Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00043

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэндаргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1963 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар баг, Дэрст гэх газар оршин суух, Жинст овогт Мянганы Батхишиг /РД:ГВ63013118/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1971 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Бүрэгхангай сумын ЗДТГ-ын мал зүйч ажилтай, Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр баг, 5 дугаар хороонд оршин суух, Ширээт овогт Дашцэрэнгийн Наранцацралт /РД:ГВ71041818/-д холбогдох нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00002/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Батхишиг, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Д.Наранцацралт, иргэдийн төлөөлөгч Д.Баасансүрэн, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Батхишиг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Наранцацралт 2015 оны хавар Бүрэгхангай сумын ЗДТГазрын коридорт намайг Бадамжунай сайдын адуунаас үрээ хулгайлсан, түлшний хулгайч, чиний үр хүүхэд хэзээ ч өөдлөхгүй, хулгай хар мөртэй гэж хэлсэн. Мөн 2015 оны намар Жамсранбат гэж хүнд хазгар Хишгээгийн түрүүлдэг даага нь тэрнийх биш, миний азарганы үр төл гэж ярьсан байсан. 2015 оны наадмын үеэр Наранцацралтын найз нь хотоос ирсэн гээд Бямбажавын гадаа боодог хийж байхад тэнд байсан хүмүүсийн дэргэд намайг шизотой, түлшний хулгайч, чамайг мэдэхгүй биш гэж доромжилсон. Би олон жил морь уясан. Сүүлийн жилүүдэд миний уясан морь амжилт үзүүлж байгаад Наранцацралт атаархан нэр төрийг минь гутааж, элдэв нэр хоч өгч, олон түмний өмнө хэл амаар доромжлох, ард түмний дунд буруу ташаа ойлголт төрүүлэхээр элдэв үйл ажиллагаа явуулдаг болсон. Өнгөрсөн жил болсон Хишиг-Өндөр сумын сургуулийн 90 жилийн ойн баярт түрүүлсэн халтар даагыг Хишгээгийн даага биш миний азарганы төл гэж хүмүүст худал цуу тараан, морио мотоциклиор хөөсөн гэж олны өмнө хашигичиж байсан. Наранцацралтын хэлж яриад байгаа нь үнэн, бодит байдалд нийцэхүй байгаа. Би түлш хулгай хийж авдаггүй. Худалдаж аваад өөрөө хэрэглэж илүү гарсныг нь зардаг нь үнэн. Иймд миний нэр төрийг сэргээж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Наранцацралт шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбатаа: Би хүнтэй муудалцаад байдаггүй, даруу төлөв зантай, олон жил төрийн албанд ажилласан хүн. Бидний маргалдах шалтгаан нь бэлчээрээс болж миний ажлын өрөөнд намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлохоор нь би хэрэлдсэн нь үнэн. Түлшний хулгайч, шизотой, хулгай хар мөртэй гэж хэлсэн нь үнэн. Баялаг бүтээгчдээс хулгай хийж амьдарч байгаа нь үнэн. Хүний морь хулгайлсан гэж хэлээгүй, Бадамжунай гэххүнийг ч би танихгүй. Батхишиг нь бэлчээр усны эхэнд буусан мөртлөө малаа услах гэсэн хүмүүсийг айлгаж, 3-4 айлын мал нийлүүлж бусармаг зүйл үйлдсээр байгаа. Мөн хурдан морины уралдааныг мотоциклиор дагаж хэрүүл маргаан үүсгэсэн. Жамсранбатынд тийм юм яриагүй. Шар халтар даага нь шар халтар азарганы төл гүүнээс гарсан гэж л ярьснаас биш би доромжилж яриагүй. Айраг ууж сууж байхдаа адууны гарал, угшил л ярьж байснаас биш хэн нэгнийг доромжлоогүй. 2015 оны наадмаар Бямбажав гэдэг айлд очсон нь үнэн. Батхишиг Баасансүрэнтэй ирээд хэл амаар доромжлоод байхаар нь би түлшний хулгайч минь надтай юм яривал тусдаа яриарай гэж хэлсэн. Тэгэхэд надруу мод бариад дайрсан. Тэнд байсан хүмүүс салгаад тэр хэрүүл маргаан дууссан. Өөрөө хүмүүсийг хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд:- Д.Наранцацралт нь 2015 онд М.Батхишигийг нэг бус удаа хулгайч, шезотой гэх мэт зүй бус үгээр хэлж сумын Тамгын газар болоод зарим иргэдийн дэргэд маргаж байснаа хүлээн зөвшөөрч уучлал гуйх, М.Батхишигийн хувьд зүй зохисгүй үг хэллэгийг олны дунд хэрэглэхгүй байх, цаашид хэн нэгэндээ гомдох, сэтгэлд эвгүй бодол төрүүлэх үг хэллэг хэрэглэхгүй, нутгийн хүмүүсийн хувьд эвтэй найртай байхаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж талууд гарын үсгээ зуржээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

М.Батхишиг нь Д.Наранцацралтад холбогдуулан нэр төр сэргээлгэх нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч М.Батхишиг нь хариуцагч Д.Наранцацралтад холбогдуулан нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад Д.Наранцацралт нь 2015 онд М.Батхишигийг нэг бус удаа хулгайч, шизотой гэх мэт зүй бус үгээр хэлж сумын Тамгын газар болоод зарим иргэдийн дэргэд маргаж байснаа хүлээн зөвшөөрч уучлал гуйх, М.Батхишигийн хувьд зүй зохисгүй үг хэллэгийг олны дунд хэрэглэхгүй байх, цаашид хэн нэгэндээ гомдох, сэтгэлд эвгүй бодол төрүүлэх үг хэллэг хэрэглэхгүй, нутгийн хүмүүсийн хувьд эвтэй найртай байхаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх,эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар М.Батхишигийн нэхэмжлэлтэй Д.Наранцацралтад холбогдох нэр төр сэргээлгэх тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Наранцацралт нь 2015 онд М.Батхишигийг нэг бус удаа хулгайч, шезотой гэх мэт зүй бус үгээр хэлж сумын Тамгын газар болоод зарим иргэдийн дэргэд маргаж байснаа хүлээн зөвшөөрч уучлал гуйх, М.Батхишигийн хувьд зүй зохисгүй үг хэллэгийг олны дунд хэрэглэхгүй байх, цаашид хэн нэгэндээ гомдох, сэтгэлд эвгүй бодол төрүүлэх үг хэллэг хэрэглэхгүй, нутгийн хүмүүсийн хувьд эвтэй найртай байхаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

О.ОДОНЧИМЭГ