Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00048

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1957 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багт оршин суух, Дэлгэр овогт Пүрэвдоржийн Бямбадорж /РД:ГЗ57020418/-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00033/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бадамгарав, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Бямбадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь бага наснаасаа эцэг, эхийн хамт амьдарч хүмүүжээд 1975 онд цэргийн албанд татагдаж 1978 онд халагдаж ирээд эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж байсан. 1982 онд Д.Одонтунгалагтай гэр бүл болсон. Өндөр насны тэтгэвэрт орох болж 1982-1989 оны цалингийн цэс түүлээ. Үүнийг баталгаажуулж ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бадамгарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн ах П.Бямбадорж нь Булган аймгийн Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэлд аав, ээжийн хамт малчнаар ажиллаж байгаад 1975-1978 онд цэргийн алба хааж ирээд нэгдэлд үргэлжлүүлэн ажиллаж байгаад 1982 онд Д.Одонтунгалагтай гэр бүл болсон. 1982 оноос нэгдэл тарж хувьчлагдах хүртэл хоньчин малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй шүүхээр баталгаажуулах шаардлагатай болсон тул П.Бямбадоржийг 1982-1989 онуудад Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэлд хоньчин, малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэлд хоньчин, малчнаар 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай лавлагаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дэлгэр овогт Пүрэвдоржийн Бямбадоржийг Булган аймгийн Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэлд хоньчин, малчнаар 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 8 /найм/ жил ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН