдаж 400.000 төгрөгийн ашиг орлого олсон болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Д.Тын бусдын малыг хулгайлж улмаар цааш нь бусдад худалдан борлуулж олсон 400.000 төгрөгийн ашиг орлого гэх мөнгийг, мөн гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан нас гүйцсэн морины үнэ болох 700.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Таас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүү ястай эмээл /хуучин/ 1 ширхэг, хазаар 1 ширхэг тус бүрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд зүйлсийн эзэмшигч, шүүгдэгч Д.Тт буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Дгийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүү ястай эмээл /хуучин/ 1 ширхэг, хазаар /хуучин/ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд зүйлсийн эзэмшигч, шүүгдэгч Д.Тт буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Таас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан нас гүйцсэн морины үнэ 700.000 /долоон зуун мянга/ төгрөг, нийт 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         А.МӨНХСАЙХАН