Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 0015

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын иргэн, Л.Г нэхэмжлэлтэй

Хариуцагч: Засаг даргад холбогдох

            “Булган сумын 3-р сургуулийн захирлын сул орон тоо гараагүй байхад захирлын сонгон шалгаруулалт явуулах захиалга өгч сонгон шалгаруулалт зарлуулсан үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 158/2018/0015/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Г, түүний өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 04-нд “Төрийн албаны зөвлөл”-ийн цахим хуудсанд Булган аймгийн Булган сумын 3-р сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарласныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Л.Г миний бие Булган аймгийн 1-р бүрэн дунд сургуулийн захирлаар 2013 оноос 2017 оныг хүртэл ажиллаж байсан бөгөөд Аймгийн Засаг дарга З.Батзоригийн 2017 оны 09 сарын 25-ны Б/84 дугаартай /Л.Г-г шилжүүлэн ажиллуулах тухай/ захирамжаар шинээр байгуулсан 3-р сургуулийн захирлаар шилжин ажиллаж байгаа билээ.

Захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1 буюу харилцан тохиролцсон гэсэн заалтыг үндэслэсэн бөгөөд шинээр байгуулагдсан сургуулийн үйл ажиллагааны суурийг тавьж төвхнүүлэхэд таны ажил мэргэжлийн  туршлага, ур чадварыг үнэлэн танд итгэж энэ сургуулийг байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болгон хөгжүүлэхийн тулд таныг шилжүүлэн ажиллуулъя гэж тохиролцон Аймгийн Засаг дарга  захирал Л.Г нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.1 заалт буюу хөдөлмөрийн тухай хуулийн 21.1, 37.1 дэх заалтад болон бусад хууль тогтоомжинд заасан үндэслэлээр энэ гэрээнд заасан ижил албан тушаалын ажил гүйцэтгүүлэхээр өөр сургуульд сэлгэн ажилуулж болно” гэсэн заалтаар 1-р сургуулиас 3-р сургуулийн захирлын /байнгын орон тооны/ ажилд шилжүүлэн ажилуулсан билээ.

Захирал хийх хугацаандаа болон шинэ сургуулийн үйл ажиллагаа эхлүүлэн ажилласнаасаа хойш манай сургуулийн ажил амжилт сайн дүгнэгдэж Засаг даргын захирамжаар ур чадварын нэмэгдэл 20%-иар, үр дүнгийн урамшуулал улирал бүр 45%-иар авч байсан болно.

Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 4-нд урьдчилан мэдэгдэлгүйгээр миний ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус гэж үзэж байна.

Би өөрийн ажлаа хуулийн дагуу гүйцэтгэж байгаа бөгөөд ажлаасаа чөлөөлөгдөх ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул энэ ажлын байр “Төрийн албаны тухай хууль”-ийн 17-р зүйлд заасан сул орон тоо биш юм.

Минийх хувьд Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагч болно.

2018 оны 10 дугаар сарын 12-ны байдлаар намайг ажлаас чөлөөлөх ямар нэгэн тушаал, шийдвэр гаргаагүй бөгөөд одоо ч Булган сумын 3-р сургуулийн захирлын орон тоон дээр ажлаа хэвийн гүйцэтгэж байна.

Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60-р тогтоолын 1-р хавсралт “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2.1-д “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд ...сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөж уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт салбар зөвлөлд болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт харъяаллын дагуу ирүүлнэ” гэсэн байхад уг журмыг  зөрчиж миний ажлын орон тоо хэвээр, би тэрхүү ажилд ажилласаар байтал “Сул орон тоо” гарсан гэдэг үндэслэлээр сонгон шалгаруулалт зарлуулах захиалга хүргүүлснийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахаар, миний хөдөлмөрлөх эрхэд халдсан гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбарт Л.Г намайг Булган сумын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд ямар нэгэн сонгон шалгаруулалтанд орохгүйгээр томилогдсон тул уг албанд сонгон шалгаруулалт зарласан нь хууль зүйн дагуу явагдсан гэх агуулга тусгагджээ. Л.Г намайг улс төрийн шалтгаанаар 2017 онд ажлаас үндэслэлгүй халсан бөгөөд эл асуудлыг Иргэний хэргийн анхан, давах шатны шүүхээр хянан шийдвэрлэж намайг Булган сумын 1 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр, магадлал гарсан.

Шүүхийн эл шийдвэрүүдийг Булган аймгийн засаг дарга 2017 оны 09 дүгээр сарын 14-нд Б/79 тоот захирамж гарган биелүүлж 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн өмнөх ажил буюу Булган сумын 1 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилсон юм.

Миний бие 2013 онд сонгон шалгаруулалтаар энэ албан тушаалд томилогдон ажиллаж байсан юм. Энэ талаар хариуцагч тал маргахгүй байх, нөгөө талаар энэ сонгон шалгаруулалтын материал холбогдох бичиг баримтууд шүүхийн хэргийн материалд бий.

Миний бие шүүхийн шийдвэр, Засаг даргын захирамжийн дагуу 1 дүгээр сургуулийн захирлын ажлаа хүлээж аваад ажиллаж байтал 7 хоногийн дараа Засаг дарга З.Батзоригоос таны мэргэжил, туршлагыг харгалзан шинээр байгуулагдаж байгаа 3 дугаар сургуульд шилжүүлэн ажиллуулъя гэсэн санал ирж, таны оронд үүрэг гүйцэтгэгч Зоосүрэнг тавих шаардлагатай байна гэсэн саналыг би зөвшөөрснөөр Булган аймгийн Засаг дарга З.Батзориг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Б/84 тоот захирамж гарган Булган сумын 1-р бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж, 3 дугаар сургуулийн захирлын ажилд шилжүүлэн ажиллуулсан.

Булган сумын Засаг дарга Д.Наранбаяртай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Намайг 3 дугаар сургуулийн захирлын ажилд шилжүүлэн ажиллуулсан энэ үйл ажиллагааг уг ажилд сонгон шалгаруулалтгүй ажиллуулсан гэдэг үйл жиллагаанд хамаатуулах үндэслэлгүй байна.

Учир нь: Би энэ албан тушаалд анх удаа ажиллаж байгаа буюу шинээр ажилд орогч иргэн биш, харин сонгон шалгаруулалтын дагуу ажиллаж байсан 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын ажлыг 3 дугаар сургуульд шилжүүлэн гүйцэтгүүлсэнд оршино. Энэ нь Засаг дарга З.Батзоригийн санаачлагад үндэслэсэн.

 3 дугаар сургуулийн захирлын албыг би зохих журмын дагуу өнөө хүртэл гүйцэтгэж байгаа. Булган сумын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалаас халсан, шилжүүлсэн ямар нэгэн акт шийдвэр гараагүй болохыг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдсан.

Хариу тайлбарт тусгасан Боловсролын тухай хуулийн 30-р зүйлийн 30.1.15, Засгийн газрын 2018 оны 258-р тогтоол, төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолын зохицуулалтууд бол төрийн жинхэнэ болон бусад ажил, албан тушаалд шинээр томилогдох хүсэлт гаргасан иргэдэд хамааралтай зохицуулалт болохыг дурдъя. Миний хувьд Булган сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын ажлаас ажил олгогчтой тохиролцож чөлөөлөгдсөн, зөвшөөрсний дагуу мөн сумын 3 дyraap сургуулийн захирлын албанд шилжин ажилласныг үгүйсгэхгүй.

            Намайг 3 дугаар сургуулийн захирлын албанд түр томилсон, үүрэг гйцэтгэгчээр ажиллуулсан, энэ албан тушаалд хожмоо сонгон шалгаруулалт зарлах хүртэл хугацаагаар ажиллуулна гэж Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйн зэрэгцээ хариу тайлбарт дурдсанаар сул орон тоо гэдгийг эл ажилд томилохдоо мэдэгдээгүй тул 3 дугаар сургуулийн захирлын орон тоо гарсан гэх үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 17-р зүйл, төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоол зэрэг хууль зүйн эх сурвалжинд "сул орон тоо" гарснаас хойш 14 хоногийн дотор захиалга ирүүлэх, мэдээллэх, сонгон шалгаруулах болон бусад үйл ажиллагааг явуулахыг дурдсан. Булган сумын 3 дугаар сургуулийн захирлын сул орон тоо хэзээ гарсан бэ гэдгийг ойлгохгүй байна. Би энэ албанд зохих хууль, журмын дагуу ажиллаж байна гэжээ.

 Засаг дарга  шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Л.Г нь Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/84 дугаар захирамжаар Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар томилогдсон.

Уг захирамжийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт буюу Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажлын Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилтан нарын зүгээс харилцан тохирсноор дуусгавар болгож, аймгийн Засаг дарга Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1. 37 1 дэх заалт болон бусад хууль тогтоомжийг үндэслэн ижил албан тушаалын ажил гүйцэтгүүлэхээр өөр сургуульд сэлгэн ажиллуулж болно." гэж заасныг тус тус үндэслэл болгосон.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн гэрээ болон Л.Г-г шилжүүлэн ажиллуулах тухай захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтаар талууд харилцан тохирсны үндсэн дээр Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажлын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж, уг хуулийн 21.1 дэх заалтын дагуу Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд шинээр томилогдон ажиллаж байна.

Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль нь аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн "Сургууль байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай" А/482 тоот захирамжаар шинээр үүсгэн байгуулагдсан бөгөөд нийт 45 ажлын сул орон тоо бий болсон.

Сургуулийн захирал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт заасны дагуу тухайн байгууллагынхаа төсвийн шууд захирагч тул түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу аймгийн Засаг дарга нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.10, Боловсролын тухай хуулийн 30.1.15 дахь хэсэгт зааснаар тус сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох. чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан байдаг.

Мөн Л.Г нь аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/84 тоот захирамжид гомдол гаргаагүй өнөөдрийг хүрсэн нь өөрийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн ажлын байр болох Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажлын байрнаас харилцан тохирсны үндсэн дээр чөлөөлөгдөж, ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаагүй байгаа Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын сул ажлын байранд томилогдохыг хүлээн зөвшөөрсөн.

Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 7.5-д "Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна", 8.4-т "Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй" гэж тус тус зааснаас гадна Монгол улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол /Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай/-оор албан үүрэгт сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилогдон ажиллаж байгаа албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтыг зарлаж, томилгоог хуульд нийцүүлэх үүрэг, чиглэл өгсний дагуу Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрыг сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарласан.

Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 4.1 дэх заалтыг тус тус үндэслэл болгон 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Төрийн албаны төв зөвлөлийн цахим хуудсанд тавигдсан Булган аймгийн зарим сургуулиудын захирлын сул орон тоон дээр зарласан сонгон шалгаруулалтыг аймгийн Засаг даргын захирамжаар бус Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/25 тоот тушаалаар зарлаж, ажлын хэсэг байгуулсан тул уг сонгон шалгаруулалтыг зарласан тушаалыг аймгийн Засаг дарга өөрчлөх, хүчингүй болгох эрх зүйн боломжгүй юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль нь аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн "Сургууль байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай" А/482 тоот захирамжаар шинээр үүсгзн байгуулагдсан бөгөөд нийт 45 ажлын сул орон тоо бий болсон.

Уг захирамжийн 2 дах заалтанд сургуулийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулахыг БСУГ-т даалгасан байна.

Сургуулийн захирал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт заасны дагуу тухайн байгууллагынхаа төсвийн шууд захирагч тул түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу аймгийн Засаг дарга нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.10, Боловсролын тухай хуулийн 30.1.15 дахь хэсэгт зааснаар тус сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан байдаг.

Мөн Л.Г нь аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/84 тоот захирамжид гомдол гаргаагүй өнөөдрийг хүрсэн нь өөрийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн ажлын байр болох Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын ажлын байрнаас харилцан тохирсны үндсэн дээр чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа.

Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ншлөдрийн 60 дугаар тогтоол /Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам/-ын7.5-р,"Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна". 8.4-т "Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй" гэж тус тус зааснаас гадна Монгол улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол /Төрийн албаны сахилга хариуилага. дэг журмыг чангатгах тухайЛоор албан үүрэгт сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилогдон ажиллаж байгаа албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтыг зарлаж, томилгоог хуульд нийцүүлэх үүрэг, чиглэл өгсний дагуу Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлын байрыг сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарласан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Г нь Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаст 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Булган сумын 3-р сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт[1] зарлагдсан байхыг үзээд Булган аймгийн Засаг даргад холбогдуулан “Булган сумын 3-р сургуулийн захирлын сул орон тоо гараагүй байхад захирлын сонгон шалгаруулалт явуулах захиалга өгч сонгон шалгаруулалт зарлуулсан үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг анх шүүхэд ирүүлсэн бөгөөд

шүүх хуралдаанд “Булган аймгийн Засаг даргаас Булган сумын 3-р сургуулийн захирлын сул орон тоо гараагүй байхад уг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт явуулах захиалга өгч зарлуулсан үйл ажиллагаа илтэд хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан байна.  

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.  

 Булган аймгийн Булган суманд 2017 онд Ерөнхий боловсролын сургууль шинээр байгуулагдаж, Булган аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/482 дугаар захирамжаар[2] уг сургуульд “3” гэсэн дугаар, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож сургуулийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулан хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Боловсрол соёл, урлагийн газар /Б.Эрдэнэбаатар/-т даалгасан байх боловч уг сул орон тоог тухайн үед нь нийтэд зарлалгүйгээр засаг дарга  нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/84 дугаартай “Л.Г шилжүүлэн ажиллуулах тухай” захирамжийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, аймгийн Засаг дарга Булган сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн гаргаж Л.Г-г, Булган сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын ажлаас чөлөөлж, Булган сумын 3-р бүрэн дунд сургуулийн захирлаар шилжүүлэн ажиллуулсан байх бөгөөд ингэхдээ уг тушаалд “түр орлон гүйцэтгэгчээр”,   “сонгон шалгаруулалт хүртэл хугацаагаар” гэх мэт үг өгүүлбэр хэрэглээгүй шууд шилжүүлэн томилсон болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, А/482 дугаар захирамж, Б/84 дугаарын захирамж[3] зэргээр нотлогдож байна.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 2.1-д “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт харъяаллын дагуу ирүүлнэ.” гэж заасны дагуу Булган суманд 3-р сургууль 2017 оны 9 дүгээр сарын 20-нд үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдэж Булган аймгийн Засаг дарга нь 14 хоногийн дотор буюу 9 дүгээр сарын 25-ны өдөр Б/84 захирамжаар 1-р сургуулийн захирлаар ажиллаж байсан Л.Г-г Булган сумын 3-р сургуулийн захирлын албан тушаалд шилжүүлэн томилж уг сул орон тоо нөхсөн болох нь “Сургууль байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/482[4], “Л.Г-г шилжүүлэх ажиллуулах тухай” Б/84[5] захирамжууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын дээрх захирамжуудад маргаан үүсгээгүй байдал зэргээр тогтоогдож байна.

Г нь 2018 онд Булган сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ[6] байгуулан, Булган аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “үр дүнгийн урамшуулал олгох тухай” А/233 дугаарын захирамжаар[7] 1-р улирлын урамшуулал 39 хувь, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” А/574 дугаарын захирамжаар[8] 2018 оны 7-12 сар дуустал 20 хувь,  2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Үр дүнгийн урамшуулал олгох тухай” А/583 дугаарын захирамжаар[9] 2018 оны 2 дугаар улирлын үйл ажиллагааны үр дүнгийн урамшуулал 45 хувиар тус тус  нэмэгдэл, урамшуулал аван ажиллаж байгаа, уг албан тушаалын сул орон тоо гараагүй, Булган аймгийн Засаг даргын нэхэмжлэгчийг 3-р сургуулийн захирлын албан тушаалд шилжүүлэн томилсон 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/84 дугаартай захирамж одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж   болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна.

Гэтэл Булган аймгийн Засаг дарга нь Л.Г-г 3-р сургуулийн захирлаар 1 жил гаруй хугацаагаар ажилласны дараа, өөрийнх нь 2017 онд Л.Г-г шилжүүлэн ажиллуулсан Б/84 дугаарын захирамж хүчинтэй хэвээр, тухайн ажлын байранд сул орон тоо гараагүй байхад 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1112 дугаартай “...3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулья” гэсэн албан бичгийг[10] аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлж, уг ажлын байранд 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаст “сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг 2018 оны 10 сарын 23-ны өдөр хүлээн авч сонгон шалгаруулалтыг 25-ны өдөр явуулахаар” зарлуулсан[11] үйл ажиллагаа, уг сонгон шалгаруулалтаас үүсэх үр дагавар нь ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байгаа нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөр байна.

Булган аймгийн Засаг даргын Булган сумын 3-р сургуулийн захирлыг ажлаа зохих ёсоор гүйцэтгэж, уг ажлын байрны сул орон тоо гараагүй байхад тус сургуулийн захиралд ямар нэг байдлаар мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй, Төрийн албаны салбар зөвлөлд БСУГ-аар дамжуулан захиалга хүргүүлж, сонгон шалгаруулалт зарлуулсан үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан “шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтоох”, 25 дугаар зүйл “нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах”, 26 дугаар зүйлд заасан “оролцогчийг сонсох” өөрөөр хэлбэл захиргааны акт гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох, 27 дугаар зүйлийн 27.6-д заасан “сонсох ажиллагааны явц үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулах” гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг, сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” илт хууль бус гэж үзэхээр байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-н “Л.Г сонгон шалгаруулалтгүй томилогдсон, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлж уг ажлын байранд сонгон шалгаруулалт зарлуулсан” гэх тайлбарын тухайд:  

Нэхэмжлэгч нь 2013 онд Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтанд тэнцэж Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх” гэсэнд нийцсэн гэж дүгнэгдэн Булган аймгийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/107 дугаарын захирамжаар Булган сумын 12 жилийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Засаг даргын Б/11 дугаар захирамжаар ажлаасаа үндэслэлгүй халагдаж,

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 189 дүгээр шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон, Булган аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/79 дүгээр захирамжаар[12] Булган аймгийн Булган сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилогдож, Аймгийн Засаг даргатай 9 дүгээр сарын 19-ний өдрөөс Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан ажиллаж байсан болох нь аймгийн Засаг даргын 2017 оны Б/79[13], 2013 оны Б/107[14] захирамж, Хөдөлмөрийн гэрээ[15], Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 189 дүгээр шийдвэр[16], Булган аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар магадлал[17], Авлигатай тэмцэх газрын 2013.8.20-ны өдрийн 05/6457 дугаарын албан бичиг[18], хариуцагчийн тайлбар[19]зэргээр тогтоогдож байна.

Булган аймгийн Засаг дарга нь 1-р сургуулийн захирал Л.Г-г албан ажлын зайлшгүй шаардлагаар түүнтэй “шинээр байгуулагдсан сургуулийн үйл ажиллагааны суурийг тавьж төвхнүүлэхэд таны ажил мэргэжлийн  туршлага, ур чадварыг үнэлэн танд итгэж энэ сургуулийг байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болгон хөгжүүлэхийн тулд таныг шилжүүлэн ажиллуулъя” гэж харилцан тохиролцож”[20] 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/84 захирамжаар 3-р сургуулийн захирлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д “талууд гэрээнд энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно” гэсний дагуу Засаг дарга, 1-р сургуулийн захиралтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээндээ 6 дугаар зүйлийн 6.1-д “ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 37 дугар зүйлийн 37.1 дэх заалт болон бусад хууль тогтоомжид заасан үндэслэлээр энэ гэрээнд заасан ижил албан тушаалын ажил гүйцэтгүүлэхээр өөр сургуульд сэлгэн ажиллуулж болно гэж заасныг баримтлан шууд шилжүүлэн томилохдоо  захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1/харилцан тохиролцож/ гэснээс өөр хуулийн ямар нэг заалт баримтлаагүй боловч

 Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагчийн хувьд сумын Засаг даргатай төрийн жинхэнэ албан хаагчийн адил үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоох”-оор заасны дагуу  “шилжүүлэн ажиллуулах асуудлыг” Хөдөлмөрийн тухай хуулиас илүү нарийвчлан зохицуулсан, сүүлд хүчин төгөлдөр болсон хууль болох Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулж болно” гэсэн заалтыг хэрэглэж 3-р сургуулийн захирлын албан тушаалын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлуулалгүйгээр түүнийг шилжүүлэн ажиллуулсан гэж үзэхээр байна.

Монгол улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай”  258 дугаар тогтоолын 1.5-д “төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа удирдах албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх, сонгон шалгаруулалтын дагуу удирдах албан тушаалтнуудыг томилох”-ыг үүрэг болгосон байх бөгөөд Булган аймгийн Булган сумын 3-р сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаал, захирал нь түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаагүй болох нь нотлогдсон тул 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлж сонгон шалгаруулалт зарлуулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй  байна.

Хариуцагчийн “сонгон шалгаруулалтыг Аймгийн Засаг даргын захирамжаар зарлуулаагүй, БСУГ-ын дарга Боловсролын тухай хуулийн 281.1.7-д заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал гаргаж зарлуулсан тул уг сонгон шалгаруулалтыг зарласан тушаалыг аймгийн Засаг дарга өөрчлөх, хүчингүй болгох эрх зүйн боломжгүй” гэх тайлбарын тухайд:

 Боловсролын тухай хуулийн З0 дугаар зүйлийн 30.1.15-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж зааснаар Аймгийн Засаг дарга нь Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж чөлөөлөх эрх бүхий этгээд байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолд зааснаар “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор ...уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт харъяаллын дагуу ирүүлнэ.” гэж  заасны дагуу сургуулийн захирлын сул орон тоонд сонгон шалгаруулах захиалгыг аймгийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлж, сонгон шалгаруулалт зарлуулах болон Боловсролын газарт сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлэхээр журамлагдсан байхад  Аймгийн Засаг даргын захирамжаар зарлуулаагүй, БСУГ-ын дарга Боловсролын тухай хуулийн 281.1.7-д заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал гаргаж зарлуулсан тул уг сонгон шалгаруулалтыг зарласан тушаалыг аймгийн Засаг дарга өөрчлөх, хүчингүй болгох эрх зүйн боломжгүй” гэх тайлбар үндэслэлгүй, хууль бус байна.

Боловсролын газар нь Аймгийн Засаг даргаас ирүүлсэн сонгон шалгаруулалт зохион байгуулах захиалгын дагуу Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7-д “орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах”; гэж зааснаар сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах эрхтэй байх ба сул орон тоонд сонгон шалгаруулалтын захиалга өгч  зарлуулах үйл ажиллагаа нь Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлд заасан Боловсролын газрын эрх хэмжээнд хамааралгүй  байна.

            Шүүхийн зардлын тухайд: Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” 48 дугаар зүйлийн 48.1-д “.Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно”  гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 120000488535 дугаарын дансанд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Засаг даргын Ажлын албанаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Гэрэлтуяад олгохоор шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйл, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Г-н  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн Засаг даргаас Булган сумын 3-р сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоо гараагүй байхад тус ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт явуулах захиалга өгч зарлуулсан үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.Г-с Булган төрийн сангийн 120000488535 дугаарын дансанд төлсөн 70200 төгрөгийг уг дансанд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Г-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГАНТУЯА

 

 


[1] Хэргийн материалын 6-7-р хуудас

[2] Хэргийн материалын 57-р хуудас

[3] Хэргийн материалын 9-р хуудас

[4] Хэргийн материалын 76-р хуудас

[5] Хэргийн материалын 106-р хуудас

[6] Хэргийн материалын 88-95-р хуудас

[7] Хэргийн материалын 120-121-р хуудас

[8]Хэргийн материалын 122-123-р хуудас

[9] Хэргийн материалын 124-125-р хуудас

[10] Хэргийн материалын 65-р хуудас

 

[11] Хэргийн материалын 6-7-р хуудас

[12] Хэргийн материалын 8-р хуудас

[13] Хэргийн материалын 8-р хуудас

[14]Хэргийн материалын 44-р хуудас

[15] Хэргийн материалын 10-11-р хуудас

[16]Хэргийн материалын 48-52-р хуудас

[17] Хэргийн материалын 53-55-р хуудас

[18]Хэргийн материалын 60-р хуудас

[19] Хэргийн материалын 36-р хуудас

[20] Хэргийн материалын 1-р хуудаст /тохиролцоог нэхэмжлэлд дурдсаныг хариуцагч үгүйсгээгүй/