Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00046

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: "Сародона ХХК-ийн захирал Ч.Сарантуяад холбогдох

Шийтгэврээр ногдуулсан торгууль 576000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00012/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1976 онд Булган аймгийн Булган суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Татварын хэлтэст татварын улсын ахлах байцаагч ажилтай, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 18 Б дугаар байрны 5 тоотод оршин суух, Бааран овогт Дамчигбалын Оюунгэрэл /РД:ГЮ76122008/, хариуцагч 1966 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хишиг-Өндөр суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Баяннуур сумын сургуулийн захирал, Сарадона ХХК-ийн захирал ажилтай, Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт баг 3-06 тоотод оршин суух Боржигон овогт Чойжинхоролын Сарантуяа /РД:ЦД66042760/, прокурор Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 4-109 тоотод оршин суух, Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ажилтай, Боржигон овогт Гиваасамбуугийн Эсэн /РД:УЗ90011738/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сарадона ХХК-ийн захирал Ч.Сарантуяагийн 2015 оны 3 дугаар улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан тушаалтын байдал нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэж заасныг зөрчсөн. Иймд Сарадона ХХК-ийн захирал Ч.Сарантуяад холбогдох Татварын улсын байцагчийн 000001693 дугаар шийтгэврийн хуудсаар ногдуулсан 576000 /Таван зуун далан зургаан мянга/ төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжилж буй 576000 төгрөгийг Сарадона ХХК-ийн захирал Ч.Сарантуяагийн хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: . Сарадона ХХК нь 2015 оны 3 дугаар улирлын тайлангаа гаргаж ирүүлээгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор ирүүлэх үүрэгтэй бөгөөд 11 дүгээр сард тайлангаа гаргаж ирүүлээгүй зөрчил гаргасан учраас компанийн захиралд шийтгэврийн хуудсаар торгууль ногдуулсан. Аж ахуйн нэгж улсын бүртгэлээс хасагдаагүй л бол үйл ажиллагаа явуулаагүй ч байсан тайлангаа гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Сарадона ХХК нь 2015 оны 12 дугаар сард татан буулгах хүсэлт ирүүлсэн бөгөөд Татварын хэлтсээс үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт хийж илтгэх хуудас өгсөн байгаа. Уг илтгэх хуудасны дагуу Улсын бүртгэлд хүсэлтээ өгч улсын бүртгэлээс хасуулах ёстой байдаг. Баяннуур сумын татварын байцаагч шийтгэвэрийг танилцуулж, торгуулийн төлбөр төлөхийг Ч.Сарантуяад мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байхад өнөөдрийг хүртэл торгуулиа төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Прокурор Г.Эсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын байцаагчийн шийтгэвэрт гомдол гаргах эрхийг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д заасан байгаа. Гомдол гаргаагүй тохиолдолд шийтгэврийг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэв.

Хариуцагч Ч.Сарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2015 онд ямар ч үйл ажиллагаа эрхлээгүй. Эрхлэх боломжгүй байсан. Татан буугдахаар болсон талаар Баяннуур сумын татварын улсын байцаагчид амаар хэлж байсан. Мөн энэ хүсэлтээ 2015 оны 12 дугаар сард татварын хэлтэст хүргүүлсэн. Татан буугдах талаар бичгээр хүсэлт гаргадаг гэдгийг мэдээгүй хугацаа алдсан байсан. Үйл ажиллагаа явуулаагүй учраас 3 дугаар улирлын тайлан өгөөгүй. Тайлан өгөөгүй гэж торгууль ногдуулсан шийтгэврийг сумын байцаагч надад танилцуулахаар нь би хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар бичиж өгсөн. Үүнээс хойш дахин нэхээгүй болохоор нь төлөхгүй болсон гэж ойлгож байсан. 2016 оны 7 дугаар сард надад мэдэгдэх хуудас өгөөгүй. Өгсөн бол би төлөх л байсан. Тайлан гаргаж өгөөгүй гэдгээ би хүлээн зөвшөөрч ойлгож байгаа. Татварын байцаагч торгууль төлөх талаар дахин хэлж мэдэгдээгүйд гомдолтой байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Булган аймгийн Татварын хэлтэс нь Булган аймгийн Баяннуур суманд байрлах "Сарадона" ХХК-ийн захирал Ч.Сарантуяагаас татварын улсын байцаагчийн 000001639 дугаартай шийтгэврээр ногдуулсан торгууль 576000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Сарадона ХХК-ийн захирал Ч.Сарантуяа нь Аж ахуйн нэгжийн орлогийн албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Албан татвар төлөгч ...татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд тушаах гэж заасныг зөрчсөн байх тултатварын улсын байцаагчийн 000001639 дугаартай шийтгэврээр 576000 төгрөгийн торгууль ногдуулсан нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан шийтгэврийн хуудас, зөрчлийн тухай тэмдэглэл /хх-ийн 3-4/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь шийтгэвэртэй танилцаж торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбараа татварын албанд өгсөн, 576000 төгрөгийн торгууль төлөх талаар мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүйд гомдолтой гэж маргаж байх боловч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх, 18.1.5-дтатварын албаны шалгалтын акт, дүгнэлтийг зөвшөөрч байгаа бол гарын үсэг зурах, зөвшөөрөхгүй бол тайлбараа хяналт шалгалт хийсэн татварын албанд ажлын 10 өдөрт багтаан бичгээр гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, шийтгэврийн үндэслэлийг хянуулахаар заасан хугацаанд дээд шатны байгууллага, албан тушаалтан болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаагүй байна.

Иймд Татварын улсын байцаагчийн 000001639 дугаартай шийтгэврээр тогтоосон торгууль 576000 төгрөгийг Сарадона ХХК-ийн захирал Ч.Сарантуяагаас гаргуулж Булган аймгийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар улсын тэмлэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 17930 төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.5, 74 дүгээр зүйлийн 75.1.3-т заасныг тус тус баримтлан "Сарадона" ХХК-ийн захирал Ч.Сарантуяагаас 000001639 дугаартай шийтгэврээр ногдуулсан торгууль 576000 /таван зуун далан зургаан мянган/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн Татварын хэлтэст олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Сарадона ХХК-иасулсын тэмдэгтийн хураамжид 17930 /арван долоон мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН