| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00002/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2020-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 06
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагч З.Алтансолонго
Хохирогч Ц.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Т овогт С ын Г д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1937000630082 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Алтай суманд 1981 оны дугаар сарын -ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт оршин суух, РД: , Т овогт С ын Г ,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч С овогтой Г нь Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 06-ны орой хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Ц.О ын мөр, толгойн хэсэгт бахиар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 6-ны орой гэрт халамцуу очсон. Гэрт очоод эхнэр Ц.О т 30.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тухайн мөнгө өгөхгүй гээд уурлаад бархираад хэл амаар зүүлэг цохорынхон энэ тэр гээд доромжлоод байхаар нь үүдэн хэсгийн зүүн талын тавиур дээр байсан бахь аваад нүүрэн хэсэгт хальт 1 удаа цохисон. Уурандаа бахь аваад нүүрэн хэсэгт цохисон байна лээ. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.
...Би 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр жаахан архи уугаад халамцуу байсан. Би тухайн үед шөнө 00 цагийн үед орж ирээд эхнэр Ц.О ыг хэдэн төгрөг өгчих гэсэн чинь өгөхгүй гэхээр нь би бахиар толгой, гар руу нь цохисон. Гэхдээ хэдэн удаа цохисоноо мэдэхгүй байна. ...Буруу зүйл хийсэнд гэмшиж байна. Одоо эхнэр бид хоёр учраа ололцсон..." гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.О ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 6-ны орой манай нөхөр С.Г гаднаас халамцуу орж ирээд чи намайг цагдаад өгсөн байна гээд надаас 45.000 төгрөг өг гэж хэлээд гараараа цохисон. ...цагдаа буцаад явсаны дараа бахь бариад гудманд хөөж гаргаж араас хөөж ирээд бахиар хэд хэдэн удаа цохисон. Толгойд 4, нуруунд 2, гарт 3 удаа цохисон. Би урьд гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа тэр мэдүүлгээс өөрөөр ярих зүйл алга байна. Миний зүүн нүдний дээд талд зүүн гарын бугалга орчимд хөхрөлт үүссэн байсан одоо арилсан. Учирсан хохирол байхгүй. нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.О ын биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн:
1.Ц.О ын биед мөрний хэсэгт цус хуралт, хөмсөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэх боломжтой
3.Ц.О ын биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасанаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- эд мөрийн баримт хураанавах тухай прокурорын зөвшөөрөл
- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Г нь Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 06-ны орой хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Ц.О ын мөр, толгойн хэсэгт бахиар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.О ын мэдүүлэг, шинжээчийн 27 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч С.Г ыг хохирогч Ц.О ын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Г нь Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 06-ны орой хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Ц.О ын мөр , толгойн хэсэгт бахиар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хохирогч нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна
Шүүгдэгч С.Г аас гаргуулах хохирол төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Г д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт С ын Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Г ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 ширхэг бахийг “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэн устгасугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.