| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2016/00310/И |
| Дугаар | 146/ШШ2017/00011 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 146/ШШ2017/00011
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1958 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, Өвөрхангай аймаг, Есөнзүйл сум, 3 дугаар багт оршин суух, ЙЗ58052911 дугаарын регистртэй, Марамба овгийн Пүрэвын Бямбын
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Бямба шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
“...Пүрэв овогтой Бямба миний бие Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд /хуучин нэрээр/ 1984 оноос 1989 он хүртэл ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд ажиллаж байсан хугацааг шүүхээр тогтоож өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагч П.Бямба нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “...Миний бие Есөнзүйл сумын 3 дугаар багт оршин суудаг. Цас их орсон тул нааш цааш явах боломжгүй байдлыг харгалзан үзээд намайг байлцуулалгүйгээр хэргийг маань шийдэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Бямба ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч П.Бямба нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд 1984 оноос 1989 он хүртэл ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №645 дугаартай архивын лавлагааны хуулбар, гэрч Г.Ариунаа, С.Долгор нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Марамба овгийн Пүрэвын Бямбыг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд 1984 оноос 1989 он хүртэл ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч П.Бямба нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдсан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Марамба овгийн Пүрэвын Бямбыг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд 1984 оноос 1989 он хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.Бямбын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА