Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 03

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа,

Улсын яллагчаар хяналтын прокурор З.Алтансолонго,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хосбаяр,

Шүүгдэгч Б.А  , Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Д  овогт Д гийн Б , Э  овогт Б гийн А  нарт  холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1937000140051 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Алтай суманд 1961 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын сантехникийн инженер мэргэжилтэй,  Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт оршин суух, РД:      ,  Д   овогт Д гийн Б ,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Алтай суманд 19   оны 09 дүгээр сарын   -ний өдөр төрсөн,   настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгааны инженер мэргэжилтэй,  Ховд аймгийн Алтай сумын З д-н орлогч ажилтай, Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт оршин суух, РД:      , Э   овогт Б гийн А ,

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

          Шүүгдэгч Д.Б , Б.А   нар  бүлэглэн Засгийн газрын 2006 оны 137

дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.5-д заасан “...Мэргэжлийн байгууллагын эрх олгох шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд гаргана...”    

            Шүүгдэгч Д.Б , Б.А   нар  бүлэглэн Засгийн газрын 2006 оны 137

дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.5-д заасан “...Мэргэжлийн байгууллагын эрх олгох шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд гаргана...” гэсэн заалтыг зөрчин эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль тогтоомжоор албан тушаалын байдалтай холбогдуулан олгосон өөрийн эрх мэдэл, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу “...Танай нөхөрлөл Майхан уулын орчин дахь эвдэрсэн талбайн нөхөн сэргээлтийн ажлаа 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэж сумын Засаг даргад хүлээлгэн өгөхийг мэдэгдье...” гэж 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 3/96 дугаартай албан  бичигт гарын үсэг зурж, албаны тамгаар баталгаажуулан шийдвэр гаргаж, сумын засаг даргын орлогч Б гын А ийн төрсөн дүү нар болох Б гын Амаржаргал, Б гийн Амарсайхан нарын байгаль орчны асуудал эрхэлсэн сайдаас газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх эрх олгогдоогүй буюу эрхгүй “Алтай хишиг говь” нөхөрлөлд олгон, тус нөхөрлөлд хууль бусаар газрын хэвлийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх давуу байдлыг бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Нөхөн сэргээлт хийлгэх асуудал нь тухайн Засаг дарга болон Засаг даргын орлогчийн эрх хэмжээнд хамаарна. Нөхөн сэргээлт хийлгэх тухай асуудал нь Засаг даргын тамгын газрын даргын эрх үүрэгт хамаарахгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар “Хууль тогтоомж, Засгийн газар, хурал Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох” гэж заасан байдаг юм. Уг эрх үүргийн хүрээнд би Засаг даргын орлогч Б.А  ийн өгсөн үүргийг  хэрэгжүүлэн  ажилласан юм...”гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч Д.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Сумын засаг даргын орлогч дарга Б.А   “Майхан хар”-д нөхөн сэргээлт явуулах үүрэг чиглэл өгсөний дагуу би төлөвлөсөн албан бичигт гарын үсэг зурсан. Энэ үйл ажиллагаа нь тус сумын засаг даргын 4 жилийн мөрийн хөтөлбөр, Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасгийн ажлын төлөвлөгөөнд орсон ийм ажил байсан болохоор би гарын үсэг зурсан. Үгсэж бүлэглэсэн болон ашиг сонирхолын зөрчил байхгүй. Орлогч даргын өгсөн үүргийг биелүүлснээрээ би буруутаж байна. “Алтай хишиг говь” нөхөрлөлийн хүмүүс Б.А  ийн дүү нар гэдгийг би мэдэж байсан. Дээд шатны албан тушаалтнаас өгч буй хууль бус шийдвэрээс би татгалзах ёстой байсан. Би өөрөө ч тухайн үед хууль бус шийдвэр гаргаж байна гэдгээ мэдээгүй, ажлын алдаа гаргасан гэж бодож байна. Тухайн үед би Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолоор мөн хурлын “журам батлах тухай” 82 дугаар тогтоол, “журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 60 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсныг ч мэдээгүй байсан.

            ...Орлогч даргын өгсөн үүрэг биелүүлж гарын үсэг зурсан нь миний алдаа байсныг ойлголоо. Нөхөн сэргээлтийн ажил нь тухайн үед сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын мөрийн хөтөлбөрт заагдсан ажил байсныг анхаарч үзнэ үү” гэв.   

         Шүүгдэгч Б.А  ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: Алтай сумын “Майхан хар” гэх газарт 2012 оноос нутгийн иргэд гар аргаар алт олборлодог байсан юм. Тэгээд эвдрээд орхигдсон байсан. Энэхүү газрыг “Алтай хишиг говь” нөхөрлөлийнхөнд хандаж нөхөн сэргээлт хийгээд өгөөч гэдэг бичгийг гарган өгөх гэтэл тухайн үед сумын Засаг дарга эзгүй тамга үлдээгүй байсан болохоор Сумын засаг даргын Тамгын газрын дарга Д.Б ийн гарын үсэг бүхий албан бичгийг “Алтайн хишиг говь” нөхөрлөлд өгсөн. Энэ албан бичгийг би өөрөө төлөвлөж боловсруулсан юм. Ингээд “Алтай хишиг говь” нөхөрлөл 2019 оны 4 дүгээр сарын 16-аас хойш ажиллаад тухайн газарт 1 га орчим газрыг тэгшлэсэн байх. ...“Алтай хишиг говь” нөхөрлөл нь миний төрсөн дүү Б.Амарсайхан, Б.Амаржаргал нарын үүсгэн байгуулсан нөхөрлөл гэдгийг би мэднэ. 2017 онд  бичил уурхайн чиглэлээр байгуулагдсан санагдаж байна. Тэгээд үйл ажиллагаа явуулаагүй. “Майхан хар” гэх тэр эвдэрсэн газрыг тэгшлэх нөхөн сэргээхэд сумын зүгээс ямар нэгэн зардал мөнгө тэдэнд өгөөгүй. Хийснийх нь дараа өгнө гэсэн тохироо ч байхгүй. “Алтайн  хишиг говь” нөхөрлөлтэй хийсэн гэрээ хэлцэл ч байхгүй. Өнгөрсөн 4 дүгээр сард дүү Б.Амаржаргал бид хоёр ярьж байгаад л тэдний нөхөрлөлийг оруулсан юм. Ингээд тухайн газрыг тэгшлэхдээ шороо угаасан нь буруу болоод байна. Тухайн үед ямар хэмжээний ашигт малтмал олсныг би хараагүй. Дүү Амаржаргал юм гарахгүй юм байна, нилээд зардал гарахнээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч Б.А  ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нөхөн сэргээлтийн ажил яаж үүссэн бэ гэхээр 2017 онд талбайд нөхөн сэргээлт хийхээр тендер зарлахад “Хавтаг Богд” ХХК шалгарч “Алтайн хишиг говь” нөхөрлөлтэй хамтран ажилласан боловч доривтой ажил хийгээгүй байж байгаад 2019 онд тоног төхөөрөмжөө авахаар ирэхэд нь нөхөн сэргээгээд яв гэж амаар хэлсэн. Компаний хүмүүс зөвшөөрч тенхик, тоног төхөөрөмж олж булахаар болсон. Тухайн үед ковшний жолооч Мөнхбат гэдэг хүн албан бичиг шаардсан байдаг. Тэр үеэр манай сумын засаг дарга Говь-алтай аймаг руу сургалтанд явсан, тамга тэмдэг байхгүй байсан тул Засаг даргын тамгын газрын  дарга Д.Б гийн тамга ашиглаж гарын үсэг зуруулсан. Тэгээд тэр шөнө 01 цагт хэсгийн төлөөлөгч, цагдаа нар очиж ашигт малтмал олборлосон гэж шалгаж эхэлсэн. Тухайн газрыг шигшүүрээр шороо шигшиж чулуу шороог нь ялгаж нүх, ухашийг булахаар ажиллаж байсан. Тэр шигшүүрт алт барьдаг баригч байхгүй байсан. “Алтайн хишиг говь” нөхөрлөлийн гишүүн Б.Амаржаргал, Б.Амарсайхан нар миний төрсөн дүү нар мөн.

            ...Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг Засгийн газрын 137 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу олгодог. Уг компани нь биологийн нөхөн сэргээлт хийх эрхгүй юм.  Техникийн нөхөн сэргээлт хийх эрх үүрэг нь өөрт нь хадгалагдаж байдаг. Энэ нөхөн сэргээлтийн ажил нь сумын засаг даргын мөрийн хөтөлбөр, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрт тусгагдсан ажил байсан. Сумын иргэдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Тухайн шатны хурлын шийдвэр Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол сумын засаг даргаас хориг тавина. Хурлын тогтоолыг тухайн шатны хурал хүчингүй болгоно. Манай сумын иргэдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр байсан гэж үзэж байна. Засаг даргын тамгын газрын дарга Д.Б гийн хувьд би түүнд үүрэг өгч гарын үсэг зуруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

          Гэрч Б.Энхбаярын  мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн:  “...Майхан хар” гэх газарт 2019 онд  нөхөн сэргээлт зарлагдаагүй, майхан хар гэх газарт  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015, 2017  оны 82, 60 дугаартай тогтоолоор нөхөн сэргээлт хийх тогтоол гараад уг тогтоолыг 2018 онд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгосон.  Түүний дараа “Майхан хар” гэх газрыг бичил уурхайн зориулалтаар олгохоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авч дүгнэлт гаргуулахаар холбогдох байгууллагад материалыг хүсэлтийн хамт хүргүүлсэн боловч албан ёсны хариу одоог хүртэл шийдэгдэж ирээгүй байгаа. “Майхан хар” гэх газарт нөхөн сэргээлтийн талаар ямар ч нөхөрлөл, компани надтай хийсэн гэрээ байхгүй...” гэх мэдүүлэг,

            Гэрч  С.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...С.Ариунбаатар намайг ковш бариад өг гэхээр нь өдрийн 30.000 төгрөгөөр ковш барихаар тохирч очсон. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байсан эсэхийг мэдэхгүй. С.Ариунбаатар нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл байгаа гэж хэлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ковш барьж эвдэгдсэн газруудыг тэгшилсэн, шигшүүр ажиллаж байгаа эсэхийг шалгаж ковшоор шигшүүр рүү 3 удаа шороо хийсэн, шигшүүр ажиллаж байна, болох юм байна гэж Б.Амаржаргал хэлсэн. Эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийхдээ доор нь байгаа ашигт малтмалыг аваад тэр мөнгөөр санхүүжилт хийгээд тухайн газрыг анх байсан онгон төрхөнд нь оруулахыг хэлдэг. Хоёр шигшүүр байсан нэг шигшүүр нь ажиллахгүй байсан, нэг шигшүүрийг нь Б.Амаржаргал янзлаад шалгаж үзсэн нөхөн сэргээлт хийх шороог нь шигшиж ялгах гэж байсан...” гэх мэдүүлэг,

           Гэрч   Б.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Б.Амаржаргал бид хоёр ихэр миний ах, Б.А   бас миний ах, бид нар төрсөн ах дүү нар байгаа юм. “Алтайн хишиг говь” нөхөрлөл нь миний нэр дээр байдаг болохоор миний нэр дээр ирүүлсэн байхаа, би энэ албан бичгийн талаар мэдэхгүй байна. Манай ах Б.Амаржаргал ямар учиртай гэдгийг нь мэдэж байгаа байх би 2018 оноос хойш нөхөрлөлийн үйл ажиллагаанд оролцохоо больсон...” гэх мэдүүлэг,

         Гэрч Б.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2017 онд нөхөн сэргээлт хийх гэрээ хийсэн байж байгаад ажиллаж чадаагүй, гэрээний хугацаа дуусаад хүчингүй болчихсон байсан. Өөр ямар нэгэн нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөл байхгүй. Эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийхдээ доор нь байгаа ашигт малтмалыг аваад тэр мөнгөөр санхүүжилт хийгээд тухайн газрыг анх байсан онгон төрхөнд нь оруулахыг хэлдэг. Алтай сум нь миний нутаг байгаа юм. Энэ нутгийн эвдэгдсэн газрыг засаж янзалъя гэж бодсон, олз олох нь чухал биш. Мөн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Б , Засаг даргын орлогч Б. А  нар надад эвдэгдсэн газрыг булаад янзлаад өг гэж хүсэлт тавьсан. ...2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ковшоор шигшүүр рүү шороо хийгээд 5-6 удаа шигшүүр ажилуулж үзсэн шигшүүр нь болж байсан. Тэгээд шигшүүрт шороо хийгээд шигшсэн шороогоороо газраа булж эхэлсэн. Миний зорилго бол тухайн газарт байгаа шороог шигшээд шигшсэн шороогоор тухайн газрыг булаад гарсан ашигт малтмалаар нь зардлаа  нөхнө  гэж бодсон, нөхөхгүй байсан ч газар орноо янзалъя гэж бодсон...” гэх мэдүүлэг,

            П.Бат-эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...С.Ариунбаатар Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт нөхөн сэргээлтийн эрх авчихсан хүн байна. Тэнд ковш ажиллуулна. 53-23 ХОА улсын дугаартай ландкруйзер 80 маркийн автомашинаар С.Мөнхбатыг хүргээд өг гэсэн. Тэгээд би Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн Майхан хар гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 53-23 ХОА улсын дугаартай автомашин бариад миний хажууд С.Мөнхбат суугаад бид хоёр очсон. Бид хоёрыг очиход С.Ариунбаатар ковштойгоо оччихсон байсан. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр сэгсрэгч дээр шороо шигшээд тухайн газарт ухчихсан байсан нүхүүдийг дарж, газарт тэгшлэх ажил хийсэн. Шигшүүр ажиллуулж, шороо шигшсэн” гэх мэдүүлэг,

            С.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Майхан хар” гэх газарт 2019 онд нөхөн сэргээлт зарлагдаагүй. Майхан хар гэх газарт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015, 2017 оны 82, 60 дугаар тогтоолоор нөхөн сэргээлт хийх тогтоол гарч байсан. Тус тогтоолыг 2018 онд хүчингүй болгосон” гэх мэдүүлэг,

         “Нуман-Алтай” ХХК-ны шинжээч А.Цэнд-Аюушийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/22 дугаартай шинжээчийн ”...Тус талбайгаас байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 933256 төгрөг байна.

         -Тус талбайгаас байгаль орчинд учирсан хохирол нь зөвхөн эдэлбэр газрын хохирол, газрын хэвлий хохирлоор тооцогдож байгаа бөгөөд урьд өмнө ухагдаж эвдэгдсэн газар байсан учраас хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөгт учирсан хохирол, ус ашиглаагүй хуурай аргаар олборлож байсан учраас усан орчинд учруулсан хохирол тооцоогүй болно....” гэх дүгнэлт,

           - гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

           - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

           - гэрэл зургийн үзүүлэлт,

           - эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,

           - тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

            - Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолын хуулбар,

         - Ховд аймгийн Алтай сумын Засаг дарга Б.Энхбаярын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1/158 дугаартай албан бичиг,

         - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

        Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.

            Шүүгдэгч Б.А  , Д.Б  нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон шинжтэй байхаар хуульчлагдсан байна.

 Мөн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “энэ хуулийн үйлчлэлд авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.   Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “төрийн улс төрийн албан тушаалд Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна” гэж заасны дагуу мөн зүйлийн 11.1.9-д зааснаар “бүх шатны засаг дарга болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын орлогч” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д “...сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж, 12.1.8-д “Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж зааснаар сумын засаг даргын орлогч нь улс төрийн удирдах албан тушаалтанд, Засаг даргын Тамгын газрын дарга нь төрийн захиргааны албан тушаалтанд хамаарч байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.А  , Д.Б  нар нь дээр дурьдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан байна. Мөн Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно” гэж заасан байна.

Шүүгдэгч Д.Б  нь Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын орлогч Б.А  ийн өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж төлөвлөсөн албан бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан гэж мэдүүлж байх бөгөөд энэ нь шүүгдэгч Б.А  ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “тухайн үед Цагдаагаас хүн ирвэл үзүүлэх бичиг хэрэгтэй гээд л энэ бичгийг үйлдэх болсон юм. Би өөрөө цаасан дээр ноорог хэлбэрээр бичиж өгөөд гаргуулсан. Тэгээд би өөрөө аваад Засаг даргын Тамгын газрын дарга Д.Б  дээр орж гарын үсэг зуруулсан” гэх, түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Энэ хэрэгт Д.Б  дарга ямар нэгэн буруугүй гэдгийг би нотлоно. Би сумын Засаг даргыг эзгүй байхад энэ хүнийг удирдаж ажилладагийн хувьд үүрэг өгч гарын үсэг зуруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би Б.А  д уг албан бичигт гарын үсэг зурах нь миний эрхлэх хүрээний асуудал биш яагаад надаар гарын үсэг зуруулах гээд байгаа юм бэ гэхэд Б.А   эвдэрсэн газрыг цаг алдалгүй нөхөн сэргээж, булалт хийлгээд Засаг даргад хүлээлгэж өгөх ажлын шаардлага байна гэж тайлбарлахаар нь би зөвшөөрөөд гарын үсэг зурчихсан юм.

Тухайн үед Б.А  д Засаг даргын тамга байхгүй болохоор нь түүний хүсэлтийг зөвшөөрч баталгаажуулан өөрт нь өгсөн. Уг албан бичгийн хойд боловсруулсан хэсэгт Б.А  ийн гарын үсэг зурагдсан байгаа. Тухайн нөхөрлөлд А  өөрөө уг албан бичгийг хүргүүлсэн. Би Б.Амаржаргал, Б.Амарсайхан нарыг орлогч дарга Б.А  ийн дүү нар гэдгийг мэднэ. Харин тухайн нөхөрлөлийн гишүүд гэдгийг мэдээгүй. Нөхөрлөл нөхөн сэргээлт хийх эрхтэй эсэхийг ч мэдээгүй...” гэх мэдүүлэг, хэргийн 100 дугаар хуудсанд хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 3/96 дугаартай албан бичгийн хуулбарт боловсруулсан Б.А   гэж тэмдэглэгдсэн зэргээс дүгнэхэд шүүгдэгч Д.Б г албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт буруутгаж байгаа гэм буруугийн хувьд эргэлзээ төрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2-д заасан “Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг баримтлан шүүгдэгч Д.Б д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.А   нь Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.5.-д заасан “...Мэргэжлийн байгууллагын эрх олгох шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд гаргана...” гэсэн заалтыг зөрчин эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 3/96 дугаартай “Алтай хишиг говь” нөхөрлөлд тус сумын Майхан хар гэх газарт нөхөн сэргээлт хийх тухай албан бичгийг боловсруулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Б гээр гарын үсэг зуруулж баталгаажуулан өөрийн төрсөн дүү нар болох Б.Амаржаргал, Б.Амарсайхан нарт давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Алтай хишиг говь” нөхөрлөл нь миний төрсөн дүү Б.Амарсайхан, Б.Амаржаргал нарын үүсгэн байгуулсан нөхөрлөл гэдгийг би мэднэ. 2017 онд  бичил уурхайн чиглэлээр байгуулагдсан санагдаж байна. Тэгээд үйл ажиллагаа явуулаагүй. “Майхан хар” гэх тэр эвдэрсэн газрыг тэгшлэх нөхөн сэргээхэд сумын зүгээс ямар нэгэн зардал мөнгө тэдэнд өгөөгүй. Хийснийх нь дараа өгнө гэсэн тохироо ч байхгүй. “Алтайн  хишиг говь” нөхөрлөлтэй хийсэн гэрээ хэлцэл ч байхгүй. Өнгөрсөн 4 дүгээр сард дүү Б.Амаржаргал бид хоёр ярьж байгаад л тэдний нөхөрлөлийг оруулсан юм. Ингээд тухайн газрыг тэгшлэхдээ шороо угаасан нь буруу болоод байна. Тухайн үед ямар хэмжээний ашигт малтмал олсныг би хараагүй. Дүү Амаржаргал юм гарахгүй юм байна, нилээд зардал гарахнээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлсэн: “...тухайн үед манай сумын Засаг дарга байхгүй, тамга тэмдэг байхгүй байсан тул Д.Б  даргын тамга ашиглаж, гарын үсэг зуруулсан. Тэр албан бичгийг би өөрөө боловсруулсан.  Манай сумын иргэдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр байсан гэж ойлгож байна.

 ...Засаг даргын Тамгын газрын дарга Д.Б гийн хувьд би түүнд үүрэг өгч гарын үсэг зуруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, Б.Энхбаярын  мөрдөн шалгах ажиллагаанд  гэрчээр өгсөн:  “...Майхан хар” гэх газарт 2019 онд  нөхөн сэргээлт зарлагдаагүй, Майхан хар гэх газарт  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015, 2017  оны 82, 60 дугаартай тогтоолоор нөхөн сэргээлт хийх тогтоол гараад уг тогтоолыг 2018 онд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгосон. “Майхан хар” гэх газарт нөхөн сэргээлтийн талаар ямар ч нөхөрлөл, компани надтай хийсэн гэрээ байхгүй...” гэх мэдүүлэг,  хэргийн 100 дугаар хуудсанд хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 3/96 дугаартай албан бичгийн хуулбарт боловсруулсан Б.А   гэж тэмдэглэгдсэн, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолын хуулбар, Ховд аймгийн Алтай сумын Засаг дарга Б.Энхбаярын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1/158 дугаартай албан бичиг зэрэг хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.А   нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Шүүхээс намайг гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 933256 /есөн зуун гучин гурван мянга хоёр зуун тавин зургаан/  төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэв.

Эрүүгийн хуульд заасан шудрага ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.А  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлах боломжтой гэж шүүх үзлээ.

Учир нь шүүгдэгч Б.А  ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна. Мөн шүүгдэгч Б.А   нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч

“...Засаг даргын Тамгын газрын дарга Д.Б гийн хувьд би түүнд үүрэг өгч гарын үсэг зуруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн гэмт хэргийн улмаас учруулсан 933256 /есөн зуун гучин гурван мянга хоёр зуун тавин зургаан/  төгрөгийн хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

            Иймд шүүгдэгч Б.А  ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хор уршигийн шинж чанар, учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна гэж заасан. Шүүгдэгч Б.А  ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний нийтийн албанд томилогдох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан 2 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А  д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно.

Шүүгдэгч Б.А   нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.         

         Шүүгдэгч Б.А   нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдаж, түүнээс хохиролд 933256 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2.200.000 төгрөг гаргуулахаар зардлын тооцоо ирүүлсэн боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байх тул уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирлага болгон ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

            2. Шүүгдэгч Э  овогт Б гийн А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А  ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А  д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А   нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А  ээс 933.256 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 2.200.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Б.А  ийг тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            8. Шүүгдэгч Б.А   цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд авагдсан 1 хуудас “Алтай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 3/96 дугаартай” албан бичгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

         10. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Б.А  д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үлдээж, Д.Б д авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгсэхгүй болгосугай.