Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01166

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00104 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 610 дугаар магадлалтай,

Б.М-ийн нэхэмжлэлтэй

Н.И, Б.Мө-д нарт холбогдох,

Автомашин худалдах-худалдан авах гэрээ болон бэлэглэлийн гэрээг  хүчин төгөлдөр бус болохыг, 99-96 УНО улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашины шударга эзэмшигч болохыг тус тус тогтоолгох, хууль бус эзэмшлээс  автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.М-ийн  хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М-, түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо, хариуцагч Б.Мө-дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, өмгөөлөгч Н.Бадрах, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Н.И-д Арабын Эмират улсаас Ланд 200 жийп автомашин худалдан авахаар 52.000 ам.долларыг захиалгын урьдчилгаанд хүлээлгэн өгсөн. Ингээд 2011 оны 3 сарын 15-ны өдөр захиалсан машин гааль дээр ирсэн тул тээвэрлэлтийн хөлс, гаалийн татвар, машины татвар гэх мэт зардалд 12.000 ам.доллар болохоор тооцоо гарч, би Б.Б-ын жолооч н.Ганчулуунд хүлээлгэн өгч явуулсан. Үүнээс хойш Н.И-гөөс автомашинаа шаардахад танай найз Б.Б- авсан, унаж байгаа гэсэн. Б.Б- бид хоёр 2013 оны 11 сарын 27-ны өдөр гэр бүл болсон боловч 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тэрээр өвчний улмаас нас барсан. Энэхүү жийп машиныг Н.И-гөөс хүлээн авч түлхүүрийг нь надад өгсөн бөгөөд машины өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болон бусдад шилжүүлсэн талаар огт яриагүй. Гэтэл 2017 онд талийгаачийн хүү Б.Мө-д нь надад холбогдуулан өвийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өвийн маргаантай асуудлаар шүүхийн шийдвэр гарсны дараа холбогдох байгууллагад хандаж миний өмчлөлийн автомашиныг хэрхэн яаж шилжүүлэн авсан талаар лавлагаа авахад 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээг Н.И- Б.Б-т 1 сая төгрөгөөр уг автомашиныг худалдсан гэсэн хуурамч гэрээ хийж, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Мө-дод машиныг шилжүүлэн бүртгүүлсэн болохыг олж мэдсэн. Энэ хуурамч гэрээнд үндэслэн Б.Мө-д автомашиныг өөрөө нэр дээр шилжүүлэн бүртгүүлж, надаас машины түлхүүрийг авахын тулд түр хэрэглээд өгнө гэж худал хэлж аваад бусдын хөрөнгийг буцааж өгөхгүй өнөөдрийг хүртэл эзэмшиж ашигласаар байна.

Иймд худалдах, худалдан авах болон бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болох, тухайн автомашины шударга эзэмшигч болохыг тогтоож, Б.Мө-доос миний өмч болох автомашиныг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.И-гийн шүүхэд гаргасан тайлбарт: Би Араб улсаас 3 машин оруулж ирсэн. Б.М-тэй талийгаач Б.Б- хамт амьдарч байсан бөгөөд намайг дуудаад найздаа нэг машин захичих гэсэн. Урьдчилгааг нь төлөөд буцаж ирэхээр нь гааль дээр мөнгийг төлсөн. Миний бие Б.М-ээс гэрт нь орж 52.000 ам.долларыг бэлнээр тоолж авсан. Гааль дээр талийгаач ирээгүй. Талийгаачийн жолооч гааль дээр мөнгийг төлсөн. Татвар төлсний дараа талийгаач жолоочтойгоо машиныг аваад явсан. 4 машин ганц миний нэр дээр орж ирсэн. Миний нэр дээр орж ирж байгаа учраас би гааль дээр бүрдүүлэлтээ хийгээд хуурамч гэрээ хийсэн нь үнэн. Машиныг шилжүүлж гааль дээр мөнгийг төлсөн асуудал үнэн. Б.М-ийн гэрээс бэлэн мөнгө авсан гэжээ. 

Хариуцагч Б.Мө-дын шүүхэд гаргасан тайлбарт: Аав маань 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Тоёото ланд крузер 200 маркийн жийп автомашиныг бэлэглэсэн. Уг гэрээ хуульд заасан журмын дагуу хийгдсэн. Аав машинаа Н.Ильямөрөнтэй тохиролцон өөрийн өмчлөлд хууль ёсоор шилжүүлэн авсан. Уг авто машины түүхчилсэн лавлагаанаас үзэхэд өмчлөгч нь нэхэмжлэгч Б.М- биш Н.Ильямөрөн болон миний эцэг Б.Б- нар байсан. Түүнчлэн Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т заасан нөхцөл огт байхгүй бөгөөд мөн хуулийн 280.3-т бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж зааснаар аав бид хоёрын хооронд байгуулсан гэрээг Б.М-ийн шаардлагаар хүчингүй болгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00104 дуүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 211 дүгээр зүйлийн 211.2, 75 дугаар зүйлийн 75.2.1, 276 дугаар зүйлийн 276.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Н.И-д холбогдуулан Тоёота Ланд 200 маркийн автомашиныг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, шударга эзэмшигч болохыг тогтоолгох, хариуцагч Б.Мө-дод холбогдуулан уг Тоёота Ланд 200 маркийн автомашиныг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулан үндэслэлгүйгээр олж авсан автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 691.920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 610 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00104 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.5, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Авто машин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 99-96 УНО улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашины шударга эзэмшигч болохыг тогтоолгох, уг автомашиныг шилжүүлсэн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн автомашины бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулан, үндэслэлгүйгээр олж авсан автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.М-ийн төлсөн 691.920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Б.М-, Н.И- нарын хооронд худалдах-худалдан авах хэлцэл байгуулагдсан гэж үзэх бөгөөд энэ үйл баримтыг үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй. Автомашины захиалгын үнэд 52.000 ам.долларыг Б.М- Н.И-д бүрэн төлсөн учир уг машин Б.М-ийн хуваарьт өмч мөн. Б.Б- уг автомашиныг өөрийн эзэмшилд байлгах хугацаандаа Б.М-ийн зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн. Эзэмшигчийн нэр шилжсэн асуудлыг түүнийг нас барсны дараа Б.М- мэдэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж, хуваарьт хөрөнгөө шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөнөөс бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарагдахаар байна. Иймд маргаан бүхий автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцох эрх зүйн боломжгүй. Гэтэл шүүх талуудын хооронд маргаан гарах болсон үндсэн шалтгааныг тодруулалгүй гэрлэхээс өмнө 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Б- өөрийн хүү Б.Мө-дод автомашиныг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хууль болон гэрээнд зааснаар эзэмшилдээ авсан шударга эзэмшигч гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Автомашины мөнгө төлөөгүй хүн хэрхэн шударга өмчлөгч болдог эрх зүйн зохицуулалтын талаар шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл, өмчлөгч, эзэмших эрх, эзэмшилдээ байлгах зэрэг өөр өөр асуудлыг шударга эзэмшигч гэдэг хууль зүйн ойлголтод багтаах боломжгүй. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар Н.И- автомашиныг Б.Б-т шилжүүлэн өгснөөр өмчлөх эрх Б.Б-т үүссэн, тэрээр автомашиныг бодитоор эзэмшиж байсан нь тогтоогдсон тул Н.И-, Б.Б- нарын хооронд 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлсэн гэрээ гэж үзэх боломжгүй гэж бодит үйл баримтаас өөрөөр хуульд нийцэхгүй дүгнэлтийг хийлээ. Эзэмшил гэдэг нь эд юмсад бодит ноёрхлоо тогтоож буй факт байдаг бол эзэмших эрх гэдэг нь тухайн этгээдэд хууль болон гэрээгээр олгогдож буй хууль зүйн боломж юм. Хууль ёсны эзэмшил нь өөрөө хуулиар хамгаалагдах эрх, ашиг сонирхлыг үүсгэх учиртай бөгөөд эзэмшил, эзэмших эрхийн талаарх ойлголтыг шүүх хольж хутгасны улмаас үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулж чадаагүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгүүдэд зааснаар амаар хэлцэл байгуулагдсан бөгөөд улмаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ гэж дүгнэсэн атлаа үндэслэх хэсэгт хариуцагч Н.И- болон Б.Б- нарын хооронд 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ гэж нэг эд хөрөнгийн талаар хоёр хэлцэл байгуулагдсан гэж өмнөх дүгнэлтээ үгүйсгэснээрээ хоорондоо зөрчилтэй болжээ. Энэ талаар давж заалдах гомдол гаргасныг тус шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Ингэснээр гомдлын үндэслэлдээ давж заалдах шатны шүүхээс хариулт авч чадаагүй болно. Хариуцагч Н.Ильямөрөнг Б.Б-той 1 сая төгрөгөөр худалдан авсан хэлцэл хийснийг шүүх хууль ёсны байдлаар дүгнэхдээ Б.М-ийн 52.000 ам.долларын хөрөнгийг үнэгүйдүүлсэний учир шалтгааны талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй орхигдуулжээ.

Н.И- болон Б.Б- нарын хооронд 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл нь Н.И- нь бусдын өмнөөс гарын үсгийг дуурайлган зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг зөрчсөн байх тул уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарна. Зөвхөн гаалийн бүрдүүлэлт хийхийн тулд Н.И- Б.Б-ын өмнөөс гарын үсгийг нь дуурайлган зурж, 52.000 ам.долларын үнэтэй автомашиныг 1.000.000 төгрөгөөр үнэлж хийсэн дээрх хуурамч гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарна. Хэлцлийг бодитоор хийсэн, автомашины үнийг төлж захиалсан Б.М-ээс зөвшөөрөл авалгүй Б.Б-т автомашиныг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарна. Иймд Н.И-, Б.Б- нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх тул энэхүү хэлцлийн үндсэн дээр Б.Б-ын хүү Б.Мө-дтой 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар мөн хүчин төгөлдөр бус байна. Хариуцагч Б.Мө-дыг шударга эзэмшигч гэж шүүх үзэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан бодит нөхцөл байдлыг хэрхэн хуульд нийцүүлсэн талаарх дүгнэлт нь учир дутагдалтай болжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.М-ийг 99-96 УНО улсын дугаартай автомашины шударга эзэмшигчээр тогтоолгох шаардлагатай холбоотой дүгнэлтийг огт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэлгүй орхигдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 118 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад хуульд үндэслэсэн дүгнэлтийг хийж чадаагүй, маргааны эх сурвалж, хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй, мэтгэлцэх зарчимд суурилсан нотлох болон үгүйсгэх баримтыг зэрэгцүүлэн үнэлээгүй зэрэг алдаануудыг гаргасан байна.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Б.М-, Н.И-д холбогдуулж, Б.Б-, Н.И- нарын хооронд 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, Б.Мө-дод холбогдуулж 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Б-оос Б.Мө-дод автомашин бэлэглэсэн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, автомашины шударга эзэмшигчээр тогтоож, хууль бус эзэмшлээс гаргуулах нэхэмжлэл гаргасныг, Н.И- зөвшөөрч, Б.Мө-д эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын гомдолд дурдснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

1. Б.Б-, Н.И- нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан “хууль зөрчсөн”, 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, маргааны зүйл болсон  автомашиныг Б.М- Б.Б-той гэр бүл болохооос өмнө Н.И-д захиалж, мөнгийг төлж, худалдан авсан тул хуваарьт хөрөнгө, уг автомашиныг худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр Б.Б- эзэмших эрх олж авсныг түүнийг нас барсны дараа хожим мэдсэн, тухайн гэрээнд Б.Б-ын өмнөөс Н.И- гарын үсэг зурсан, 52.000 ам.долларын автомашиныг 1.000.000 төгрөгөөр худалдсан мэтээр гэрээ байгуулсан нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болно гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан байна.

Нэхэмжлэгч Б.М-, талийгаач Б.Б- нар 2010 оны 11 дүгээр сараас  хамтын амьдралтай байж, 2013 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд Б.Б- 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан байна.

Б.М- Toyota Land Cruiser 200 маркийн автомашин худалдан авахаар 2011 оны 2 дугаар сард Н.И-д захиалга өгч 52.000 ам.доллар төлсөн, Н.И- захиалсан автомашиныг өөрийн нэр дээр Араб улсаас оруулж, улмаар Б.Б-т 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдөр худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн, уг гэрээг үндэслэж, Б.Б- автомашины эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдэж, 99-96 УНО улсын дугаар авсан нь тогтоогджээ.

Б.Б-ын нэр дээр автомашин улсын бүртгэлд бүртгэгдснийг Б.М- мэдээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй ба Б.Б-ыг амьд сэрүүн байхад хуваарьт хөрөнгийн маргаан гаргаагүй байна.

Хариуцагч Н.И- нь худалдах-худалдан авах гэрээнд Б.Б-ын өмнөөс гарын үсэг зурсан тухай тайлбар гаргасан, гэрээ нь 1.000.000 төгрөгийн үнийн дүнтэй байгуулагдсан гэх боловч энэхүү нөхцөл гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүйг хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” хэлцэлд хуулиар хориглосон буюу зөвшөөрөгдөөгүй хэлцэл, “дүр үзүүлэн хийсэн” гэж тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцлийг тус тус ойлгох  бөгөөд худалдах-худалдан авах гэрээ нь эдгээр шинжийг агуулаагүй байна.

Дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүхийн баримталсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалт нь хариуцагч Н.И-д холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын эрх зүйн үндэслэл болж чадаагүйг давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв болжээ.

Харин давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар  гэрээг “дүр үзүүлэн хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй гэж дүгнэлт хийсэн атлаа магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-г баримталсан нь алдаатай байна.

Иймд дээрх үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна.

2. Б.Б- өөрийн нэр дээрх автомашиныг хүү Б.Мө-дод 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Б.Мө-дод холбогдох автомашин бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг, Б.М- 99-96 УНО улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашины шударга эзэмшигч болохыг тус тус тогтоож, хууль бус эзэмшлээс автомашиныг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тайлбарласан байна. Бэлэглэлийн гэрээ өмчлөгч Б.М-ийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн, мөн хүчин төгөлдөр бус худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно гэжээ.

Б.Б- автомашины эзэмших эрхийг худалдах-худалдан авах гэрээгээр олж авсны дараа бэлэглэлийн гэрээгээр уг эд хөрөнгийг Б.Мө-дод шилжүүлсэн бөгөөд 2011 оны 11 дүгээр сараас Б.Мө-д автомашиныг эзэмшиж байсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Б.Мө-дын хувьд хөрөнгийг гэрээний үндсэн дээр олж авсан бөгөөд түүнийг шударга эзэмшигч гэж үзнэ. Иймээс зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчөөгүй байна.

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул бэлэглэлийн гэрээ нь “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байх” хуулийн зохицуулалтад хамаарахгүй юм.

Дурдсан үндэслэлээр автомашины шударга эзэмшигчээр тогтоох, хариуцагчийн эзэмшлээс автомашиныг гаргуулах Б.М-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 90 дүгээр зүйлийн 90.1-д заасантай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 610 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “56 дугаар зүйлийн 56.1.3” гэснийг “56 дугаар зүйлийн 56.1.2” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 691.920 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ