Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 587

    2020            6            12                                    587   

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндорж,

шүүгдэгч, хохирогч Ч, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар /1499/,

шүүгдэгч, хохирогч Э,

шүүгдэгч, хохирогч Б, тэдгээрийн өмгөөлөгч Р.Чинбаа /1028/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч нарт холбогдох эрүүгийн 1905029980443 дугаар хэргийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн инженер мэргэжилтэй, сард 300 000 төгрөгийн орлоготой, ажилгүй, ам бүл 3, ,

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Тулуй агь” ХХК-д салбарын дарга ажилтай, сард 1 000 000 төгрөгийн цалинтай, ам бүл 5,.

Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 3 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 5,.

Шүүгдэгч Ч нь 2019 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрлэх ёслолын ордны орчим маргааны улмаас Бгийн нүүрэн тус газарт цохиж биед зүүн хоншоорын ар хана, доод хана, зүүн ухайрхайн доод хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр байрны орчим маргааны улмаас Эгийн нүүрэн тус газарт цохиж, биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э, Б нар бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр байрны орчим маргааны улмаас Чг зодож тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ч мэдүүлэхдээ:

Би найз охин, түүний найзын хамт машин дотроо сууж байхад урдаас 2 ах гарч ирснээ “чи яагаад пивоны шил хаяаад байгаа юм гэсэн” би “хаяагүй шүү дээ” гээд хэлэхэд маргаан үүсээд, би машинаа унаад ухраад явах гэтэл машины цонх руу цохиод, намайг “гараад ир” гэсэн. Би машиныхаа эд зүйлийг эвдүүлж магадгүй гэж бодоод машинаасаа буухад Б ах намайг заамдаад цохисон. Тэгээд заамдаад тавихгүй болохоор нь би түүнийг мөргөсөн. Гэтэл цаана Э ах утсаараа оролдоод, найз нь над руу дайраад байхад ерөөсөө салгахгүй, бид хоёрийг салгах хүсэлгүй байсан. Тэгээд хоёулаа над руу дайрахаар нь би зугтаагаад 79 дүгээр байрны урд очоод гэрлүүгээ орох гээд байж байтал Э ах ирээд “хөөе пизда минь учраа ольё” гээд над руу гүйж ирээд намайг шууд мөргөсөн. Тэгээд тавихгүй болохоор нь би түүнийг мөргөсөн. Тэр үед түүний хөмсөгнөөс нь цус гарсан. Гэтэл Б ах араас гарч ирээд намайг тэвэрч аваад газар дараад унагасан. Тэр үед Э ах намайг газар хэвтэж байхад нүүр, толгой руу 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед миний биед гэмтэл үүссэн. Тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан. Би хохирогч Б, Э нарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын хувьд хохирол төлөх гэсэн боловч аваагүй тул шүүхийн дансанд 230 000 төгрөг байршуулсан. Цаашид эмчилгээ хийлгэсэн баримтаа гаргаад хохирол нэхэмжилвэл төлнө гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б мэдүүлэхдээ:

2019 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжиж шөнө найз Э Хулан нарын хамт Баянгол дүүрэгт байрлах Гэрлэх ёслолын ордны урд хүнд зээлсэн мөнгөө авах гээд зогсож байсан. Гэтэл хажуу талын машинаас пивоны лааз над руу шидсэн. Пивоны шавхаруу нь над руу үсрээд, би иргэнийхээ үүргийн дагуу шаардлага тавьж “залуу хүн байж яагаад ингэж байгаа юм” гэсэн. Гэтэл намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, машиндаа суугаад ухарсан. Тэгэхээр нь би “чи ядаж лаазаа аваад яваач” гэж хэлсэн. Гэтэл машинаасаа бууж ирээд “би 10 дугаар хорооллын атаман” гээд орилоод, намайг шууд цохисон. Тэр үед миний толгой манараад доош унах гээд суутал 2 талаас 2 охин гарч ирээд миний гарнаас бариад авсан. Тэр үед найз Э машинаасаа бууж ирээд намайг аваад машиндаа суусан. Тэгээд бид 2 шууд цагдаад дуудлага өгч, “согтуу жолооч намайг зодоод, машинаа унаад явчихлаа” гэж хэлсэн. Гэтэл над руу Баянгол дүүргийн замын цагдаагаас буцаж залгаад, “наад согтуу жолооч чинь ойрхон байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “согтуу жолооч машинаа унаад явчихлаа, бид нар гэрлэх ёслолын ордоны урд талд байна” гэж хэлсэн. Тэгэхэд “ойрхон байвал наад согтуу жолоочоо зогсоогоод, бариад байж байгаач” гэсэн хүсэлт тавьсаны дагуу Э бид хоёр машинаа унаад араас нь явсан. Тэгээд 79 дүгээр байрны ар талд машинаараа хаагаад Чг зогсоосон. Тэр үед машинд сууж байсан Энхтүвшин Сарантуяа нар буугаад явсан. Би машинаа зогсоолд байрлуулаад араас нь очтол Ч нь Энхтүвшинг зодож байсан. Тэгэхэээр нь би араас нь очоод тэвэртэл дагзаараа намайг мөргөөд байсан. Би араас нь дараад газар унагаагаад хэвтсэн. Тэр үед Энхтүвшингийн нүүрнээс цус гараад, газар сууж байсан. Сарантуяа, Болормаа, Хулан нар хараад зогсож байсан бөгөөд удалгүй цагдаа ирсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э мэдүүлэхдээ:

Тухайн өдөр машиндаа утсаа оролдоод сууж байсан чинь найз Хулан “Батхүүг хүн зодоод байна” гэсэн. Тэгэхээр нь бууж очоод салгаад, утсаараа бичлэг хийсэн. Тэгээд “цагдаа дуудлаа” гэсэн чинь “тэгээд яадаг юм, би 10 дугаар хорооллын атаман, ална, хядна” гээд орилоод байсан. Тэгээд цагдаа дуудахад цагдаагаас Батхүүд “наад хэдийгээ хашаад байж бай” гэсэн. Тэгээд хашаад байж байтал Ч машинаасаа буугаад зугтаасан. Тэр үед Батхүү машинаа унтраагаад, “цагдаа иртэл бариад байж байя” гээд араас нь гүйж очоод барих гэтэл Ч намайг чулуугаар цохиод зугтаахад Б түүнийг тэвэрч аваад газар унагаасан. Тэр үед Чгийн биед гэмтэл үүссэн байх. Тэгээд цагдаагийн дохио дуугарахаар нь би гүйж очиж хэлээд, цагдаа Чг аваад явсан. Тэр үед Болормаа, Сарантуяа, Хулан нар хараад зогсож байсан. Би Цойжилсүрэнг цохиогүй. Надад тийм боломж ч байгаагүй. Миний хөмсөг сэтрээд цус гарсан байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- Ч мэдүүлэхдээ:

Гэрлэх ёслолын ордоны урд Батхүү ах намайг заамдаад, багалзуурдахад хүзүүнд гэмтэл үүссэн. 79 дүгээр байрны урд Батхүү ах намайг тэврээд унагаахад гарын зулгаралт үүссэн. Батхүү ах намайг тэврээд газар хамт унасан үед Энхтүвшин ах миний нүүр рүү 2-3 удаа өшиглөж миний нүүрийг халцалсан. Миний гар зулгарсан, нүүр ам улайлттай, толгой өвдөлттэй, толгой хавагнасан, нүүрэнд цус хурсан байсан. Би өөрөө шарх сорвины тос авч хэрэглэж, томографийн зураг авахуулсан. Гэхдээ надад нэхэмжлэх зүйлгүй байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- Б мэдүүлэхдээ:

Надад баримтаар 280 000 төгрөгийн хохирол учирсан. Дээр нь хамар нүдэндээ хагалгаа хийлгэх шаардлагатай гэж эмч хэлсэн. Хамрын хагалгаа нь 2 000 000 төгрөг, нүдэндээ эмчилгээ хийхэд 1 500 000-1 800 000 төгрөг шаардлагатай байгаа. Тэдгээрийн төлбөрийг нэхэмжилж байна. Би иргэнийхээ үүргийн дагуу шаардлага тавиад зодуулсандаа гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардалаа баримтын дагуу нэхэмжилнэ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- Э мэдүүлэхдээ:

Би нүд рүүгээ чулуугаар цохиулж, хөмсөг сэтэрч, 2 оёдол тавиулсан. Одоо байнга тархи, толгой өвдөж байгаа. Баримтаар 330 000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна гэв.

Мөрдөн байцаалтад гэрч- Б.Сарантуяа мэдүүлэхдээ:

92-84 УББ улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота Аксио” маркийн автомашинд суугаад гурвуулаа хүний 1, 1 шил пиво уугаад дуусч байтал үснийхээ 2 талыг нь хуссан дээрээ үсээ сүлжсэн ах Чойжилсүрэн дээр ирээд “хогоо ав, яагаад хог хаяад байгаа юм” гэхээр нь “хог хаяагүй ш дээ” гэтэл “хаяаа биздээ” гээд Чойжилсүрэн тэр хоёр маргатал нөгөө үсээ сүлжсэн ах Чойжилсүрэнг “буугаад ир” гээд машины хаалганаас татаад байсан чинь Чойжилсүрэн машинаасаа буугаад нөгөө ахтай барьцалдаж авахаар нь Сарантуяа бид 2 машинаас буугаад, ертөнцийн зүгээр зүүн зүг рүү Чойжилсүрэн баруун зүг рүү явсан... Арай намхан эрэгтэй нь Чойжилсүрэн рүү гүйгээд очиж байхаар нь Сарантуяа бид 2 буцаад гүйгээд очтол намхан ахын хөмсөгнөөс цус гарчихсан байсан. Тэгтэл үсээ сүлжсэн ах гэнэт гарч ирээд Чойжилсүрэнгийн хойноос нь тэврээд газар унагатал намхан ах нь Чойжилсүрэнгийн нүүр лүү өшиглөж байгаа харагдсан, ...Чойжилсүрэнг машинаас буутал арай бүдүүн ах нь заамдаад биерүү нь гараараа цохихоор нь би урд талын суудлаас буугаад машины хойд талаар тойроод гүйгээд очтол тэр 2 заамдалцаж байхад нь би Чойжилсүрэнг “болиоч” гээд дөнгөж салгатал цаанаас намхан ах нь гараад ирэхэд нь “явъя” гээд Чойжилсүрэнг машиндаа суулгаад гурвуулаа зугтах гэтэл намхан ах нь машины хаалганаас татаад утсаараа бичлэг хийгээд байсан гэжээ. (хэргийн 56-59 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч- Б.Болормаа мэдүүлэхдээ:

Чойжилсүрэн машинаасаа буугаад нөгөө ахтай барьцалдаад цохиж байхад нь Сарантуяа бид 2 машинаасаа буугаад Чойжилсүрэнг салгатал дахиад нэг ах гараад ирсэн. Бид 3 машиндаа суугаад доошоо уруудаад 49-өөс 79-р байрны голд машинаа зогсоогоод гурвуулаа салаад гэр гэрлүүгээ явахаар болсон. Сарантуяа бид 2 ертөнцийн зүгээр зүүн зүг рүү яваад Чойжилсүрэн баруун зүг рүү салаад явж байтал нөгөө 2 ах араас машинтайгаа ирээд “учраа олъё” гэтэл Чойжилсүрэн зогсчихсон. Би Сарантуяад “Чойжилсүрэн зогсчихлоо, хоёулаа очъё” гээд яваад очтол арай намхан ахынх нь хөмсөгнөөс цус гарчихсан зогсож байсан. Тэгтэл бүдүүн ах нь Чойжилсүрэнгийн цээжнээс араас нь тэврээд дараад газар унахаар нь би “болиоч” гээд нөгөө ахын араас татаж байтал цагдаа ирсэн гэжээ. (хэргийн 60-61 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч- Л.Энхбаяр мэдүүлэхдээ:

2019 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө зохицуулагч, цагдаагийн ахмад Хаш-Эрдэнэ болон цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Алтангэрэл нарын хамт шөнийн эргүүл “Улз-16” чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад 01 цаг 30 минутын үед “10 дугаар хороололд согтуу жолооч байна” гэх дуудлагын дагуу дуудлага өгсөн 88064695 дугаарын утас руу залгахад “согтуу жолооч намайг зодоод зугтаачихлаа” гэхээр нь “ойрхон байвал жолоочийг нь барьж байгаарай, очиж байна” гэхэд “тэгье” гэсэн. Удалгүй дахиж залгаад байгаа газрыг нь асуухад “Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр байрны урд барьчихлаа” гэхээр нь эргээд ороход урдаас хөмсөгнөөс нь цус гарчихсан залуу гүйгээд ирсэн. Цаад талд нь хоёр залуу, хоёр хүүхэн зогсож байсан. Ахмад Хаш-Эрдэнэ, Алтангэрэл хоёр зодсон гэх залууг очиж авчирсан. Би хөмсөгнөөс нь цус гарсан залуугаас юу болсон талаар асуухад “пивоны лааз шидчихээр нь лаазаа ав гэхэд эхлээд манай найзыг зодчихоод зугтаасан ба би араас нь хөөгөөд барьж авах гэтэл намайг зодчихлоо” гэж байсан. Зодсон гэх залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байхаар нь Баянгол дүүргийн саатуулах байранд авч очоод драгер багаж үлээлгэхэд 0,67 хувийн согтолттой байсан гэжээ. (хэргийн 64-65 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч- Ц.Алтангэрэл мэдүүлэхдээ:

2019 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө зохицуулагч, цагдаагийн ахмад Хаш-Эрдэнэ болон цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Энхбаяр нарын хамт шөнийн эргүүл “Улз-16” чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад 01 цаг 30 минутын үед “10 дугаар хороололд согтуу жолооч байна” гэх дуудлагын дагуу өөрийн 88113314 дугаарын утаснаас дуудлага өгсөн 88064695 дугаарын утас руу залгахад “согтуу жолооч намайг зодоод зугтаачихлаа” гэхээр нь “ойрхон байвал жолоочийг нь барьж байгаарай, очиж байна” гэхэд “тэгье” гэсэн. Дахиж залгаад байгаа газрыг нь асуухад “Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр байрны урд барьчихлаа” гэхээр нь эргээд ороход урдаас хөмсөгнөөс нь цус гарчихсан залуу гүйгээд ирсэн. Цаад талд нь хоёр залуу, хоёр хүүхэн зогсож байсан. Би машинаасаа буугаад нөгөө залуучууд дээр очтол 20 орчим насны залууг “хүн зодчихоод согтуу машинаа барьсан гээд” арай ахимаг насны залуу хэлэхээр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх залууг ганцааранг нь дагуулаад машинаа тавьсан газар нь буюу 79 дүгээр байрны ертөнцийн зүгээр урагшаа хоёр байрны голоор гараад очтол цагаан өнгийн “Премио” загварын автомашин зогсож байсан. Замдаа юу болсон талаар асуухад “хөмсөгнөөс нь цус гарсан гарсан залууг өөрөө ирж намайг мөргөөд, хөмсөгөө сэтэлсэн” гэж байсан. Өөрөө болохоор машин бариагүй гэж байсан. Согтуу жолоочийг Баянгол дүүргийн саатуулах байранд авч очоод драгер багаж үлээлгэхэд 0,67 хувийн согтолттой байсан гэжээ. (хэргийн 66-67 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч- Д.Баясгалан мэдүүлэхдээ:

2019 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44б байрны 35 тоотод 2 зээгээ унтуулчихаад 00-01 цагийн үед нээх орой биш санагдаж байна, утсаа оролдож байтал эмэгтэй хүн “болиоч ээ” гээд орилох шиг болохоор нь босоод гал тогооныхоо өрөө рүү орж цонхоороо хартал хоёр эмэгтэй, 3 залуу 41 дүгээр байрны ертөнцийн зүгээр хойд талын автомашины зогсоол дээр нэг залуугийн араас нь тэврээд доош нь тонгойлгосон байхад хажуу талаас нь өөр нэг залуу өшиглөөд байх шиг байсан. Тэгтэл ерөөсөө удаагүй, цагдаагийн машин 41 дүгээр байрны хажуугаар тойрч гарч ирээд нэг цагдаа нөгөө тэврүүлчихсэн залууг аваад 79 дүгээр байрны хажуугаар ород харагдахаа больсон. Тэгтэл нэг бүдүүн залуу нь үлдсэн нэг цагдаатай утсаа гаргаж ирж үзүүлээд юм яриад байсан. Удалгүй цаашаа явсан цагдаа нөгөө залуутайгаа буцаж ирээд машиндаа суулгаад аваад явсан гэжээ. (хэргийн 68 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч- О.Хулан мэдүүлэхдээ:

2019 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад Батхүү хүнээс мөнгө авах ёстой гээд Батхүүгийн машинтай Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрлэх ёслолын ордны урд талын автомашины зогсоол дээр хүлээж байхад Батхүү утсаараа яриад машинаас буусан. Би хойд талын суудал дээр сууж байтал Батхүүг нэг залуу хоёр эмэгтэй зодож байхаар нь би “Батхүүг хүн зодоод байна” гээд Энхтүвшин бид хоёр машинаас хамт буутал Энхтүвшин гүйгээд очтол нөгөө зодож байсан хүмүүс салаад машиндаа суугаад яваад өгсөн. Бид гурав машиндаа суугаад гурвуулаа цагдаа руу залгасан. Удалгүй цагдаагаас эргэж залгаад “барьж бай гэж байна” гээд бид гурав араас нь 10 дугаар хороолол руу байрнуудын дундуур гараад ертөнцийн зүгээр урагшаа явтал нөгөө хүмүүс машинаа 2 байрны голд тавиад гурвуулаа машинаасаа буугаад 2 байрны завсараар гараад зугтаахад Энхтүвшин “гүйчихлээ” гээд машинаас түрүүлж буугаад араас нь хөөсөн. Батхүү машины араас машин ирээд зөрөх гэхэд нь машинаа замаас холдуулаад бид хоёр араас нь очтол Энхтүвшингийн нүүрнээс цус гарчихсан байсан чинь Батхүү нөгөө залуугийн араас тэврээд газар дараад унатал цаанаас цагдаагийн машины гэрэл гартал Энхтүвшин “энд байна” гээд урдаас нь гүйсэн. Энхтүвшингийн зүүн талын хөмсөг сэтрээд цус гараад тогтохгүй байсан. Батхүүгийн хамар билүү амнаас нь цус гарсан байсан. Батхүүг хоёр эмэгтэй хоёр талд нь гараад гарнаас нь зуурчихсан нүүр амыг нь самардаад цохиод байсан. Эрэгтэй нь урдаас нь нүүр рүү нь гараараа цохиод мөргөөд байсан. Энхтүвшингийн нүүр рүү хэдэн удаа юугаар цохисоныг мэдэхгүй. Батхүү бид хоёрыг гүйгээд очиход цохиулаад цус гарчихсан байсан. Батхүү бид хоёрыг араас нь гүйгээд очтол Энхтүвшингийн хөмсөгнөөс нь цус гарчихсан, Энхтүвшин нүүрээ гараараа дарсан байсан. Батхүү араас нь тэвэрч газар унаад хамт зууралдаад босож ирсэн. Толгой дээрээс нь хэн ч цохиж, зодоогүй гэжээ. (хэргийн 69 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад шинжээч- О.Болороо мэдүүлэхдээ:

Эгийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн. Уг гэмтэл нь цулуугаар цохих үед үүснэ. Хатуу мохоо зүйлд гар, хөл, мод, чулуу гээд хурц ирмэгтэй зүйлээс бусад зүйлс орно гэжээ. (хэргийн 72 дугаар хуудас)

Бгийн биед зүүн хоншоор ясны ар хана, доод хана, ухархайн доод хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, баруун зовхинд зулгаралт гэмтэл үүссэн. Уг гэмтэл нь мөргөх болон чулуугаар цохих үед үүснэ. Хатуу мохоо зүйл гэдэгт хурц ир, эрмэгтэй зүйлээс бусад бүх зүйл хамаарна гэжээ. (хэргийн 77 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад шинжээч- Ч.Эрдэмболор мэдүүлэхдээ:

Чгийн биед тархи доргилт, баруун тохой, шуунд зулгаралт, цээжний зүүн ар хэсэгт сорви, хүзүүнд нөсөөжил бүхий гэмтэл тогтоогдсон. Дээр гэмтлүүдээс тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт нь нэг болон хэд хэдэн удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтэл үүсэх цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Газар унах үед үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 93 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад шинжээч- Б.Ганзориг мэдүүлэхдээ:

Анх үзсэн эмчийн үзлэг болон 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн толгойн комьпютер томографийн шинжилгээгээр тархи доргилт гэмтэл тогтоогдож байгаа. Анх 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 22:47 минутанд хийсэн үзлэгээр Чойжилсүрэнгийн биед тогтоогдсон тархи доргилт, хүзүү, цээж, баруун тохой, шуунд үүссэн зулгаралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх 2017 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой гэсэн анхны эмчийн дүгнэлтийг үндэслэн дүгнэлт гаргасан. Чойжилсүрэнгийн биед үүссэн зулгаралт гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба тархи доргилт гэмтлийг хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Тархи доргилт гэмтэл нь араас тэвэрч ургаш газар дарж унах үед үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 106-107 дугаар хуудас)

2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Уг бичлэгийн 6 секундэд Чойжилсүрэн нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон “чи яадын пизда минь, би чамайг алнаа, чи 10 дугаар хороололд за юу, чамайг за юу, та хоёрыг би” гэж хэлэн зугтаж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв гэжээ. (хэргийн 33-34 дүгээр хуудас)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн 8917 дугаар дүгнэлтэд:

1. Эгийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 71 дүгээр хуудас)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн 8916 дугаар дүгнэлтэд:

1. Бгийн биед зүүн хоншоор ясны ар хана, доод хана, ухархайн доод хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, баруун зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 76 дугаар хуудас)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1533 дугаартай дүгнэлтэд:

1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8916 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Бгийн биед зүүн хоншоорын ар хана, доод хана, зүүн ухархайн доод ханын хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтлүүд учирчээ. Зүүн хоншоорын ар хана, доод ханын хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн ухархайн доод ханын хугарал, зүүн зовхины цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлийг авсан хүн идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийж явах боломжтой, идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийхэд саад болохгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 87 дугаар хуудас)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9305 дугаартай дүгнэлтэд:

1. Чгийн биед гэмтэл учирсан байна.

2. Тархи доргилт, баруун тохой, шуунд зулгаралт, цээжний зүүн ар хэсэгт сорви, хүзүүнд нөсөөжил бүхий гэмтэл тогтоогдлоо.

3.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 91 дүгээр хуудас)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1110 дугаартай дүгнэлтэд:

1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9305 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Чгийн биед тухайн үед тархи доргилт, зүүн доод зовхи, хүзүү, цээж, баруун тохой, шуунд зулгаралт гэмтэл учирчээ.

3.Тогтоогдсон гэмтэл тус бүр мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Чгийн биед тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой ба тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь дангаараа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. (хэргийн 102 дугаар хуудас)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 157 дугаар хуудас)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Э ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 142 дугаар хуудас)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ч ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 133 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

шүүгдэгч Э, Б нар бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр байрны орчим маргааны улмаас Чг зодож тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Чгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Сарантуяа, Б.Болормаа, Л.Энхбаяр, Ц.Алтангэрэл, Д.Баясгалан, О.Хулан, шинжээч О.Болороо, Ч.Эрдэмболор нарын мэдүүлэг, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн 8916, 8917, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1533, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9305, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1110 дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э, Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар, шүүгдэгч Чд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Э, Б нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

Чг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Хохирогч Э нь 330 700 төгрөг,

Хохирогч Б нь 220 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Чойжилсүрэнгээс 330 700 төгрөг гаргуулан Эд, 220 000 төгрөг гаргуулан Бд олгохоор шийдвэрлэв.   

Хохирогч Ч нь мөрдөн байцаалтын шатанд 133 500 төгрөгийн хохирлын баримт гаргаж, нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд уг нэхэмжлэлээсээ татгалзсан болно.

Хохирогч Б нь хамар болон нүдээ эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан томографийн зураг 2 ширхэг, си ди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Чулуут овогт Нийлэний Энхтүвшинг бусадтай бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Далай овогт Баттулгын Батхүүг бусадтай бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Тайж овогт Оюунаагийн Чойжилсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Эг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750 000 төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Бг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750 000 төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Чг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Чд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900 000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн эдлэх ялыг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 350 000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 750 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Э, Б нарт,

1 350 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Чд тус тус даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э, Б, Ч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э, Б, Ч нар цагдан хоригдсон хоноггүй, Э, Б нар бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Чгээс

330 700 төгрөг гаргуулж, хохирогч Эд,

220 000  төгрөг гаргуулж, хохирогч Бд тус тус олгосугай.

8. Хохирогч Ч Э, Б нараас хохирол нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

9. Хохирогч Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан томографийн зураг 2 ширхэг, си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

            11. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э, Б, Ч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН 