Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 13

 

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал  даргалж,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг

Хохирогч Н.Э

Иргэний нэхэмжлэгч Н.Отгонхишиг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Өмгөөлөгч Б.Ганзориг

Шүүгдэгч И.Б  , Ж.Г   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Я   овогт И  ийн Б  , Х  овогт Ж  гийн Г   нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2037000250006 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Үенч суманд 19 оны  дугаар сарын -ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багт оршин суух, РД:        , Я   овогт И  ийн Б  ,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Үенч суманд 19 оны 0 дугаар сарын 0-ны  өдөр төрсөн, настай, эрэгтэй, бага  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр оршин суух, РД:        , Х  овогт Ж  гийн Г  ,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч И. Б  , Ж. Г   нар нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг “Хуурайн хойд хар толгой” гэх газраас нэг тооны хулан гэх ховор амьтанг зөвшөөрөлгүйгээр агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйл болох махыг хадгалж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч И.Б  ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр манай хөрш Ж.Г   хөдөө яваад 2 тугал ачаад ирье гэхээр нь Ж.Г   бид хоер Хожоогийн мотоцикль гуйж аваад тугалаа хайгаад явж байтал Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг “Давсан хуурайн хойд хар толгой” гэх газарт тал дээр арав гаруй тооны Хулан таарахаар араас нь хөөгөөд 2-3 км явж байтал хөндлөн ороод ирэхэд нь Ж.Г   нэг удаа буудахад хойд баруун хөл нь хугарсан тэгээд нөгөө шархдсан хулан жаахан явж байгаад шархандаа давхилт нь удаашраад ирсэн тэгэхээр нь өөдөөс нь дөхөж очоод нэг удаа буудсан чинь цаашаа явж байгаад газар унаад тийрчиж байгаад үхчихсэн. Бид хоёр Хожоогийн гэрт очоод мотоцикпийг нь өгчихөөд Ж.Г  ын 96-84 улсын дугаартай УАЗ-31469 маркийн авто машинтай ирж хулангаа өвчиж авсан юм. Н.Отгонхишигийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн мотоциклоор хөөж Ж.Г   өөрийнхээ ТОЗ-801 маркийн галт зэвсгээр 3 удаа буудаж агнасан. Анх буудахдаа хөлийг нь буудсан дараа нь хүзүү рүү буудсан дахиад нэг буудахад хулан жаахан явж байгаад газар унаж тэндээ тийрчиж байгаад үхсэн...” гэх мэдүүлэг,

Түүний шүүх хуралдааны явцад мэдүүлсэн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тугал хайхаар явахдаа буу авч явсан. Хуланг Г   буудсан. Буудсан хулан эр хулан байсан. Махыг нь бид хоёр хувааж авсан. Хохиролд нийт 19.400.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.Г  ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр хөрш зэргэлдээ байдаг И.Б   гэхдэг хүнтэй хамт Хожоо гэх айлаас 2 тугал авахаар өөрийн эзэмшлийн 98-64 ХОА улсын дугаартай УАЗ-469 маркийн авто машинтай Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг “Хойд хар толгой” гэх газарт өвөлжиж байгаа Н.Хожоо гэдэг айлд очсон. Айлын үхэр ирэхэд миний авч явах ёстой 2 тугал ирэхгүй болохоор Хожоогийн мотоцикль гуйж аваад И.Б  тэй хамт тугал хайгаад Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг “Давсан хуурайн хар толгой”-н хойд талын хөдөө дээр явж байтал 10 гаруй хулан орж ирсэн. Тэгээд бид хоёрын хажуугаар зөрөөд өнгөрөх үед би мотоцикль дээрээс нэг удаа хулан руу чиглүүлээд буудахад нэг хулангийн хөл нь буудагдаж тухайн хулан 2 км орчим км газар давхиад ижлээсээ салаад зогссон. Тэгэхээр нь мотоцикптой дөхөж очоод буудахад хүзүү рүү буудагдсан дахиад толгой руу буудаж агнасан юм. Анх Н.Отгонхишиг гэдэг хүний мотоциклоор хуланг хөөж өөрийнхээ эзэмшлийн ТОЗ-8 маркийн галт зэвсгээр би 2 удаа буудаж агнасан. Хулангийн махнаас И.Б  эд хаа гуя хоёрыг өгөөд бусад махыг нь өөрөө авсан...” гэх мэдүүлэг,

Түүний шүүх хуралдааны явцад мэдүүлсэн: “...Хулан ангасан буу миний буу. Аав минь амьд ахуйдаа надад өгсөн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд нийт 19.400.000 төгрөг төлсөн, би 7000.000 төгрөг төлсөн. Мотоцикль Отгонхишигийн эзэмшлийнх...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Н.Отгонхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би хүргэн ах Ш.Улаанаа гэдэг хүний үхэр малладаг юм. Ш.Улаанаагийн үхэр тугал муудаад байхаар нь 2020 оны 01 дүгээр сарын эхээр танай 2 тугал муудаж байна авч тэжээх шаардлагатай байна гэж ярьсан.Тэгтэл Ж.Г  ыг авч тэжээгээд онд оруулаад нэгийг нь өөрөө авч мал хийж аваарай гэсэн байсан. И.Б  , Ж.Г   нар нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр манайхаас Ш.Улаанаа гэдэг хүний 2 тугал авахаар ирэхэд нь тэр хоёрын авч явах ёстой 2 тугал нь ирэхгүй болохоор И.Б  , Ж.Г   нар тугал хайгаад ирье гээд миний мотоцикль унаад явсан буцаж ирэхдээ тугалгүй ирээд машинаа асаагаад бид хоёр юманд яваад ирье гээд машинтай яваад нар жаргаж байх үед манайд ирж хоноод маргааш өглөө нь тугалаа үхрийн бэлчээрээс олж аваад Үенч сум руу явсан. Би тэр хоёрыг хулан агнасаныг мэдсэн. Ж.Г  ын машинд дотор шинэ мах байсан.Надад тэд нар хулан агнасан талаараа хэлээгүй...” гэх мэдүүлэг,

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...И.Б  , Ж.Г   нарын хулан агнахдаа унаж явсан тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн мотоцикль юм. Би мотоциклоо буцааж авмаар байна. Миний мотоцикль 300.000 төгрөгний үнэлгээтэй, шинэ мотоцикль, улсын номер дугаар аваагүй байсан. Би энэ хүмүүсийг хулан агнасан талаар мэдээгүй” гэх мэдүүлэг,

           Хохирогч Н.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Монгол улсын  засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн үнэлгээ төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай 23 тоот тогтоолын №1 дүгээр авсралтанд эр “Хулан адуу”-ны экологи эдийн засгийн үнэлгээ 9 700 000 тооцож байхаар заагдсан. Энэхүү үнэлгээг “Амьтны тухай хууль-ийн 37 үйлийн 37.1-т “Амьтны тухай хууль” тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно гэсний дагуу 19.400.000 төгрөг нэхэмжилж байна. Энэхүү нөхөн төлбөрийг Үенч Засаг даргын Тамгын газрын нэмэлт дансан болох 100161255403 тоот дансанд 15 хувийг , хүү торгуулийн орлогын данс 100161200952 тоот дансанд 85%-ийг буруутай этгээдүүлээр төлүүлж төвлөрүүлж өгнө үү”... гэх мэдүүлэг,

            Түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...И.Б  , Ж.Г   нарын хулан ангасан үйлдлийн улмаас амьтаны аймагт хохирол учирсан. Тухайн амьтаны экологи, эдийн засгийн үнэлгээ 9.700.000 төгрөг юм. “Амьтаны тухай” хуульд зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно гэсний дагуу 19.400.000 төгрөг нэхэмжилсэн. И.Б  , Ж.Г   нар 19.400.000 төгрөгний хохиролыг төлж барагдуулсан тул одоо надад нэхэмжлэх зүйл, номдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

Ховд аймгийн мал эмнэлгийн газрын шинжээч М.Хандгай нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн:

          1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээс ирүүлсэн толгой, арьсанд үзлэг хийхэд: Мэдрэхүйн үзлэгээр тухайн толгой, арьсыг адууны толгой, арьстай харьцуулж үзээд толгой том, чих урт, сүүл зөвхөн үзүүрийн хэсэгтэй шингэхэн богино хялгастай, өвөлдөө цайвар хул зэрэг онцлог шинж тэмдэгээр ялган оношилж хулангийн  толгой, арьс мөн болохыг тогтоов.

          2. Мэдрэхүйн эрхтэний үзлэг шинжилгээнд хулангийн толгой, арьс нь шинжилгээнд тэнцэнэ. Толгойн хэсэг бүрэн бүтэн зүүн талын байдалтай тэр талын эрүүний арьсан дээр шувууны цангастай, хэл, шүд бүтэн арьс цайвар хул 4 шийр байхгүй зэрэг байв.

          3. Мал эмнэлгийн лабораторид ирсэн хулангийн толгой, арьсанд хийсэн мэдрэхүйн эрхтэний шинжилгээгээр дээрхи дээж нь нас гүйцсэн 8 настай эр хулан мөн болохыг тодорхойлов.

             4. Монгол улсын засгийн газрын 2012.1.11-ний 07 тоот тогтоолын 1-р хавсралтад Хулан адуу экологи эдийн засгийн үнэлгээг эр 9700.000 төгрөг гэж заажээ” гэх шинжээчийн дүгнэлт,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын криминалистикийн  шинжээч Ч.Алтангэрэлийн  2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн:

        - Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь шинжилгээнд тэнцэнэ.

        -Шинжилгээнд 5,6мм калибртай хуучнаар ЗХУ-д ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн Т03-8-01 загварын бага калибрын винтов буу ирүүлсэн байна.

         -Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэгт ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна.

        - Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээс загвар болгон авсан сумны хошуу, хонгио нь ШШҮХ-ийн Галт зэвсгийн мэдээллийн нэгдсэн санд биетээр хадгалагдаж байгаа эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гэмт хэргийн газраас илрүүлсэн сумны хошуу, хонгионы мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ харилцан тохирохгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын физикийн шинжээч, цөмийн физикч мэргэжилтэй цагдаагий ахлаг дэслэгч Б.Даваанямын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1021 тоот:

           - Шинжилгээнд ирүүлсэн замагны 103 дугаартай, гол төмрийн 7022 дугаартай ТОЗ-8 маркийн галт зэвсгээр буудлага үйлдсэн байна.

- Хэзээ галт зэвсгээр буудлага үйлдэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй

          - Эд зүйлс үнэлсэн тухай 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “2019 оны 09 дүгээр сарын байдлаар ТОЗ-8 маркын бууны нийт үнэ цэнэ 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт,

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

- Хулан гэх амьтаны маханд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 

- ТОЗ-801 маркийн галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 

           - эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт,

- эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол

           - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч И.Б  , Ж.Г   нар нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг “Хуурайн хойд хар толгой” гэх газраас нэг тооны хулан гэх ховор амьтанг зөвшөөрөлгүйгээр агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйл болох махыг хадгалж, тээвэрлэсэн үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх  үзлээ.

            Шүүгдэгч И.Б  , Ж.Г   нарын агнасан гэх хулан  ховор ан амьтан  болох нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар ”Ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах барих зөвшөөрөл олгох  журмыг Засгийн газар батална”  гэсний дагуу хуланг ховор амьтан болохыг жагсаалтаар баталж, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ан амьтны экологи- эдийн засгийн үнэлгээ“-г тогтоож, эр хулан адууг 9.700.000 төгрөгаар үнэлсэн баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч И.Б  , Ж.Г   нь Засгийн газрын Жагсаалт, журам батлах тухай тогтоолоор ховор амьтан болохыг тогтооосон эр хулан адууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан ...ховор амьтаныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан... гэх шинжийг хангаж байх тул И.Б  , Ж.Г   нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.Б  , Ж.Г   нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч И.Б  , Ж.Г    нар нь  хууль бус үйлдэлдээ тээврийн хэрэгсэл, галт зэвсэг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба 98-64 улсын дугаартай  УАЗ-469 маркийн автомашин нь Б.Жаргалсайханы эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгсэлийн АЯ0005232 тоот гэрчилгээ, хятад улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй, “хурд -1500” гэсэн бичвэр бүхий хөх өнгийн мотоцикль нь иргэний нэхэмжлэгч Н.Отгонхишигийн эзэмшлийнх болох нь оролцогчдийн тайлбараар тус тус тогтоогдож байх бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галт зэвсэг нь улсын бүртгэлгүй, гэрчилгээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгийн явцад тогтоогдож байна.

Иймд гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураан авч ирүүлсэн 98-64 УАЗ улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашин, “хурд-1500” гэсэн бичвэр бүхий хөх өнгийн мотоциклийг хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгож, ТОЗ-801 маркийн гарт зэвсгийг зохих байгууллагад шилжүүлж, тээврийн хэрэгсэл, галт зэвсгийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч И.Б  , Ж.Г   нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах иргэний нэхэмжлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хулан гэх амьтаны арьс, толгой, махыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

          Шүүгдэгч И.Б  , Ж.Г    нартт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Я   овогт И  ийн Б  , Х  овогт Ж  ы Г   нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Я   овогт И  ийн Б  ийг 1 /нэг/ жил, 05 /таван/ сарын хугацаагаар, шүүгдэгч  Х  овогт Ж  ы Г  ыг 1 /нэг/ жил, 07 /долоон/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.

                 4. Шүүгдэгч И.Б  , Ж.Г    нарын тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд шүүгдэгч И.Б  , Ж.Г    нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг дурдсугай.

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хурд нэртэй цэнхэр өнгийн томоцикль, 98-64 ХОА улсын дугаартай УАЗ-469 маркийн машиныг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, хулан гэх амьтаны арьс 1 ширхэг, толгой 1ширхэгийг 21 кг 522 грамм махны хамт устгаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ТОЗ-801 маркийн бууг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст шилжүүлж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг хэрэгт ирүүлэхийг тус цагдаагийн хэлтэст даалгасугай.

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох мотоциклийн үнэ 500.000 төгрөг, УАЗ-469 маркийн машины үнэ 1000.000 төгрөг, бууны үнэ 100.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсугай.

          7. Шүүгдэгч И.Б  , Ж.Г   нар хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэргийн улмаас шүүгдэгч И.Б  ийн эзэмшлийн 10 тооны, Ж.Г  ын эзэмшлийн 10 тооны ямааг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

           8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

          9. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.