Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Т.Ж, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Д.Батбаяр,

хохирогч Ш.Т, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1173 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 28 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Т.Жд холбогдох 201625031430 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

.............. овогт ..............ийн .............., 1985 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засгийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..............тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............../,

Т.Ж нь 2016 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” баарны гадна Ш.Тг цохиж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Т.Жгийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Яллагдагч Т.Жд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн үүнийг шүүх хуралдаанаар нөхөж гүйцэтгэх боломжгүй дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Тухайлбал: Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 140 дугаартай захирамжид “...хохирогч Б.Энхманлайгийн биед хамар ясны хугарал, хамарт зулгарал, зүүн чихний ар хэсэг, эрүү, баруун тохойн хонхорт зулгаралт, зулай болон дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх ба эдгээр гэмтлүүдийг шүүгдэгч Т.Ж, А.Төгс-Эрдэнэ, Т.Алтансоёмбо, Б.Пүрэв-Амгалан, Б.Түшигт нарыг учруулсан гэж улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасанд тус тус бүгдийг нь холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ. Иймээс хохирогч Б.Энхманлайгийн биед учирсан гэмтлүүд нь хэдэн удаагийн хүчний үйлчлэлээр үүсэх эсэх, хэрэв хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх бол тус тусдаа ямар гэмтлийн зэрэгт хамрах эсэхийг дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоох шаардлагатай байна. Уг ажиллагааг хийсний дараа уг үйл явдал болоход байсан шүүгдэгч, хохирогч, гэрчүүдээс /хөндлөнгийн гэрчүүдээс/ дахин байцаалт авах, бусад мөрдөн байцаалтын ажиллагааг хийж шүүгдэгч нарын уг гэмт хэрэгт оролцсон оролцоог нарийвчлан тогтоох нь зүйтэй...” гэжээ. Гэтэл дээрх мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэт хийлгүй, бүрэн дүүрэн дүгнэлт хийлгүйгээр Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллагдагч Т.Ж, А.Төгс-Эрдэнэ, Т.Алтансоёмбо, Б.Пүрэв-Амгалан, Б.Түшигт нарт холбогдох хэргийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, тус хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна. Иймд дээрх яллагдагч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” хэргийн шинж байгаа эсэхийг нарийвчлан тогтоосны эцэст нэр бүхий яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тохирох зүйлээр зүйлчлэх нь зүйтэй байна гэх үндэслэлээр Т.Жд холбогдох 201625031430 дугаартай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Булганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч Б.Энхманлайгийн биед учирсан гэмтлүүд нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх эсэх, хэрэв хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх бол тус тусдаа ямар гэмтлийн зэрэгт хамрах эсэхийг дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоох шаардлагатай. Б.Энхманлайгийн биед учирсан хамарт зулгарал, зүүн чихний ар хэсэг, эрүү, баруун тохойн хонхорт зулгаралт, зулай болон дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хамар ясны хугарлын компьютер томографикийн зураг байхгүй учраас хамар ясны хугарал гэмтэл учирсан эсэхийг тогтоох боломжгүй байна...” гэж дүгнэсэн. Мөн хохирогч, гэрч нараас авсан мэдүүлэг, камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг хангалттай тогтоосон гэж шүүхэд шилжүүлсэн. Т.Ж, А.Төгс-Эрдэнэ, Т.Алтансоёмбо, Б.Пүрэв-Амгалан, Б.Түшигт нарын үйлдэл нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй Б.Энхманлай руу чиглэсэн үйлдэл болох нь тогтоогдсон. Харин хөндлөнгийн хүн рүү чиглэсэн үйлдэл байхгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй юм. Яллагдагч Т.Ж, А.Төгс-Эрдэнэ, Т.Алтансоёмбо, Б.Пүрэв-Амгалан, Б.Түшигт нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, камерын бичлэг зэрэг баримтуудыг дүгнэж үзэхэд хохирогч нарын тодорхой хэмжээний буруутай үйл ажиллагааны улмаас энэхүү маргаан үүссэн байна гэдэг үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан шинж байхгүй хэрэгт авагдах бүхий л баримтыг цуглуулсан, нотлох баримт хангалттай авагдсан гэж хэргийг шүүхэд шилжүүлсэн учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан шинж байхгүй өмнөх шүүгчийн захирамжийн заалтыг бүрэн хангасан гэж үзэж эсэргүүцэл бичсэн.” гэв.

Шүүгдэгч Т.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Т.Жгийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Нарантуяа өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг хийж, урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорт буцаасан. Энэ хэрэгт нотолбол цохих асуудлыг нотлоогүй. Нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн асуудал, үйлдэл холбогдлуудыг хэрэгсэхгүй болгох байсан. Тэмүүгээд учирсан хөнгөн гэмтэл нь Тэмүүгээ гараар цохисон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Гэтэл өшиглөсөн хүн байдаг, гараар үүсэх боломжгүй гэдэг эргэлзээтэй асуудал байдаг. Үүнийг бүрэн тогтоогоогүй учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Т.Жгийн өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Батбаяр өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

Хохирогч Ш.Тгийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 100 дугаар шүүхийн тогтоолд заасан ажиллагааны нэг асуудал нь Ананд гэдэг хүнийг шалгаж тогтоо гэсэн. Энэ ажиллагаа нь мөрдөн байцаалтад хийгдсэн гэж үзэж байна. 2016 онд гарсан энэ гэмт хэрэг маш их удаашралтай байгаа. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хохирогч талд мэдэгдээгүй хийсэн. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр тухайн урьдчилсан хэлэлцүүлгийг хохирогч нарт мэдэгдээгүй хийсэн. Жавхлан гэдэг хүн энэ хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон байгаа учраас тухайн мөрдөн байцаалтын шатанд гаргасан дүгнэлтүүдтэй бид нар танилцаж явсан. Хөдөлгөөнгүй тогтоогдож байгаа нь Жавхлан улаан подболктой байсан гэдгээр танигдсан учраас энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой учраас прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв. 

Хохирогч Ш.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг болсноос хойш маш удаж байна. Тухайн өдрийн болсон үйл явдлыг мөрдөн байцаалтын шатанд надад гэмтэл хэн учруулсан гэдгийг бүгдийг мэдүүлсэн. Би өөрөө цохиулахын өмнө улаан цамцтай хүнийг харсан болохоор мэдүүлсэн. Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Бид нарт мэдэгдэлгүйгээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон байсан. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд “Т.Жд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 140 дугаартай шүүгчийн захирамжид заасан мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэт хийлгүйгээр Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллагдагч Т.Ж, А.Төгс-Эрдэнэ, Т.Алтансоёмбо, Б.Пүрэв-Амгалан, Б.Түшигт нарт холбогдох хэргийг хувийн сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж дүгнэж 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

2016 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” баарны дэргэд маргалдаж, харилцан зодолдсон этгээдүүдийн үйлдэлд танхайрах болон олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нарийвчлан тогтоох, улмаар хэргийн улмаас хэд хэдэн хүний бие махбодид хөнгөн болон хүнд гэмтэл учирсан үр дагаварт хүрсэн нөхцөл байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсний эцэст нэр бүхий яллагдагч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тохирох зүйлээр зүйлчлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1173 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 28 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                    Ц.ОЧ