Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 146/ШШ2017/00009

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Өлзийт  сум, 1 дүгээр баг, “Бор хошуу” гэх газар  оршин суух Намдаг овогтой Цэрэнгийн Санжаагийн /РД:ЙК57042312/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Санжаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Ц.Санжаа миний бие нь 1979 оны 11 дүгээр сараас Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар 1992 оныг хүртэл ажилласан. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул миний ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Өлзийт  сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү  гэжээ ...Ц.Санжаа миний бие тус шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргасан. Би Өлзийт суманд  амьдардаг. Эхнэр бие муутай байнгын асаргаанд байдаг тул олон дахин нааш цааш явах боломжгүй байгаа тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө  үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Санжаа нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ц.Санжаа нь 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч ” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 549 дугаартай архивын лавлагааны хуулбар, Ц.Санжаагийн хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Шарнууд овогтой Цэрэнжавын Чимэг нь “...Би 1973 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 8 жилийн сургуульд багшаар ажиллаж эхэлсэн. Ц.Санжаа нь 1979 оны 10 дугаар сараас эхлэн Өлзийт “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ц.Санжаа 1993 оныг хүртэл Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ц.Санжаа нь одоо тус сумандаа малчнаар ажиллаж байна. Би тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж, мөн Дархан пунцаг овогтой Наранхүүгийн Лхагвасүрэн “...Би 1969 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Хүн эмнэлэгт хүний их эмчээр ажиллаж эхэлсэн. Ц.Санжаа нь 1979 оны 10 дугаар сараас эхлэн Өлзийт “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ц.Санжаа 1993 оныг хүртэл Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ц.Санжаа нь одоо тус сумандаа малчнаар ажиллаж байна. Би тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ц.Санжаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Мөн хүсэлт гаргагч Ц.Санжаа нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Намдаг овогтой Цэрэнгийн Санжааг 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч ” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Санжаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ          Б.САРАНТУЯА